Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 09 сарын 27 өдөр

Дугаар 2022/ШЦТ/198

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мандахбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Нямдаваа,

Улсын яллагч С.Баатарсүх,

Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Л.Лхааганжав нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Өвөрхангай аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн, овогт Пүрэвдуламын ******* холбогдох ******* дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1991 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Өвөрхангай аймгийн Уянга суманд төрсөн, 31 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, малчин, ам бүл 6, нөхөр 4 хүүхдийн хамт Өвөрхангай аймгийн Уянга сумын 4 дүгээр баг Шуранга гэх газар оршин суух хаягтай, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, овогт Пүрэвдуламын Энхжаргал /РД: *******/,

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч ******* нь 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 13 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Бүсийн Оношилгоо Эмчилгээний Төвийн мэс заслын тасгийн хүлээлгийн сандлын хажууд байсан иргэн ******* мартаж явсан, гээгдүүлсэн самсунг галакси А-51 маркийн гар утсыг бусдын эзэмшил, өмчлөлд байгааг мэдсээр байж хувьдаа завшсаны улмаас бусдад 350.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүгдэгч ******* шүүх хуралдааны хэлэлцүүлэгт “мэдүүлэг өгөхгүй” гэв.  

           

       Хохирогч ******* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... 2022 оны 03 дугаар сарын 09-ний өглөө 08 цагийн орчим Өвөрхангай аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн мэс заслын тасагт ажил дээрээ ирээд хувцас солих өрөөнд хувцсаа солиод тасаг руугаа орж гараа угаачихаад, утсаа авах гэтэл утас байхгүй байхаар нь хувцас солих өрөөнд үлдээсэн санагдаад ортол байхгүй байсан. Тэгээд олдох байх гэж бодоод хувцас солих өрөөндөө хайсан олдоогүй. ...Би ганцаараа байсан гаднаас ямар нэгэн хүн байгаагүй. ...Миний ажлын хувцас солих өрөө Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн 3 давхарт байдаг. Би мэс заслын тасгийн хүлээлгийн сандлын хажуугаар явж хувцас солих өрөө рүү ордог. Би тус сандлын хажууд унагасан байх боломжтой. Дэлгэцийн баруун дээд хэсэгт 2-3 см хагарсан байгаа шилэн наалт нь биш эх дэлгэц нь цуурсан, цэнхэр өнгийн утас байсан. Би утсаа харвал танина. Би утсаа 2020 оны 05 дугаар сард Арвайхээр сумын Мобиком төвөөс 1.100.000 төгрөгөөр авч байсан. ИМЭЙ 1. 352349117443437, мөн ЙМЭЙ 2. 352350117443435 гэсэн кодтой байсан гэсэн мэдүүлэг /хх-ийн 20 дугаар хуудас/,

         

       Хөрөнгө үнэлгээний 2022 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 03/20 дугаартай: 1  ширхэг Самсунг галакси А-51 маркийн гар утсыг үнэлбэл зах зээлийн үнэ цэнэ 350.000 төгрөг гэсэн үнэлгээний тайлан /хх-ийн 24-27 дугаар хуудас/,

 

       2022 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн эд зүйл хураан авсан тэмдэглэл /хх-ийн 54 дүгээр хуудас/

 

2022 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /хх-ийн 56 дугаар хуудас/,

 

2022 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 60 дугаар хуудас/,

 

Шүүгдэгч *******ын хувийн байдлыг тодорхойлсон Өвөрхангай аймгийн Уянга сумын 4 дүгээр багийн Засаг даргын 2022 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 06/78 дугаартай тодорхойлолт, Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 76 дугаар хуудас/,

 

Шүүгдэгч *******ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 88 дугаар хуудас/,

 

Шүүгдэгч *******ын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 72 дугаар хуудас/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.

 

Шүүгдэгч ******* нь 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 13 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Бүсийн Оношилгоо Эмчилгээний Төвийн мэс заслын тасгийн хүлээлгийн сандлын хажууд байсан иргэн ******* мартаж явсан, гээгдүүлсэн самсунг галакси А-51 маркийн гар утсыг бусдын эзэмшил, өмчлөлд байгааг мэдсээр байж хувьдаа завшсаны улмаас бусдад 350.000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна.

