Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 05 сарын 23 өдөр

Дугаар 2023/ШЦТ/31

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Ариунжаргал даргалж,

нарийн бичгийн дарга Р.Мөнхбат,

улсын яллагч Э.Нэргүй,

шүүгдэгч Ө.Ш түүний өмгөөлөгч Б.Батчимэг  нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Говьсүмбэр аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн У овогт Ө-ийн Шт холбогдох 2317000000040 дугаартай хэргийг 2023 оны 05 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Шүүгдэгч Монгол Улсын иргэн, У овогт Ө-ийн Ш /РД:................/, Говьсүмбэр аймгийн Сүмбэр суманд 2005 оны 03 дугаар сарын 12-ны өдөр төрсөн, 18 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, ам бүл 8, аав, ээж дүү нарын Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын ......... дугаар баг Шивээгийн ........ тоотод оршин суух, хувиараараа мал малладаг, урьд ял шийтгэлгүй гэх,

Холбогдсон хэргийн талаар:

/яллах дүгнэлтэд тэмдэглэснээр/

Яллагдагч Ө.Ш нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д “Тухайн ангиллын тээврийг хэрэгслийг жолоодох эрхгүй /жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд/...үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно гэснийг зөрчиж 2023 оны 04 дүгээр сарын 02-ны шөнө 02 цагийн орчим 82-43 УНЧ улсын дугаартай Тоёота Альфард загварын тээврийн хэрэгслийг жолоодож яваад Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Тэс Петролиум ХХК-ийн шатахуун түгээх станцын урд тухайн тээврийн хэрэгслийн бүхээгийн дулаацуулгын төхөөрөмжийг ажиллуулах гэж анхаарлаа өөр зүйлд хандуулсны улмаас жолоодлого алдан тухайн тээврийн хэрэгслийг онхолдуулан зорчигч Б.Бын биед зүүн эгэм ясны далд хугарал, орчны эдийн цус хуралт бүхий эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу мөрдөн шалгах ажиллагааны явцад нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх ажиллагаа хийгдэж хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанд талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудаар хэлэлцэв. Үүнд:

1. Шүүгдэгч Ө.Ш шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Хөдөө мал дээр унаж байгаад машин барьж сурсан. Би Чойроос Шивээговь сум орохоор явж байсан. Б, Д, Б, Ш нарын хамт явж байсан. Бын зүүн эгэм нь хугарсан. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ тээврийн хэрэгсэл жолоодож осол гаргасандаа харамсаж байна гэв.

2. Хохирогч Б.Б мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “2023 оны 04 дүгээр сарын 01-ний 23 цагийн үед би А ахын гэрт морийг нь хараад байж байсан. Гэтэл манай найз Ш над руу залгаад хаана байгаа юм гэж асуухаар нь А ахынд байна гэсэн бөгөөд Ш А ахын гэрийг мэддэг болохоор гадаа чинь байна гээд намайг дуудсан. Тэгээд намайг гараад очтол Ш Альфард маркийн саарал өнгийн машин уначихсан байсан. Тэгээд тэндээс хөдлөөд Д руу залгаад хаана байгааг нь асуутал 2 дугаар сургуулийн урд байх пс-нд тоглож байна гэсэн. Тэгэхээр нь Дийг пс-нээс очиж авсан. Тэгээд бид 3 манай гэр лүү явцгаасан. Гэрт манай дүү Б, түүний найз Ууганзаяа, Х 3 байсан. Тэгээд бид нар юм яриад сууж байтал манай дүү Бийн найз Ууганзаяа 2 Шивээговь сум руу явах ажил гарчихлаа, та машинтай байгаа юм бол Ууганзаяа бид 2-г Шивээговь сум хүргээд өгөөч гэж Шаас гуйсан. Ш ч зөвшөөрөөд бид нар бүгд Шивээговь сум явахаар манай гэрээс 01 цаг өнгөрч байхад хөдөлсөн. Тэгээд Шивээговь явахаар төв засмал замаар явсан. Тухайн үед Ш машин жолоодож явсан харин би түүний хажууд урд суусан, Б, Ууганзаяа, Д, Х нар арын суудалд сууцгаасан. Тэгээд Чойроос урагшаа Тэс ШТС өнгөрөөд явж байхад Ш машиныхаа паарыг тавихаар оролдож байх шиг байсан. Гэтэл машин 2 тийшээ дайвалзаж хөдөлж байгаад замын баруун талд байх гэрлийн шонг мөргөөд замаас гарах шиг болсон. Тэгээд цааш нь юу болсныг би сайн мэдэхгүй байна. Надад Шт холбогдуулж гаргах гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг /1-р х.х-ийн 16-17 хуудас/

