| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сосорын Мөнхжаргал |
| Хэргийн индекс | 119/2024/0042/З |
| Дугаар | 221/МА2025/0133 |
| Огноо | 2025-02-20 |
| Маргааны төрөл | Тендер, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 02 сарын 20 өдөр
Дугаар 221/МА2025/0133
“М А” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанаар Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 119/ШШ2024/0055 дугаар шийдвэрийг нэхэмжлэгч “М А” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г, өмгөөлөгч Э.Т нарын давж заалдах гомдлын дагуу хянан хэлэлцэв.
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдааны даргалагч Н.Долгорсүрэн
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Ц.Сайхантуяа
Илтгэгч шүүгч С.Мөнхжаргал
Хэргийн оролцогчид:
Нэхэмжлэгч “М А” ХХК
Хариуцагч Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ, ЭҮТӨҮГ/20240102680 дугаартай “Хүнд даацын өөрөө буулгагч автомашин” нийлүүлэгчийг сонгон шалгаруулах тендерийн Үнэлгээний хороо
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, Г.Г
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Ж, Т.Т, Т.У, Д.Б, Н.Г
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбаяр
Хэргийн индекс: 119/2024/0042/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 119/ШШ2024/0055 дугаар шийдвэрээр Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль /2023-06-16/-ийн 24 дүгээр зүйлийн 24.1, 26 дугаар зүйлийн 26.1, 26.4, 26.10, 28
дугаар зүйлийн 28.1.3, 28.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “М А”ХХК-аас Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ, ЭҮТӨҮГ/20240102680 дугаартай “Хүнд даацын өөрөө буулгагч автомашин” нийлүүлэгчийг сонгон шалгаруулах тендерийн Үнэлгээний хороонд холбогдуулан гаргасан “Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын ЭҮТӨҮГ/20240102680 дугаартай “Хүнд даацын өөрөө буулгагч автомашин” нийлүүлэгчийг сонгон шалгаруулах тендерийн Үнэлгээний хорооны дүгнэлт /шийдвэр/ болон түүнийг үндэслэн гарсан Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын 2024 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн СЭ-112-12/5189 дугаартай Мэдэгдэл хүргүүлэх тухай захиалагчийн шийдвэрийг хүчингүй болгуулах, Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-аас зарласан ЭҮТӨҮГ/20240102680 дугаартай “Хүнд даацын өөрөө буулгагч автомашин”-ыг нийлүүлэгчийг сонгон шалгаруулах тендерт “М А” ХХК-тай гэрээ байгуулах зөвлөмж гаргахыг хариуцагч тендерийн Үнэлгээний хороонд даалгах, уг зөвлөмжийн дагуу гэрээ байгуулахыг Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-т даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
