Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 2023/ШЦТ/34

 

 

                                                  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                                      

Говьсүмбэр аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Ариунжаргал даргалж,

 Нарийн бичгийн дарга Р.Мөнхбат, 

 Улсын яллагч Т.Түмэнжаргал,

 Шүүгдэгч А.Б нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Т.Түмэнжаргалаас хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2317000000048 дугаартай хэргийг 2023 оны 05 сарын 30-ны өдөр хүлээн авч 2023 оны 06 дугаар сарын 02-ны өдөр хянан хэлэлцэв.                      

                                                           Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1990 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Сэлэнгэ аймгийн Мандал суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, хүнд машин механизмын засварчин мэргэжилтэй, “..........” ХХК-д жолооч ажилтай, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт Г.... аймаг ..... сум, ..... дүгээр баг ......... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй гэх, Б овогт А-ийн Б /РД:................../,

                                                                     Холбогдсон хэргийн талаар:

                                              /Яллах дүгнэлтэнд дурдсанаар/

Шүүгдэгч А.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.           

 ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч  А.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 04 дүгээр сарын 27-ны орой Говьсүмбэр аймгийн Сүмбэр сум, 2 дугаар баг Геологийн заалны гадна талд өөрийн хамтран амьдрагч Ж.Уийг утсаа авсангүй, гэртээ байсангүй, өөрийг нь үл ойшоосон гэх шалтгааны улмаас түүнийг түлхэх, нүүр, цээж, хавирга хэсэгт гараараа 2-3 удаа цохих, газар унагаах, хөл рүү нь өшиглөх зэргээр зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн, биед нь зүүн дагз орчмын хуйханд, дээд уруул, баруун хацарт, баруун шилбэнд цус хуралт, дээд уруулын салстад няцарсан шарх, баруун хавирганы нумаар зөөлөн эдийн няцрал бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

 

Шүүгдэгч А.Б шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Би эхнэрийгээ 3 удаа зодож байсан. Би хөдөө уурхайд ажилладаг. Манай эхнэр ерөөсөө утсаа авдаггүй, хүүхдүүдтэйгээ яриад асуухаар архи уугаад алга болчихсон гэдэг. Намайг эзгүй хойгуур ер нь хүүхдүүдээ хайхрахгүй гадуур тэнээд, ууж идээд байдаг. Одоо манай гэр бүлийн харилцаа хэвийн, хамт амьдарч байгаа. Ийм үйлдэл гаргасандаа гэмшиж байна гэх мэдүүлэг.

Хохирогч Ж.У мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: ...Тухайн үед гэрийн түлхүүр машинд  байсан бөгөөд би хувцасаа өмсөөд машинаас түлхүүр авч өгхөөр гарсан. Машинаа геологийн заалны гадаа зогсоол дээр тавьчихсан байсан ба машинаас гэрийн түлхүүр аваад эргээд хартал Б намайг түлхэж нүүр лүү гараараа 2-3 удаа цохисон, мөн хөл рүү өшиглөсөн. Тэгээд намайг зугтах гэтэл намайг буцаагаад газар чирч харанхуй хэсэг рүү Б оруулсан. Тэгэхээр нь чанга орилоход Б Приус-20 маркийн цагаан юм уу саарал өнгийн машинд суугаад зугатаасан. Бд зодуулснаас үүдэн миний биед уруулны дотор талаар хавдаж язарсан 4 оёдол тавиулсан, баруун талын хавирга амьсгалахад болон ханиалгахад өвдөж байна, мөн 2 шилбэ, гуя хэсэг хөхөрсөн, миний даралт маш өндөр байгаа. Би Бд зодуулсандаа гомдолтой байна, нэхэмжлэх зүйл байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 9-10 хуудас/

