Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 02 сарын 13 өдөр

Дугаар 221/МА2025/0119

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                “С” ХХК-ийн гомдолтой

    захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 128/ШШ2025/0024 дүгээр шийдвэрийг хариуцагч Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Салбарын хяналтын газрын Байгаль орчны хяналтын улсын ахлах байцаагч Т.Б-ын давж заалдах гомдлоор хянан хэлэлцэв.

 

Шүүх бүрэлдэхүүн:

 

Шүүх хуралдаан даргалагч шүүгч Н.Долгорсүрэн

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Ц.Сайхантуяа

Илтгэгч шүүгч С.Мөнхжаргал

 

Хэргийн оролцогчид: 

 

Гомдол гаргагч “С” ХХК

Хариуцагч Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Салбарын хяналтын газрын Байгаль орчны хяналтын улсын ахлах байцаагч Т.Б

 

Шүүх хуралдааны оролцогчид:

 

Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.А

Гомдол гаргагчийн өмгөөлөгч Д.О, Э.Э

Хариуцагч Т.Б

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Галцэцэг  

 

Хэргийн индекс: 128/2024/0886/З

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 128/ШШ2025/0024 дүгээр шийдвэрээр Зөрчлийн тухай хуулийн 7.15 дугаар зүйлийн 2-т заасныг баримтлан “С” ХХК-ийн гомдлын шаардлагыг бүхэлд нь хангаж, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Салбарын хяналтын газрын байгаль орчны хяналтын улсын ахлах байцаагч Т.Б-ын үйлдсэн 2024 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 00493** дугаар шийтгэлийн хуудасны “С” ХХК-аас хохирол, нөхөн төлбөрт 328,952,016 төгрөг гаргуулах хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

 

2. Хариуцагч Байгаль орчны хяналтын улсын ахлах байцаагч Т.Б дээрх шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргасан байна. Үүнд:

2.1. “... 2.1. Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Салбарын хяналтын газрын даргын 2024 оны 01/07, 01/11 дүгээр удирдамжийн хүрээнд “С” ХХК-д хяналт шалгалтыг зохион байгуулж усыг үйлдвэрлэлийн зориулалтаар зохих гэрээ зөвшөөрөлгүй ашигласан зөрчилд Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурорын хяналт дор 24020003** дугаар зөрчлийн хэрэг нээн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэлийн дагуу эрх бүхий албан тушаалтнаас холбогдогч “С” ХХК-д хандан удаа дараа зөрчлийн хэргийн материалтай танилцахыг харилцаа холбооны хэрэгсэл ашиглан мэдэгдэж байсан. Үүнд шинжээч Л.Алтанзулын дүгнэлтийг 2024 оны 07 дугаар сарын 02-ны өдөр 01/825 тоот албан бичгээр Усны газраас ирүүлсэн бөгөөд дээрх шинжээчийн дүгнэлт болон хэргийн материалтай танилцуулахаар Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.16 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу Байгаль орчны хяналтын улсын ахлах байцаагч Т.Б нь “С” ХХК-ийг төлөөлөх эрх бүхий этгээд Б.Б-ийн 881141** дугаар утсаар холбогдож хэргийн материалтай танилцахыг мэдэгдэхэд холбогдогч Б.Б нь /Хэнтий аймагт ажилтай явна/ гэсэн тайлбар өгсөн тул 2024 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 10 цагт БОАЖЯ /хуучнаар/-ны Салбарын хяналтын газар 302 тоотод хүрэлцэн ирэхийг мэдэгдсэн болно. Энэ талаарх баримт хэрэгт авагдсан бөгөөд үүнээс үзвэл холбогдогчийг хэргийн материалтай танилцах, гомдол гаргах эрхээр нь хангасан байхад анхан шатны шүүхээс хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс шинжлэн судлаагүй.

2.2. Шийтгэлийн хуудаст заасан 328,952,016 төгрөг нь нөхөн төлбөр, хохирлын аль нь болохыг тодорхойлоогүй, өөрөөр хэлбэл Зөрчлийн тухай хуулийн агуулгаас үзвэл төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй зөрчилд нөхөн төлбөр гаргуулахаар, хуульд заасан зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйн улмаас бусдад хохирол учруулсан бол хохирол төлүүлэхээр ялгамжтай зохицуулсан байхад “С” ХХК-аас хохирол төлүүлэх, нөхөн төлбөр гаргуулахын аль нь болохыг тодорхойлж тогтоогоогүйгээс шийтгэлийн хуудас хууль зүйн үндэслэлтэй болж чадаагүй байна ..... гэхийн тухайд Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 11 дэх хэсэгт “байгаль орчинд учруулсан хохирол” гэж байгалийн баялгийг зөвшөөрөлгүй бэлтгэсэн, олборлосон, эсхүл байгаль орчны чадавхын тогтоосон хэм хэмжээ, зөвшөөрөгдөх дээд хэмжээний хязгаараас хэтрүүлэн байгаль орчныг бохирдуулсан, доройтуулсан, гэмтээсэн, байгалийн нөөц баялгийг хомсдуулсан, экологийн тогтолцоог алдагдуулсан аливаа үйлдэл, эс үйлдэхүйг гэж, мөн зүйлийн 12 дахь хэсэг “байгаль орчинд учруулсан хохирлын нөхөн төлбөр” гэж иргэн, аж ахуйн нэгж, байгууллага, албан тушаалтны байгаль орчинд учруулсан хохирол, түүнийг арилгах болон цаашид үүсч болох эрсдэлээс урьдчилан сэргийлэхэд шаардлагатай байгаль орчны экологи-эдийн засгийн үнэлгээ, аргачлалын дагуу тогтоосон мөнгөн илэрхийллийг” гэж, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1 дэх хэсэгт “Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь байгаль орчин болон байгалийн нөөцөд хохирол учруулсан бол нөхөн төлбөр төлөх бөгөөд нөхөн төлбөрийг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан Байгаль орчин, уур амьсгалын санд оруулна. Нөхөн төлбөр төлөгч нь тогтоосон хэмжээнээс илүү төлбөр төлсөн тохиолдолд зөрүүг “Байгаль орчин, уур амьсгалын сангаас буцаан олгоно” гэж, 49 дүгээр зүйлд “Байгаль орчинд учруулсан хохирлыг дараах байдлаар ангилна” гээд 49 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 4-т “Усны нөөцөд учирсан хохирол” гэж, мөн зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуулийн 49 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хохиролд байгаль орчны хяналтын улсын байцаагч нөхөн төлбөр ногдуулна” гэж, 4 дэх хэсэгт “Энэ хуулийн 49 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 1-5 дахь заалтад заасан хохирлыг тухайн төрлийн байгалийн нөөцийн экологи-эдийн засгийн үнэлгээг үндэслэн дор дурдсан хэмжээгээр тогтооно”, 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4-д “Усны нөөцөд учирсан хохирлыг тухайн сав газрын усны экологи-эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр”, Усны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.6 дахь заалт “Усны нөөцөд учирсан хохирлыг үнэлэх, нөхөн төлбөр тооцох аргачлал батлах”, Засгийн газрын 2011 оны “Усны экологи эдийн засгийн үнэлгээг шинэчлэн батлах тухай” 302 дугаар тогтоолоор баталсан “Усны экологи-эдийн засгийн үнэлгээ”, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны “Аргачлал батлах тухай” А/59 дүгээр тушаалаар баталсан “Усны нөөцөд учирсан хохирлыг үнэлэх, нөхөн төлбөр тооцох аргачлал”-ын дагуу Байгаль орчны хяналтын улсын ахлах байцаагч нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны хүрээнд “С” ХХК нь усыг зөвшөөрөлгүй ашиглаж байгаль орчинд учруулсан хохирлын нөхөн төлбөрийг тооцсон нь хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд гаргасан үндэслэл бүхий шийдвэр гэж үзэж байна.

