Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 03 сарын 28 өдөр

Дугаар 784

 

 

 

 

 

 

 

 

 

 

Л.Д-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч М.Наранцэцэг, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 183/ШШ2017/02791 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Л.Д-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч С.Г-т холбогдох

 

21 272 830 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Д,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Н,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Лхагвадорж нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэлийн тодруулсан шаардлага, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч С.Г- нь нэхэмжлэгч Л.Д-ын өмч хөрөнгө болох 8415УНЧ улсын дугаартай Тоёота кроун маркийн автомашиныг Н.Батсуурь гэгчид 11 000 000 төгрөгөөр зарсан бөгөөд зарахдаа нэхэмжлэгчээс ямар нэг зөвшөөрөл аваагүй. Одоо уг автомашин нь хаана, хэний эзэмшилд байгаа нь тодорхойгүй бөгөөд автомашиныг сэлбэг болгон задлаад зарсан байх боломжтой. Энэ тухай цагдаагийн байгууллагад шалгуулахад хүргэн гээд эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан. Иймд хариуцагч С.Г- нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1 дэх хэсэгт зааснаар үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байх тул мөн хуулийн 493 дугаар зүйлийн 493.1-д заасан үндэслэлээр 8415УНЧ улсын дугаартай автомашины худалдан авсан үнэ болох 13 872 430 төгрөгийг шаардаж байна. Мөн нэхэмжлэлийн шаардлагад зээлийн гэрээний үүрэгт 5 760 000 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 1 500 000 төгрөг, хариуцагчийг эрэн сурвалжлуулсны хохиролд 140 400 төгрөгийг шаардсан бөгөөд хариуцагчаас нийт 21 272 830 төгрөгийг гаргуулж өгнө үү.

Шүүхээс хүсэхэд Л.Д-ын өмчлөлийн автомашиныг зөвшөөрөлгүйгээр зарсан тул учирсан хохирол болох автомашины үнэд төлсөн 13 872 430 төгрөгийг Иргэний хуулийн 495 дугаар зүйлийн 495.1-д зааснаар нөхөн төлүүлэх, хариуцагч С.Г- нь эрүүгийн хэрэгт шалгагдаж байхдаа мөнгө авсан талаараа мэдүүлж байсан тул Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээний үүрэгт 5 760 000 төгрөг гаргуулах, эрэн сурвалжлуулсны зардалд 140 400 төгрөг болон нийт 19 772 830 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг тодруулж байна. Өмгөөлөгчийн хөлс гаргуулахаар нэхэмжилсэн боловч татгалзаж, нэхэмжлэлийн шаардлагаа багасгасан гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Батбаатар шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Э.Дэжидийн гаргасан Г.Чинхүслэнд тэтгэмж тогтоолгох шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа. Бусад нэхэмжлэлийн шаардлага нь хууль зүйн үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгох хүсэлтэй байна. Үүнд өмгөөлөгчийн зардал, Л.Д-ын хариуцагчид зээлдүүлсэн гэх 19 632 430 төгрөгийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй болно гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 495 дугаар зүйлийн 495.1, 282 дугаар зүйлийн 282.4, 227 дугаар зүйлийн 227.1-д зааснаар нэхэмжлэгч Э.Дуламын хариуцагч С.Г-т холбогдуулан гаргасан 19 772 830 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 264 320 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 02791 тоот шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Учир нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй бөгөөд шүүгч нотлох баримтыг хэрэгт ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь үнэлэхгүй, хэт нэг талыг барьж, хэрэглэх ёстой хуулийн зүйл, заалтыг хэрэглэхгүйгээр шийдвэр гаргаж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байна.

1. Шүүх 8415 УНЧ улсын дугаартай Тоёота кроун маркийн автомашины өмчлөгч, эзэмшигч нь Л.Д- болох нь тогтоогдохгүй байна гэж дүгнэсэн бөгөөд үндэслэлээ 2012 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 188 тоот зээлийн гэрээг хэрэгт хавсаргаагүй хэмээн тайлбарласан. Гэтэл хэрэгт авагдсан Хадгаламж банкны зээлийн дансны хуулга, 2013 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн “Хадгаламж банк” ХХК-аас “Төрийн банк” ХХК-д шаардах эрх шилжүүлсэн гэрээ, 2014 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 322 тоот “Төрийн банк” ХХК-ийн Авто тээврийн үндэсний төвд хандаж автомашины лизингийн зээлийг төлж дуусгасан тул өмчлөх эрхийг Л.Д-д шилжүүлэхийг зөвшөөрсөн албан бичиг, Авто тээврийн үндэсний төвөөс ирсэн лавлагаа, Баянгол дүүргийн прокурорын газраас ирүүлсэн хэргийн хуулбар гэрч Н.Батсуурь, н.Сарнай нарын мэдүүлгээр дээрх автомашин нь Л.Д-ын өмчлөлийн хөрөнгө болох нь тогтоогддог. Гэтэл шүүх 2012 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 188 тоот зээлийн гэрээтэй холбоотой ямар нэг шаардлага гаргаагүй байхад зөвхөн уг гэрээг хавсаргаагүй гэх үндэслэлээр нэхэмжлэгчийг өмчилж, эзэмших эрхтэй этгээд биш гэж дүгнэсэн нь эргэлзээтэй бөгөөд хэт нэг талыг барьж шийдвэр гаргасан болохыг нь харуулж байна. Шүүхийн дээрх үйлдэл нь нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлнэ гэсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн журмыг зөрчсөн.

