| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бадарчийн Марина |
| Хэргийн индекс | 153/2019/00475/и |
| Дугаар | 00558 |
| Огноо | 2019-11-29 |
| Маргааны төрөл | Хүүхэд үрчилснийг хүчингүйд тооцох, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2019 оны 11 сарын 29 өдөр
Дугаар 00558
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Марина даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Ховд аймгийн Ховд сумын Баруунсалаа багт оршин суух, ПОхххххх регистрийн дугаартай, Ж овогт Х.М-ийн хүсэлттэй үрчлэлт хүчингүйд тооцуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч Х.М, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Х.А, Б.Ө, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Н нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Х.М шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нь 2013 онд охин *******ыг төрүүлсэн бөгөөд тухайн үед үндэсний ёс жаягийн дагуу өөрийн ах болох *******д охин *******ыг үрчлүүлсэн юм. Охин А.******* нь төрсөн цагаасаа эхлэн бид нартай хамт байгаа. Тэрээр одоо 6 настай 1-р ангид сурдаг. Одоо миний бие гэр бүлээрээ Казакстан улс руу нүүх гэж байгаа тул охиноо өөрийн асрамжинд авах хүсэлтэй байна. Иймд үрчлэлтийг хүчингүйд тооцож өгнө үү гэв.
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Х.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нь 2013 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр төрсөн охин *******ыг төрсөн дүү Х.*******ээс казак үндэсний ёс жаягийн дагуу 2013 оны 12 дугаар сарын 20-ны өдөр үрчилж авсан юм. Охин А.******* нь төрсөн цагаасаа эхлэн төрсөн эцэг эх дээрээ байдаг. Төрсөн эцэг эхээ аав, ээж гэж дууддаг. Намайг том аав гэж дууддаг. Надад охин А.*******д ямар нэгэн байдлаар зүй бус харьцсан зүйл байхгүй. Өөрийн хүүхдийн нэгэн адил хайртай. Дүү Х.******* нь гэр бүлээрээ Казакстан улс руу нүүх гэж байгаа тул үрчлүүлсэн охиноо өөрийн асрамжинд авах хүсэлтэй байгаа. Үүнийг нь би зөвшөөрч байна. Иймд үрчлэлтийг хүчингүйд тооцож өгнө үү гэв.
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Б.Өнергүл шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нь 2013 оны 12 дугаар сарын 20-ны өдөр охин *******ыг нөхрийн төрсөн дүү Х.*******ээс казак үндэсний ёс жаягийн дагуу үрчилж авсан юм. Охин А.******* нь төрсөн цагаасаа эхлэн төрсөн эцэг Х.*******ийнд өссөн. Надад охин А.*******д ямар нэгэн байдлаар зүй бус харьцсан зүйл байхгүй. Өөрийн хүүхдийн нэгэн адил хайртай. Дүү Х.******* нь гэр бүлээрээ Казакстан улс руу нүүх гэж байгаа тул үрчлүүлсэн охиноо өөрийн асрамжинд авах хүсэлтэй байгаа. Үүнийг нь би зөвшөөрч байна гэв.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь :
Хүсэлт гаргагч Х.М нь 2013 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр төрсөн охин А.*******ыг 2013 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Х.А, Б.Ө нарт үрчлүүлсэн үрчлэлтийг хүчингүйд тооцуулахыг хүсжээ.
Хүсэлт гаргагч Х.М нь 2013 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр өөрийн төрсөн охин А.*******ыг 2013 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Х.А, Б.Ө нарт үрчлүүлэн, Ховд аймгийн Ховд сумын хүүхэд үрчилсний бүртгэлийн 05 дугаарт бүртгүүлж, төрсний гэрчилгээ авсан болох нь хэрэгт авагдсан үрчлэлтийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, хүүхдийн төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, шүүх хуралдаанд гаргасан зохигчдийн тайлбар зэргээр нотлогдож байна.
Үрчлэн авагч Х.А, Б.Ө нар нь охин А.*******ы эрхийг зөрчсөн ямар нэгэн үйлдэл гаргаагүй, тэрээр эцэг эх байх эрхээ урвуулан ашиглаагүй болох нь шүүх хуралдаанд гаргасан зохигчдийн тайлбараар нотлогдож байна. Харин охин А.*******ы төрүүлсэн эцэг Х.*******, эх Х.Мамар нар нь Казакстан улс руу шилжихээр болсон тул охин А.*******ыг өөр дээр авахыг хүссэн улмаар түүнийг үрчлүүлсэн үрчлэлтийг хүчингүйд тооцуулах үндэслэл болсныг шүүх хуралдаанд тайлбарлалаа.
Гэр бүлийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.2-т Шаардлагатай гэж үзвэл бусад үндэслэлээр шүүх үрчлэлтийг хүчингүйд тооцож болно гэж заасны дагуу хүсэлт гаргагч Х.М нь охин А.*******ыг төрсөн ах Х.*******, бэргэн эгч Б.Өнергүл нарт үрчлүүлсэн байх боловч охин А.******* нь одоог хүртэл төрүүлсэн эцэг эх Х.М, Х.Мамар нарын асрамжид амьдарч байгаа, үрчлэн авагч Х.*******, Б.Өнергүл нар нь уг үрчлэлтийг хүчингүй болгохыг хүлээн зөвшөөрсөн зэрэг байдлуудыг харгалзан үзэж, 2013 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Ховд аймгийн Ховд сумын хүүхэд үрчилсний бүртгэлийн 05 дугаарт бүртгүүлсэн үрчлэлтийг хүчингүй болгож, охин А.*******ыг төрсөн эцэг Х.*******, эх Х.Мамар нарын асрамжид шилжүүлж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 145 дугаар зүйлийн 145.6, Гэр бүлийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.2-т заасныг баримтлан 2013 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр төрсөн охин А.*******ыг 2013 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Х.А, Б.Ө нарт үрчлүүлсэн Ховд аймгийн Ховд сумын хүүхэд үрчилсний бүртгэлийн 05 тоот дугаартай үрчлэлтийг хүчингүйд тооцсугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 145 дугаар зүйлийн 145.7-д зааснаар охин А.*******ыг төрүүлсэн эцэг Х.М, эх Х.М нарын асрамжид шилжүүлсүгэй.
3.Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.8-д зааснаар Ховд аймгийн Ховд сумын хүүхэд үрчилсний бүртгэлийн 05 дугаарт бүртгэгдсэн бүртгэлд өөрчлөлт оруулж, төрсний гэрчилгээг сэргээж, төрүүлсэн эцэг Х.М, эх Х.М нарт олгохыг Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгасугай.
4.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар хүсэлт гаргагч Х.М-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАРИНА