| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сайнбаярын Оюунжаргал |
| Хэргийн индекс | 153/2019/00400/И |
| Дугаар | 00470 |
| Огноо | 2019-10-04 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2019 оны 10 сарын 04 өдөр
Дугаар 00470
| 2019 оны 10 сарын 04 өдөр | Дугаар 153/ШШ2019/00470 | Жаргалант сум |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар,
нэхэмжлэгч: Ховд аймгийн Мөнххайрхан сумын Алаг багт оршин суух, Чойрд овогт Б-ийн О /.../-ийн нэхэмжлэлтэй,
ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2019 оны 8 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, 2019 оны 8 дугаар сарын 15-ны өдөр 153/2019/00400/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Мөнхцоож, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ариунболд, гэрч М.Отгон, П.Самбуу нар оролцлоо.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.О нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ариунболд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:...Б.О нь 1966 онд Ховд аймгийн Мөнхайрхан суманд төрсөн. 1984 онд 10 дугаар анги төгсөж, илгээлтээр гарч 1990 он хүртэл Ховд аймгийн Мөнххайрхан сумын Оч нэгдэлд мал маллаж байсан. Тэгээд 1988 онд Батбаяр гэдэг хүнтэй гэр бүл болсон. Түүнээс хойш тасралтгүй мал маллаж байсан. Тухайн үеийн хөдөлмөрийн дэвтэр нь байхгүй байгаа учраас шүүхээр ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлт гаргасан. Иймээс Б.Октябрийн Ховд аймгийн Мөнхайрхан сумын Оч нэгдлийн Алаг бригадад 1984 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү....гэв.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Б.О нь Ховд аймгийн Мөнххайрхан сумын Оч нэгдлийн Алаг бригадад 1984 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан байдал тогтоолгох тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч нь шаардах эрхтэй байна.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч Б.О нь Ховд аймгийн Мөнххайрхан сумын Оч нэгдлийн Алаг бригадад 1984 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 3 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 1990 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 10 дугаар сарын 31-ний өдрийг дуустал тус тус малчнаар ажиллаж байсан болох нь Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын архивын тасгийн 2019 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 944 дугаартай албан бичгээр ирүүлсэн Ховд аймгийн Мөнххайрхан сумын Алаг бригадын 1984-1990 онуудын 70 дугаар дансны хуулбарууд, Бямбажавын Батбаяр, Батмагнайгийн О нарын гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2018 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн 177 дугаартай Ховд аймгийн Мөнххайрхан суманд үйл ажиллагаа явуулж байсан Оч нэгдэлд нь 1992 оны 02 сарын 25-нд Мөнх-Оргил ББХК болж өөрчлөгдөн улсын бүртгэлд бүртгэгдсэн байна гэх бичвэртэй лавлагаа, гэрч М.Отгоны шүүх хуралдаанд өгсөн ....Б.О нь эмэгтэй хүн. Сургуулиас гараад эцэгтэйгээ 1984 оноос хойш хамт мал маллаж байгаад гэр бүлтэй болж тусдаа гарсан. Б.О нь манай нутагт манай гэртээ ойролцоо мал малладаг байсан учраас би мэднэ. Тэгээд амьдралын эрхээр 1990 оноос үр хүүхдээ дагаад Дархан аймаг руу явсан. Даруухан эмэгтэй байгаа, тасралтгүй ажил хийж байсан....Ховд аймгийн Мөнххайрхан сумын Алаг багийн Оч нэгдэлд малчнаар ажиллаж байсан. 1984-1990 он хүртэл мал малласан.... гэх мэдүүлэг зэрэг баримтуудаар тогтоогдож байх тул дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ. /хх-ийн 4-11, 16, 18 дугаар тал/
Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д Энэ хуулийн зорилт нь өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар 1990-1995 оны хооронд ажил, хөдөлмөр эрхлээгүй буюу эрхлэх боломжгүй байсан иргэний ажилласан жил нь тасарсан хугацааг ажилласнаар нөхөн тооцох, 1995-2000 оны хооронд нийгмийн даатгалын шимтгэл нь төлөгдөөгүй буюу төлөх боломжгүй байсан иргэний даатгуулагч өөрөө төлөх 10 хувийг тухайн онуудын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс тооцож төлүүлэн нийгмийн даатгалын шимтгэлээ төлсөнд тооцуулах асуудалтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино., мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д Энэ хуулийн үйлчлэлд 1990-1995 оны хооронд ажил, хөдөлмөр эрхлээгүй буюу эрхлэх боломжгүй байсан иргэн хамаарахаар тус тус хуульчилжээ.
Нэхэмжлэгч Б.О нь Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуульд заасан нөхцөл болзлыг хангасан гэх үндэслэлээр 1990 оны 4-6 дугаар сарыг дуустал, 1990 оны 11 дүгээр сараас 2000 онуудад ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулсан болох нь нэхэмжлэгчийн 1609000059 дугаартай Баталгаажилтын хуудасны нотариатаар гэрчлүүлсэн хуулбараар /хх-ийн 15 дугаар тал/ тогтоогдож байна.
Б.О нь 1990 оны 4-6 дугаар сарыг дуустал, 1990 оны 11 дүгээр сараас 2000 оны хооронд ажил, хөдөлмөр эрхлээгүй буюу эрхлэх боломжгүй байсан гэх Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуульд заасан нөхцөл болзлыг ханган 1990 оны 4-6 дугаар сарыг дуустал, 1990 оны 11 дүгээр сараас 2000 онуудад ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулсан байх тул түүний тус шүүхэд гаргасан Ховд аймгийн Мөнххайрхан сумын Оч нэгдлийн Алаг бригадад 1990 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 6 дугаар сарын 30-ны өдрийг дуустал, 1990 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал тус тус малчнаар ажиллаж байсан байдлыг хэрэгсэхгүй болгож шийдэрлэв.
Хавтаст хэргийн 12, 13 дугаар хуудсанд авагдсан иргэн П.Самбуу, М.Отгон нарын тодорхойлолт нь хуульд заагаагүй, нотлох баримтыг гаргах, цуглуулах талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн байх тул дээрх баримтуудыг нотлох баримтанд үнэлээгүй болно.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Чойрд овогт Батмагнайгийн О /../-ийн Ховд аймгийн Мөнххайрхан сумын Оч нэгдлийн Алаг бригадад 1984 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 3 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 1990 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 10 дугаар сарын 31-ний өдрийг дуустал тус тус малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож, Ховд аймгийн Мөнххайрхан сумын Оч нэгдлийн Алаг бригадад 1990 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 6 дугаар сарын 30-ны өдрийг дуустал, 1990 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал тус тус малчнаар ажиллаж байсан байдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Б.Октябрийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ОЮУНЖАРГАЛ