2. Нэхэмжлэгч “М А” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар дээрх шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч бичгээр гаргасан давж заалдах гомдолдоо: “... Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “М А” ХХК-ийн ирүүлсэн тендер нь техникийн тодорхойлолтын “Ерөнхий нөхцөл” буюу “цаг агаарын -40-+40 хэмийн нөхцөлд ил уурхайн тоос шороотой орчинд ажиллах техникийн нөхцөлийг хангасан байна” гэсэн шалгуур үзүүлэлтийг хангах эсэх нь үйлдвэрлэгчийн цахим хаяг дахь мэдээллээр тогтоогдоогүй, энэ талаар мэдээлэл байхгүй болох нь тендерийн үнэлгээний хорооны шийдвэр, үйлдвэрлэгчийн цахим хаягийн мэдээллийн орчуулга бүхий баримтаар тогтоогдож байна” гэжээ. Гэтэл тендерийн үнэлгээний хорооны хурлын тэмдэглэл, захиалагчийн мэдэгдэлд заасан үндэслэл нь шүүхийн дүгнэлтээс зөрүүтэй. Өөрөөр хэлбэл хүчингүй болгуулахаар маргаж буй 2024 оны 07 сарын 31-ний өдрийн СЭ-112-12/5189 дугаартай мэдэгдэлд “Санал болгож буй бүтээгдэхүүний брэнд, моделийг нарийвчлан заасан техникийн тодорхойлолт бүхий цахим хаягийг ирүүлнэ. Ирүүлсэн техникийн тодорхойлолт болон цахим хаягийн мэдээлэл зөрсөн тохиолдолд цахим хаяг дахь техникийн тодорхойлолтыг үнэлнэ. Ирүүлээгүй тохиолдолд шаардлага хангаагүй гэж үзэж тендерээс татгалзах үндэслэл болно” гэж заасныг үндэслэн тендерээс татгалзсан. Гэтэл мэдэгдэл “цаг агаарын -40-+40 хэмийн нөхцөлд ил уурхайн тоос шороотой орчинд ажиллах техникийн нөхцөл болон хөдөлгүүрийн эргэлтийг үзүүлэлтийг харьцуулсан хүснэгт болон барааны танилцуулгад ирүүлсэн боловч танай ирүүлсэн тендерийн 33 дугаар хуудсанд байгаа үйлдвэрлэгчийн шалгах холбоосоор орж шалгаж үзэхэд мэдээлэл байхгүй байна” гэх үндэслэл зааж тендерээс татгалзсан байна. Өөрөөр хэлбэл цахим хаягийн холбоосыг ирүүлсэн болохыг тендерийн үнэлгээний хороо болон захиалагч хүлээн зөвшөөрч энэ талаараа тэмдэглэл болон мэдэгдэлдээ тусгасан атлаа цахим хаяг ирүүлээгүй бол шаардлага хангаагүй гэж үзнэ гэх заалтыг үндэслэн тендерээс татгалзсан нь үндэслэлгүй. Мөн хэрэгт авагдсан баримт болон шүүхийн хэлэлцүүлгээр захиалагчийн шаардаж буй дээрх мэдээллүүд нь маргаан бүхий тендерт оролцсон бусад компаниудын санал болгосон өөрөө буулгагч автомашин үйлдвэрлэгч компаниуд цахим хаягтаа байршуулаагүй, тийм мэдээлэл байршуулдаггүй болох нь тогтоогдсон. Цахим хаягийг шаардсан шаардлагын дагуу цахим хаягийн холбоосыг тендерийн баримт бичигт оруулснаас гадна техникийн тодорхойлолтыг хэрхэн хангаж буй талаараа дэлгэрэнгүй байдлаар харьцуулсан хүснэгтийг хэнд ч ойлгогдохоор хүргүүлсэн тул техникийн тодорхойлолтод заасан шаардлага хангаагүй гэж үзэх үндэслэлгүй. Иймд энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байна.
2.1. Маргаан бүхий мэдэгдэлд заасан 2 дахь үндэслэл болох ТШЗ-ны 29.2-т заасан шаардлагыг хангаагүй гэж үзэж тендерээс татгалзсан бөгөөд санал болгож буй хүнд даацын өөрөө буулгагч автомашины ашиглалтын хугацаанд гарах өртгийг тендерийн баримт бичигт тодорхой тусгасан бөгөөд энэ нь хэргийн 119-123 дахь талд авагдсан үйлдвэрээс баталгаажуулсан үйлчилгээний интервал, ашиглалтын хугацааны өртгийн хүснэгт, тооцоолол, задаргаа зэрэг баримтуудаар тогтоогдоно. Гэтэл анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “М А” ХХК нь үйлдвэрээс баталгаажуулсан үйлчилгээний интервал болон ашиглалтын хугацааны өртөг тооцох мэдээлэл, баримт бичгийг тендерийн баримт бичигт ирүүлсэн байх бөгөөд “М А” ХХК-ийн тендер нь тендерийг хянан үзэх шатанд тендер шалгаруулалтын баримт бичиг болох тендерийн тодорхойлолтод заасан шаардлагыг хангаагүй энэ тохиолдолд ашиглалтын хугацааны өртөг тооцох үнэлгээ хийгдэхгүй, тийм учраас үүнтэй холбоотой маргаанд дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзэв” гэжээ. Анхан шатны шүүх талуудын маргааны гол үндэслэлд дүгнэлт хийлгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121-р зүйлийн 121.3.7 дахь хэсэгт “шүүх нэхэмжлэлийн болон гуравдагч этгээдийн бие даасан шаардлага, түүний зарим хэсэгт нь дүгнэлт өгөөгүй, эсхүл шийдвэрлэлгүй орхигдуулсан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн бол” гэх үндэслэлд хамаарч байна. Мөн 2024 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн тендерийн үнэлгээний хорооны хурлын 07 дугаартай тэмдэглэлд үнэлгээний хорооны гишүүн Т.У “Тооцоолол дээр “М А” ХХК-ийн ирүүлсэн материалын 47 дугаар хуудсанд тооцооллыг нэгтгэхдээ 2000 мото цаг хүртэл бодоод үүнийг 4-өөр үржүүлж 8000 мото цаг гаргасан байна. Тэгэхээр энэ нь татгалзах үндэслэл болохгүй” гэж хэлсэн нь тодорхой тусгагдсан бөгөөд шийдвэрлэхдээ татгалзах үндэслэл болгосон нь үндэслэлгүй төдийгүй зориудаар “М А” ХХК-ийг тендерийг үнэлэх үе шат руу оруулахгүй байх, тендер шалгаруулж гэрээ байгуулахгүй байх зорилготой шийдвэр гаргасан гэж үзэхээр байна. Иймд энэхүү үндэслэлээр тендерээс татгалзсан шийдвэр үндэслэлгүй байхад анхан шатны шүүх уг асуудалд дүгнэлт хийгээгүй нь хуульд нийцэхгүй байна.
2.2. Маргаан бүхий тендерийг 2024 оны 06 дугаар сарын 13-ны өдөр нээж улмаар 2024 оны 06 сарын 25-ны өдрийн СЭ-112-12/4217 дугаартай “Мэдэгдэл хүргүүлэх тухай” албан тоотоор “М А” ХХК-ийн хүргүүлсэн тендерийг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 26-р зүйлийн 26.9 дэх хэсэгт “Тендер шалгаруулалтын баримт бичгийн бүх шаардлагыг нэгэн зэрэг хангасан тендерийг шаардлагад нийцсэн тендер гэж үзнэ” гэж заасны дагуу шаардлагад нийцсэн гэж үзэж тус хуулийн 27-р зүйлд заасан тендер үнэлэх үе шатанд оруулж 27.5 дахь хэсэгт заасны дагуу санал болгосон үнээрээ 2 дугаарт эрэмбэлэгдсэн талаар мэдэгдсэн. Гэтэл тус шийдвэрээс 1 сар гаруй хугацааны дараа тендерийн баримт бичиг өөрчлөгдөөгүй байхад шаардлага хангаагүй гэж үзэж татгалзах шийдвэр гаргасан нь учир зүйн хувьд ойлгомжгүй /логикгүй/, хуульд нийцэхгүй шийдвэр болсон байтал анхан шатны шүүх хэргийн үйл баримтын хүрээнд үндэслэл бүхий дүгнэлтийг хийж чадсангүй. Иймд Орхон аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 119/ШШ2024/0055 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нараас гаргасан давж заалдах гомдлоор хүчингүй болгох үндэслэлгүй байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.
2. Хэргийн үйл баримтын талаар:
2.1. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас 2024 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр анх уг тендерийг зарлаж, “М А” ХХК, “Т” ХХК, “Ю” ХХК, “Г” ХХК, “Б” ХХК нар тендер ирүүлснийг Үнэлгээний хороо 2024 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 05 дугаар хуралдаанаар үнэлж, “Т” ХХК-ийг “хамгийн сайн тендер” ирүүлсэн гэж шалгаруулж, захиалагч нь 2024 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн СЭ-112-12/4218 дугаар албан бичгээр гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдсэн, харин СЭ-112-12/4217 дугаар албан бичгээр нэхэмжлэгч “М А” ХХК-д “... танай ирүүлсэн тендер Хуулийн 27 дугаар зүйлийн 27.5 дахь хэсэгт заасан эрэмбийн 2 дугаарт эрэмбэлэгдсэн болно...” гэх мэдэгдлийг хүргүүлжээ.
2.2. Нэхэмжлэгч “М А” ХХК-аас “Т” ХХК-г шалгаруулсныг эс зөвшөөрч гаргасан гомдлыг Монгол Улсын Сангийн яам хянаад 2024 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 03/6060 дугаар албан бичгээр гэрээ байгуулах эрх олгосон мэдэгдлийг хүчингүй болгож, “... тендер шалгаруулалтын тендер хянан үзэх, үнэлэх ажиллагааг хуульд нийцүүлэн дахин хийх”-ийг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т мэдэгдсэн байна.
2.3. Дээрх Сангийн яамны шийдвэрийн дагуу тендерийн Үнэлгээний хороо 2024 оны 07 дугаар сарын 23-ны өдөр дахин хуралдаж бүх тендерээс татгалзаж, уг тендерийг дахин зарлаж 2024 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн СЭ-112-12/5189 дүгээр албан бичгээр “...уг тендер шалгаруулалтад шаардлагад нийцсэн тендер ирүүлээгүй тул ... тендер шалгаруулалтыг дахин зохион байгуулах болсныг” нэхэмжлэгчид мэдэгджээ.
3. Нэхэмжлэгч “М А” ХХК-аас ““Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын “Хүнд даацын өөрөө буулгагч автомашин” нийлүүлэгчийг сонгон шалгаруулах ЭҮТӨҮГ/20240102680 дугаар тендерийн Үнэлгээний хорооны дээрх дүгнэлт, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 2024 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн СЭ-112-12/5189 дугаар шийдвэрийг хүчингүй болгуулах, “М А” ХХК-тай гэрээ байгуулах зөвлөмж гаргахыг хариуцагч тендерийн Үнэлгээний хороонд даалгах, уг зөвлөмжийн дагуу гэрээ байгуулахыг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан.
4. Анхан шатны шүүх “... тендерийг дахин үнэлэхэд нэхэмжлэгч “М А” ХХК-ийн ирүүлсэн тендер нь техникийн тодорхойлолтын Ерөнхий нөхцөлд заасан “-40, +40 хэмийн нөхцөлд ил уурхайн тоос шороотой орчинд ажиллах” үзүүлэлтийг хангах эсэх нь үйлдвэрлэгчийн цахим хаяг дахь мэдээллээр тогтоогдоогүй, мөн хөдөлгүүрийн эргэлтийн талаарх мэдээлэл ирүүлээгүй” гэж хянан үзсэн Үнэлгээний хорооны шийдвэр үндэслэлтэй ... нэгэнт хянан үзэх шатнаас “шаардлага хангаагүй” нь тогтоогдсон тул Тендер үнэлэх шатанд хийгддэг Ашиглалтын хугацаанд гарах өртөг тооцох мэдээллийг алдаатай ирүүлсэн гэх маргаанд дүгнэлт хийх шаардлагагүй” гэж дүгнэн, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгожээ.
