Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2019 оны 11 сарын 11 өдөр

Дугаар 00536

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Марина даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Ховд аймгийн Жаргалант сумын Магсаржав багийн 01-21 тоотод оршин суух, ..............тоот регистрийн дугаартай, Тайваныхан овогт О.М-ийн хүсэлттэй Б.Г-тай хамтын амьдралтай байсныг тогтоолгохыг хүссэн тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч О.М, нарийн бичгийн дарга О.Н нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч О.М шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Б.Г-тай 2013 оны 8 дугаар сарын 10-ны үед танилцаж, 2015 оны 8 дугаар сарын 17-ны өдрөөс гэр болж хамтран амьдарч эхэлсэн. 2016 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр охин Г.Г-г төрүүлсэн. Нөхөр Б.Гт маань 2019 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр өвчний улмаас нас барсан. Бид хамт амьдрах энэ хугацаандаа өөрсдийн гэртээ Магсаржав багийн 1-21 тоотод амьдарч байсан. Гэрлэлтээ батлуулах бодолтой байсан хэдий ч амжуулж бүртгүүлж чадаагүй юм. Одоо охин Г.Гэгээд тэжээгчээ алдсны тэтгэвэр тогтоолгох болсон тул бид хоёрыг 2015 оны 8 дугаар сараас 2019 оны 9 дүгээр сарыг хүртэл хамтран амьдарч байсныг тогтоож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч О.М нь Сайншарав овогт Бямбацэрэн овогтой Ганбаттай хамтын амьдралтай байсныг тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Хүсэлт гаргагч О.М нь Б.Ганбаттай 2013 онд танилцаж, 2015 оны 8 дугаар сарын 10-ны өдөр хуримаа хийж, түүнээс хойш 2019 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийг хүртэл хамт амьдарч байсан, тэдгээр нь гэрлэлтээ бүртгүүлээгүй байсан, хүсэлт гаргагч О.М нь Б.Ганбаттай хамт амьдрах хугацаандаа буюу 2016 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр охин Г.Гэгээг төрүүлсэн, охин Г.Гэгээ нь эцэг Б.Ганбатын нэрээр овоглодог болох нь хэрэгт авагдсан охин Г.Гэгээгийн төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, О.М, Б.Ганбат нарын хамт авахуулсан гэрэл зургууд, Ховд аймгийн Жаргалант сумын Магсаржав багийн Засаг даргын тодорхойлолт, гэрч Д.Олдохын шүүхэд өгсөн ...О.М нь миний төрсөн охин. Миний охин О.М нь Б.Ганбаттай 2013 оноос эхлэн танилцаад 2015 оны 8 дугаар сарын 17-ны өдөр хуримаа хийсэн. О.М, Б.Ганбат нарын дундаас 2016 онд охин Г.Гэгээ төрсөн. Тэдгээр нь Ховд аймгийн Жаргалант сумын Магсаржав багт амьдардаг байсан. Улмаар 2019 оны 9 дүгээр сард Б.Ганбат нь нас барсан... гэх мэдүүлэг, гэрч Б.Болормаагийн шүүхэд өгсөн ...Б.Ганбат нь миний төрсөн дүү. Тэрээр 2019 оны 9 дүгээр сард өвчний улмаас нас барсан. Манай дүү Б.Ганбат нь О.М-тэй 2015 оны 8 дугаар сард хуримаа хийсэн. Тэд нарын дундаас 2016 онд охин Г.Гэгээ төрсөн. Тэд хамт амьдардаг байсан гэх мэдүүлэг болон хүсэлт гаргагчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр нотлогдож байна.

Улмаар Б.Ганбат нь 2019 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр өвчний улмаас нас барсан болох нь хүсэлт гаргагчийн тайлбар, шүүхэд өгсөн гэрч Д.Олдох, Б.Болормаа нарын мэдүүлэгүүд, 235230 дугаартай нас барсны гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбаруудаар нотлогдож байна.

Иймд хэрэгт авагдсан дээрх баримтуудаар ПЖ87072107 тоот регистрийн дугаартай, Тайваныхан овогт О.М нь ПЙ80112270 тоот регистрийн дугаартай, Сайншарав овогт Бямбацэрэнгийн Ганбаттай 2013 оны 8 дугаар сараас 2019 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийг хүртэл хамтын амьдралтай байсан болох нь нотлогдож байх тул хүсэлт гаргагчийн хүсэлтийг хангах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1.14-д зааснаар ПЖ87072107 тоот регистрийн дугаартай, Тайваныхан овогт О.М нь ПЙ80112270 тоот регистрийн дугаартай, Сайншарав овогт Бямбацэрэнгийн Ганбаттай 2013 оны 8 дугаар сараас 2019 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийг хүртэл хамтын амьдралтай байсныг тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАРИНА