Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 06

 

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Гансүх даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ё.Мөнхгэрэл,

Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын  орлогч прокурор: Б.Баярмагнай,

Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч: М.Дамдинсүрэн,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Ө.Нарантуяа,

Шүүгдэгч: М.Галсан нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт  яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Шаавай овогт Мөнхтөрийн Галсанд холбогдох 201620000307 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 1 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1991 оны 8 дугаар сарын 02-ны өдөр Увс  аймгийн Улаангом суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, дусгай дунд боловсролтой, авто техникийн засварчин, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Увс аймгийн Улаангом сумын 11 дүгээр багийн 11-07 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэгдэж байгаагүй, Шаавай овогт Мөнхтөрийн Галсан /РД:ОЭ91080251/,  

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: М.Галсан нь согтуугаар 2016 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар багийн нутагт байрлах Элит-45 айлын орон сууцны ар талын засмал замаар 08-00 УВА улсын дугаартай Мицубиши галант загварын автомашин жолоодож яваад Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 2.7.а, 9.2-д заасныг зөрчин явган зорчигч болох насанд хүрээгүй Д.Эрдэнэцэцэгийнг мөргөж авто осол гаргасны улмаас насанд хүрээгүй хохирогч Д.Эрдэнэцэцэгийн бие махбодид хүнд зэргийн гэмтэл учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:                                                                                                                  

            1. Насанд хүрээгүй хохирогч Д.Эрдэнэцэцэгийн мөрдөн байцаалтад өгсөн: “ 2016 оны 10 сарын 22-ны өдөр амралтын өдөр байсан бөгөөд би тус өдөр сорилгод орчихоод найзынхаа гэрт очоод 3-64 айлын орон сууцны баруун талын замаар гарах гээд зам хөндлөн гарах үед гэнэт машин хурдтай ирээд намайг мөргөөд унгаасан. Тухайн үед би ганцаараа явсан бөгөөд машинд мөргүүлээд юу болсныг санахгүй байгаа тэгээд тэндээсээ эмнэлэгт хүргэгдэж очоод тэр өдрөө Улаанбаатар хот руу яв гэсний дагуу онгоцоор Улаанбаатар хотод очиж Гэмтэл согог судлалын үндэсний төвд хэвтэж эмчлүүлсэн. Тухайн үед би зам хөндлөн гарахдаа хоёр талдаа машин харсан боловч ямар нэгэн машин ойрд харагдахгүй байхаар нь гүйгээд гарчихая гэж бодоод гүйгээд гартал нэг мэдэхэд л машин орж ирээд мөргөчихсөн. Тухайн машин хэр хурдтай явсныг мэдэхгүй эргээд хартал машин орж ирээд мөргөсөн. Би явган хүний гарцгүй газраар гарсан бөгөөд тухайн үед би гарц гарам анзаарч хараагүй. ... Толгой дарж байгаа мэт өвддөг, нүднээс өөрийн мэдэлгүй нулимс гоождог” гэх мэдүүлэг / хх-ийн 30-р тал /,

            2. Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Дамдинсүрэнгийн мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “2016 оны 10 сарын 22-ны өдөр амралтын буюу хагас сайн өдөр байсан бөгөөд Д.Эрдэнэцэцэг нь сургууль дээрээ сорилтой гэж хэлж байсан ба би тухайн өдөр ээлжийн ажилдаа гарчихсан байсан. Үдээс хойш 13 цагийн үед эмнэлгээс ярьж байна гэхээр нь хүрээд ирэхэд охины биеийн байдал муухан өвчин намдаах тариа хийлгэсэн байсан бөгөөд тухайн үед рентген, томограф-д орж үзүүлэхэд яаралтай Улаанбаатар хот руу яв. Дагз ясны гэмтэлтэй байна гэхээр нь Улаанбаатар хот руу явсан. Тэнд очоод Гэмтэл согог судлалын үндэсний төвд хэвтэн эмчлүүлэх болсон. 2016 оны 10 сарын 23-ны өдөр компьютер томограф-д ороход дагз ясны хугаралтай гэж үзээд хэвтэж эмчлүүлсэн тухайн үед маш их хэмжээний эмчилгээ, эм тариа хийгээд хэвийн болж байна, дахин нэг томограф-д үзүүлчих гэхээр нь бид нар Гэмтэл согог судлалын үндэсний төвийн дэргэд байх хувийн эмнэлэгт очиж үзүүлсэн. Тэр үед хэвийн байна еренхийдөө эдгэрсэн байна гэж хэлсэн. Би хувийн “Брилианс” нэртэй эмнэлэгт үзүүлэхдээ миний охины хамар бас гэмтсэн урьд нь томограф-д орохдоо тэр талаар хэлж тусгуулаагүй та сайн үзээд өгөөч гэж дахин үзүүлэхэд хамрын муруйлттай байна, бусад зүйл хэвийн болсон байна. Гэхдээ 3-6 сар гам барих шаардлагатай гэж хэлсэн. Тэгээд тэндээ хэд хоног ажиглаж байгаад 11 сарын 13-ны өдөр Увс аймагт ирсэн. Улаанбаатар хотод 10 сарын 23-ны өдрөөс эмчилгээ хийлгэж байгаад эдгэрсэн байна. Одоо нэг үзүүл гэсний дагуу 11 сарын 01-ний өдөр дахин томографид үзүүлсэн. Анх 10 сарын 23-ны өдөр томографид үзүүлэхдээ хамарны талаар дурдаагүй, зөвхөн тархины дагз яс тархины эдийн талаар үзүүлсэн. Тухайн үед эмч нар үзээд тархины яс цууралттай хугаралтай, цусан хуралттай байна гэж эмчилгээгээ эрчимтэй хийсний үр дүнд хүүхэд маань гайгүй болсон. М.Галсан бүх зардлыг төлж өгсөн. Анх эмчилгээнд явахад 3 сая төгрөг өгсөн. Улаанбаатарт байхад мөнгө шилжүүлж байсан. Дахин Улаанбаатар явахад охин бид хоёрын онгоцны 2 талын зардлыг төлж өгсөн. Залуу хүн нэг удаа алдсан байна. Ял шийтгэлийг нь аль болох хөнгөрүүлж өгөхийг л хүсэж байна. Цаашид шүүгдэгчээс нэхэмжлэх хохирол байхгүй. Гомдол санал байхгүй” гэх мэдүүлэг / хх-ийн 31-32-р тал /,

            3. Гэрч С.Самбасүндэвийн мөрдөн байцаалтад өгсөн: “М.Галсанг нэг байгууллагад цуг ажилладаг гэдгээр нь танина. 2016 оны 10 сарын 22-ны өдөр би ажил дээрээ цэрэг тээвэрт явах гээд машин техникээ бэлдээд үдийн цай болох үед М.Галсан гэрлүүгээ явна гэхээр нь би М.Галсанд хандаж намайг гэрт дөхүүлээд буулгачихаач гэж хэлээд түүний авто машинд суугаад Элит 45 айлын орон сууцны зүүн талын замаар өнгөрөөд 3-р 60 айлын баруун талын замаар явж байтал М.Галсангийн баруун гар талаас явган хүний гарцгүй замаар нэг хүүхэд гэнэт огцом гүйж орж ирээд мөргүүлсэн. М.Галсан тухайн үед тоормос гишгэсэн боловч нөгөө хүүхэд мөргүүлсэн. Тухайн үед 30-40 км цагийн хурдтай л явж байсан. Тухайн үед М.Галсан нь ангийн гадна 1 лааз ливоноос амсах төдий л болсон түүнээс биш хэмжээгээр бол уугаагүй. Би хойд талд сууж явсан болохоор анзаарч хараагүй. Жолоочийн хажууд Цэнджав суугаад явж байсан. М.Галсан тоормозоо гишгэсэн боловч зогсоож чадаагүй” гэх мэдүүлэг / хх-ийн 33, 34-р тал /,

