Шүүх | Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Бадарчийн Марина |
Хэргийн индекс | 153/2019/00008/и |
Дугаар | 00544 |
Огноо | 2019-11-20 |
Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 11 сарын 20 өдөр
Дугаар 00544
Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Марина би даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай явуулсан шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Ховд аймгийн Жаргалант сумын Алагтолгой багийн 08-07 тоотод оршин суух, ПН............... регистрийн дугаартай, а овогт Ц.М-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Хар усан багт оршин суух, ПО........... регистрийн дугаартай, Боролдой овогт Б.С-д холбогдох гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах, дундын өмчлөлийн эд хөрөнгөөс өөрт болон үр хүүхдэд ногдох хэсгийг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ц.М, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Э, хариуцагч Б.С, хариуцагчийн өмгөөлөгч Л.Э, нарийн бичгийн дарга Б.Н нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ц.М нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2009 онд Б.С-той танилцан улмаар 2013 оны 11 дүгээр сарын 29-нд гэрлэлтийн 0189709 тоот батлагаагаар гэрлэлтээ бүртгүүлж гэр бүл болсон билээ. Бидний хамтран амьдрах хугацаанд 2013 оны 10 дугаар сарын 19-ний өдөр охин С-ийн Хонгорзул, 2017 оны 6 дугаар сарын 09-ний өдөр хүү С-ийн Батзул нар төрсөн. Бид зан харилцааны таарамжгүй байдлын улмаас цаашид хамтран амьдрах боломжгүй болж 2017 оны 3 дугаар сарын 10-ны өдрөөс салж тусдаа амьдрах болсон юм. Тэр үеэс хойш хүү, охин хоёр маань миний асрамжинд амьдарч өсч торниж байна. Одоо Б.С нь тусдаа амьдралтай болсон. Цаашид хамтран амьдрах боломжгүй болсон тул би шүүхэд гэрлэлтийг цуцалж, хүү С.Батзул, охин С.Хонгорзул нарыг миний асрамжинд үлдээж, эцэг Б.С-оос хүүхдийн тэтгэлэг гаргуулж, бидний дундын өмчлөлийн эд хөрөнгө болох найман ханатай гэр, 16 суудалтай стана машин, хөргөгч, угаалгын машин, хоймрын мөлхөө тавилга, хоолны шкаб, хоёр ор, хувцасны шүүгээ, будаа агшаагч, ялз чанагч, тоос сорогч, эрдэнэт хивс 5 ширхэг, гоо сайхны ширээ, хүүхдийн хувцасны шүүгээ, ширээ, сандал, LCD зурагтнаас надад болон хоёр хүүхдэд ногдох хэсгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Шүүхээс бид хоёрт эвлэрэх хугацаа өгсөн. Бид хоёр хүүхдүүдээ бодоод эвлэрч, хамт амьдрахаар болсон тул эвлэрлийн гэрээ байгуулсан гэв.
Хариуцагч Б.С шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид хоёр хүүхдүүдээ бодоод хоорондоо эвлэрч, хамт амьдрахаар болсон тул эвлэрлийн гэрээ байгуулсан гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ц.М нь Б.С-д холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах, дундын өмчлөлийн эд хөрөнгөөс өөрт болон үр хүүхдэд ногдох хэсгийг гаргуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч Ц.М, хариуцагч Б.С нар нь хоорондоо ярилцаж эвлэрлийн гэрээг бичгээр байгуулсан байна.
Зохигчийн эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.3-д зааснаар гэрлэгчид нь эвлэрсэн тул шүүхээс эвлэрлийг батлаж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь хууль зүйн үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1, 54 дүгээр зүйлийн 54.1.1-д зааснаар Хөрөнгө үнэлгээний төвийн Ховд салбараас ирүүлсэн гэр бүлийн дундын эд хөрөнгөд үнэлгээ тогтоохтой холбогдуулан гарсан шинжээчийн зардал /хх-35/ 50,000 /тавин мянга/ төгрөг, авто машины үнэлгээний шинжээчийн зардал /хх-78/ 30,000 /гучин мянга/ төгрөг, нийт 80,000 /наян мянга/ төгрөгийг нэхэмжлэгч Ц.М-ээс гаргуулан Хөрөнгө үнэлгээний төвийн Ховд салбарт олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.3-д зааснаар нэхэмжлэгч Ц.М-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Б.С-д холбогдох гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах, дундын өмчлөлийн эд хөрөнгөөс өөрт болон үр хүүхдэд ногдох хэсгийг гаргуулах тухай иргэний хэрэгт зохигчдийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Ц.М-ийн 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Төрийн сангийн 5866075974 тоот дансанд төлсөн улсын тэмдэгтийн хураамж 388,550 /гурван зуун наян найман мянга таван зуун тавь/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, тал хувь болох 194,275 /нэг зуун ерөн дөрвөн мянга хоёр зуун далан тав/ төгрөгийг хариуцагч Б.С-оос гаргуулан нэхэмжлэгч Ц.М-т олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1, 54 дүгээр зүйлийн 54.1.1-д зааснаар Хөрөнгө үнэлгээний төвийн Ховд салбараас ирүүлсэн гэр бүлийн дундын эд хөрөнгөд үнэлгээ тогтоохтой холбогдуулан гарсан шинжээчийн зардал /хх-35/ 50,000 /тавин мянга/ төгрөг, авто машины үнэлгээний шинжээчийн зардал /хх-78/ 30,000 /гучин мянга/ төгрөг, нийт 80,000 /наян мянга/ төгрөгийг нэхэмжлэгч Ц.М-ээс гаргуулан Хөрөнгө үнэлгээний төвийн Ховд салбарт олгосугай.
4.Энэхүү шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАРИНА