Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 05 сарын 09 өдөр

Дугаар 2023/ШЦТ/373

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Болортуяа даргалж,

Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Хулан хөтлөн,

Улсын яллагч: Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Ш.Анужин,

Шүүгдэгч *** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос ***т холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2205009720140 дугаартай хэргийг 2023 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.           

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1998 оны 3 дугаар сарын 12-ны өдөр Төв аймгийн Жаргалант суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “***” ХНН-д ачигч ажилтай, ам бүл 5, эцэг, эх, 2 дүүгийн хамт амьдардаг гэх, Төв аймгийн Жаргалант сумын *** дугаар баг, *** гудамж, *** тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй боловч одоо Хан-Уул дүүргийн *** дүгээр хороо, *** дугаар байрны *** тоотод түр оршин суух, /РД:***/, урьд ял шийтгэлгүй, ***.

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч *** нь 2022 оны 2 дугаар сарын 26-27-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “***” бааранд хохирогч ***г үл ялих зүйлээр шалтаглан гараараа цохих, хөлөөрөө өшиглөх зэргээр зодож, эрүүл мэндэд нь уруулд зөөлөн эдийн няцрал, дотор салстад цус хуралт, доод уруулын дотор салстад шарх, дээд үүдэн голын хоёр шүдний сулрал, баруун дээд 1-р шүдний эмтрэл, баруун ташаа, баруун гуянд цус хуралт зөөлөн эдийн няцрал, дагзны хуйханд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун өвдөг, баруун болон зүүн гарын алганд зулгаралт, баруун бугуйнд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулжээ.

        ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүгдэгч ***ыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар: 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах, цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

1. Хохирогч ***гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “…2022 оны 2 дугаар сарын 26-ны орой би ***, ***, **** нарын хамт ***ийн гэрт байсан бөгөөд манай найзууд миний төрсөн өдрийг тэмдэглэж өгөхөөр болоод гадуур гарсан. Ингээд бид дөрөв Хан-Уул дүүрэгт байрлах Будда нэртэй бааранд 22 цаг өнгөрч байхад ороод, ***, *** бид 3 тус бүр нэг шил пиво авч уусан. ***э пиво уугаагүй. 23 цаг өнгөрч байхад уг газраас гараад “***” нэртэй бааранд орсон. Бид нар ороод ширээнд суугаагүй ба тек нь дээрээс пиво захиалж уугаад 1 цаг орчим тэр газарт бүжиглэсэн. Би бүжгийн талбай дээр байхдаа мөрлөж гарлаа гэх асуудлаас болж тэнд бүжиглэж байсан залуутай маргалдахад нэг хамгаалагч ирээд бид нарыг салгасан. Надтай маргалдсан залуу шатаар өгсөөд өөрийн сууж байсан ширээ рүүгээ явж байхдаа “түрүүн яагаад байсан бэ” гээд толгойгоороо миний толгой руу тулаад хүрээд ирэхээр нь би буйдан дээр түлхэж унагаад дээрээс нь боосон. Тэгтэл араас нэг хамгаалагч ирээд толгой руу цохиод, тавь гээд хоолой боож татаад нөгөө залуугаас салгаад холдуулсан. Тэр үед *** хүрч ирээд боль гээд байсан ба би эргэж хараад “за адилхан нэг шүү” гэж хэлээд нүүр хэсэгт нь нэг удаа цохисон. Тэгтэл тэр хамгаалагч намайг нэг өшиглөсөн. Гэхдээ тэр хамгаалагч миний биед гэмтэл учруулахаар цохиогүй, би ч тэр хүний биед гэмтэл учруулахаар зүйл болоогүй. Тэгтэл 5-6 хамгаалагч хүрч ирээд бид нарыг татаж гудчаад баарнаас гаргаад хувцасны өлгүүрийн хэсэгт аваачсан. Тэгээд би тэнд өндөр, бор царайтай хамгаалагчтай /***/ маргалдсан чинь намайг шал дээр хавирч унагаад дээрээс зодоход хажууд нь байсан хамгаалагч нар салгасан. Тэнд байсан хамгаалагч нар намайг босгоод куртикний захнаас татаад ***, ***, ***э нарын хамт чирээд гаргасан. Би гадаа гараад шууд зугтаасан чинь араас нөгөө *** гэх хамгаалагч хөөгөөд Улаанбаатар Палас гарах хаалганы орчим араас хавирч унагаад олон удаа өшиглөж, гараараа цохисон. Мөн цамцнаас татаж байгаад зогсоол дээр байсан машины гупер мөргүүлсэн. Тэгээд би зугтаад тойрч гүйгээд *** баарны үүдэнд ирэхэд *** гэх хамгаалагч хүрч ирээд миний нүүр хэсэгт маш хүчтэй нэг удаа цохисон. Би ухаан балартаад босоод ирсэн чинь хажуу талд *** нэг хамгаалагчийн өөдөөс шил гартаа барьсан явж байхаар нь “наадахаа болио” гээд орилсон. Тэгтэл хамгаалагч залуу ***ын өөдөөс яваад очсон чинь *** гартаа барьсан байсан пивоны шилээ хаяад цаашаа зугтаасан. Тэгээд цагдаа ирсэн. Өөр зодоон цохион болоогүй…” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 49-51 дэх тал),

2. Гэрч Б.***ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Бид дөрөв өлгүүрээс хувцсаа аваад зогсож байтал хамгаалагч нар хүрч ирсэн ба *** гэх хамгаалагч нь ***гийн нүүр, уруул, шүд хэсэгт нь цохиж, газар унагаад зодоод байсан. Яг хаана нь цохисон талаар би сайн харж чадаагүй. Хажууд нь байсан хамгаалагч нар салгаад, ***г босгоод, куртикнээс нь татаад гадаа гаргасан. Би гадаа гараад зогсоолд тавьсан машин руугаа гүйж очоод ***, ***, *** гурвын куртикийг тавьчхаад буцаад очиход ***г *** гэх хамгаалагч нь араас нь хөөгөөд гүйж байхад нь хавираад газар унагаад толгой руу нь өшиглөөд байсан. Мөн зогсоолд байсан машины урд талын хамар хэсгийг мөргүүлсэн. Би хагалгаанд ороод удаагүй байсан учраас айгаад очиж салгаж чадаагүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 34-35 дахь тал),

3. Гэрч Г.***ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Хамгаалагч нар хүрч ирээд бид нарыг чирээд, баарнаас гаргах гээд хувцасны өлгүүрийн хажууд аваачсан. Тэгээд бид дөрөв өлгүүрээс гадуур хувцсаа аваад зогсож байтал хамгаалагч нар нь хүрч ирээд ***г *** гэх хамгаалагч нүүр, уруул хэсэгт нь гараараа цохиж, газар унагаагаад зодоод, цохиод байсан. Хажууд нь байсан өөр хамгаалагч нар нь салгасан. ...Баарнаас бид нарыг гаргах үед намайг нэг хамгаалагч хавирч унагаасан бөгөөд би гадаа гарчхаад намайг хавирсан хамгаалагчийг “хөөе пизда минь гараад ир” гэхэд “чи буруу хүнээрээ оролдлоо доо, чамайг одоо ална” гээд хүрээд ирсэн. Ойртоод ирсэн чинь том биетэй залуу байхаар нь айгаад баруун тийшээ гүйгээд, газар пивоны шил байхаар нь аваад өөдөөс нь алхсан. Тэгтэл тэр хамгаалагч над руу гүйгээд ирэхээр нь шилээ хаяад зугтаасан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 31-32 дахь тал),