            3. Гэрч Б.Ариунболдын мөрдөн байцаалтад өгсөн: “ М.Галсанг цуг нэг байгууллагад ажилладаг гэдгээр нь танина. 2016 оны 10 сарын 22-ны өдөр цэрэг тээвэрт явах гээд машиндаа үзлэг оношлогоо, засвар үйлчилгээ хийж байгаад 12 цаг өнгөрч хүмүүс үдийн цайндаа явсан тэр үед Батдэмбэрэл бид хоёр гэрлүүгээ явах гээд байж байтал цуг ажилладаг М.Галсан суудлын машинтайгаа гараад явах гэж байхаар нь гэрлүүгээ дөхөөд буучихая гэж хэлээд машинд нь суусан. Тэр үед цуг ажилладаг Самбасүндэв, Цэнджав нар М Галсангийн машинд сууж байсан. Тэгээд бид нар Шунхлай Шатахуун түгээх станцийн тойргоор тойроод баруун хойд зуг рүү засмал замаар яваад элит 45 айлыи орон сууцны зүүн талаар өнгөрч 3-р 60 айлын орон сууцны баруун талд явж байтал гэнэт тоормос гишгээд хүүхэд урдуур орчихлоо гээд жолооч М.Галсан сандраад буусан тухайн үед М.Галсангийн машины хойд талын суудалд Батдэмбэрэл, Самбасүндэв бид 3 сууж байсан болохоор хүүхэд орж ирсэн талаар анзаарч хараагүй. Тэгээд машинаас буугаад ирэхэд машинд мөргүүлсэн хүүхэд босоод ирсэн бөгөөд М.Галсан эмнэлэг цагдаа дуудаад бид нарыг яв гэсэн тэгээд бид нар гэр лүүгээ явчихсан. Тухайн үед М.Галсан хэн хэнтэй архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн болохыг мэдэхгүй. М.Галсан хэлэхдээ гэнэт гүйгээд ороод ирлээ гэж хэлж байсан. Тухайн машинаас буугаад харахад гарцгүй газар байсан. М.Галсан нь тоормосоо гишгэсэн боловч хүүхэд мөргөгдсөн. Тухайн үед 30- 40 км цагийн хурдтай л явж байсан” гэх мэдүүлэг / хх-ийн 35, 36-р тал /,

            4. Гэрч Ц.Батдэмбэрэлийн мөрдөн байцаалтад өгсөн: “М.Галсанг цуг нэг байгууллагад ажилладаг гэдгээр нь танина. М.Галсан нь хилийн цэргийн 0245 дугаар ангид 06 сард ажилд орсон. 2016 оны 10 сарын 22-ны өдөр цэрэг тээвэрт явах гээд машиндаа засвар үйлчилгээ хийж байгаад 12 цаг өнгөрч гэрлүүгээ явах гэж байгаад цуг ажилладаг М.Галсан суудлын машинтайгаа гараад явах гэж байхаар нь гэрлүүгээ дөхөөд буучихая гэж хэлээд Б.Ариунболд бид хоёр түүний машинд нь суусан. Тухайн үед Самбасүндэв, Цэнджав нар М.Галсангийн машинд суугаад дөхөөд буучихая гэж байсан. Тэгээд бид нар Шунхлай Шатахуун түгээх станцын тойргоор тойроод баруун хойд зүг рүү засмал замаар яваад элит 45 айлын орон сууцны зүүн талаар өнгөрч 3-р 60 айлын орон сууцны баруун талд явж байтал гэнэт тоормос гишгээд хүүхэд урдуур орчихлоо гээд жолооч М.Галсан сандраад буусан тухайн үед М.Галсангийн машины хойд талын суудалд Ариунболд Самбасүндэв бид 3 сууж байсан болохоор хүүхэд орж ирсэн талаар анзаарч хараагүй. Тэгээд машинаас буугаад М.Галсан эмнэлэг цагдаа дуудаад бид нарыг та нар яв гэсэн тэгээд бид нар гэр лүүгээ явчихсан. Тухайн үед М.Галсан хэн хэнтэй архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн болохыг мэдэхгүй. Хүүхэд газар уначихсан байсан. Тухайн үед сандарсан байсан тул сайн анзаарч хараагүй. ” гэх мэдүүлэг / хх-ийн 37, 38-р тал /,