2. Хариуцагч нь урьд эрүүгийн хэрэгт мэдүүлэг өгөхдөө нэхэмжлэгчээс 4 000 000 төгрөг зээлж авч байсан болохоо хүлээн зөвшөөрсөн байдаг. Шүүх дээрх баримтыг нь хууль сануулж гэрчийн мэдүүлэг аваагүй тул хүчингүй хэмээн үнэлээгүйд гомдолтой байна. Учир нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулинд сэжигтэн нь өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй болохыг түүнд тайлбарласан. Гэтэл С.Г-ийн 4 000 000 төгрөг авсан гэдгээ сайн дураар хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлгийг үнэлээгүй нь мөн л шүүгч хэт нэг талыг барьсан шийдвэр гаргасан болохыг нотолж байна.

3. Хэрэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Дэжидийн 100 000 төгрөгийг хариуцагчид шилжүүлсэн шилжүүлгийн баримт авагдсан. Энэ тухай нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгч миний бие дээрх 100 000 төгрөг нь нэхэмжлэгч Л.Д-ынх бөгөөд түүний заавраар Э.Дэжид нь хариуцагчид шилжүүлсэн болохыг тайлбарлаж, мэдүүлсээр байтал уг мөнгийг Л.Д- нэхэмжлэх эрхгүй гэж дүгнэсэнд гомдолтой байна.

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагыг өөрчилсөн. Өөрөөр хэлбэл, автомашины үнэ 13 872 430 төгрөгийг зээлдүүлсэн гэж үзэн зээлийн гэрээний үүрэг шаардсан байсныг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэн шаардлагаа өөрчилсөн. Ийнхүү нэхэмжлэлийн шаарлдлагаа өөрчилснийг хариуцагчийн төлөөлөгч хүлээн авсан боловч хуулийн хугацаанд хариу тайлбар гаргаагүй. Улмаар 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй. Иймд шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3 дахь хэсэгт заасан үндэслэлээр 13 872 430 төгрөгт холбогдох шаардлагыг хариуцагчийг хүлээн зөвшөөрсөнд тооцож, хангаж өгөхийг хүссэн боловч шүүгч хариуцагчийн зээлийн гэрээний үүргийг хүлээн зөвшөөрөөгүй тайлбарыг үнэлсэнд нь гомдолтой байна. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг нотолж болох бүхий л баримтыг чадах чинээгээр цуглуулан, нэхэмжлэлийн шаардлагаа хангалттай нотолж байхад шүүгч ийнхүү хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн хууль бус үйлдлийг өөгшүүлж байгаад нь харамсаж байна. Нэгэнт нэхэмжлэгч нь 5 760 000 төгрөгийн зээлээс 4 100 000 төгрөг зээлдүүлсэн болохоо л баримтаар нотолсон тул 1 660 000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь үндэслэлтэй. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаарлагаас 18 112 830 төгрөгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн эрхийг хангах талаар хийвэл зохих ажиллагааг бүрэн гүйцэтгэсэн  боловч нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй, талуудын маргаанд хамааралтай Иргэний хуулийн заалтыг зөв тайлбарлан хэрэглээгүй байгааг давж заалдах шатны шүүх залруулах боломжтой байна.

 

Хариуцагч С.Г-д холбогдуулан 21 272 830 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг нэхэмжлэгч Л.Д- гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 19 772 830 төгрөг болгон багасгасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Нэхэмжлэгч Л.Д- нь автомашины зээлийн гэрээ байгуулж, 8415 УНЧ улсын дугаартай автомашиныг худалдан авч хариуцагч С.Г-т эзэмшүүлж байсан бөгөөд уг зээлийн гэрээний үүргийг гүйцэтгэж, автомашины үнийг төлж дуусгасан боловч хариуцагч нь уг автомашины үнийг төлж зээлийн гэрээний үүргийг гүйцэтгээгүй байж, машины өмчлөгч болох Л.Д-ын зөвшөөрөлгүйгээр худалдан борлуулж үндэслэлгүй хөрөнгөжиж, хохирол учруулсан гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Нэхэмжлэгч Л.Д- нь “Хадгаламж банк” ХХК-аас 2012 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 8 880 000 төгрөгийн зээл авч 8415 УНЧ улсын дугаартай Тоёота кроун маркийн автомашиныг худалдан авахад зарцуулсан болон хариуцагч С.Г- уг автомашиныг эзэмшиж байсан болох нь “Төрийн банк” ХХК-аас Зам тээврийн яамны хяналт бүртгэлийн газарт 2014 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хүргүүлсэн Автомашины нэр шилжүүлэх тухай 322 тоот албан бичиг, мөн нэхэмжлэгчийн зээлийн дансны хуулга, гэрчээр Н.Батсуурийг асуусан тэмдэглэл зэргээр тогтоогдож байна. Түүнчлэн, нэхэмжлэгч нь автомашиныг худалдан авахтай холбоотой “Хадгаламж банк” ХХК-аас авсан зээлийн гэрээний үүрэгт нийт 11 447 434,63 төгрөгийг төлж зээлийг дуусгасан үйл баримт тогтоогдож байна. /хэргийн 9-10, 12, 117 дугаар тал/

