Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 05 сарын 22 өдөр

Дугаар 2023/ШЦТ/30

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                              

Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Баттулга даргалж,

нарийн бичгийн дарга Ө.Бямбасайхан,

улсын яллагч Э.Нэргүй,

хохирогч Ц.Б,

шүүгдэгч Б.А нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Говьсүмбэр аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ш овогт Б А-д холбогдох эрүүгийн 2317000000039 дугаартай хэргийг 2023 оны 05 дугаар сарын 17-ны өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Шүүгдэгч Монгол Улсын иргэн, 1979 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад суманд төрсөн, 43 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, мал аж ахуй эрхэлдэг, ам бүл 10, хамтран амьдрагч, 5 хүүхэд, 3 зээ нарын хамт Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын ............ дугаар баг, ........ гэх газар оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй, Ш овогт Б А /РД:/,

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд тэмдэглэснээр/

Яллагдагч Б.А нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт холбогджээ. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн талаар: Шүүгдэгч Б.А нь согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэж өөрийгөө хянах чадваргүй үедээ 2023 оны 04 дүгээр сарын 04-ний өглөө  Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын 2 дугаар баг, Зуумай гэх газарт байрлах гэртээ хамтран амьдрагч Ц.Б тэй маргалдаж түүний баруун бугалга, суга бүсэлхий хэсэгт хутгалж, эрүүл мэндэд нь баруун бугалганд дээд урд хэсэгт, баруун бугалганы дээд дотор хэсэгт, баруун суганд, бүсэлхийнд хутгалагдсан шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

1. Шүүгдэгч Б.А гийн үйлдсэн гэмт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг /х.х-ийн 29-30, 103 хуудас/

2. Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /х.х-ийн 1 хуудас/

3. Хохирогч Ц.Бийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “2023 оны 04 дүгээр сарын 03-ны орой С.Б гийн гэрт ирээд С.Б, С.А, Б.А бид дөрөв дэлгүүрээс авсан 3 шил архийг хувааж уугаад юм ярьж сууцгааж байгаад С.Б гаар Б.А бид хоёр гэр лүүгээ хүргүүлсэн. Би Б.А гийн дургүйг хүргэх үг хэлсэн байх, гэнэт Б.А ширээн дээр байсан бор өнгийн иштэй хутгыг бариад босоод ирэхээр нь хутгаар яах гэж байгаа юм бэ гэхэд Б.А юу юу үгүй миний баруун гар луу хутгаар хатгалсан. Би Б.А аас хутгыг нь булааж авах гэж ноцолдож байгаад дахиад хэд хэдэн удаа баруун гарынхаа орчимд хутгалуулчих шиг болсон. Миний санаж байгаагаар 3 удаа баруун гарын орчимд хутгалсан шиг санагдаж байна. Эмнэлэгт ирээд нуруундаа бас хутгалуулснаа мэдсэн. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 19-20 хуудас/

            4. Гэрч Б.М нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “Өглөө гадаа гэгээ орж байх үед Ц.Б ийн охин А.Э манай хаалгыг тогшихоор нь хаалга нээх үед ээж аавыг хутгалчихлаа, та манайх руу хурдан ороод ирээч гэхээр нь би А.Э ыг дагаад гэрт нь орсон. Ц.Б зуухныхаа урд хоймор луугаа толгойгоо харуулсан түрүүлгээ хараад газарт хэвтэж байсан. Харин А гэрийнхээ зүүн талын орон дээр суучихсан баруун гартаа бор өнгийн иштэй хутга барьсан байсан. Ц.Б ийн нуруунд болон баруун гарын бугалга орчим ангайсан шарх үүссэн байсан” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 34-35 хуудас/

5. Шүүхийн шинжилгээний Ерөнхий газрын Говьсүмбэр аймаг дахь Шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 112 дугаар дүгнэлтэнд: “Ц.Б н биед баруун бугалганд дээд урд хэсэгт, баруун бугалганы дээд дотор хэсэгт, баруун суганд, бүсэлхийнд хутгалагдсан шарх гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтлүүд нь иртэй зүйлийн 4 удаагийн үйлчлэлийн улмаас 2023 оны 04 дүгээр сарын 04-нд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх хутгалагдсан шарх гэмтлүүд нь тус бүрдээ “ Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна”  

Дүгнэлт гаргасан: Ахлах шинжээч эмч, хошууч Л.Ж гэжээ. /х.х-ийн 50-51 хуудас/

6. Согтолтын зэрэг тогтоосон тухай тэмдэглэл, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /х.х-ийн 3-6, 7 хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас яллах дүгнэлтэд тусгаж, шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

Шүүхээс нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байх тул шүүгдэгч Б.А г дээрх гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь үндэслэлтэй гэж үзлээ.

Хяналтын прокуророос шүүгдэгчийн үйлдлийг зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэгт түүний үйлдэлд тохирсон, шүүгдэгч Б.А нь шүүх хуралдаанд өөрийгөө өмгөөлөх хүсэлт гарган оролцож гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа болон прокуророос сонсгосон ялыг сайн дураараа хүлээн зөвшөөрснийг дурдах нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Б.А нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураараа гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно

Шүүгдэгч Б.А нь гэмт хэрэг үйлдэж бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх үүрэгтэй боловч хохирогч Ц.Б нь хохирол нэхэмжлээгүй, харин түүнд эмнэлэгт тусламж үйлчилгээ үзүүлсний зардалд иргэний нэхэмжлэгчээс 275 500 төгрөг нэхэмжилснийг төлж барагдуулсан нь шүүгдэгчийн шүүх хуралдаанд өгсөн Төрийн банкны мөнгөн шилжүүлгийн баримтаар тогтоогдож байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

                                       Эрүүгийн хариуцлагын  талаар:

Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн 1 000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1 000 000 төгрөгийн торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч Б.Ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1 000 000 төгрөгөөр торгох ял оногдуулж, 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Б.А нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх гэм хорын төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн ажлын хэсэг 16 см, бариул хэсэг 11.5 см, бор өнгийн бариултай хутгыг, хар хөх өнгийн подволк, бор өнгийн ноосон цамц, цус мэт улаан хүрэн зүйлийг тус тус устгахаар шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 7 дахь хэсэг, 36.2 , 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус  удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ш овогт Б ийн А г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Аг 1 000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу     1 000 000 /нэг сая/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ад оногдуулсан торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг  анхааруулсугай.

4. Шүүгдэгч Б.А нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх гэм хорын төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-т тус тус зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн ажлын хэсэг 16 см, бариул хэсэг 11.5 см, бор өнгийн бариултай хутгыг, хар хөх өнгийн подволк, бор өнгийн ноосон цамц, цус мэт улаан хүрэн зүйлийг тус тус устгасугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

7. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гарсан тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Б.БАТТУЛГА