Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2019 оны 11 сарын 28 өдөр

Дугаар 00556

 

Хэргийг хялбаршуулсан журмаар хянан

шийдвэрлэх тухай

 

Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Марина би

Нэхэмжлэгч: М ХХК-ний нэхэмжлэлтэй

Хариуцагч: Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Хар ус багийн 1 тоотод оршин суух, ПОххххххх регистрийн дугаартай, Ж.Н-д холбогдох гар утас зээлээр худалдан авсны үлдэгдэл төлбөр 275,000 төгрөг, үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөр 19,800 төгрөг, нийт 294,800 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянавал:

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч М ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ж.Н нь манай үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч хэрэглэгч болох хүсэлтээ гарган 22820702 тоот гэрээ байгуулж 95439136 дугаартай үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээг, мөн Гар утас, төхөөрөмж худалдах, худалдан авах нэмэлт гэрээ байгуулж Samsung Galaxy J1 /black/ утсыг зээлээр худалдан авч ашиглаж эхэлсэн.

Ж.Н нь Харилцаа холбооны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2-т заасан болон гэрээгээр хүлээсэн үүргээ үл биелүүлэн үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөр болон зээлээр худалдан авсан гар утасны төлбөрийг төлөөгүй учир үйлчилгээг зогсоон төлбөрийн үлдэгдлээ төлөхийг сануулж Анхааруулах хуудас илгээсэн боловч төлбөр төлөгдөөгүй байна.

Иймд Ж.Н-аас зээлээр худалдан авсан гар утасны үлдэгдэл төлбөрт 275,000 төгрөг, үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөрт 19,800 төгрөг буюу нийт 294,800 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч Ж.Н нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Би М ХХК Samsung Galaxy J1 /black/ зээлээр худалдан авсан нь үнэн. Би нэхэмжлэлийн шаардлага болох нийт 294,800 төгрөгийг 2020 оны 2 дугаар сарын эхээр бүрэн төлж барагдуулах болно гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч М ХХК нь хариуцагч Ж.Н-д холбогдуулан 294,800 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгч М ХХК-ний нэхэмжилсэн 294,800 төгрөгийг хариуцагч Ж.Н нь төлөхийг хүлээн зөвшөөрсөн тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.5-д зааснаар нэхэмжлэгч М ХХК-ний тэмдэгтийн хураамжид төлсөн 9,494 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, дээрх улсын тэмдэгтийн хураамжийн 50 хувь болох 4,747 төгрөгийг хариуцагч Ж.Н-аас гаргуулан нэхэмжлэгч М ХХК-д олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Нэхэмжлэгч М ХХК-ний нэхэмжлэлтэй, хариуцагч Ж.Н-д холбогдох 294,800 /хоёр зуун ерөн дөрвөн мянга найман зуу/ төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийн хариуцагч Ж.Н нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тул зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.5-д зааснаар нэхэмжлэгч М ХХК-ний тэмдэгтийн хураамжид төлсөн 9,494 /есөн мянга дөрвөн зуун ерөн дөрөв/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, дээрх улсын тэмдэгтийн хураамжийн 50 хувь болох 4,747 /дөрвөн мянга долоон зуун дөчин долоо/ төгрөгийг хариуцагч Ж.Н-аас гаргуулан нэхэмжлэгч М ХХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ   Б.МАРИНА