Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2019 оны 11 сарын 28 өдөр

Дугаар 00554

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Марина даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Хүсэлт гаргагч: Ховд аймгийн Мянгад сумын Баянбулаг багт оршин суух, ПЮхххххххх тоот регистрийн дугаартай, Г овогт Ч.Ц-ын хүсэлттэй ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нарийн бичгийн дарга О.Н, хүсэлт гаргагч Ч.Ц нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Ч.Ц нь шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ч.Ц миний бие нь 1980 онд Ховд аймгийн Мянгад сумын 8 жилийн сургууль төгсөөд илгээлтээр хөдөө гарч мал маллаж, 1981-1992 оныг дуустал Мянгад сумын Давшилт нэгдэлд малчнаар 12 жил ажилласан. 1981 оны 6 дугаар сарын 25-ны өдөр цэрэгт яваад 1984 оны 8 дугаар сарын 15-ны өдөр цэргээс халагдсан. Одоо 56 настай, өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэсэн боловч хөдөлмөрийн дэвтэр байхгүй, ажилд орсон, гарсан тушаал архив шатсаны улмаас олдохгүй байгаа болно.

Иймд би Ховд аймгийн Мянгад сумын давшилт нэгдлийн Баянбулаг багт 1980 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оныг дуустал малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор хүсэлт гаргасан. Би Ажилласан жил, тэтгэвэрийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулах тухай хуульд хамрагдаж, 1990-2000 оныг дуустал нөхөн тооцуулсан. Иймд энэ хугацааг хасаж 1980 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 1981 оны 6 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл, 1984 оны 8 дугаар сарын 15-ны өдрөөс 1990 оныг хүртэл Ховд аймгийн Мянгад сумын Баянбулаг багт малчнаар ажиллаж байсан хугацааг тогтоолгоно гэв.

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч Ч.Ц нь Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдлийн Баянбулаг багт 1980 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оныг дуустал малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргасан бөгөөд тэрээр нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж, 1980 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 1981 оны 6 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл, 1984 оны 8 дугаар сарын 15-ны өдрөөс 1990 оныг хүртэл Ховд аймгийн Мянгад сумын Баянбулаг багт малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлага гаргалаа.

Хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагатай холбогдуулан дараах баримтууд хэрэгт авагджээ. Үүнд:

-Ч.Ц-ын Нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-4 хуудас/,

-Ховд аймгийн Мянгад сумын Баянбулаг багийн Чойдоржийн нэр дээрх 1989 оны 70 дугаар дансны хуулбар,

- Ховд аймгийн Мянгад сумын Баянбулаг багийн Чойдоржийн нэр дээрх 1990 оны 70 дугаар дансны хуулбар,

- Ховд аймгийн Мянгад сумын Баянбулаг багийн Ч.Ц-ын нэр дээрх 1992 оны 70 дугаар дансны хуулбар,

-Ховд аймгийн Мянгад сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2019 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 02/256 дугаартай алба бичиг,

-Ховд аймаг дахь Онцгой байдлын газрын Гал түймрийн улсын хяналтын байцаагч Г.Ганжаргалын ...Ч.Ц нь 1980-1992 онд тус сумын Давшилт нэгдэлд ажиллаж байсан ба тухайн жилүүдэд байсан хугацааны цалингийн материалууд болон ажилд орсон гарсан тушаалууд архив шатсаны улмаас олдохгүй байгаа. Тус сумын архив нь 1998 онд шатсан нь үнэн болно гэх 2019 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн тодорхойлолт,

-Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2019 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн Ч.Ц-ын төрсний бүртгэлийн лавлагаа,

- Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2019 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн Ч.Ц-ын гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа,

- Улсын бүртгэлийн хэлстийн 2018 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 180 дугаартай лавлагаагаар ...Давшилт нэгдэл нь 1992 оны 1 дүгээр сарын 05-ны өдөр Ургац, 1992 оны 1 дүгээр сарын 08-ны өдөр Чандмань, 1992 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр Давшилт, 1992 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр Чацаргант ХК болж өөрчлөгдөн улсын бүртгэлд бүртгэгдсэн байна гэжээ,

-Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдлийн зөвлөлөөс 1982 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Ч.Ц-д олгосон Баярын бичиг,

- Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдлийн зөвлөлөөс 1989 оны 6 дугаар сарын 26-ны өдөр Ч.Ц-д олгосон Баярын бичиг,

-Гэрч Г.Нямсүрэнгийн шүүхэд өгсөн ...Ч.Ц нь 1980 оны 6 дугаар сард Ховд аймгийн Мянгад сумын 8 жилийн сургуулийг 8 дугаар ангийг төгсөөд Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдлийн 2 дугаар бригад буюу Баянбулаг бригадад үхэрчнээр ажиллаж байгаад 1984 оны 6 дугаар сард цэргийн албанд татагдаж, 1987 онд цэргээс халагдаж ирээд тус нэгдлийн 2 дугаар бригадад 1990 оныг дуустал ажилласан гэх мэдүүлэг,

-Гэрч Д.Янсанжавын шүүхэд өгсөн ...Ч.Ц 1979 оны 6 дугаар сард Ховд аймгийн Мянгад сумын 8 дугаар жилийн сургуулийн 8 дугаар ангийг төгсөөд 1980 оны 1 дүгээр сараас эхлээд Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдлийн 2 дугаар бригад буюу Баянбулаг бригадад малчнаар ажиллаж байгаад цэргийн албанд татагдаж, цэргийн албанаас халагдаж ирээд тус нэгдлийн 2 дугаар бригадад 1991 оныг хүртэл малчнаар ажилласан... гэх мэдүүлэг зэрэг баримтууд цугларчээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасныг баримтлан хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан дээрх нотлох баримт болон хэрэгт авагдсан бусад баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлэв.

Хүсэлт гаргагч Ч.Ц нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргасан ба тэрээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй байна.

Шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцээд зохигчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон хуульд заасан журмын дагуу гаргаж өгсөн бичмэл баримтуудад тулгуурлан дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж дүгнэлээ.

Хүсэлт гаргагч Ч.Ц-ын Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдлийн Баянбулаг багт 1980 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оныг дуустал малчнаар ажиллаж байсныг нотлох ажилд томилогдсон, ажлаас чөлөөлөгдсөн тушаал, хөдөлмөрийн дэвтэр, нэгдлийн гишүүний үнэмлэх зэрэг баримтууд өөрт нь хадгалагдаагүй буюу олдохгүй байгаа, түүнчлэн ажиллаж байх үеийн холбогдох цалингийн түүвэрүүд нь Аймгийн архивын тасагт хадгалагдаагүй болох нь хүсэлт гаргагчийн тайлбар, Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын дэргэдэх архивын тасгийн лавлагаа, Ховд аймгийн Мянгад сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2019 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 02/256 дугаартай алба бичиг, Ховд аймаг дахь Онцгой байдлын газрын Гал түймрийн улсын хяналтын байцаагч Г.Ганжаргалын тодорхойлолт зэргээр нотлогдож байна. Иймд хүсэлт гаргагч Ч.Ц-ын хүсэлтийг хэрэгт авагдсан баримтад үндэслэн шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүх хүсэлт гаргачийн хүсэлтээр Ч.Ц-той хамт ажиллаж байсан гэх Г.Нямсүрэн, Д.Янсанжав нараас гэрчийн мэдүүлэг авсан ба эдгээр хүмүүс нь Ховд аймгийн Мянгад сумын Баянбулаг багт ажиллаж байсан болох нь хүсэлт гаргачийн тайлбар, хэрэгт авагдсан Ховд аймаг дахь Сум дундын нэгдүгээр шүүхийн 2006 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 99 дугаартай шийдвэрээр нотлогдож байна.

Иймд хэрэгт авагдсан дээрх баримтуудаар хүсэлт гаргагч Ч.Ц нь 1980 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 1981 оны 6 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл, 1984 оны 8 дугаар сарын 15-ны өдрөөс 1990 оныг хүртэл Ховд аймгийн Мянгад сумын Баянбулаг багт малчнаар ажиллаж байсан байдал нь нотлогдож байх тул түүний шүүхэд гаргасан хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ПЮххххххх тоот регистрийн дугаартай, Г овогт Ч.Ц-ын 1980 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 1981 оны 6 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл, 1984 оны 8 дугаар сарын 15-ны өдрөөс 1990 оныг хүртэл Ховд аймгийн Мянгад сумын Баянбулаг багт малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай. 

  

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ    Б.МАРИНА