4. Гэрч ***ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Үүдний хэсэгт байрлах хувцасны өлгүүрийн хажууд очиход *** гээд байгаа залуу нь манай хамгаалагч ***той маргалдаад эсэргүүцэл үзүүлээд байсан бөгөөд *** нүүр хэсэгт нь нэг удаа цохиод унагаагаад, дээрээс нь 2-3 удаа өшиглөж байгаа харагдсан. Тэнд байсан хамгаалагч нар тэднийг салгаад үүдээр тэр хэдэн залуучуудыг хөөж гаргасан. ...Тэр үед *** *** гэх залууг араас нь хөөгөөд Улаанбаатар Паласын хашааны гарах хаалганы орчим очоод хавирч унагаад, цохиж, өшиглөсөн ба *** гэх залуу нь босоод зугтаасан. Мөн энэ үед манай нэг хамгаалагчтай жижиг туранхай, шар царайтай, хар хувцастай залуу нь маргалдаад байхаар нь зайл гээд араас нь хөөсөн. Энэ үед *** гээд байгаа залуу нь баарны үүдэнд ирсэн бөгөөд тэр үед нь *** нүүр хэсэгт нь нэг удаа цохиход арагш савж унасан. ...Манай хамгаалагч нараас *** л тэр залууг цохиж зодсон...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 28-29 дэх тал),

5. Гэрч А.***ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Үүдний хувцасны өлгүүрийн хэсэгт очоод байж байтал *** хамгаалагч нартай маргалдаад байсан бөгөөд *** гэх өндөр, бор царайтай хамгаалагч залуу ***гийн нүүр хэсэгт цохиход газарт унасан. Тэгээд өшиглөж, цохиод байсан бөгөөд хажууд байсан хамгаалагч нар нь ***г босгоод бид нарыг гар гээд хөөгөөд гаргасан. Гадаа гараад нөгөө өндөр, бор царайтай *** гэх хамгаалагч ***тэй маргалдсан уурандаа араас нь хөөгөөд Улаанбаатар Паласын хашаанд газар унагаад зодсон бөгөөд би айгаад ойртож чадаагүй. Тэр үед зүс таних хоёр залуу тааралдахаар нь цагдаа дуудуулсан. Тэгтэл *** зугтааж тойрч гүйж байгаад *** баарны үүдэнд хүрээд ирэхэд *** гэх хамгаалагч өөдөөс нь явж очоод шууд нүүр хэсэгт нь нэг удаа хүчтэй цохисон. *** хойшоо савж уначхаад 20 орчим секунд босохгүй хэвтэж байгаад өндийсөн. Тэр үед *** газраас пивоны шил аваад хамгаалагчийн өөдөөс дайрахад айхгүй урдаас нь очиход *** шилээ хаяад зугтсан. Удалгүй цагдаа ирээд зодоонд оролцсон хүмүүсийг аваад явсан ба би шууд яваад өгсөн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 24-25 дэх тал),

6. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2022 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн 3634 дугаартай: “...***гийн биед уруулд зөөлөн эдийн няцрал, дотор салстад цус хуралт, доод уруулын дотор салстад шарх, дээд үүдэн голын хоёр шүдний сулрал, баруун дээд 1-р шүдний эмтрэл, баруун ташаа, баруун гуянд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дагзны хуйханд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун өвдөг, баруун болон зүүн гарын алганд зулгаралт, баруун бугуйнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой…” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 53-54 дэх тал),

