| Шүүх | Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Төртогтохын Энхмандах |
| Хэргийн индекс | 165/2023/0034/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/32 |
| Огноо | 2023-05-23 |
| Зүйл хэсэг | 111.3., |
| Улсын яллагч | Э.Нэргүй |
Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 05 сарын 23 өдөр
Дугаар 2023/ШЦТ/32
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
нарийн бичгийн дарга Ж.Хонгорзул,
улсын яллагч Э.Нэргүй,
шүүгдэгч А.Б нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Говьсүмбэр аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Б овогт А-н Б-д холбогдох эрүүгийн 2317000000037 дугаартай хэргийг 2023 оны 05 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 19... оны 03 дугаар сарын 18-нд Дорноговь аймгийн Айраг суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, дээд боловсролтой, төмөр замын барилгын инженер мэргэжилтэй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Г аймгийн С сумын ......... дүгээр баг, .......тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй гэх Б овогт А-н Б /РД: /,
Холбогдсон хэргийн талаар:
/яллах дүгнэлтэд дурдсанаар/
Яллагдагч А-н Б нь 2023 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 14-15 цагийн орчим согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 1 дүгээр баг, Төмөр замын 103-5 тоотод байрлах өөрийн гэртээ хоол хийж байхдаа хамт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн С.О-ыг “халуун усанд түлэгдлээ, цаашаа сууж бай” гэж анхааруулж түлхэхдээ цагаан өнгийн иштэй хутгаар түүний хэвлийн хэсэгт зүсэж биед хэвлийн хөндийн нэвтэрсэн хутгалагдсан шарх бүхий хүнд хохирол болгоомжгүйгээр учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч А.Б нь 2023 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 14-15 цагийн орчим согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 1 дүгээр баг, Төмөр замын 103-5 тоотод байрлах өөрийн гэртээ хоол хийж байхдаа хамт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн С.О-ыг “халуун усанд түлэгдлээ, цаашаа сууж бай” гэж анхааруулж түлхэхдээ цагаан өнгийн иштэй хутгаар түүний хэвлийн хэсэгт зүсэж биед хэвлийн хөндийн нэвтэрсэн хутгалагдсан шарх бүхий хүнд хохирол болгоомжгүйгээр учруулсан болох нь шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 2 дугаар хуудас/,
хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 3-13 дугаар хуудас/,
хохирогч С.О-ын “...А.Б бид хоёр ууж сууж байгаад Б хоол хийе гээд хоолны мах хэрчиж байсан. Би босоод ус уух гээд гал тогоо руу явсан. Шалан дээр ус буцалгагчтай ус буцалж байсан. Чи усанд түлэгдлээ нааш ир буйдан дээр очоод сууж бай гэсэн. Тухайн үед Б баруун гартаа мах хэрчиж байсан хутгаа барьж байсан. Буйдан дээр сууж бай гээд 2 гараараа түлхтэл миний гэдэсний хүйсний нүхний дээр хорссон мэдрэмж өгсөн. Гэдсээ хартал зүссэн байсан. Бид хоёрын дунд хэрүүл маргаан болсон зүйл байхгүй. Аймгийн нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа. Б эмнэлгийн ор хоногийн мөнгө 239 250 төгрөг төлсөн. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 21-22 дугаар хуудас/,
гэрч В.Д-н “...Хадам эгч Г-тай ярихад О гэдсэндээ зүсүүлсэн байна. Б бид хоёр хоол хийх гэж байгаад Б хутга бариад явж байсан. Б намайг цаашаа буйдан дээр суу гэж хэлээд түлхэхдээ хутгаар санаандгүй дүрсэн гэж Б өнөөдөр над руу яриад хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 30 дугаар хуудас/,
гэрч С.Ггийн “...Б О-ын утсыг аваад надтай ярьсан. Чи яаж байгаа юм бэ, үй зайгүй багын найз байж хутга шөвгөөр нэгнийгээ дүрдэг нь ямар учиртай юм бэ гэж асуухад уучлаарай эгчээ, би тоглож байгаад санаандгүй зүсчлээ гэж хэлсэн. Наадах чинь гайгүй юм уу, эмнэлэгт үзүүлэхгүй юм уу гэхэд би өөрөө үзүүлнээ, та санаа зоволтгүй, би маргааш эрүүл болоод тань руу яръя гэж хэлээд утсаа салгасан... О-ыг аваад гэрт ирээд шархыг үзтэл шархаа тойроод хөх туяа суугаад хавдсан мэт бондойсон байсан. Би тэгээд эмнэлэг рүү авч явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 33 дугаар хуудас/,
гэрч Г.М-н “...Б намайг дуудсан. Гараад очтол О-ын гэдэсний хүйс хэсэгт хөндлөн зүссэн шарх үүсээд тухайн үед бага зэргийн цус гарсан байсан. Би тухайн үед самбаа болон бентээр боогоод эмнэлэг рүү явъя гээд О-ыг гэрээс аваад гарсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 37 дугаар хуудас/,
насанд хүрээгүй гэрч Б.А-н “...Ээж бид хоёр унтлагын өрөөнд сууж байсан. Тэгтэл аав ээжийг дуудаад маарал /самбаа/ хаана байгаа вэ гэж асуугаад байсан. Ээж унтлагын өрөөнөөс гарч ирэх үед би ээжтэй цуг гарч ирсэн. Аав О-ын ахын гэдсийг би санаандгүй зүсчихлээ гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 41 дүгээр хуудас/,