 

Хариуцагч С.Г- нь маргаан бүхий 8415 УНЧ улсын дугаартай Тоёота кроун маркийн автомашиныг бусдад буюу Н.Батсуурьд 9 000 000 төгрөгөөр худалдсан болох нь гэрчээр асуугдсан Н.Батсуурийн мэдүүлгээр нотлогджээ. /хэргийн 117 дугаар тал/

 

Иймд дээрх баримтуудаар нэхэмжлэгч Л.Д-ыг 8415 УНЧ улсын дугаартай Тоёота кроун маркийн автомашины өмчлөгч гэж үзэх үндэслэлтэй бөгөөд хариуцагч С.Г- нь түүний зөвшөөрөлгүйгээр автомашиныг бусдад худалдсан гэж үзнэ.

 

Иймд Иргэний хуулийн 495 дугаар зүйлийн 495.1 дэх хэсэгт “Хууль ёсны өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр эд хөрөнгийг ашиглах, өөр зүйлтэй холих, нийлүүлэх, нэгтгэх, дахин боловсруулах зэргээр захиран зарцуулж бусдын эрхийг зөрчсөн этгээд үүнээс учирсан хохирлыг эрх бүхий этгээдэд нөхөн төлөх үүрэгтэй.” гэж, мөн хуулийн 228 дугаар зүйлийн 228.1 дэх хэсэгт “Гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээд нөгөө талын зөрчигдсөн эрхийг гэм хор учруулахаас өмнөх байдалд сэргээх үүрэгтэй. Зөрчигдсөн эрхийг сэргээх боломжгүй, эсхүл харьцангуй их зардал гарахаар бол гэм хорыг мөнгөөр нөхөн төлж болно.” гэж тус тус зааснаар нэхэмжлэгч нь хариуцагчаас өөрийн зөвшөөрөлгүйгээр автомашиныг захиран зарцуулснаас учирсан хохирол буюу автомашины үнийг шаардах эрхтэй.

 

Нэхэмжлэгч автомашины үнийг 13 872 430 төгрөг гэж тодорхойлсон боловч түүний “Төрийн банк” ХХК-ийн зээлийн дансны хуулгаар зээлийн гэрээний үүрэгт 11 447 434 төгрөг төлсөн үйл баримт тогтоогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагаас автомашины үнэд 11 447 434 төгрөгийг хариуцагчаас гаргуулж автомашины өмчлөгч болох нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Харин нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагчийг эрэн сурвалжлуулсны зардалд 140 400 төгрөг, зээлийн гэрээний үүрэгт 5 760 000 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 1 500 000 төгрөгийг хангах үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь хариуцагчийг уг хэрэгтэй холбоотойгоор эрэн сурвалжлуулсан гэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Мөн нэхэмжлэгчийн өмгөөлөгчид төлсөн 1 500 000 төгрөгийг шүүхийн зардалд тооцох үндэслэлгүй байна.

 

Нэхэмжлэгчээс хариуцагчид 5 760 000 төгрөгийг шилжүүлсэн нь хэрэгт цугларсан баримтаар тогтоогдоогүй, энэ талаарх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотолж чадаагүй болно. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт “Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно.” гэж заасан тул холбогдох шаардлагыг хангах боломжгүй.

 

Иймд дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хүлээн авч, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 183/ШШ2017/02791 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 495 дугаар зүйлийн 495.1, 228 дугаар зүйлийн 228.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч С.Г-ээс 11 447 434 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Л.Д-д олгож, мөн хуулийн 281 дугаар зүйлийн 281.1, 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 8 325 400 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж,

2 дахь заалтын “үлдээсүгэй.” гэснийг “үлдээж, хариуцагч С.Г-ээс 198 108 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Л.Д-д олгосугай.” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Л.Д-ын давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 248 520 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

           ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Ж.ОЮУНТУНГАЛАГ   

 

                                                    ШҮҮГЧИД                                   М.НАРАНЦЭЦЭГ

                       

                                                                                                       С.ЭНХТӨР