3. Иргэний нэхэмжлэгч А.Д мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “Говьсүмбэр аймагт бүртгэлтэй байгаа бүх гэрлийн шон нь орон нутгийн хөгжлийн сангаас төсөвт нь гарч хийгддэг болохоор манай байгуулагаас тус гэрлийн шонгийн хадгалалт, хамгаалалт, бүрэн бүтэн байдлыг хариуцдаг юм. Өөрөөр хэлбэл тус гэрлийн шон нь манай байгууллагын үндсэн хөрөнгө болж бүртгэгддэг. Манай байгууллагаас тус зам тээврийн ослын улмаас  эвдэрч дахин ашиглах боломжгүй болсон гэрлийн шонгийн эвдрэл болох 1.175.000 тэгрэгийг нэхэмжилнэ” гэсэн мэдүүлэг /1-р х.х-ийн 25 хуудас/

4. Иргэний нэхэмжлэгч Б.О мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “Гэмт хэргийн улмаас эрүүл мэнд нь хохирсон Г.Д, Г.Х, Б.Б, Б.У, Б.Б нар нь аймгийн нэгдсэн эмнэлэгт амбулториор үзүүлэхэд болон хэвтэн эмчлүүлэхэд эрүүл мэндийн даатгалын сангаас 2023 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр Г.Дид 43000 төгрөг, Г.Х-д 43000 төгрөг, Б.Бт 43000 төгрөг, Б.У-д 43000 төгрөг, харин Быг 04 дүгээрс арын 01-нээс 04 дүгээр сарын 12-н өдрийн хооронд амбулториор үзүүлэхэд болон хэвтэн эмчлүүлэхэд нийт 405.000 төгрөг нийгмийн даатгалаас гарсан ба нийт гарсан 577.000 төгрөгний зардлыг нэхэмжилнэ. ” гэсэн мэдүүлэг /1-р х.х-ийн 40 хуудас/

5. Иргэний хариуцагч Т.Ш мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “82-43 УНЧ улсын дугаартай Тоёота Альфард маркийн тээврийн хэрэгсэл нь манай ах Т.М-йн эзэмшлийн тээврийн хэрэгсэл байгаа юм. 2023 оны 03 дугаар сард ахаас тус машиныг мал маллах, ойр зуур унахаар зориулж авсан бөгөөд тээврийн хэрэгслийн нэрийг шилжүүлж чадаагүй байсан юм. 2023 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр би тус тээврийн хэрэгслийг унаад Шын хамт Тэрэгтээс Говьсүмбэр аймагт Бааскагийн гэрт  ирсэн. Тэгээд би Бааскагийн гэр лүү утсаа цэнэглэж асаахаар орсон бөгөөд машинд Ш үлдсэн. Тэгээд Бааскагийн гэрээс 10-20 минутын дараа гараад иртэл Ш машин унаад явчихсан байсан. Тухайн үед би Шын араас залгасан боловч утас нь холбогдохгүй байсан. Тэгээд би удахгүй ирэх байх гэж бодоод Б-ийн гэрт байж байтал шөнийн 01 цагийн үед Ш над руу залгаад ахаа би таны машиныг Тэс ШТС-ийн орчим явж байгаад унагаачихлаа гэсэн. Тэгээд намайг очиход Ш 3 эрэгтэй, 2 эмэгтэй хүүхэдтэй зогсож байсан... ” гэсэн мэдүүлэг /1-р х.х-ийн 43 хуудас/