2.3. Анхан шатны шүүхээс “Түүнчлэн хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзвэл гомдол гаргагч нь ус ашиглах гэрээ байгуулах болон дүгнэлт гаргуулахаар 2022 оны 01 дүгээр сарын 13, 2023 оны 4 дүгээр сарын 25-ны өдрүүдэд эрх бүхий байгууллагуудад хандаж байснаас гадна хамгийн сүүлд буюу 2021 оны 3 дугаар сарын 17-ны өдөр 1 жилийн хугацаатай байгуулсан УНТ-21/04 дүгээр “Ус ашиглах гэрээ”-ний 4.5-д “Ус ашиглалтын тайланг үндэслэн гэрээ дүгнэсэн тэмдэглэлийг 2 хувь үйлдэн баталгаажуулах бөгөөд гэрээнд заасан төлбөрийг барагдуулаагүй тохиолдолд дараа оны гэрээ хийгдэхгүй”..... гэж заасан, уг гэрээ талуудын хэн аль нь цуцлах хүсэлт гаргаагүй, түүнчлэн хугацааны хувьд дуусгавар болсон хэдий ч гомдол гаргагчаас гэрээнд заасан үүргийн дагуу ус ашигласны төлбөрөө 2022 оны 34,022,147 төгрөг, 2023 онд 20,084,686 төгрөг, 2024 онд 16,715,994 төгрөг төлж байсан болох нь тогтоогдсон байна ..... Нөгөөтээгүүр уг гэрээ нь Иргэний хуулийн 200 дугаар зүйлийн 200.1-д “Гэрээний нэг тал нь нөгөөдөө санал болгож байгаа, хуулиар тодорхойлоогүй буюу хуулийн заалтыг тодотгосон журам тогтоосон, байнга хэрэглэгдэх, урьдчилан тогтоосон нөхцөлийг гэрээний стандарт нөхцөл гэнэ” гэж заасанчлан “стандарт гэрээ” болохын хувьд, мөн “С” ХХК-ийн ус ашиглаж явуулж буй үйл ажиллагааны чиглэл өөрчлөгдөөгүй хэвээр байгаа, түүнчлэн төрийн захиргааны байгууллагуудад зохих журмын дагуу хүсэлтээ гаргасан нь тус тус тогтоогдож байгаа нөхцөлд гэрээний нэг тал болох дан ганц гомдол гаргагчийг “гэрээ байгуулаагүй” гэх үндэслэлээр шийтгэл оногдуулах, улмаар зөрчил гаргасан гэж дүгнэн нөхөн төлбөр, хохирол тооцон гаргуулах хууль зүйн боломжгүй” гэж дүгнэсэн нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Нэхэмжлэгчийн дээрх байдлаар захиргааны байгууллагад хандсан үйлдэл нь ба Иргэний хуулийн 195 дугаар зүйлийн 195.1 дэх хэсэгт заасан гэрээ байгуулах санал байх бөгөөд тус хүсэлтүүдэд захиргааны байгууллагаас татгалзсан хариуг өгч байсан нь баримтаар тогтоогддог. Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.2 дахь заалтын дагуу “гэрээг бичгээр байгуулахаар хуульд заасан буюу талууд тохиролцсон бол талууд нэг баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурах буюу гэрээний саналыг зөвшөөрснөө илэрхийлсэн тал гарын үсгээ зурсан захидал, албан бичиг, телефакс эдгээртэй адилтгах баримт бичгийг нөгөө тал хүлээн авснаар”, гэрээ байгуулагдсан гэж үзэх тул гэрээний нэг талаас буюу зөвхөн нэхэмжлэгчээс гэрээ байгуулах санал гаргаснаар гэрээг байгуулсан гэж үзэхгүй юм. Усны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.11 дэх хэсэгт “Энэ хуулийн 28.6-д заасан зөвшөөрлийг үндэслэн ус ашиглах эрхийн бичиг олгож, гэрээ байгуулснаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын ус ашиглах эрх үүснэ” гэж зааснаар зөвхөн гэрээ байгуулагдсан үе нэхэмжлэгчид ус ашиглах эрх үүсэх юм. Гэтэл гэрээ байгуулагдаагүй буюу ус ашиглах зөвшөөрөлгүй болохоо нэхэмжлэгч мэдсээр байж үргэлжлүүлэн ус ашиглаж байсан нь тогтоогдож байгаа нөхцөлд дээрх зөрчлийг үйлдсэн гэж үзэх нь зайлшгүй байна. Тиймээс “гэрээний нэг тал болох дан ганц гомдол гаргагчийг “гэрээ байгуулаагүй” гэх үндэслэлээр шийтгэл оногдуулах, улмаар зөрчил гаргасан гэж дүгнэн нөхөн төлбөр, хохирол тооцон гаргуулах хууль зүйн боломжгүй” гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байж чадахгүй байна.

2.4. Зөвшөөрлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1.27-д “хоногт 50-100 шоометр ус ашиглах”, 1.28-д “хоногт 100 шоометрээс их ус ашиглах” нь тусгай зөвшөөрөл байхаар заасан. Мөн Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 3 дугаар зүйлд “Хяналт шалгалт” гэж иргэн хуулийн этгээдийн явуулж байгаа үйл ажиллагаа /үйлдэл, эс үйлдэхүй/ түүнчлэн үйлдвэрлэж байгаа болон борлуулж байгаа бараа, бүтээгдэхүүн үзүүлж байгаа ажил үйлчилгээ хууль тогтоомжид заасан шаардлагыг хангаж байгаа эсэхийг дүгнэхэд чиглэсэн хянан шалгах арга хэмжээний цогцолборыг, Усны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-т “Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага, гадаад улсын хуулийн этгээд нь тодорхой зориулалт, хугацаа, болзол нөхцөл заасан ус ашиглах зөвшөөрөл, гэрээний үндсэн дээр хууль тогтоомжийн дагуу ус ашиглах эрхтэй байна”, 26.2-т “Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагыг ус ашиглах, хэрэглэх зориулалтаас хамааруулан дараах байдлаар ангилна” 26.2.2-т “Ус ашиглагч”, 28 дугаар зүйлийн 28.4-т “Хоногт 100 шоометрээс их ус ашиглах, эрчим хүч, усан тээврийн зориулалтаар ашиглуулах дүгнэлтийг усны асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага, 50-100 шоометр ус болон усан орчин ашиглуулах дүгнэлтийг сав газрын захиргаа, 50 шоометр хүртэлх ус ашиглуулах, хурын ус хуримтлуулж, хөв, цөөрөм байгуулах, суваг, шуудуу татах дүгнэлтийг аймаг, нийслэлийн байгаль орчны алба тус тус гаргана”, мөн зүйлийн 28.11-д “Энэ хуулийн 28.6-д заасан зөвшөөрлийг үндэслэн ус ашиглах эрхийн бичиг олгож, гэрээ байгуулснаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын ус ашиглах эрх үүснэ”, 28.18-д “Ус ашиглуулах дүгнэлт, холбогдох зөвшөөрөлгүйгээр ус ашиглах, дур мэдэн цооног гаргахыг хориглоно” гэж заасан бөгөөд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад Усны газраас “С” ХХК-тай холбоотой лавлагааг гаргахад Усны газрын Ус ашиглалтын хэлтсийн даргын 2024 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 05/773 дугаар албан бичгээр “С” ХХК нь 2023 он, 2024 онуудад ус ашиглуулах дүгнэлт гаргуулах хүсэлт ирүүлээгүй гэх албан бичиг зэргээр “С” ХХК нь усыг зөвшөөрөлгүй ашигласан нь холбогдох нотлох баримтаар тогтоогддог. Зөрчлийн тухай хуульд заасан хууль ёсны зарчим, шударга ёсны зарчимд үндэслэн зөрчлийн шинж байдлаас хамааран зөрчил үйлдсэн нь тогтоогдсон бол шийтгэл ногдуулах нь зайлшгүй байх тул Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 128/ШШ2025/0024 дүгээр шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Анхан шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.3.3-д заасныг зөрчсөн байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгон, гомдлыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэлээ.

2. “С” ХХК нь анх шүүхэд 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдөр “Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Салбарын хяналтын газрын мэргэжилтэн, улсын ахлах байцаагч Т.Б-ын эрх бүхий албан тушаалтын даалгавар, 2024 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 00493** дугаартай шийтгэлийн хуудсаар тогтоосон усны нөхөн төлбөрийг илт хууль бус актаар тогтоох тухай” шаардлага бүхий гомдлыг гаргасан.

2.1. Уг гомдлыг Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 128/ШЗ2024/8384 дүгээр захирамжаар “... ямар захиргааны байгууллагад холбогдуулан ямар нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаагаа тус тус хариуцагч бүрээр нь тодорхой бичиж ирүүлэх”, “... нэхэмжлэлийн үндэслэлтэй холбоотой холбогдох баримтыг нэхэмжлэлд хавсаргах” гэсэн үндэслэлээр 14 хоногоор нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулахаар хугацаа тогтоож шийдвэрлэсэн байна.

2.2. Тус захирамжийн дагуу гомдол гаргагч “С” ХХК нь 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдөр гомдлын шаардлагаа “Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Салбарын хяналтын газрын мэргэжилтэн, улсын ахлах байцаагчийн эрх бүхий албан тушаалтны даалгавар, 2024 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 00493** дугаартай шийтгэлийн хуудсыг илт хууль бус болохыг тогтоолгох, Усны газрын 2024 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 01/825 тоот албан бичгийн хавсралт “Усны нөөцөд учирсан хохирлын үнэлгээ”-г илт хууль бус болохыг тогтоолгох” хэмээн тодорхойлж ирүүлжээ.

