| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сайнбаярын Оюунжаргал |
| Хэргийн индекс | 153/2019/00393/И |
| Дугаар | 00468 |
| Огноо | 2019-10-04 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2019 оны 10 сарын 04 өдөр
Дугаар 00468
| 2019 оны 10 сарын 04 өдөр | Дугаар 153/ШШ2019/00468 | Жаргалант сум |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар,
нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг 9-р хороо, Шар хад 64 дүгээр гудамжны 915 тоотод оршин суух, Яргай овогт О-ын Д /.../-ийн нэхэмжлэлтэй,
ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2019 оны 8 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, 2019 оны 8 дугаар сарын 08-ны өдөр 153/2019/00393/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Золзаяа, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Тунгалагхүү нар оролцлоо.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч О.Д нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Тунгалагхүү шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:...О.Д нь манай авга ахын хүүхэд бөгөөд надад итгэмжлэл олгосон. О.Д нь 1983-1984 онд Ховд аймгийн Жаргалант сумын 1 дүгээр сургуулийн 10 дугаар ангийг төгссөн. 1984-1991 онд хүртэл илгээлтээр хөдөө гарч мал малласан. О.Д нь 1991 онд гэр бүл болсон бөгөөд 1 хүүхэдтэй болсон. Нөхөртэйгөө 2-3 жил хамт амьдраад нөхөр нь нас барсан. Иймд О.Дгийн Ховд аймгийн Дөргөн сумын Сүхбаатарын зам нэгдлийн Аргалант бригадад 1984 оны 6 дугаар сарын 10-ны өдрөөс 1993 оны 8 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү....Тэтгэвэрт гарах нас хүрсэн учраас нэхэмжлэл гаргасан....О.Д нь малын эмч мэргэжилтэй....гэв.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
О.Д нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй байна.
Нэхэмжлэгч О.Дгийн итэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Тунгалагхүү нь шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагыг О.Дгийн Ховд аймгийн Дөргөн сумын Сүхбаатарын зам нэгдлийн Аргалант бригадад 1984 оны 6 дугаар сарын 10-ны өдрөөс 1993 оны 8 дугаар сарын 20-ны өдөр хүртэл малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгох гэж тодуурллаа.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч О.Д нь Ховд аймгийн Дөргөн сумын Сүхбаатарын зам нэгдлийн Аргалант бригадад 1984 оны 7 дугаар сарын 05-ны өдрөөс 1987 оны 7 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан болох нь Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын архивын тасгийн 2019 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 960 дугаартай албан бичгээр ирүүлсэн Ховд аймгийн Дөргөн сумын Сүхбаатарын зам нэгдлийн Аргалант бригадын 1985 оны 70 дугаар дансны хуулбар, 1984 оны 7 дугаар сарын 05-ны өдөр Ховд аймгийн Дөргөн сумын Сүхбаатарын зам нэгдлээс олгосон нэхэмжлэгчийн Хөдөлмөрийн дэвтэр эх хувь, гэрч О.Түвшинжаргалын ....О.Д нь 1984 оноос Ховд аймгийн Мянгад суманд 10 дугаар анги төгсөөд Ховд аймгийн Дөргөн сумын Сүхбаатарын зам нэгдлийн 3 дугаар бригадад тэмээ, бог мал маллаж байсан....Аавынх нэрийг Очир, ээжийнх нэрийг Уртнасан гэдэг. Аав нь тэмээ малладаг, ээж нь бас мал малладаг байсан. Долгорсүрэн, Баярсайхан, Хишигсайхан, Д, Пүрэвсүрэн, Орломсүрэн, Бямбасүрэн, Отгонбаяр, Жаргалсайхан гээд 9 хүүхэдтэй.... гэх мэдүүлэг, гэрч А.Цэрэнжавын ...Би 1972 онд Ховд аймгийн Манхан сумын 8 жилийн дунд сургуулийг 8 дугаар анги төгсөөд илгээлтээр гарч Ховд амйгийн Манхан сумын Сүхбаатарын зам нэгдэлд малчнаар ажиллаж эхэлсэн. Малчнаар ажиллаж байгаад 1976-1978 онуудад эчнээгээр Ховд аймийн төвийн нэгдүгээр сургуульд суралцсан. 1978-1984 онуудад Улаанбаатар хотын Хөдөө аж ахуйн дээд сургуульд мал эмнэлгийн ангид суралцаад малын эх эмчийн мэргэжлийг эзэмшсэн. 1984 оны 8 дугаар сараас 1984 оныг дуустал Ховд аймгийн Цэцэг сумын эмчилгээ тэжээлийн цэгт малын эмчээр, 1985 онд Ховд аймгийн Мал эмнэлгийн лаборторид хими тогсоглогичоор, 1986-1988 онуудад Ховд аймгийн Мянгад сумын мал эмнэлэгийн лабориатаар шинжилгээний эмчээр, 1988 оноос 1994 он хүртэл Ховд аймгийн Дөргөн сумын мал эмнэлэгийн тасгийн эрхлэгчээр тус тус ажиллаж байсан....О.Д нь 1984 онд Ховд аймгийн төвийн 1 дүгээр сургуулийн 10 дугаар ангийг төгсөөд Ховд аймгийн Дөргөн сумын Сүхбаатарын зам нэгдлийн 3 дугаар бригадад малчнаар ажилласан.... гэх мэдүүлэг зэрэг баримтуудаар тогтоогдож байх тул дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ. /хх-ийн 4, 6, 23-34, 36-37, 41-43 дугаар тал/
1984 оны 7 дугаар сарын 05-ны өдөр Ховд аймгийн Дөргөн сумын Сүхбаатарын зам нэгдлээс олгосон нэхэмжлэгчийн Хөдөлмөрийн дэвтэр /хх-ийн 23-34 дүгээр тал/-т 1984 оны 7 дугаар сарын 05-ны өдөр Аргалант бригадад малчнаар томилсон гэх бичвэртэй байх тул нэхэмжлэгчийн Ховд аймгийн Дөргөн сумын Сүхбаатарын зам нэгдлийн Аргалант бригадад 1984 оны 6 дугаар сарын 10-ны өдрөөс 1984 оны 7 дугаар сарын 04-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг хэрэгсэхгүй болгох нь үндэслэлтэй гэж үзлээ.
