Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 29 өдөр

Дугаар 2022/ШЦТ/138

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мандахбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Билгүүн,

Улсын яллагч Ц.Нэргүй,

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Өвөрхангай аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн овогт ******* *******д холбогдох ******* дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1994 оны 03 дугаар сарын 27-ны өдөр, Өвөрхангай аймгийн ******* суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, эксковаторчин мэргэжилтэй, малчин, ам бүл 2, эхнэрийн хамт, Өвөрхангай аймгийн ******* сумын 3-р баг “Цагаан булан” гэх оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй,

Урьд Өвөрхангай аймаг дахь Сум дундын 1-р шүүхийн 2010 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 1/51 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар,

Өвөрхангай аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 184 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэгдэж байсан, овогт ******* ******* /РД: *******/,

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч ******* нь 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр Өвөрхангай аймгийн ******* сумын 6-р баг 06-07 тоотод оршин суух гэртээ иргэн биед халдаж, эрүүл мэндэд нь “хүзүү хоолойн хэсэгт зүсэгдсэн шарх” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

          Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүгдэгч ******* шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй” гэв.

         

Хохирогч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 04 дүгээр сарын 05-ны өглөө 09 цагт хүүхдээ цэцэрлэгт өгчихөөд харих гэж байтал ******* залгаад караокед байна хүрээд ир гэсэн. Караокед Самбуу тэр хоёр гоймон захиалсан идэх гээд сууж байсан ба ширээн дээр 0,5 литрийн “Экс” нэртэй архи тавьсан байсан. Тэр архинаас татчих гээд шахаад байхаар нь нэг уусан. Тэгээд 10 цагийн үед сумын төвийн баруун талд байрлах уурын зуухны хажууд байх *******ы гэрт нь *******,  Самбуу бид гурав очсон. Би Самбуутай хамт *******ы гэрээс гараад Булаг-Хайрхан дэлгүүрийн урдаас аймгаас ирсэн схем зургийг авсан. Тэгээд буцаад *******ы гэрт очтол ******* хашааныхаа гадна хаалганы урд хэвтэж байсан. Тэгээд Самбуу бид хоёр 2 талаас нь өргөөд гэрт нь оруулсан. Тэгсэн чинь гэртээ ороод надтай юм яриад байсан. Үг нь ойлгогдохгүй байсан. Бид хоёр маргалдаагүй. Тэгээд би цонхон дээр тамхи татаад зогсож байтал гал тогооныхоо өрөө рүү ороод заазуур атгасан орж ирээд миний баруун талын хүзүү рүү заазуураараа цавчсан. Тэгээд Самбуу *******ыг түлхэж унагаад гарт нь байсан заазуурыг нь аваад хашаанд нь гаргаж шидээд надтай хамт эмнэлэг явсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 16-18 дугаар хуудас/,

 

Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр ******* сумын цэцэрлэгт ажлын байран дээрээ байж байтал эмнэлгээс эмнэлэгт хүн сахиж байсан манай ажлын газрын Баяраа ахын эхнэр Эрдэнэчимэг эгч манай нөхрийн хамаатан Дэлгэртогтох нар над руу залгаад танай нөхөр эмнэлэгт хүзүү рүүгээ хутгалуулсан байдалтай ирлээ гэж хэлсэн. Тэгээд би эмнэлэг ортол манай нөхөр Нямдалай анхны тусламжийн хэсэгт орон дээр цамцаа тайлаад хэвтсэн байдалтай цустайгаа холилдсон байдалтай хэвтэж байсан. Эмч үзээд шархыг нь цэвэрлэж байсан. Өмсөж явсан цамц нь цус болсон байсан.” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 20-21 дүгээр хуудас/,

 

Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 04 дүгээр сарын 05-ны өглөө 09 цагийн үед сумын төвд байх гэрээсээ *******ы гэрт орсон. ******* хашааныхаа үүдэнд шороон дээр хэвтсэн унтаж байсан. Тэгээд бид хоёр гэрт нь өргөж оруулсан. Ороод би том өрөөнийх нь орон дээр хэвтсэн ба Нямдалай цонхных нь доор тамхи татаж байсан. Гэтэл ******* гал тогооныхоо өрөө рүү ороод гарч ирээд г заазуурдсан. Тэгээд би босож очоод *******ыг түлхэж унагаад заазуурыг гэрээс гаргаж, хашаанд нь шидсэн. Тэр хоёр маргалдаагүй, харилцан зодолдоогүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 23-24 дүгээр хуудас/,

 

       Өвөрхангай аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Э.Хүрэлсүхийн 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 270 дугаартай “...Үзүүлэгч биед хүзүү хоолой хэсэгт зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир үзүүр бүхий зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Уг гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэсэн дүгнэлт /хх-ийн 32-33 дугаар хуудас/,

 

Шүүгдэгч *******ы хувийн байдлыг тодорхойлсон иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 79/, Өвөрхангай аймгийн ******* сумын 3 дугаар багийн засаг даргын 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн № 115 дугаартай тодорхойлолт /хх-ийн 65/,

 

Шүүгдэгч *******ы эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 82/,

 

Шүүгдэгч *******ы яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 47-48 дугаар хуудас/ зэрэг болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана гэж заасан байх тул  шүүгдэгч *******д холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шийдвэрлэсэн болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.

