| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сайнбаярын Оюунжаргал |
| Хэргийн индекс | 153/2019/00398/И |
| Дугаар | 00469 |
| Огноо | 2018-10-04 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2018 оны 10 сарын 04 өдөр
Дугаар 00469
| 2019 оны 10 сарын 04 өдөр | Дугаар 153/ШШ2019/00469 | Жаргалант сум |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар,
нэхэмжлэгч: Ховд аймгийн Зэрэг сумын Бураа багт оршин суух, Жигмэдийнхэн овогт Г-н Н /.../-ийн нэхэмжлэлтэй,
ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2019 оны 8 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, 2019 оны 8 дугаар сарын 08-ны өдөр 153/2019/00398/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Золзаяа, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Дулмаа нар оролцлоо.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Г.Н нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Думаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г.Н нь 1969 онд төрсөн, ам бүл-7, нөхөр, хүүхдүүдийн хамт амьдардаг. Г.Н нь Ховд аймгийн Зэрэг сумын сургуулийг 1985 оны 06 сард 8 дугаар ангиа төгссөн. Сургуулиа төгсөөд 1986 оны 06 сараас 1990 оны 12 сарын 31-ний өдөр хүртэл аавын хамт малчнаар ажиллаж байсан. Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр нэгдлийн 70 дугаар дансаар 1990 он хүртэл бичигдсэн байсан. Г.Н нь одоог хүртэл Ховд аймгийн Зэрэг суманд малчнаар ажиллаж байгаа. Иймд нэхэмжлэгч Г.Нийн аав Гэлхүл нь 3 хүүхэдтэй айл юм. Нийг Нараа гэсэн гэрийн дууддаг нэрээр нь 70 дугаар дансанд бичсэн байсан. Г.Н нь 2019 оны 03 сард эмчилгээнд ходооны хавдраар явж ирээд, дахин 2019 оны 9 сард эмчилгээнд Улаанбаатар хот руу явсан. Иймд Г.Нийг Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр нэгдлийн 3 дугаар бригадад 1986 оны 6 сарын 15-ны өдрөөс 1990 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү....гэв.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Г.Н нь Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр нэгдлийн 3 дугаар бригадад 1986 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан байдал тогтоолгох тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч нь шаардах эрхтэй байна.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч Г.Н нь Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр нэгдлийн 3 дугаар бригадад 1987 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан болох нь Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын архивын тасгийн 2019 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 609 дугаартай албан бичгээр ирүүлсэн Ховд аймгийн Зэрэг сумын Бураа бригадын 1987-1988 онуудын 70 дугаар дансны хуулбарууд, Үйлдвэрийн даалгаврын биелэлт гэх бичвэртэй баримтууд, гэрч Д.Чимэдийн ....Би 1974 онд усны аж ахуйн техникум төгсөж ирээд Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр нэгдэлд усны групын ахлагч, гидро техникч, тооцооны нябо зэрэг ажлуудыг 1992 он хүртэл нэгдэл тартал хийсэн....Г.Н нь 1969 төрсөн хүүхэд байгаа юм....1985-1992 он хүртэл Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр нэгдлийн Бураа буюу 3 дугаар бригадад хонь малладаг байсан. Г.Н нь нэгдэлд ажиллаж байхдаа дандаа хонь малладаг байсан. Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр нэгдэл нь 1992 онд тарсан. Ховд аймгийн Зэрэг сумын Тариалан нэгдэлд малчнаас өөр ажил хийж байгаагүй. Г.Н эцгийнх нь нэрийг Гэлхүл, эхийнх нь нэрийг Хуваа гэдэг. Дээрээ нэг ахтай айлын 2 дахь охин. Ахыг нь Хүрлээ гэдэг төвийн аймгуудад амьдарч байгаа.... гэх мэдүүлэг, гэрч Т.Дамирангийн ....Би 1981 онд Ховд аймгийн Зэрэг сумын 8 жилийн сургуулийн 8 дугаар ангийг төгсөөд илгээлтээр Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр нэгдлийн 3 дугаар бригадад малчнаар ажилд орж нэгдэл тартал ажилласан. Энэ завсар 1984-1987 онуудад цэргийн алба хаасан....Г.Н нь 8 дугаар анги төгсөөд Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр нэгдлийн 3 дугаар бригадад малчнаар ажилд орж нэгдэл тартал ажилласан. Малчнаас өөр ажил хийгээгүй хүн байгаа юм. Г.Н эцгийнх нь нэрийг Гэлхүл, ээжийнх нь нэрийг Хуваа гэдэг. Н нь эцэг, эхээсээ 2-уулаа. Дээрээ нэг ахтай, ахынх нь нэрийг Хүрлээ гэдэг байсан....Г.Нийн ахынх нь эхнэрийг Цэцэгмаа гэдэг байсан.... гэх мэдүүлэг зэрэг баримтуудаар тогтоогдож байх тул дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ. /хх-ийн 4, 7-8, 12-17, 29-31, 34-36 дугаар тал/