            5. Гэрч Ц.Цэнджавын мөрдөн байцаалтад өгсөн: “М.Галсанг цуг нэг байгууллагад ажилладаг гэдгээр нь танина. Садан төрлийн холбоо байхгүй. 2016 оны 10 сарын 22-ны өдөр амралтын өдөр байсан бөгөөд тэр өдөр манайх цэрэг тээвэрт явах гэж байсан тул манай жолооч нар ажил дээр байж байгаад 12 цаг өнгөрч байхад ажлаас гарсан. Ажлаас гарахын өмнө жолооч Самбасүндэв, М.Галсан нар нь лаазтай пиво ууж байсан бөгөөд бид нар ажлаа дуусгаад ажлаас гарах гэж байтал М.Галсан нь машинтайгаа хөдлөөд явах гэхээр нь зогсож бай дөхөөд буучихая гэж хэлээд М.Галсангийн машинд Самбасүндэв, Батдэмбэрэл, Ариунболд бид нар суугаад Шунхлайн тойрогоор тойроод Элит 45 айлын орон сууцны баруун талаар хойд чиглэлд явж 3-60 айлын орон сууцны баруун талын замаар явж байтал нэг хүүхэд зам хөндлөн гүйх гэж байхаар нь би хөөе зогсоорой хүүхэд гүйлээ гэж хэлэх завдалгүй нөгөө хүүхэд гүйж орж ирсэн М.Галсан тоормос гишгэсэн боловч зогсоож чадалгүй мөргөсөн. Тэгээд бид нар машинаас буугаад ирэхэд нөгөө хүүхэд газар унасан байсан. Тэр үед М.Галсанг эмнэлэг рүү аваад яв гэж хэлчихээд гэрлүү очоод буцаад эмнэлэг дээр очиход эмч нар үзэж байсан. Би М.Галсангийн авто машины урд талын суудал дээр суугаад явж байсан бөгөөд тухайн үед замын баруун гар талаас нэг хүүхэд гүйх гэж байгаад зог туссан тэр үед би М.Галсан хүүхэд гүйх гэж байна гэж хэлэх завдалгүй нөгөө хүүхэд урдуур ороод ирсэн М.Галсан нь тоормосоо гишгэсэн боловч хүүхэд мөргөгдсөн. Тухайн үед 30-40 км цагийн хурдтай л явж байсан. Тухайн зам тээврийн осол гарсан газарт явган хүний гарц байгаагүй. Хамгийн ойрхон гарц 40-50 метр зайтай байсан” гэх мэдүүлэг / хх-ийн 39, 40-р тал /,

            6. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургын үзүүлэлтүүд / хх-ийн 9-10-р тал/,

            7. Замын цагдаагийн газрын зам тээврийн осол дээр тогтоосон акт, замын бүдүүвч зураг / хх-ийн 11-12-р тал /,

            8 . Шүүгдэгч М.Галсангийн согтуурал шалгасан (1.07 % ) магадлагаа / хх-ийн 13-р тал/,

            9. Автомашин хураан авч битүүмжилсэн, В ангилалын №755075 дугаартай жолооны үнэмлэх хураан авсан тэмдэглэл / хх-ийн 15, 18-19-р тал /,

            10. Эд хөрөнгө ( 8 ханатай бүрэн тавилгатай монгол гэр ) битүүмжилсэн тэмдэглэл / хх-ийн 21-р тал /,

            11. Компютер томографийн сиди 1 ширхэг, тархины зураг 1 ширхэг, Увс нэгдсэн эмнэлэг гэсэн бичигтэй компютер томографийн сиди 1, ширхэг, Briliance clinic эмнэлэгийн компютер томографийн сиди 1 ширхэгийг тус тус эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргах тогтоол / хх-ийн 26-27, /

            12. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 14752 дугаартай шинжээчийн: “ Д.Эрдэнэцэцэгийн биед дагзны ясны далд хугарал, зүүн гарын атгаал ясны далд хугарал, дух, нуруу хамарт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадвар алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээний үр дүнгээс хамаарна” гэх дүгнэлт / хх-ийн 52-р тал/,

            13. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 1542 дугаартай шинжээчийн “ Урьд гаргасан шинжээчийн 2016.11.04-ний өдрийн 14752 тоот дүгнэлт үндэслэлтэй байна. Д.Эрдэнэцэцэгийн биед дагз ясны хугарал, зүүн гарын агтаал яс, хамрын ясны хугарал, таславч мурийлт, дух нуруу, хамарт зулгаралттай гэмтлүүд учирсан байна. Д.Эрдэнэцэцэгийн биед тухайн үед дагз ясны хугарал зэрэг гэмтлүүд оношлогдож эмчлэгдсэн байна. Д.Эрдэнэцэцэгийн биед учирсан гэмтэл нь ШЭГЗТЖ-н 3.1.2-т зааснаар учрах үедээ амь насанд аюултай тул хүнд зэргийн гэмтэл болно. Цаашид эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт тогтонгид нөлөөлөхгүй ” гэх дүгнэлт / хх-ийн 70-р тал/,