Гэрч Ц.Б.мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: Геологийн заалны гадаа ирээд Б нилээн ууртай түлхүүрээ аваад ирье гээд орсон.  Тухайн үед геологийн заалны зогсоол дээр нилээн олон машин байсан болохоор би хамгийн баруун талын үзүүрт зогссон. Төд удалгүй  Б эхнэртэйгээ хамт заалнаас гарч ирсэн ба баруун тийшээ явж машин дунд орсон. Тэгээд би Г ахыг татаж сэрээгээд гэр лүү нь явдаг зам заалгуулахаар хойшоо хараад байж байтал нүдний үзүүрт Баттулгын эхнэр газар суучихсан байгаа харагдсан. Тэгээд Б эхнэрээ цааш нь чирээд харанхуй руу авч орох шиг  болсон бөгөөд би Баттулгыг эхнэрийгээ нүүр лүү алгадаад газар унагаачихлаа гэж харсан...гэх мэдүүлэг. /хх-ийн 14 хуудас/

 

Говьсүмбэр аймгийн шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн №141 дугаартай дүгнэлтэнд:

  • Ж.Уийн биед зүүн дагз орчмын хуйханд, дээд уруул, баруун хацарт, баруун шилбэнд, зүүн шилбэнд цус хуралт, дээд уруулын салстад няцарсан шарх, баруун хавирганы нумаар зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
  • Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчиллийн улмаас 2023.04.27-нд үүсгэгдсэн байх боломжтой.
  • Дээрх гэмтлүүд нь “шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонгид нөлөөлөхгүй болно. Дүгнэлт гаргасан шинжээч эмч, цагдаагийн хошууч Л.Жаргалтогтох гэжээ. /хх-ийн 22-23 хуудас/, аюулын зэргийн үнэлгээний маягт/хх-ийн 3-5/, гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 1-2 хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас яллах дүгнэлтэд тусгасан шинжлэн судалснаар тооцуулсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

“Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-т “гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан...” тохиолдолд гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарахаар заасан тул хохирогч Ж.Уийн биед учирсан гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэсэн шинжээч эмчийн 141 дугаартай дүгнэлтээр тогтоогдсон ба энэ нь  хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн үндсэн шинж хангагдсан гэж үзнэ.

Шүүгдэгч А.Баттулгын үйлдэл нь идэвхтэй, ухамсартай үйлдэл бөгөөд тэрээр хохирогчийн эрх чөлөөнд халдаж, хөнгөн гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул гэм буруугийн санаатай хэлбэрээр хүний эрүүл мэндэд хохирол учруулсан гэж үзлээ.

Шүүгдэгч А.Б нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураараа гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

            Иймд шүүгдэгч А.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,  хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 Эрүүгийн хариуцлагын  талаар:

Шүүгдэгч А.Бд прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж,  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг баримтлан шүүгдэгч А.Баттулгыг Эрүүгийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 800 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 800,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлжээ.

Говьсүмбэр аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Э.Нэргүй нь шүүгдэгч А.Бд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхээр тогтоол гаргаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хэргийн зүйлчлэл, түүнд оногдуулах ялын төрөл, хэмжээний тухай саналыг шүүгдэгч А.Б танилцуулсан байх ба шүүгдэгч хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан байна.

Иймд шүүгдэгч  А.Бд Эрүүгийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 800,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.  

           Хохирол төлбөрийн талаар:

Хохирогч Ж.У хохирол төлбөр нэхэмжлээгүй болно.

Бусад асуудлаар:

Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй  болохыг дурдаж, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй байна.

Шүүгдэгч А.Б  нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар “өөрөө өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг бичгээр  гаргасан нь мөн хуулийн 1.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасантай нийцэж байх тул шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулсан болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 7 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10  дугаар зүйлүүдэд заасныг тус тус  удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт А-ийн Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Б-ыг 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Бд оногдуулсан торгох ялыг 03 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг  анхааруулсугай.

4. Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны  зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Шийтгэх тогтоолыг гардаж авсан,эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гарсан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                                             ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                          Н.АРИУНЖАРГАЛ