гэрч П.Э-ны “...А.Бг 2013 оноос хойш мэднэ. Б Улаанбаатар Төмөр замын Замын 3 дугаар ангид хэсэглэл хариуцсан инженер хийдэг. Зан байдлын хувьд төлөв даруу, ул суурьтай, гэр бүлийн хувьд тогтвортой, ажил мэргэжлийн хувьд мэдлэг чадвар сайтай, тэргүүлэх зэрэглэлийн инженер гэж би боддог. Мөн 2021 онд байгууллагынхаа тэргүүний мастер болж байсан. Түүнчлэн хэсэг удирддаг байхдаа хэсгээ тэргүүний хэсгээр шалгаруулж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 44 дүгээр хуудас/,
Говьсүмбэр аймгийн шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 101 дугаартай дүгнэлтэд:
- С.О-ын биед хэвлийн хөндийн нэвтэрсэн хутгалагдсан шарх гэмтэл тогтоогдлоо.
- Уг гэмтэл нь иртэй зүйлийн 1 удаагийн үйлчлэлийн улмаас 2023.04.02-нд үүсгэгдсэн байх боломжтой.
- Хэвлийн хөндийн нэвтэрсэн шарх гэмтэл нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-н 3.1.11-д зааснаар амь биед аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.
- Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонгид нөлөөлөхгүй болно.
Дүгнэлт гаргасан: шинжээч эмч Л.Жаргалтогтох гэжээ. /хх-ийн 47-48 дугаар хуудас/,
Говьсүмбэр аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 009/0012 дугаартай дүгнэлтэд:
- Саарал өнгийн даавуун цамцан дээр шинэ зүсэгдэлт үүссэн байна.
- 17 мм хэмжээтэй гэмтэл үүссэн байна.
-Шинжилгээнд ирүүлсэн саарал өнгийн даавуун цамцан дээр гарсан 17 мм хэмжээтэй гэмтэл нь зах ирмэг нь жигд, суналтгүй, дотор нэхээс ил гарч бохирлогдоогүй, нэг бүхлийг үүсгэж байх тул хатуу үзүүртэй зүйлээр 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ зүсэгдэлт байна.
- Саарал өнгийн даавуун цамцан дээр үүссэн зүсэгдэлт нь хутгаар үүсгэгдсэн байх боломжтой.
- Шинээр нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Дүгнэлт гаргасан: шинжээч, цагдаагийн ахлах дэслэгч Э.Билгүүн гэжээ. /хх-ийн 57 дугаар хуудас/,
Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 62-68 дугаар хуудас/,
Шүүгдэгч А.Б-гийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 69 дүгээр хуудас/,
Хохирогч С.О-ын өвчний түүх /хх-ийн 72-88 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан хохирогч С.Б, гэрч В.Д С.Г, Г.М, П.Э, насанд хүрээгүй гэрч Б.А нарын мэдүүлэг, Говьсүмбэр аймгийн шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 101 дугаартай дүгнэлт, Говьсүмбэр аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 009/0012 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.
Шүүгдэгч А.Б нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураараа гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Энэ хэргийн улмаас хохирогч С.О-т хүнд хохирол учирсан ба эмчилгээний зардалд 239 250 /хоёр зуун гучин есөн мянга хоёр зуун тавь/ төгрөг гарсныг шүүгдэгч А.Б нь төлж барагдуулсан байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Прокурорын санал болгож, шүүгдэгч А.Б-гийн хүлээн зөвшөөрсөн 2800 /хоёр мянга найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 2 800 000 /хоёр сая найман зуун мянга/ төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаварыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч А.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2800 /хоёр мянга найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 2 800 000 /хоёр сая найман зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна.” гэж заасан байх тул энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн шүүгдэгч А.Б-гийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан цагаан өнгийн иштэй 20 см урттай 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт А-н Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусад болгоомжгүй үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч А.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2800 /хоёр мянга найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 2 800 000 /хоёр сая найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Б-д оногдуулсан 2800 /хоёр мянга найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 2 800 000 /хоёр сая найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Шүүгдэгч А.Б нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч А.Б нь цагдан хоригдсон хоноггүй, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, хэрэгт иргэний бичиг баримт ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн цагаан өнгийн иштэй 20 см урттай 1 ширхэг хутгыг устгасугай.
7. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ЭНХМАНДАХ