7. Шүүгдэгч ***ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2022 оны 11 дүгээр сараас 2022 оны 08 дугаар сар хүртэл Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах *** бааранд хамгаалагчаар ажилласан. Тус баарны хамгаалалтын Зэвт сум хамгаалалтын алба хариуцдаг бөгөөд ***г зодох үед би баарны үүдэнд хамгаалагчаар ажиллаж байсан... Тухайн өдөр хувцасны өлгүүрийн хэсгийн хажууд байхад *** гэх залуу над руу агсраад дайрахаар нь би алгадаж унагаагаад, хэд хэдэн удаа цохиж өшиглөсөн. Тэгтэл хажууд байсан хамгаалагч нар салгаад, тэр залуучуудыг хөөгөөд, чирэхийг нь чирээд гадаа гаргасан. Тэгтэл *** гэх залуу “нааш ир, пизда минь ална чамайг” гэхээр нь би араас нь хөөгөөд Улаанбаатар Паласын гарах хаалганы орчим гүйцэж очоод хавирч унагаад, хэд хэдэн удаа цохиход *** гэх залуу зугтаасан. Би эргээд баарны үүдэнд ирээд байж байтал *** гэх залуу өөдөөс хүрээд ирэхээр нь нүүр хэсэгт нь цохиход саваад унасан. ...*** гэх залуу 2 сая төгрөг нэхэж байсан. Одоо эмнэлгийн баримтаа гаргаад ир, би хохирлыг чинь өгье гэхээр надтай уулзахгүй байгаа юм. Би сайн дураараа хэргээ хүлээж байгаа, мөн хохирлоо төлж барагдуулах болно...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 64-65 дахь тал) зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ***ын хувийн байдалтай холбоотойгоор иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар (хавтаст хэргийн 72 дахь тал), иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагааны хуулбар (хавтаст хэргийн 74 дэх тал), гэрлэсний бүртгэлгүй лавлагааны хуулбар (хавтаст хэргийн 76 дахь тал), үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагааны хуулбар (хавтаст хэргийн 73 дахь тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 81 дэх тал) зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ.                    

Харин хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч ***оос гэрчээр мэдүүлэг авсан нь Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлд заасан мэдүүлэг өгөх, өгөхөөс татгалзах үндсэн эрхэд сөргөөр нөлөөлөх үр дагавартай тул цаашид анхаарах шаардлагатайг тэмдэглэж, хавтаст хэргийн 36-39, 40-42 дахь талд авагдсан гэрчийн мэдүүлгүүдийг нотлох баримтаар үнэлээгүй болно.

Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт:

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.

Хэргийн үйл баримтаар шүүгдэгч *** нь 2022 оны 2 дугаар сарын 26-27-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “***” бааранд ажил үүргээ гүйцэтгэж байхдаа тухайн газраар үйлчлүүлж байсан ***тэй маргалдаж улмаар зодож эрүүл мэндэд нь уруулд зөөлөн эдийн няцрал, дотор салстад цус хуралт, доод уруулын дотор салстад шарх, дээд үүдэн голын хоёр шүдний сулрал, баруун дээд 1-р шүдний эмтрэл, баруун ташаа, баруун гуянд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дагзны хуйханд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун өвдөг, баруун болон зүүн гарын алганд зулгаралт, баруун бугуйнд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь тогтоогдож байна.