            14. Увс аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 44 дугаартай шинжээчийн: “ 1. Жолооч М.Галсан нь Замын хөдлөгөөний дүрэм зөрчсөн байна. 2. Жолооч М.Галсан нь МУ-ын Замын хөдлөгөөний дүрмийн 2.7 а-д заасан “Согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл хэрэглэсэн  мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадхааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн заалтыг, мөн дүрмийн 9.2-д зааснаар “Жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгсэлийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөн байна. 3. Явган зорчигч Д.Эрдэнэцэцэг нь замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн байна. Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.4-д заасан “Явган зорчигч нь явган хүний гарц буюу гармаар зам хөндлөн гарна Хэрэв үзэгдэх хүрээнд явган хүний гарц ба гарам байхгүй бол замын дагуу 2 тийш сайн харагдах саадгүй хэсгээр, ойртон ирж яваа тээврийн хэрэгсэлийг өнгөрүүлэн эгц хөндлөн гарна ” гэсэн заалтыг зөрчсөн байна. 4. Жолооч М.Галсан нь МУ-ын ЗХД-ийн 2.7.а заалтыг зөрчсөн нь осол гарахад нөлөөлсөн шууд шалтгаан болж байна” гэх дүгнэлт / хх-ийн 45-р тал /,

            16. Шүүгдэгчийн хувийн байдал тогтоосон баримтууд / хх-ийн 84-87, 89, 91-р тал /,

            17. Шүүгдэгч М.Галсаны урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан лавлагаа / хх-ийн 96-р тал/, 

            18. Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Хүүхдийн тасагт Д.Эрдэнэцэцэгийн 2016 оны 10 дугаар сарын 22-ны өдрөөс 11 дүгээр сарын 07-ны хооронд хэвтэн эмчлүүлсэн өвчний түүхийн хуулбар /хх-ийн 98-105-р тал /,           

           

           19. Шүүгдэгч М.Галсангийн мөрдөн байцаалтанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “2016 оны 10 сарын 21-ний өдөр би айлын найранд очоод жаахан архи уучихаад ирж гэртээ хоноод 10 сарын 22-ны өглөө би тус аймгийн Улаангом сумын 3-р багт байрлах Хилийн цэргийн 0245 дугаар анги дээр очсон. Би тус цэргийн ангид авто засварын ажил хийдэг. Би өглөө гэрээсээ 09 цагт гарч өөрийнхөө 08-00 УВА улсын дугаартай Мицубиши Галлант маркийн суудлын авто машинаа унаад ажил дээр очиход жолооч Самбасүндэв, Цэнджав нар 1 ширхэг 2 литрийн пиво авчихсан үүнээс уугаач гэхээр нь би тэр хоёрт хандаж би уухгүй машин жолоодож яваа гэхэд зүгээрээ нэг аяга уучих гэхээр нь би нэг аяга пиво уучихаад ажлаа хийж байгаад 12 цаг болж хүмүүс цайндаа явахад би мөн гэрлүүгээ цайндаа явахаар гарсан. Тэгээд би өөрийнхөө 08-00 УВА улсын дугаартай авто машинаа унаад Шунхлай ШТС-ын дэргэдэх тойрогийг тойроод хойд зүг рүү Элит-45 айлын орон сууцны хажуугаар өнгөөрөөд 3-р 60 айлын баруун талын засмал замаар явж байтал миний урдуур нэг эмэгтэй хүүхэд гэнэт гүйгээд гараад ирэхэд би сандарч тооромсоо гишгэхэд нөгөө хүүхдийг очоод мөргөсөн. Тэгээд тэр хүүхэд эмнэлэг рүү явсан. Би өөрөө цагдаад дуудлага өгсөн. Тэгээд би цагдаагийн газар дээр ирж согтуурал хэмжих багажаар согтуурал хэмжүүлэхэд 1.07%-тай гэж гарсан. Ийм хэрэг үйлдсэндээ маш их гэмшиж байна. Надад сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч байна. Энэ хэрэгт холбогдсоны улмаас ажлаасаа гарсан. Би хохиролд нийтдээ 5 орчим төгрөг төлсөн. Ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү”  гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтууд болно.

 

             Хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг үнэлэн дүгнэхэд: Шүүгдэгч Шаавай овогт Мөнхтөрийн Галсан нь согтуугаар 2016 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар багийн нутагт байрлах Элит-45 айлын орон сууцны ар талын засмал замаар 08-00 УВА улсын дугаартай Мицубиши галлант загварын автомашин жолоодож яваад Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 2.7.а, 9.2-д заасныг зөрчин явган зорчигч болох насанд хүрээгүй Д.Эрдэнэцэцэгийнг мөргөж авто осол гаргасны улмаас насанд хүрээгүй хохирогч Д.Эрдэнэцэцэгийн бие махбодид хүнд зэргийн гэмтэл учруулсан болох нь насанд хүрээгүй хохирогч Д.Эрдэнэцэцэг, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Дамдинсүрэн, гэрч С.Самбасүндэв, Б.Ариунболд, Ц.Батдэмбэрэл, Ц.Цэнджав нарын мэдүүлэг, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургын үзүүлэлтүүд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлэгийн шинжилгээний хэлтсийн 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 14752 дугаартай дүгнэлт,  бүрэлдэхүүнтэй шинжээчийн 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 1542 дугаартай дүгнэлт, Увс аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 44 дугаартай шинжээчийн дүгнэлт,  шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