6. Гэрч Г.Д мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “...Бид 3 машинтай гадуур хэсэг явж байгаад Сүмбэр сумын 2 дугаар баг Төгрөгийн 113 тоотод очсон тухайн байшинг Б түрээслэдэг юм. Тэднийд ороход Бын дүү Б, Ууганзаяа, Х нар хамт байсан гэтэл Б Ууганзаяа 2 Шивээговь сум руу явах ажил гарчихлаа та нар машинтай юм чинь бид 2-г хүргээд өгөөч гэсэн. Тэгээд Ш зөвшөөрөөд Б, У 2-г Шивээговь хүргэж өгөхөөр болсон. Машиныг Ш жолоодож, жолоочийн хажууд Б, арын суудалд Батэцэцэг, Ууганзаяа, Х нар бид 4 суусан. Гэрээс багцаагаар 01 цагийн өнгөрч байхад хөдлөөд төв зам дагуу байдаг Тэс ШТС-ээс урагш 300м явж байхад Ш машины паараа асаахаар доошоо тонгойсон юм. Доошоо тонгойж байхдаа Ш жолоогоо алдаад замын баруун тал руу гарч тэнд байсан гэрлийн шонг мөргөсөн. Тэгээд цааш юу болсныг сайн санахгүй байна. Миний нуруу жоохон хөндүүр байна өөр өвдөж зовиурласан зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг /1-р х.х-ийн 50 хуудас/

7. Насанд хүрээгүй гэрч Г.Х мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: ...Б-ын гэрээс багцаагаар 00 цаг 50 минутын үед гараад Шивээговь явах зам дагуу байдаг Тэс ШТС-ийн хажууд явж байхдаа Ш машины паарыг нэмэх гэж доошоо харж яваад жолоогоо алдаад замаас баруун тийшээ гарсан. Тэгснээ буцаж замдаа орох гэж зүүн тийш дарсан. Тэгээд машин 2 тийшээ дайвалзаж байгаад замын баруун талд байсан гэрлийн шонг мөргөөд замаас гарч 4-5 удаа эргэлдэн машин хойшоо харж 4 дугуйн дээрээ зогссон, машин эргэлдэх явцад Б машинаас уначихсан юм шиг байсан. Машины гадаа хэвтэж байсан.../1-р хх-ийн 52 хуудас/

8. Насад хүрээгүй гэрч Б.Ууганзаяа мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: ...тэгээд Б бид дэмий Чойроор явж байхаад Шивээговь усм руу явчихаад ирье гэхэд Ш зөвшөөрөөд бид нар Шивээговь сум явахаар төв замаар Чойроос урагш гарсан юм. Тухайн үед шөнийн 01 цаг өнгөрч байсан. Тэгээд бид нар Тэс ШТС-ийн хажууд явж байтал Ш машиныхаа паарыг тавих гээд доошоо тонгойж байгаад замаас гарч замын баруун талд байсан гэрлийн шонг мөргөөд замаас гарч онхолдсон. Миний санаж байгаагаар машин 5-6 удаа эргэсэн байх. Надад гомдол санал байхгүй гэх мэдүүлэг.../1-р хх-ийн 55-56 хуудас/

9. Насанд хүрээгүй гэрч Б.Б мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: ...Тэгээд би ослоос болж толгой өвдөөд юу болж байгааг ойлгохгүй хэсэг зуур машинд суусан. Тэгээд эмнэлгээс хүмүүс ирж бид нарыг эмнэлэг авч явсан. Надад гомдол санал байхгүй гэх мэдүүлэг... гэх мэдүүлэг. /1-р хх-ийн 58-59 хуудас/