 

Шүүгдэгч ******* нь 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр Өвөрхангай аймгийн ******* сумын 6-р баг 06-07 тоотод оршин суух гэртээ иргэн биед халдаж, эрүүл мэндэд нь “хүзүү хоолойн хэсэгт зүсэгдсэн шарх” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна.

 

Шүүгдэгч ******* нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн  болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан:

 

Хохирогч “...*******ы гэрт очтол ******* хашааныхаа гадна хаалганы урд хэвтэж байсан. Тэгээд Самбуу бид хоёр 2 талаас нь өргөөд гэрт нь оруулсан. Тэгсэн чинь гэртээ ороод надтай юм яриад байсан. Үг нь ойлгогдохгүй байсан. Бид хоёр маргалдаагүй. Тэгээд би цонхон дээр тамхи татаад зогсож байтал гал тогооныхоо өрөө рүү ороод заазуур атгасан орж ирээд миний баруун талын хүзүү рүү заазуураараа цавчсан. Тэгээд Самбуу *******ыг түлхэж унагаад гарт нь байсан заазуурыг нь аваад хашаанд нь гаргаж шидээд надтай хамт эмнэлэг явсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 16-18 дугаар хуудас/, гэрч “...2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр ******* сумын цэцэрлэгт ажлын байран дээрээ байж байтал эмнэлгээс эмнэлэгт хүн сахиж байсан манай ажлын газрын Баяраа ахын эхнэр Эрдэнэчимэг эгч манай нөхрийн хамаатан Дэлгэртогтох нар над руу залгаад танай нөхөр эмнэлэгт хүзүү рүүгээ хутгалуулсан байдалтай ирлээ гэж хэлсэн” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 20-21 дүгээр хуудас/, гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 04 дүгээр сарын 05-ны өглөө 09 цагийн үед *******ы гэрт очиход ******* хашааныхаа үүдэнд шороон дээр хэвтсэн унтаж байсан. Тэгээд бид хоёр гэрт нь өргөж оруулсан. Ороод би том өрөөнийх нь орон дээр хэвтсэн ба Нямдалай цонхных нь доор тамхи татаж байсан. Гэтэл ******* гал тогооныхоо өрөө рүү ороод гарч ирээд г заазуурдсан. Тэгээд би босож очоод *******ыг түлхэж унагаад заазуурыг гэрээс гаргаж, хашаанд нь шидсэн. Тэр хоёр маргалдаагүй, харилцан зодолдоогүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 23-24 дүгээр хуудас/, шүүгдэгч *******ы мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлэг, хохирогч эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болохыг тогтоосон Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн №270 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 32-33 дугаар хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, мөрдөн шалгах ажиллагаанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.

 

Өвөрхангай аймгийн Прокуророос шүүгдэгч *******д холбогдох эрүүгийн хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна гэж үзлээ.

 

Шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн бөгөөд түүний мэдүүлэг нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэргээр  давхар нотлогдсон, шүүгдэгч нь гэм буруу болон хэргийн зүйлчлэл, хохирол, хор уршгийн хувьд маргаагүй болно.

 

Шүүгдэгч ******* нь бусдад төлөх төлбөргүй болох нь хохирогч шүүхэд ирүүлсэн “гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Шүүх хуралдаанд суухгүй” гэсэн хүсэлтээр тогтоогдож байна.

 

Улсын яллагч Ц.Нэргүй шүүх хуралдаанд: “...Шүүгдэгч ******* нь 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр Өвөрхангай аймгийн ******* сумын 6 дугаар баг 06-07 тоотод оршин суух гэртээ иргэн биед халдаж, эрүүл мэндэд нь “хүзүү хоолойн хэсэгт зүсэгдсэн шарх” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн хохирогч мэдүүлэг /хх-ийн 16-18/, гэрч Б.Ренцэнхорлоогийн мэдүүлэг /хх-ийн 20-21/, гэрч мэдүүлэг /хх-ийн 23-24/, шинжээчийн 270 дугаартай дүгнэлт /хх-ийн 32-33/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ прокурортой тохиролцсон ялын хүрээнд буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал болон хувийн байдал зэргийг нь харгалзан ял тохиролцсон болно. Хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн. Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ногоон өнгийн иштэй заазуур 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулах саналыг тус тус гаргаж байна” гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгч нь шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлж “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон эсэх нөхцөл байдлуудыг шүүх хуралдаанаар хянаж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж шүүх үзэв.

 

       Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж хуульчилсан.

 

       Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах прокурорын саналыг шүүгдэгч ******* нь хүлээн зөвшөөрсөн тул прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

       Шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг төлсөн  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ыг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан хугацаанд  биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг шүүгдэгчид мэдэгдэх нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн  ногоон өнгийн иштэй заазуур 1 ширхэгийг устгаж,

 

Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, энэ хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг,  

 

   Шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж,

 

   Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол, мөн давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж  тус тус шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2, 3, 4, 5,   36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.6, 1.8, 36.8 дугаар зүйлийн 4, 5, 36.10 дугаар зүйлийн 1, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч овогт ******* *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч овогт ******* *******ыг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар  шийтгэсүгэй.

 

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******  нь шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч *******  нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, энэ хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн ногоон өнгийн иштэй заазуур 1 ширхэгийг устгасугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч,  давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                  М.МАНДАХБАЯР