5. Хэрэгт авагдсан тендерийн үнэлгээний хорооны тэмдэглэл, нэхэмжлэгч “М А” ХХК болон “Т” ХХК-ийн аль алиных нь үйлдвэрлэгчийн цахим мэдээлэлд энэхүү үзүүлэлт байхгүйгээс үзвэл захиалагч нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн /цаашид Хуулийн гэх/ 11 дүгээр зүйлийн 11.2-т “Оролцогчийг тендер бэлтгэж ирүүлэхэд шаардагдах мэдээлэл, оролцогчид тавих шаардлага, заавар, хамгийн сайн тендерийг шалгаруулах шалгуур үзүүлэлт, аргачлал, захиалагчийн санал болгож байгаа гэрээний нөхцөлүүд, техникийн тодорхойлолт, тендерийн жишиг маягтыг тендер шалгаруулалтын баримт бичигт тусгана”, 12 дугаар зүйлийн 12.1-д “Захиалагч техникийн тодорхойлолтод бараа, ажил, үйлчилгээний шаардлагатай гэж үзсэн шинж чанар, түүний зориулалт болон зориулалтын дагуу ашиглахтай холбоотой шаардлага, зураг төсөл, холбогдох стандарт, норм, дүрэм, зааврыг тусгана” гэж заасныг зөрчсөн байна.
5.1. Өөрөөр хэлбэл, хариуцагч нь оролцогчид техникийн тодорхойлолтын уг үзүүлэлтийг хангаж байгааг ямар баримтаар нотлон ирүүлэх талаар заагаагүй атлаа тухайн мэдээлэл байдаггүй үйлдвэрлэгчийн цахим мэдээлэлтэй тулгаж хянан “шаардлага хангаагүй” гэж үзэж бүх тендерээс татгалзсан нь хариуцагчийн өөрийнх нь тендерийн баримт бичгийг дээрх хуульд нийцүүлж тодорхой, ойлгомжтой боловсруулаагүй буруутай үйл ажиллагаатай холбоотой байна.
5.2. Энэ талаар нэхэмжлэгчийн “... хэрэгт авагдсан баримт болон шүүхийн хэлэлцүүлгээр захиалагчийн шаардаж буй дээрх мэдээллүүд нь маргаан бүхий тендерт оролцсон бусад компаниудын санал болгосон өөрөө буулгагч автомашин үйлдвэрлэгч компаниуд цахим хаягтаа байршуулаагүй, тийм мэдээлэл байршуулдаггүй болох нь тогтоогдсон” гэх нэхэмжлэгчийн гомдол үндэслэлтэй байна.
6. Гэвч Үнэлгээний хорооны 2024 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн хуралдаанаараа бүх тендерээс татгалзаж, дахин тендер зарлахдаа техникийн тодорхойлолтод зохих ёсны өөрчлөлт оруулах дүгнэлт гаргасан, захиалагч нь үүнийг зөвшөөрч бүх тендерээс татгалзан, дахин тендер зарлахаар шийдвэрлэж, маргаан бүхий 2024 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн СЭ-112-12/5189 дүгээр албан бичгээр мэдэгдсэнийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хангах үндэслэлгүй.
6.1. Учир нь нэхэмжлэгч нь техникийн тодорхойлолтын тухайн үзүүлэлтийг хангасан талаар өөр баримт ирүүлээгүй байх тул уг “шаардлагад нийцсэн” гэж дүгнэх үндэслэлгүй, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан “... “М А” ХХК нь урьд нь энэ төрлийн автомашин нийлүүлж байсан боловч -22 градусаас илүү хүйтрэхээр ажиллахаа больчихдог байсан учраас энэ үзүүлэлтийг зориуд баримт бичигт тусгасан, харин үйлдвэрлэгчийн цахим мэдээлэлд байдаг эсэх нь үйлдвэрлэгч тус бүрээр ялгаатай байх, бид баримт бичигтээ “... эрс тэс уур амьсгалд ажилладаг байх” гэж өөрчлөн дахин зарлахаар болсон ...” гэх тайлбарыг буруутгах үндэслэлгүй байна.
7. Эдгээр үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгч нараас гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 119/ШШ2024/0055 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч “М А” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г, өмгөөлөгч Э.Т нараас гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш таван хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Н.ДОЛГОРСҮРЭН
ШҮҮГЧ Ц.САЙХАНТУЯА
ШҮҮГЧ С.МӨНХЖАРГАЛ