Мөн 1984 оны 7 дугаар сарын 05-ны өдөр Ховд аймгийн Дөргөн сумын Сүхбаатарын зам нэгдлээс олгосон нэхэмжлэгчийн Хөдөлмөрийн дэвтэр /хх-ийн 23-34 дүгээр тал/-т 1987 оны 7 дугаар сарын 28-ны өдөр дээд сургуульд суралцах болсон тул Аргалант хэсгийн малчны үүрэгт ажлаас чөлөөлөв гэх бичвэртэй, уг хөдөлмөрийн дэвтэрт 1984 оны 8 дугаар сараас 1987 оны 7 дугаар сарыг дуустал цалин хөлсний талаар бичилттэй, гэрч О.Түвшинжаргал, А.Цэрэнжав нарын тус шүүхэд өгсөн О.Дг нэгдэл тартал малчнаар ажилласан гэх мэдүүлэг нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар нотлогдохгүй байна.
Иймд О.Д нь Ховд аймгийн Дөргөн сумын Сүхбаатарын зам нэгдлийн Аргалант бригадад 1987 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 1993 оны 8 дугаар сарын 20-ны өдөр хүртэл малчнаар ажиллаж байсан талаарх нотлох баримтаа бүрдүүлэн дахин шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдах нь зүйтэй.
Хавтаст хэргийн 7-9 дүгээр хуудсанд авагдсан Ховд аймгийн Дөргөн сумын Сүхбаатарын зам нэгдлийн Аргалат бригадын 1988-1990 онуудын 70 дугаар дансанд Очир, Уртнасан, Пүрэвсүрэн, Хишигсайхан гэх нэр бичигдсэн бөгөөд нэхэмжлэгчийн нэр бичигдээгүй буюу нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй, хавтаст хэргийн 11-12 дугаар хуудсанд авагдсан иргэн А.Цэрэнжав, О.Түвшинжаргал нарын тодорхойлолт нь хуульд заагаагүй, нотлох баримтыг гаргах, цуглуулах талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн байх тул дээрх баримтуудыг нотлох баримтанд үнэлээгүй болно.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.
Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2010 оны 331 дугаар тушаалын хавсралтаар баталсан Регистрийн дугаарыг шинээр олгох, єєрчлєх, хүчингүй болгох журмын 1.2-т Регистрийн дугаар нь иргэний улсын бүртгэлд бүртгэгдсэн Монгол Улсын иргэнийг нэгэн утгатай тодорхойлсон үсэг, тооноос бүтсэн нийлмэл код байна. Регистрийн дугаарын эхний 2 орон буюу үсэг нь регистрийн дугаар авч байгаа иргэний байнга оршин суудаг аймаг /дүүрэг/, сум /хороо/-ны код байна гэж заасан бөгөөд нэхэмжлэгчийн регистрийн дугаар ХЛ гэх кодтой байгаа болохыг дурдлаа.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Яргай овогт Очирын Д /../-ийн Ховд аймгийн Дөргөн сумын Сүхбаатарын зам нэгдлийн Аргалант бригадад 1984 оны 7 дугаар сарын 05-ны өдрөөс 1987 оны 7 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож, Ховд аймгийн Дөргөн сумын Сүхбаатарын зам нэгдлийн Аргалант бригадад 1984 оны 6 дугаар сарын 10-ны өдрөөс 1984 оны 7 дугаар сарын 04-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2.Нэхэмжлэгч О.Д нь Ховд аймгийн Дөргөн сумын Сүхбаатарын зам нэгдлийн Аргалант бригадад 1987 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 1993 оны 8 дугаар сарын 20-ны өдөр хүртэл малчнаар ажиллаж байсан талаарх нотлох баримтаа бүрдүүлэн дахин шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч О.Дгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ОЮУНЖАРГАЛ