Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 05 сарын 11 өдөр

Дугаар 2023/ШЦТ/381

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Болортуяа даргалж,

Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Ган*** хөтлөн,

Улсын яллагч: Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор М.Эрдэнэ***,

Шүүгдэгч *** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос ***д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2305003750261 дугаартай хэргийг 2023 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.           

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1997 оны 6 дугаар сарын 22-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, үсчин мэргэжилтэй, *** техникийн зах дээр авто машины сэлбэг зарж борлуулдаг гэх, ам бүл 3, эх, дүү нарын хамт Баянзүрх дүүргийн *** дүгээр хороо, *** дугаар гудамж, *** тоотод оршин суух /РД:***/, урьд

Нийслэлийн Баянзүрх дүүргийн шүүхийн 2012 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 295 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 62 дугаар зүйлийн 62.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан ялын шийтгэх тогтоол биелүүлэхийг 6 сарын хугацаагаар хойшлуулсан,

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 933 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-д зааснаар эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр 3 жил 5 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 78 дугаартай захирамжаар эдлээгүй үлдсэн 1 сарын хорих ялыг хугацааны өмнө тэнсэж суллаж, мөн хугацаагаар хянан харгалзсан,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 160 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-д зааснаар 3 жил 1 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 132 дугаартай захирамжаар эдлээгүй үлдсэн 2 жил 10 сар 25 хоногийн хорих ялаас чөлөөлсөн,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 794 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 800 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцогдож, Өршөөл үзүүлэх тухай хуулиар өршөөсөн, ***.

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч *** нь 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “***” зочид буудлын үүдэнд хохирогч ***ын биед тодорхой шалтгаангүйгээр халдаж, улмаар хайчаар нүүр хэсэгт нь зүсэж, баруун дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамар, зүүн шанаанд няцарсан шарх бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулжээ.

      ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүгдэгч ***ийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар: 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах, цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

1. Хохирогч ***ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...Би өөрийн найз ***, *** хоёрын хамт Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах *** зочид буудалд хоночхоод гарах гэж байтал манай малчин болох *** эхнэр ***гийн хамт надтай уулзах гэж ирээд уулзчихаад бид тав гарах гээд шатаар буугаад үйлчлэгчтэй өрөөгөө хүлээлцэх гээд хүлээж байсан. Тэгсэн үйлчлэгч өрөө хүлээж авах гээд явсан хойгуур манай дүү болох ***г янхан минь энэ янхныхаа алыг та нар хөхөж байгаад ирсэн үү гэх мэтээр доор сууж байсан хүзүү нүүрээрээ шивээстэй эмэгтэй хэлсэн. Тэгсэн хажууд нь байсан залуу бас зодолдох уу гээд байсан. Тэгэхээр нь би за за хэрэлдээд бол барахгүй юм байна гэж бодоод бүгдээрээ гараад явж байсан. Тэгсэн араас тухайн газар байсан хоёр эмэгтэй гарч ирээд есөн шидийн хараалаар хараагаад доромжлоод байхаар нь би тухайн хоёр охин луу очоод нэгэнд нь хандан чи ийм хүмүүстэй явахаас ичээч гэсэн чинь тухайн хар куртиктэй эмэгтэй нь хэнтэй найзлах нь чамд ямар хамаатай юм зайл ал минь гээд байхаар нь би явах гэсэн. Тэгсэн араас тухайн эмэгтэйтэй хамт явж байсан үл таних залуу араас гарч намайг бариад авсан. Тэгсэн тухайн эмэгтэйчүүд нь бас над руу зэрэг дайрсан. Тэгээд байж байсан миний нүүрээс цус гоожоод байх шиг байхаар нь хамраас цус гарчихлаа гэж бодсон. Миний нүдний доор хэсэгт зүссэн, шанаа хэсэг рүү зоосон байсан. Тухайн залууг хартал хайч барьсан байдалтай байсан. Над руу хайч бариад яах зуургүй дайрахаар нь би сандарсандаа цохисон байж магадгүй. ...Би эмчилгээний зардал гаргуулж авахгүй. Харин өөрөөсөө гаргасан 950.000 төгрөгийн 850.000 төгрөгийг л гаргуулж авсан. Тэрнээс биш эмчилгээний зардал гаргуулж аваагүй байгаа. Би ***д хэлсэн чи одоо 500.000 төгрөг эмчилгээний зардал гээд гаргаад өгчих гэсэн чинь би өгч чадахгүй цагдаагаараа яваарай гэсэн. Надад эмчилгээний зардалд оруулан тооцохоор 250.000 төгрөгийн утас өгөхөөр нь би авсан. Би гомдолтой байна. Эмчилгээний зардлаа нөхөн төлүүлж авмаар байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 13, 95 дахь тал),

2. Гэрч Б.Зол***гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би гэмтлийн эмнэлгийн Кракс гээд буудалд Нарака гээд найзтайгаа уулзах гэж очсон. Тэгсэн тэнд 7-8 хүн байсан, ихэнх нь танихгүй хүмүүс байсан. Таньдаг хүнээс Нарака Хүрлээ гэх хоёр хүнийг танина. ...Давс шиг зүйлийг Номио халааснаасаа гаргаж ирээд жижиг шилэн зүйлд хийж байгаад соруулаар сороод байхаар би бас хэрэглэж үзмээр санагдаад сорж үзсэн. ...Тэгээд тэндээсээ гараад 10 дугаар хорооллын *** зочид буудал руу өрөө аваад цэвэрлэгээ хийж байхыг нь аваад хүлээж байсан, хэдэн залуучууд гарч ирээд байж байсан. Буудлын үйлчлэгч эгч өрөөгөө хүлээж аваадахъя гэж хэлсэн. Бид хэд зүгээр сууж байсан манай найз руу яасан аймар хардаг пизда бэ гээд тухайн үед гарч ирж байсан 5 залуугийн үүргэвч үүрсэн байсан залуу нь хэлсэн. Түүнээс болж маргаан үүссэн. Тэгээд байж байсан тухайн 5 залуу гараад явсан. Тэгсэн тухайн үүргэвч үүрсэн залуу нь гарахдаа өрөө рүүгээ оруулаад хүчиндчихнэ шүү гэж Хүрлээ лүү хэлсэн. Хүрлээ уурлаад араас нь гарах гээд байхаар нь би гаргаагүй. Тэгээд байж байсан хамт явж байсан Номио Цэндээ хоёр гадаа хэрэлдээд зогсоод байхаар нь би гараад дуудах гэсэн Хүрлээ араас гараад ирсэн хойно зодолдож байсан. Тэгээд Хүрлээ рүү бүгд дайраад байсан. Тэгээд арай гэж салгасан бөөн цус нөж болсон Хүрлээ хайч барьсан зогсож байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 14-15 дахь тал),

3. Гэрч А.***гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би өөрийн найз ***, *** нартай Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах *** нэртэй зочид буудалд орж хоноод өдөр 12 цагийн орчим тухайн буудлаас гарах гэж байтал ***ын малчин гэх үл таних эрэгтэй, эмэгтэй хоёр орж ирээд бид тав буудлаас гарах гээд доошоо буусан. Тухайн үед үл таних гурван эмэгтэй нэг эрэгтэйн хамт сууж байсан. Буудлаас гарах гэсэн буудлын ажилтан байж байгаарай өрөөгөө хүлээж аваадахъя гэж хэлсэн. Тэгээд хүлээгээд зогсож байсан тухайн үл таних залуу над руу аймар хараад байхаар нь чи ямар аймар хардаг бацаан бэ гэж хэлсэн. Тэгсэн хамт явж байсан хацар шивээстэй 160 см өндөр саарал цамц хар куртиктэй эмэгтэй над руу янхны үүр минь чамаар харахаа заалгах уу гэж хэлсэн. Тэгсэн малчин гээд байсан үл таних эрэгтэй тухайн залуу руу хэрэлдээд ална шүү гээд баахан хараасан. Тэгэхээр нь би найзуудыгаа болон малчин гэх эрэгтэй эмэгтэй хоёрыг аваад буудлаас гараад яваад өгсөн. Тэгсэн араас хацар хөмсөг хүзүү хэсэгтэй шивээстэй 160 см өндөр сараал цамц хар куртиктэй эмэгтэй араас гарч ирээд нулимаад орилж чарлаад байсан. Тухайн үед манай найз *** явж очоод юу гээд хуцаад байгаа юм бэ гэж хэлээд тухайн эмэгтэйд чи залуугаа дуудчих гэж хэлсэн. Тэгсэн араас тухайн гурван эмэгтэйтэй хамт явж байсан 180 орчим см өндөр шар царайтай залуу гарч ирээд манай найз ***ыг цохиод авсан. Тэгээд тэр хоёр хоорондоо зодолдохоор нь би наанаас нь гүйж очсон. Тэгсэн *** тухайн залуу руу хандан намайг юугаар шаачихваа гэж хэлсэн. Тэгэхээр нь би тухайн үл таних 180 орчим см өндөр шар царайтай залуу руу харсан гартаа хар иштэй хайч барьсан байсан. ...Би тэнд байсан хүмүүсээс хэнийг нь ч цохиж гэмтээгээгүй. Гар хүрээгүй хацар хөмсөг хүзүү хэсэгтээ шивээстэй 160 см өндөр сараал цамц хар куртиктэй эмэгтэй анх буудал орж ирэхдээ нүүр ам нь цус болчихсон байсан гэж буудлын эмэгтэй хэлсэн бас би анх шатаар бууж байхад тухайн эмэгтэйн ам цус болчихсон байсныг би харж байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 18 дахь тал),

4. Гэрч ***ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тухайн буудлаас хэдэн залуучууд гарч ирсэн. Тэр залуучуудад буудлын үйлчлэгч өрөөгөө хүлээн авъя гэж хэлсэн. Тэгсэн тухайн үл таних 5 залуу олигтойхон буудал биш дээ гэж хэлсэн. Тухайн залуучууд руу бид хэдтэй хамт явж байсан үл таних залуу муухай харсан. Тэгсэн тухайн үл таних залуучуудын нэг нь яаж хараад байгаа юм бэ гэж хэлсэн. Тэгчхээд нэг нэгэн лүүгээ хараад шоолж байгаа маягтай инээгээд байсан. Тэгсэн манай *** гэх найз маань яагаад шоолж инээгээд байгаа юм бэ гэж уурласан чинь тухайн залуучууд халтайсан эмэгтэйчүүд дагуулчхаад гээд байхаар нь манай найз *** уурласан. Тэгсэн хамт явж байсан залуу маань ***г өмөөрөөд маргасан. Маргаж дуусаад тэр залуучууд хаалгаар гараад явж байсан тухайн залуучуудын нэг нь буюу улаан цүнх үүрсэн залуу хамт явж байсан залууг би чамайг буудал руу оруулаад бөгсдөн шүү гэж хэлчхээд гараад явсан. Тэгсэн *** уурлаад тухайн залуучуудын араас гарсан. Тэгсэн тухайн залуучууд бид хоёрыг бузартай гичийнүүд гэж доромжилсон. Тэгсэн араас хамт явж байсан залуу маань гараад ирсэн шатан дээр зогсож байсан тухайн залуучуудтай явж байсан /ямар хувцастай ямар хүн байсныг санахгүй байна гэмтсэн залуу/ хамт явж байсан эрэгтэйг цохиод авсан. Тэгээд бүх зүйл хурдан болоод өнгөрсөн. Тэр хоёрыг салгачхаад харсан бөөн цус болсон байсан. Тэгээд байж байсан хамт явж байсан залуу надад тухайн үл таних залуугийн толгой руу цохисон хайчаа өгсөн. Тэгэхээр нь би сандраад халаасандаа хийсэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 24 дэх тал),

5. Гэрч Г.***гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Намайг зочид буудлын гадаа гарч ирэхэд манай найз ***ийн хамраас цус гарчихсан, *** ухаан алдаад газарт уначихсан манай найз нартай зодолдсон хүмүүсийн нэгийнх нь нүүрэн хэсэг битүү цус болчихсон байсан. Би зодоон ямар учраас үүссэн хэн нь хэнийгээ гэмтээсэн талаар харсан зүйл байхгүй. Намайг гарч ирэхэд зодоон болоод дуусчихсан байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 27-28 дахь тал),

6. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2023 оны 1 дүгээр сарын 02-ны өдрийн 736 дугаартай “...***ын биед баруун дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамар, зүүн шанаанд няцарсан шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо болон ир үзүүртэй зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүснэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байна...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 44-45 дахь тал),

7. Шүүгдэгч ***ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би ***т эмчилгээний зардал гэж 1 сая төгрөг өгсөн. *** 1 сая төгрөг өгчих гэж хэлсэн. Би мөнгөө бага багаар цувуулж өгч байсан. ...Би өөрийн буруугаа хүлээн зөвшөөрч, хохирогчтой эвлэрсэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 90-91 дэх тал),

Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Мөрдөн шалгах ажиллагааны шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж хэлэх зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, хохирогч 850.000 төгрөгийн хохирол нөхөн төлсөн. Үүнээс 250.000 төгрөгийн гар утсыг хохиролд тооцож өгсөн...” гэх мэдүүлэг болон улсын яллагчаас гаргаж өгсөн өмнөх шийтгэх тогтоолын хуулбарууд зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ***ийн хувийн байдалтай холбоотойгоор эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 100 дахь тал), шийтгэх тогтоолуудын хуулбар (хавтаст хэргийн 101-107, 111-115, 146-154 дэх тал), гэрлэсний бүртгэлгүй лавлагааны хуулбар (хавтаст хэргийн 119 дэх тал), тээврийн хэрэгсэл бүртгэлгүй тухай лавлагааны хуулбар (хавтаст хэргийн 120 дахь тал), эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагааны хуулбар (хавтаст хэргийн 121 дэх тал), Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга (хавтаст хэргийн 122-143) зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ.                    

Харин хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч ***ээс гэрчээр мэдүүлэг авсан нь Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлд заасан мэдүүлэг өгөх, өгөхөөс татгалзах үндсэн эрхэд сөргөөр нөлөөлөх үр дагавартай тул цаашид анхаарах шаардлагатайг тэмдэглэж, хавтаст хэргийн 19-22 дахь талд авагдсан гэрчийн мэдүүлгийг нотлох баримтаар үнэлээгүй болно.

Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт:

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог ба хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлийг гэмт хэрэгт тооцохоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан байна.

Хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаас дүгнэхэд шүүгдэгч *** нь 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “***” зочид буудлын үүдэнд хохирогч ***ын биед тодорхой шалтгаангүйгээр халдаж, улмаар хайчаар нүүр хэсэгт нь зүсэж, баруун дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамар, зүүн шанаанд няцарсан шарх бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт нотлогдон тогтоогджээ.

Хэргийн дээрх үйл баримт нь хохирогч ***ын “...үл таних залуу араас гарч намайг бариад авсан. Тэгсэн тухайн эмэгтэйчүүд нь бас над руу зэрэг дайрсан. Тэгээд байж байсан миний нүүрээс цус гоожоод байх шиг байхаар нь хамраас цус гарчихлаа гэж бодсон. Миний нүдний доор хэсэгт зүссэн, шанаа хэсэг рүү зоосон байсан. Тухайн залууг хартал хайч барьсан байдалтай байсан...” гэх, гэрч Б.Зол***гийн “...Хүрлээ араас гараад ирсэн хойно зодолдож байсан. Тэгээд Хүрлээ рүү бүгд дайраад байсан. Тэгээд арай гэж салгасан бөөн цус нөж болсон Хүрлээ хайч барьсан зогсож байсан...” гэх, гэрч А.***гийн “...араас тухайн гурван эмэгтэйтэй хамт явж байсан 180 орчим см өндөр шар царайтай залуу гарч ирээд манай найз ***ыг цохиод авсан. Тэгээд тэр хоёр хоорондоо зодолдохоор нь би наанаас нь гүйж очсон. Тэгсэн *** тухайн залуу руу хандан намайг юугаар шаачихваа гэж хэлсэн. Тэгэхээр нь би тухайн үл таних 180 орчим см өндөр шар царайтай залуу руу харсан гартаа хар иштэй хайч барьсан байсан...” гэх, гэрч ***ийн “...араас хамт явж байсан залуу маань гараад ирсэн шатан дээр зогсож байсан тухайн залуучуудтай явж байсан /ямар хувцастай ямар хүн байсныг санахгүй байна гэмтсэн залуу/ хамт явж байсан эрэгтэйг цохиод авсан. Тэгээд бүх зүйл хурдан болоод өнгөрсөн. Тэр хоёрыг салгачхаад харсан бөөн цус болсон байсан. Тэгээд байж байсан хамт явж байсан залуу надад тухайн үл таних залуугийн толгой руу цохисон хайчаа өгсөн. Тэгэхээр нь би сандраад халаасандаа хийсэн...” гэх, гэрч Г.***гийн “...манай найз нартай зодолдсон хүмүүсийн нэгийнх нь нүүрэн хэсэг битүү цус болчихсон байсан...” гэх мэдүүлгүүд болон шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдсон байна.