Энэ нь хэрэгт авагдсан хохирогч ***гийн “…Би тэнд өндөр, бор царайтай хамгаалагчтай /***/ маргалдсан чинь намайг шал нь дээр хавирч унагаад дээрээс зодоход хажууд нь байсан хамгаалагч нар салгасан. ...Би гадаа гараад шууд зугтаасан чинь араас нөгөө *** гэх хамгаалагч хөөгөөд Улаанбаатар Паласийн гарах хаалганы орчим араас хавирч унагаад олон удаа өшиглөж, гараараа цохисон. Мөн цамцнаас татаж байгаад зогсоол дээр байсан машины гупер мөргүүлсэн. Тэгээд би зугтаад тойрч гүйгээд *** баарны үүдэнд ирэхэд *** гэх хамгаалагч хүрч ирээд миний нүүр хэсэгт маш хүчтэй нэг удаа цохисон…” гэх, гэрч Б.***ийн “...Бид дөрөв өлгүүрээс хувцсаа аваад зогсож байтал хамгаалагч нар хүрч ирсэн ба *** гэх хамгаалагч нь ***гийн нүүр, уруул, шүд хэсэгт нь цохиж, газар унагаад зодоод байсан. Хажууд нь байсан хамгаалагч нар салгаад, ***г босгоод, куртикнээс нь татаад гадаа гаргасан. Би гадаа гараад зогсоолд тавьсан машин руугаа гүйж очоод ***, ***, *** гурвын куртикийг тавьчхаад буцаад очиход ***г *** гэх хамгаалагч нь араас нь хөөгөөд гүйж байхад нь хавираад газар унагаад толгой руу нь өшиглөөд байсан. Мөн зогсоолд байсан машины урд талын хамар хэсгийг мөргүүлсэн...” гэх, гэрч Г.***ын “...***г *** гэх хамгаалагч нүүр, уруул хэсэгт нь гараараа цохиж, газар унагаагаад зодоод, цохиод байсан. Хажууд нь байсан өөр хамгаалагч нар нь салгасан. ...Баарнаас бид нарыг гаргах үед намайг нэг хамгаалагч хавирч унагаасан...” гэх, гэрч ***ын “...Үүдний хэсэгт байрлах хувцасны өлгүүрийн хажууд очиход *** гээд байгаа залуу нь манай хамгаалагч ***той маргалдаад эсэргүүцэл үзүүлээд байсан бөгөөд *** нүүр хэсэгт нь нэг удаа цохиод унагаагаад, дээрээс нь 2-3 удаа өшиглөж байгаа харагдсан. Тэнд байсан хамгаалагч нар тэднийг салгаад үүдээр тэр хэдэн залуучуудыг хөөж гаргасан... Тэр үед *** *** гэх залууг араас нь хөөгөөд Улаанбаатар Паласын хашааны гарах хаалганы орчим очоод хавирч унагаад, цохиж, өшиглөсөн ба *** гэх залуу нь босоод зугтаасан. Мөн энэ үед манай нэг хамгаалагчтай жижиг туранхай, шар царайтай, хар хувцастай залуу нь маргалдаад байхаар нь зайл гээд араас нь хөөсөн. Энэ үед *** гээд байгаа залуу нь баарны үүдэнд ирсэн бөгөөд тэр үед нь *** нүүр хэсэгт нь нэг удаа цохиход арагш савж унасан. ...Манай хамгаалагч нараас *** л тэр залууг цохиж зодсон...” гэх, гэрч А.***ын “...Үүдний хувцасны өлгүүрийн хэсэгт очоод байж байтал *** хамгаалагч нартай маргалдаад байсан бөгөөд *** гэх өндөр, бор царайтай хамгаалагч залуу ***гийн нүүр хэсэгт цохиход газарт унасан. Тэгээд өшиглөж, цохиод байсан бөгөөд хажууд байсан хамгаалагч нар нь ***г босгоод бид нарыг гар гээд хөөгөөд гаргасан. Гадаа гараад нөгөө өндөр, бор царайтай *** гэх хамгаалагч ***тэй маргалдсан уурандаа араас нь хөөгөөд Улаанбаатар паласын хашаанд газар унагаад зодсон бөгөөд би айгаад ойртож чадаагүй. Тэр үед зүс таних хоёр залуу тааралдахаар нь цагдаа дуудуулсан. Тэгтэл *** зугтааж тойрч гүйж байгаад *** баарны үүдэнд хүрээд ирэхэд *** гэх хамгаалагч өөдөөс нь явж очоод шууд нүүр хэсэгт нь нэг удаа хүчтэй цохисон. *** хойшоо савж уначхаад 20 орчим секунд босохгүй хэвтэж байгаад өндийсөн...” гэх мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2022 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн 3634 дугаартай: “...***гийн биед уруулд зөөлөн эдийн няцрал, дотор салстад цус хуралт, доод уруулын дотор салстад шарх, дээд үүдэн голын хоёр шүдний сулрал, баруун дээд 1-р шүдний эмтрэл, баруун ташаа, баруун гуянд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дагзны хуйханд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун өвдөг, баруун болон зүүн гарын алганд зулгаралт, баруун бугуйнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой…” гэх дүгнэлт, мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгч ***ын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогджээ.

Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 216/422 дугаар “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-т “гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан...” тохиолдолд гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарахаар заасан.

Иймд хохирогч ***гийн эрүүл мэндэд уруулд зөөлөн эдийн няцрал, дотор салстад цус хуралт, доод уруулын дотор салстад шарх, дээд үүдэн голын хоёр шүдний сулрал, баруун дээд 1-р шүдний эмтрэл, баруун ташаа, баруун гуянд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дагзны хуйханд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун өвдөг, баруун болон зүүн гарын алганд зулгаралт, баруун бугуйнд цус хуралт гэмтэл учирсан, энэ нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэсэн шинжээч эмчийн 3634 дугаартай дүгнэлт үндэслэлтэй, Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн үндсэн шинж хангагдсан байна.  

Өөрөөр хэлбэл, шүүгдэгч ***ын хохирогчийг удаа дараа цохисон, өшиглөсөн, хавирч унагааж зодсон гэмт үйлдэлтэй шууд шалтгаант холбоотойгоор хохирогч ***гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж дүгнэх хууль зүйн үндэслэл хэргийн баримтаар нотлогджээ.

Шүүгдэгч *** нь хохирогчийг зодоход түүнд хохирол, хор уршиг учирна, хууль бус гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

Иймд прокуророос ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, хэргийн бүрдэл хангагдсан байх тул шүүгдэгч ***ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч *** нь өөрийгөө өмгөөлөн оролцохдоо гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргахгүй, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр суурьтай оролцсон болно.

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

Шүүгдэгч *** нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

Шүүхээс шүүгдэгч ***т ял оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

Иймд шүүх, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж, хохирогчид учирсан хохирол, хор уршгийн шинж, хохирогчийн эмчилгээний зардлыг нөхөн төлөхөө илэрхийлж, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч оролцсон шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч ***т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас торгох ял оногдуулах нь зохистой гэж дүгнэж, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1300 /нэг мянга гурван зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.300.000 /нэг сая гурван зуун мянга/-н төгрөгөөр торгох ялаар шийтгэж шийдвэрлэв.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д “ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, ...хугацаанд биелүүлэх үүрэгтэй” гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелүүлээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солино” гэж тус тус зааснаар шүүгдэгч ***т оногдуулсан торгох ялыг 90 хоногийн хугацаанд буюу 3 сарын хугацаанд биелүүлэх үүрэгтэй болохыг тайлбарлаж, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдэж байна.

Гурав. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг, бусад асуудлын талаар:

Гэмт хэргийн улмаас хохирогч ***гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2022 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн 3634 дугаартай дүгнэлтээр тогтоогдсон.

Хохирогч *** нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршгийн талаарх нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй, хавтас хэрэгт энэ талаар баримт авагдаагүй байх тул шүүгдэгч ***оос энэ шийтгэх тогтоолоор гаргуулах хохирол төлбөргүй гэж дүгнэлээ.

Харин хохирогч *** нь энэ гэмт хэргийн улмаас учирсан хохиролтой холбоотой зардал гарсан гэж үзвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар холбогдох нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрх нээлттэй болохыг тайлбарлаж байна.    

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, шүүгдэгч *** нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч ***т өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

             ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ***ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***т 1300 /нэг мянга гурван зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.300.000 /нэг сая гурван зуун мянга/-н төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.  

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***т оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөх хугацаа тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон 3 /гурав/ сарын хугацаанд оногдуулсан 1300 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1300.000 төгрөгийн торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч ***т сануулсугай.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, шүүгдэгч *** нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

6. Хохирогч *** нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ хэргийн улмаас учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тайлбарласугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 С.БОЛОРТУЯА