10. Гэрч Б.Ө мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: Ш нь 2005 оны 03 дугаар сарын 12-ны өдөр Говьсүмбэр аймгийн Сүмбэр суманд төрсөн 18 настай, миний 2 дахь хүүхэд байгаа юм. Бага насаа Говьсүмбэр аймагт эцэг эхийн гар дээр өнгөрүүлсэн. 2010-2019 онуудад Сүмбэр сумын 2 дугаар сургуульд сурч төгссөн. 2019 онд Говьсүмбэр аймгийн коллежид элсэн суралцаж 2021 онд цахилгаанчины мэргэжлээр төгссөн. 2021 оноос эхлэн хөдөө Мөнхпүрэв гэх хүний мал маллаж амьдрах болсон. Ш зан байдлын хувьд төлөв даруу, дуугүй ажилсаг, хүний үгэнд сайн ордог хүүхэд байгаа юм гэх мэдүүлэг. /1-р хх-ийн 61 хуудас/

11. Шинжээчийн 2023 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 103 дугаар дүгнэлтэнд:

- Б.Бын биед эгэм ясны далд хугарал, орчны эдийн цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

- Уг гэмтэл нь мохоо зүйлийн үйлчилэлийн улмаас 2023.04.02-нд үүсгэгдсэн байх боломжтой.

- Зүүн эгэм ясны далд хугарал гэмтэл нь “шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-н 2.3.1-нд зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

- Зүүн эгэм орчмын цус хуралт гэмтэл нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

- Цаашид ерөнхий хөдөлмөрийн чавдарын тогтонгид нөлөөлөхгүй болно.

Дүгнэлт гаргасан: шинжээч эмч, цагдаагийн хошууч Л.Жаргалтогтох гэжээ. /1-р х.х-ийн 64-65 хуудас/

12. Зам тээврийн шинжээчийн 2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 2/2023 дугаар дүгнэлтэнд:

- Иргэн Ө.Ш нь механикжсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй байж 82-43 УНЧ улсын дугаартай Тоёота Альфард маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7а /тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй /жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд/... үедээ тээврийн хэрэгсэл жолоодох/-ыг хориглоно гэсэн заалтыг зөрчсөн байна.

- Уг зам тээврийн осолд замын нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

- уг зам тээврийн осол гарах болсон шалтгаан нөхцөл нь 82-43 УНЧ улсын дугаартай Тоёота альфард маркийн тээврийн хэрэгслийн жолооч Т.Ш нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 14.6 –Жолоочгүйгээр тээврийн хэрэгсэл үл хөдлөх, өөрөөс нь бусад хүн хөдөлгөх боломжгүй болгох арга хэмжээ авсны дараа тээврийн хэрэгслээс буух, тээврийн хэрэгслийг орхиж явахыг зөвшөөрнө/ заалтыг зөрчсөн,

Иргэн Ө.Ш нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7а/тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй /жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд/... үедээ тээврийн хэрэгсэл жолоодох/-ыг хориглоно гэсэн заалтыг зөрчсөн нь уг зам тээврийн осол гарах нөхцөлийг бүрдүүлсэн,

Иргэн Ө.Ш нь механикжсан тээврийн хэрэгсэл жолоодох сургалтанд хамрагдаагүй зохих дадлага туршлаг эзэмшээгүй байсан учир автомашин жолоодож явах үедээ бүхээгний дулаацуулгын төхөөрөмжийг ажиллуулах зорилгоор өөрийн анхаарлыг өөр зүйлд хандуулсны улмаас автомашины жолоодлогыг алдсан нь уг зам тээврийн осол гарах шалтгаан болсон.

Дүгнэлт гаргасан: шинжээч Д.Доржпүрэв гэжээ. /1-р х.х-ийн 90-91 хуудас/

20. Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, зам тээврийн осол, хэрэг үзлэгээр тогтоосон байдал, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зураг, хэв загвар дээж авсан тэмдэглэл /х.х-ийн 2-9, хуудас/

            21. Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 124 хуудас/

22.“Ашид билгүүн” ХХК-ний техникийн үнэлгээний тайлан /1-р х.х-ийн 94-102  хуудас/

НЭГ. Гэм буруугийн талаар:

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн “хохирол” гэж, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн “хор уршиг” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус тодорхойлсон ба мөн зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг арилгахад гарах зардлын мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх хэмжээг тогтооно” гэж хуульчилсан.

Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг гэдэг нь авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, техник ашиглалтын журам зөрчснөөс хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр халдсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүй юм.

Дээр дурдсан шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудаар шүүгдэгч Ө.Ш нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүйгээр тээврийн хэрэгсэл жолоодож гэрлийн шон мөргөсний улмаас иргэн Б.Бын биед хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал тогтоогдсон ба хяналтын прокуророос Ө.Шт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, түүний хууль бус үйлдэл нь тухайн гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг агуулсан байна гэж шүүх дүгнээд шүүгдэгч Ө.Шыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь хэсэгт заасан “авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүйгээр үйлдсэн” гэм буруутайд тооцов.

Гэм буруугийн талаар улсын яллагчаас шүүгдэгч Ө.Шыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах санал дүгнэлт гаргасныг шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нар хэргийн үйл баримт, хэргийн зүйлчлэлтэй маргаж мэтгэлцээгүй  хүлээн зөвшөөрч оролцсон болно.

Иймд шүүгдэгч Ө.Шыг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Прокурорын яллах дүгнэлтэнд шүүгдэгч Ө.Шын үйлдсэн гэмт хэргийн зүйлчлэлийг зөв зүйлчлэн хэргийг шүүхэд шилжүүлсэн, шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байна.

      ХОЁР. Улсын яллагчаас эрүүгийн хариуцлагын саналдаа: Шүүгдэгч Ө.Шыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 02 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасаж, 01 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах саналтай байна гэх дүгнэлтийг,

Шүүгдэгч Ө.Ш эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд “хийсэн хэрэгтээ гэмшиж байна” гэх дүгнэлтийг

Шүүхээс шүүгдэгч Ө.Шт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.

Шүүгдэгчид ял шийтгэлийг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна.

Гурав. Хохирол төлбөрийн талаар: Гэмт хэргийн улмаас эрүүл мэнд нь хохирсон Г.Д, Г.Х, Б.Б, Б.У, Б.Б нар нь аймгийн нэгдсэн эмнэлэгт амбулториор үзүүлэхэд болон хэвтэн эмчлүүлэхэд эрүүл мэндийн даатгалын сангаас 2023 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр Г.Дид 43000 төгрөг, Г.Хд 43000 төгрөг, Б.Бт 43000 төгрөг, Б.У-д 43000 төгрөг, харин Быг 04 дүгээр сарын 01-нээс 04 дүгээр сарын 12-ны өдрийн хооронд амбулториор үзүүлэхэд болон хэвтэн эмчлүүлэхэд нийт 405.000 төгрөг нийгмийн даатгалаас гарсан ба нийт гарсан 577.000 төгрөгний зардлыг гаргуулж, иргэний нэхэмжлэгч Говьсүмбэр аймаг дахь Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн төрийн сангийн 100900020080 тоот дансанд,

Иргэний нэхэмжлэгч Тохижилт Сүмбэр ХХК-иас нэхэмжилсэн шонгийн үнэ болох 1.175.000 төгрөгийг тус тус шүүхийн шатанд төлж барагдуулсан байна.

Иргэний нэхэмжлэгч Т.Шийн эзэмшлийн 82-43 УНЧ улсын дугаартай Альфард маркийн тээврийн хэрэгсэлд 6.960.000 төгрөгийн эвдрэл гэмтэл тогтоогдсон боловч нэхэмжлээгүй болно.

Шүүгдэгч Ө.Ш нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт иргэний бичиг баримт ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримт хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдлаа.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон  

                                                                                                             ТОГТООХ нь:

        1. У овогт Ө-ийн Шыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан хэрэгсэл жолоодох эрхгүй хүн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

         2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч Ө.Шыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 02 (хоёр) жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 01 (нэг) жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Ө.Шыг оршин суугаа газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад мэдэгдэх, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т зааснаар согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг тус тус авсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Шыг тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Шт оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 02 /хоёр/ жилийн хугацаагаар хасах ялын хугацааг үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан үеэс тоолсугай.

6. Шүүгдэгч Ө.Ш нь цагдан хоригдсон хоноггүй, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-т зааснаар шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ө.Шт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гарсан бол тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй. 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Н.АРИУНЖАРГАЛ