 

Шүүгдэгч овогт Пүрэвдуламын Энхжаргалыг гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн  болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан:

 

         Хохирогч *******ын ...2022 оны 03 дугаар сарын 09-ний өглөө 08 цагийн орчим Өвөрхангай аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн мэс заслын тасагт ажил дээрээ ирээд хувцас солих өрөөнд хувцсаа солиод тасаг руугаа орж гараа угаачихаад, утсаа авах гэтэл утас байхгүй байхаар нь хувцас солих өрөөнд үлдээсэн санагдаад ортол байхгүй байсан. Тэгээд олдох байх гэж бодоод хувцас солих өрөөндөө хайсан олдоогүй. ...Би ганцаараа байсан гаднаас ямар нэгэн хүн байгаагүй. ...Миний ажлын хувцас солих өрөө Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн 3 давхарт байдаг. Би мэс заслын тасгийн хүлээлгийн сандлын хажуугаар явж хувцас солих өрөө рүүгээ ордог. Би тус сандлын хажууд унагасан байх боломжтой. Дэлгэцийн баруун дээд хэсэгт 2-3 см хагарсан байгаа шилэн наалт нь биш эх дэлгэц нь цуурсан, цэнхэр өнгийн утас байсан. Би утсаа харвал танина. Би утсаа 2020 оны 05 дугаар сард Арвайхээр сумын Мобиком төвөөс 1.100.000 төгрөгөөр авч байсан. ИМЭЙ 1. 352349117443437, мөн ЙМЭЙ 2. 352350117443435 гэсэн кодтой байсан гэсэн мэдүүлэг /хх-ийн 20 дугаар хуудас/, Хөрөнгө үнэлгээний 2022 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 03/20 дугаартай: 1 ширхэг Самсунг галакси А-51 маркийн гар утсыг үнэлбэл зах зээлийн үнэ цэнэ 350.000 төгрөг гэсэн үнэлгээний тайлан /хх-ийн 24-27 дугаар хуудас/, 2022 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн эд зүйл хураан авсан тэмдэглэл /хх-ийн 54 дүгээр хуудас/, 2022 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /хх-ийн 56 дугаар хуудас/,  2022 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 60 дугаар хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, мөрдөн шалгах ажиллагаанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.

 

Улсын яллагч Ц.Нэргүй шүүх хуралдаанд “... Шүүгдэгч *******д нь 2022 оны 06 дугаар сарын 09-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 13 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах бүсийн оношилгоо эмчилгээний төвийн мэс заслын  хүлээлгийн сандлын хажууд байсан. Иргэн ******* орхиж явсан буюу мартаж явсан гээгдүүлсэн Samsung galaxy A51 маркийн гар утсыг бусдын эзэмшил гэдгийг мэдсээр байж хувьдаа завшсаны улмаас бусдад 350,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна. Иймд шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнд 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна” гэсэн дүгнэлтийг шүүхэд гаргаж байна” гэсэн дүгнэлтийг, 

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Лхааганжав шүүх хуралдаанд “...Шүүгдэгч ******* нь бусдын өмчид байгаа Samsung galaxy A51 гар утсыг бусдын эзэмшилд байгаа гэдгийг мэдсээр байж хувьдаа завшсан гэмт хэргийг үйлдсэн нь нотлох баримтуудаар нотлогдож байна. Өөрөө үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасан. *******ын хувьд бол тохиолдлын шинжтэй үйлдлээс болж анх удаагаа  гэм хэрэг үйлдсэн учруулсан хор хохирлоо төлж барагдуулсан зэрэг хөнгөрүүлэх нөхцөлүүд байгааг дурдаж. Прокурортой ял тохиролцон 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулахаар тохиролцон байгаа. Энэ тохиролцсон шийтгэлийн хүрээнд эрүүгийн хариуцлагын оногдуулах боломжтой гэж үзэж байна ” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.

 

Өвөрхангай аймгийн Прокуророос шүүгдэгч *******д холбогдох эрүүгийн хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох зүйтэй байна гэж үзлээ.

  

Шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн бөгөөд түүний мэдүүлэг нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэргээр  давхар нотлогдсон, шүүгдэгч нь гэм буруу болон хэргийн зүйлчлэл, хохирол, хор уршгийн хувьд маргаагүй болно.

 

Шүүгдэгч ******* нь бусдад төлөх төлбөргүй болох нь хохирогч ******* шүүхэд ирүүлсэн “гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн хүсэлт, шүүгдэгч *******, хохирогч Ц.Содномдулам нарын хэргийн хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх-ийн 93-94 дүгээр хуудас/ зэргээр тогтоогдож байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон эсэх нөхцөл байдлуудыг шүүх хуралдаанаар хянаж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж шүүх үзэв.

 

       Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж,

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах прокурорын саналыг шүүгдэгч ******* нь хүлээн зөвшөөрсөн тул прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

       Шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг төлсөн зэрэг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ыг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан хугацаанд  биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг шүүгдэгчид мэдэгдэх нь зүйтэй.

 

Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Ц.Содномдулам нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, энэ хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг,  

 

   Шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж,

 

   Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол, мөн давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж  тус тус шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2, 3, 4, 5, 34.4 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч овогт Пүрэвдуламын Энхжаргалыг гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч овогт Пүрэвдуламын Энхжаргалыг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.

 

 4. Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, энэ хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг тус тус дурьдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

   

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч,  давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдьдсугай.

 

7. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                   М.МАНДАХБАЯР