Мөн Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 216/422 дугаар “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-т “гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан...” тохиолдолд гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарахаар заасан тул хохирогч ***ын биед учирсан баруун дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамар, зүүн шанаанд няцарсан шарх бүхий гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэсэн шинжээч эмчийн 736 дугаартай дүгнэлт үндэслэлтэй, Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн үндсэн шинж хангагдсан гэж үзнэ.

Өөрөөр хэлбэл, хохирогч ***ын эрүүл мэндэд учирсан хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл нь шүүгдэгч ***ийн хохирогчийн нүүр лүү нь цохисон, хайчаар хатгасан гэмт үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байна.

Шүүгдэгч *** нь хохирогчийг цохих, хайчаар хатгах үед түүнд хохирол, хор уршиг учирна, хууль бус гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгджээ.

Иймд прокуророос ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, хэргийн бүрдэл хангагдсан байх тул шүүгдэгч ***ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

Шүүгдэгч *** нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь эрүүгийн эрх зүйн шударга ёсны, гэм буруугийн зарчимд нийцнэ.

Шүүхээс шүүгдэгч ***д ял оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүх гэмт хэрэг гарсан шалтгаан, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, болон шүүгдэгчийн хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн шинж, хохирол хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, улсын яллагчийн ялын санал зэргийг харгалзаж, шүүгдэгч ***д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас нийтэд тустай ажил ял оногдуулах нь түүний үйлдэлд тохирно гэж дүгнэж, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солино” гэж заасан тул шүүгдэгч *** нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлэх үүрэгтэйг сануулж, биелүүлээгүй бол хорих ялаар солих болохыг тайлбарлаж байна.

Гурав. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг, бусад асуудлын талаар:

Гэмт хэргийн улмаас хохирогч ***ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2023 оны 1 дүгээр сарын 02-ны өдрийн 736 дугаартай дүгнэлтээр тогтоогдсон, шүүгдэгч нь хохирогчид 850.000 төгрөгийг хохиролд тооцон төлсөн болох нь хохирогч, шүүгдэгчийн мэдүүлгээр тогтоогдож байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Гэвч хохирогч *** нь цаашид сорви арилгуулах хагалгаанд орох шаардлагатай эмчилгээний зардлаа нэхэмжилнэ гэх боловч энэ талаарх нотлох баримтаа шүүхэд ирүүлээгүй байх тул хэлэлцэхгүй орхиж, холбогдох нотлох баримтаа бүрдүүлсний эцэст Иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрх нээлттэй болохыг тайлбарлаж байна.    

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг хайчийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, шүүгдэгч *** нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч ***д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

  ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ***ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***д 500 /таван зуу/-н цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч ***д мэдэгдсүгэй.

4. Хохирогч *** нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар цаашид гарах эмчилгээний зардал буюу энэ хэргийн улмаас учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тайлбарласугай.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн шар өнгийн модон иштэй ахуйн зориулалтын металл 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг даалгаж, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, шүүгдэгч *** нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           С.БОЛОРТУЯА