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан ....Нийг Нараа гэсэн гэрийн дууддаг нэрээр нь 70 дугаар дансанд бичсэн байсан.... гэх тайлбар, гэрч Т.Дамирангийн ....Одоо миний гэрчлээд сууж байгаа Нийг Нараа гэж дууддаг юм. Эднийхэнд өөр Нараа гэсэн нэртэй хүн байхгүй.... гэх мэдүүлэг зэргийг үнэлэн Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын архивын тасгийн 2019 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 609 дугаартай албан бичгээр ирүүлсэн Ховд аймгийн Зэрэг сумын Бураа бригадын 1987-1988 онуудын 70 дугаар дансанд болон Үйлдвэрийн даалгаврын биелэлт гэх бичвэртэй баримтад Нараа гэж бичигдсэн баримтуудыг нэхэмжлэгчийн ажилласан жилд хамааралтай нотлох баримт гэж үзэн үнэлсэн болохыг дурдав.
Гэрч Д.Чимэд, Т.Дамиран нар нь нэхэмжлэгчийн 8 дугаар ангиа төгсөөд илгээлтээр Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр нэгдлийн 3 дугаар бригадад малчнаар ажиллаж эхэлсэн гэж мэдүүлэх боловч гэрч нарын мэдүүлгүүд хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар тогтоогдохгүй байна.
Иймээс нэхэмжлэгч Г.Н нь Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр нэгдлийн 3 дугаар бригадад 1986 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс 1986 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан талаарх нотлох баримтаа бүрдүүлэн дахин шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэлээ.
Хавтаст хэргийн 5, 6 дугаар хуудсанд авагдсан Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр нэгдлийн Бураа буюу 3 дугаар бригадын 1985 оны 70 дугаар дансанд Гэлхүл, Хуваа, Хүрлээ, Цэцэгмаа гэх нэр бичигдсэн, цалин хөлс нь тухайн 4 хүнд хуваагдсан, 1986 оны 70 дугаар дансанд Гэлхүү, Хуваа гэх нэр бичигдсэн, цалин хөлс нь тухайн 2 хүнд хуваагдсан, нэхэмжлэгчийн нэр бичигдээгүй буюу нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй, хавтаст хэргийн 11 дүгээр хуудсанд авагдсан иргэн Д.Чимэдийн тодорхойлолт нь хуульд заагаагүй, нотлох баримтыг гаргах, цуглуулах талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн байх тул дээрх баримтуудыг нотлох баримтанд үнэлээгүй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.4-т зааснаар тус шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн 153/ШЗ2019/01520 дугаартай шүүгчийн захирамжаар нэхэмжлэгч Г.Нийг ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагад урьдчилан төлөх улсын тэмдэгтийн хураамж 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөг төлөхийг 2019 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл хугацаагаар хойшлуулсан бөгөөд нэхэмжлэгч нь 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Төрийн сангийн 100160000945 дугаартай дансанд төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Жигмэдийнхэн овогт Гэлхүлийн Н / /-ийн Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр нэгдлийн 3 дугаар бригадад 1987 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2.Нэхэмжлэгч Г.Н нь Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр нэгдлийн 3 дугаар бригадад 1986 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс 1986 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан талаарх нотлох баримтаа бүрдүүлэн дахин шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Г.Нийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ОЮУНЖАРГАЛ