2.3. Энэхүү гомдлыг анхан шатны шүүх 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 128/ШЗ2024/8839 дүгээр захирамжаар “ ... Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасан аль үндэслэлд хамааруулж илт хууль бус болохыг тогтоолгох гэж байгааг тодорхойлох”, “... хариуцагч тус бүрд холбогдуулж буй шаардлагаа тодорхой болгож ирүүлэх”, “... 01/825 тоот албан бичгийн хавсралт ... нотлох баримтын шаардлага хангуулан ирүүлээгүйгээс захиргааны акт мөн эсэх, хэнд хаяглагдсан болохыг тодруулах боломжгүй байна...” гэх үндэслэлүүдээр дахин нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулах хугацааг 14 хоногоор тогтоож шийдвэрлэсэн.

 

2.4. “С” ХХК нь тус захирамжийн дагуу бүрдүүлбэр ханган гомдлоо ирүүлэхдээ “Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Салбарын хяналтын газрын байгаль орчны хяналтын улсын ахлах байцаагчийн 2024 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 00493** дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” гэж гомдлын шаардлагыг тодорхойлж ирүүлжээ.

3. Анхан шатны шүүх уг шаардлагаар 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 128/ШЗ2024/9150 дугаар захирамжаар захиргааны хэрэг үүсгэж, анхан шатны шүүх хуралдаан дээр “Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Салбар хяналтын газрын байгаль орчны хяналтын улсын ахлах байцаагчийн 2024 оны 07 дугаар сарын 16-ны өдөр өдрийн 00493** дугаартай шийтгэлийн хуудасны 328,952,016 төгрөгийн нөхөн төлбөр ногдуулсан хэсгийг хүчингүй болгуулах”-аар тодруулсан, уг тодруулсан шаардлагын хүрээнд хэргийг хэлэлцэж шийдвэрлэжээ.

 4. Тус компани гомдолдоо маргаан бүхий шийтгэлийн хуудсыг 2024 оны 07 дугаар сарын 22-ны өдөр шуудангаар хүлээн авч, тус шийтгэлийн хуудсыг эс зөвшөөрч Захиргааны ерөнхий хуулийн 93 дугаар зүйлийн 93.1, 94 дүгээр зүйлийн 94.1-д зааснаар Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам болон салбар хяналтын газар тус тус гомдол гаргасан, 30 хоногийн дотор хариу өгөөгүй тул шүүхэд хандсан гэж дурдаж, тус яамны сайд С.О-д хандсан тус компанийн 2024 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 01/90 дүгээр албан бичгийг хавсаргасан байна.

5. Анхан шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлд заасан үндэслэл байгаа эсэхийг шалгаж тодруулалгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь  хэрэг хянан шийдвэрлэх журмыг зөрчсөн байна.

5.1. Учир нь Зөрчлийн тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 1-д “Хууль, захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн, энэ хуульд шийтгэл оногдуулахаар заасан үйлдэл, эс үйлдэхүйг зөрчил гэнэ” гэж, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлийн 1-д “Энэ хуулийн зорилго нь хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүйг зөрчилд тооцох, түүнийг үйлдсэн хүн, хуулийн этгээдэд шийтгэл оногдуулах замаар шударга ёсны тогтолцоог бэхжүүлэхэд оршино”, 1.4 дүгээр зүйлийн 1.1-д “”зөрчил шалган шийдвэрлэх” гэж зөрчлийн хэрэг бүртгэлт, түүнд тавих прокурорын хяналт, зөрчил шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагааг;

1.2. “зөрчлийн хэрэг бүртгэлт” гэж зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдийг тогтоох, шийтгэл оногдуулах эсэхийг шийдвэрлэх зорилгоор эрх бүхий албан тушаалтны явуулах энэ хуульд заасан ажиллагааг;

1.3.”зөрчлийн хэрэг бүртгэлтийг удирдах албан тушаалтан” гэж эрх бүхий албан тушаалтны шууд харьяалах дээд шатны албан тушаалтныг;” гэж,

1.12 дугаар зүйлийн 1-д “Оролцогч зөрчлийн хэрэг бүртгэлтийн шатанд эрх бүхий албан тушаалтны шийдвэр, үйл ажиллагааны талаар прокурорт гомдол гаргах эрхтэй” гэж тус тус заажээ.