           Мөрдөн байцаалтын болон прокурорын хяналтын шатанд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн ноцтой зөрчил гараагүй, хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч М.Галсанд  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

            Шүүгдэгч М.Галсан нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролыг төлж барагдуулсан, цаашид нэхэмжлэх хохиролгүй болох нь хохирогч, шүүгдэгч нарын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгээр нотлогдсон бөгөөд насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Дамдинсүрэн цаашид хохирол нэхэмжлэхгүй гэсэн тул шүүгдэгчээс гаргуулах хохирол төлбөргүй гэж үзнэ.

           

Шүүгдэгч М.Галсан нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй болно.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн компютер томографийн сиди 1 ширхэг, тархины зураг 1 ширхэг, Увс нэгдсэн эмнэлэг гэсэн бичигтэй компютер томографийн сиди 1, ширхэг, Briliance clinic эмнэлэгийн компютер томографийн сиди 1 ширхэгийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид буцаан олгох нь зүйтэй байна.

 

Шүүгдэгчээс гаргуулах хохиролгүй тул шүүгдэгч М.Галсангийн эзэмшлийн 8 ханатай, битүү шалтай, бүрэн тавилгатай монгол гэр битүүмжилсэн, 0880-УВА улсын дагууртай, митцубиши галант загварын авто машин  хураан авсан мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэв.

 

Шүүгдэгч М.Галсанд ял оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан эд хөрөнгийн хохирлыг нөхөн төлсөн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг тус тус харгалзан түүнд оногдуулсан хорих ял биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэн хянан харгалзах боломжтой гэж дүгнэв.

 

Шүүгдэгч М.Галсанд оногдуулсан ялыг тэнсэж, хянан харгалзсан тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 48 дугаар зүйлийн 48.2 дахь хэсэгт зааснаар М.Галсангийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 / нэг / жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолох нь зүйтэй.

 Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйлийн 283.1, 284 дүгээр зүйлийн 284.1,  286 дугаар зүйлийн 286.1,  294-296 дугаар зүйл, 297 дугаар зүйлийн 297.1-297.5 дахь хэсэгт, 298 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шаавай овогт Мөнхтөрийн Галсаныг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчиж бусдын бие махбодид хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн  215 дугаар зүйлийн  215.2 дахь  хэсэгт  зааснаар шүүгдэгч М.Галсанд  тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж,  2 /хоёр/ жил хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч М.Галсанд оногдуулсан 2 /хоёр/ жил хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

4. Шүүгдэгч М.Галсан нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах хохиролгүйг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-д зааснаар шүүгдэгч М.Галсангийн  эд хөрөнгө  болох 8 ханатай, битүү шалтай эсгий гэр битүүмжилсэн, 0880-УВА улсын дагууртай, митцубиши галант загварын авто машин  хураан авсан мөрдөн байцаагчийн тогтоолуудыг тус тус хүчингүй болгож, уг автомашиныг шүүгдэгч М.Галсанд буцаан олгосугай.

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7-д зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн, рентген зураг 1 /нэг/,  CD 3 /нэг/ ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Дамдинсүрэнд буцаан олгосугай.

7. Шүүгдэгч М.Галсаны тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн 358834 дугаартай үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Увс аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлэхийг шүүгчийн туслах Ж.Отгоннямд үүрэг болгосугай.

8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-д заасныг баримтлан шүүгдэгч М.Галсанд оногдуулсан  2 /хоёр/ жил    хорих ялыг тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзах хугацаа тогтоож, тэнсэгдсэн ялтанд хяналт тавьж ажиллахыг Увс аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.

9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 48 дугаар зүйлийн 48.2-т шүүгдэгч М.Галсанд оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялын хугацааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсуай.

10.  Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 65 дугаар зүйлийн 65.1-д зааснаар шүүгдэгч М.Галсанд  өмнө авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар энэ шийтгэх тогтоолыг ялтан,  хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны  шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                          Б.ГАНСҮХ