5.2. Эдгээр хуулийн зохицуулалтаас үзвэл эрх бүхий албан тушаалтан буюу улсын байцаагчаас гаргасан Зөрчлийн тухай хуульд заасан зөрчил үйлдсэн этгээдэд шийтгэл ногдуулж буй шийтгэлийн хуудас нь захиргааны үйл ажиллагаа буюу шийдвэрийн нэг төрөл мөн боловч зөрчлийг шалган шийдвэрлэх ажиллагаа нь тухайлан зохицуулсан Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулиар журамлагдсан, оролцогч нь уг ажиллагааны шатанд эрх бүхий албан тушаалтны шийдвэр, үйл ажиллагааны талаар прокурорт /шүүх эрх мэдлийн байгууллага буюу Прокурорын тухай хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд хяналт тавьдаг/ гомдол гаргаж хянуулдаг, тусгай процессоор явуулдаг ажиллагаа бөгөөд уг хуулиар дээд шатны албан тушаалтанд шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох бүрэн эрх олгоогүй, Захиргааны ерөнхий хуульд заасан урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмыг хэрэглэх хууль зүйн үндэслэлгүй.  

5.3. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.7 дугаар зүйлийн 2-д “энэ хуулийн 1.8 дугаар зүйлийн ... 6.37 ... дэх заалтад заасан эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулсан, шийтгэлээс чөлөөлсөн шийдвэрийг эс зөвшөөрвөл Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар гомдол гаргаж шийдвэрлүүлнэ” гэж,

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.11-д ““гомдол” гэж хуульд тусгайлан зааснаар эрх бүхий этгээдийн шийдвэрийг хянуулахаар захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдөл, … Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу гаргасан прокурорын дүгнэлтийг” тус тус ойлгохоор заасан.

 5.4. Үүнээс үзвэл эрх бүхий албан тушаалтан буюу улсын байцаагчийн гаргасан шийтгэл оногдуулсан шийдвэрийг хянуулахаар захиргааны хэргийн шүүхэд шууд гомдол гаргах бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-д “Шүүхэд шууд хандахаар хуульд заасан бол тухайн хуульд заасан хугацаанд, хэрэв хугацаа заагаагүй бол шийдвэрийг мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор шүүхэд нэхэмжлэл гаргана” гэж зааснаар шийтгэлийн хуудсыг мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор шүүхэд гомдол гаргахаар байна.

6. Гэтэл “С” ХХК нь шийтгэлийн хуудсыг 2024 оны 07 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдөр шүүхэд хандсан нь  дээрх хуульд заасан хугацааг хэтрүүлсэн байх бөгөөд шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох эрхгүй этгээдэд гомдол гаргаж алдсан хугацааг “тогтоосон журмаар гомдол гаргасан” гэж үзэж, шүүхэд  гомдол гаргах хугацааг хэтрүүлээгүй гэж үзэх боломжгүй юм.  

7. Анхан шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.3.3-д “гомдол гаргах хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн бол” хүлээн авахаас татгалзахаар заасныг зөрчсөн байх тул дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгон, гомдлыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэлээ.

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.7 дугаар зүйлийн 2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1, 121.1.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 128/ШШ2025/0024 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.3.3, 109 дүгээр зүйлийн 109.2-т заасныг баримтлан “С” ХХК-аас гаргасан Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Салбарын хяналтын газрын Байгаль орчны хяналтын улсын ахлах байцаагч Т.Б-ын үйлдсэн 2024 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 00493** дугаар шийтгэлийн хуудасны 328,952,016 төгрөгийн нөхөн төлбөр ногдуулсан хэсгийг хүчингүй болгуулах шаардлага бүхий гомдлыг хүлээн авахаас татгалзаж, холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3, 50 дугаар зүйлийн 50.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан гомдол гаргагчаас шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг буцаан олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл, хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан өдрөөс хойш таван хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

                           ШҮҮГЧ                                                Н.ДОЛГОРСҮРЭН

 

                           ШҮҮГЧ                                                Ц.САЙХАНТУЯА

 

                           ШҮҮГЧ                                                С.МӨНХЖАРГАЛ