Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 05 сарын 11 өдөр

Дугаар 2023/ШЦТ/382

 

        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Болортуяа даргалж,

Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Ганзаяа хөтлөн,

Улсын яллагч: Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Сэргэлэнбаатар,

Шүүгдэгч *** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн ***д холбогдох эрүүгийн 2205013630684 дугаартай хэргийг 2023 оны 5 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.             

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1995 оны 3 дугаар сарын 19-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, Радио телевизийн инженер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, ээж, ах, 8 настай охины хамт амьдардаг гэх, Чингэлтэй дүүргийн *** дугаар хороо, 2-р *** мянгат гудамж, *** дугаар байр, *** тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй боловч одоо Чингэлтэй дүүргийн *** дугаар хороо, *** тоотод түр оршин сууж байгаа, /РД:***/, урьд

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 377 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил хорих ял шийтгүүлж, уг ялыг эдэлж дууссан, ***.

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч *** 2022 оны 3 дугаар сарын 30-ны өдөр Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “***” үйлчилгээний газарт үйлчлүүлж байх үедээ “утасны цэнэг дуусчихлаа утсаа өгөөч нэг яриад өгье” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон хохирогч ***гийн эзэмшлийн “Самсунг Эс 21 ПИ” загварын 1,849,500 төгрөгийн үнэ бүхий гар утсыг өөртөө шилжүүлэн авч залилсан гэх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулжээ.

        ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүгдэгч ***ийг залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар: 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах, цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

1. Хохирогч ***гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 3 дугаар сарын 30-ны өдөр миний бие хөдөө явах гээд нэг унаа хүлээгээд Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах 10 дугаар хорооллын замын хойд талд байдаг *** гэх нэртэй пав орсон бөгөөд тухайн пав дотор байхдаа тэнд үйлчлүүлж байсан хоёр эрэгтэй хүнтэй танилцсан. Тухайн үедээ тэр хоёр хүнтэй танилцахад *** нөгөө нэг нь *** гэх хоёр 28 настай гэх залуу байсан бөгөөд бид нар тухайн газар ороод 3-4 ширхэг 0,5 литрийн пиво уугаад байж байсан. Тухайн үед би 00 өрөө ороод гараад ирье гэж хэлсэн чинь нөгөө хоёр залуугийн нэг нь болох өөрийгөө *** гэсэн залуу нь надаас гар утсаа өгч байгаач нэг хүнтэй яриад өгье гэж хэлээд өөрийнхөө гар утсыг унтарсан байна гэж хэлсэн. Би тухайн хүнд гар утсаа үлдээгээд 00 өрөө ороод ирсэн чинь хоёр залуугийн нэг нь болох *** гэх залуу нь сууж байсан. Би тэгээд нөгөө залуу чинь хаана байна гэж асуусан чинь гэртээ харина гэж хэлээд гараад явсан гэх зүйл надад хэлсэн. Би тухайн үед хамт байсан гэх найзтай нь цуг гараад хайсан чинь ойр орчим байхгүй байсан. Өөрийн утсандаа ашиглаж байсан дугаар болох *** дугаарт пабын эзэн гэх эмэгтэйн дугаараас залгасан чинь утас аваад чиний дугаарыг аваагүй гэж хариу хэлсэн. Би хариуд нь би өөрийнхөө дугаар луу яриад байна гэж хэлсэн чинь гар утас унтраасан бөгөөд ахин залгахад авахгүй байсан. Тухайн үед би хамт байсан гэх найзтай нь цуг байхдаа цагдаад дуудлага өгсөн. Цагдаа нар нөгөө найз гэх хүнийг нь аваад явсан. Би 2022 оны 3 дугаар сарын 07-ны өдөр Мобикомоос 1,470,000 төгрөг гээд 2 жилийн гэрээ байгуулаад авсан, буцаан төлөх нийт мөнгөн дүн нь нийт 2,470,000 төгрөг гэж гэрээ хийсэн. ...Миний хохирол гомдол барагдуулсан байгаа. Сая миний дансанд хийсэн. Одоо надад энэ хэрэг маргаантай холбоотой ямар нэг санал гомдол гэх зүйл байхгүй. Би хохирол нэхэмжиллээ барагдуулсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 33-35, 38-39 дэх тал),

2. Дамно ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний: “...Samsung s21 fe маркийн гар утас-1,849,500 төгрөг” гэх тайлан (хавтаст хэргийн 77-78 дахь тал),

3. Хохирогч ***гийн “2023 оны 3 дугаар сарын 29-нд хохирол барагдуулсан тул цаашид энэ хүнтэй маргаантай зүйл байхгүй. Миний бие цаашид шүүх хуралд өөрийн биеэр орох боломжгүй...” гэх хүсэлт (хавтаст хэргийн 135 дахь тал),

4. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх шүүгдэгчийн гаргасан хүсэлт (хавтаст хэргийн 136 дахь тал),

5. Шүүгдэгч ***ий мөрдөн шалгах ажиллагаанд сэжигтнээр өгсөн: “...Миний бие 2022 оны 3 дугаар сарын 30-ны өдөр Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах 10 дугаар хорооллын “***” гэх нэртэй лоунжид өөрийн найз болох ***тай хамт орсон. Тухайн газраа ороод бид нар хүний 7-8 ширхэг пиво аваад ууцгаасан бөгөөд нэг мэдсэн чинь манай хамт байсан найз маань нэг эмэгтэй хүнтэй хамт суусан байсан. Би нэлээд согтуу байсан бөгөөд тухайн хүнээс нь утсыг нь гуйгаад нэг хүнтэй ярихаар гарсан. ...утсаар ярьж байгаад нэлээд холдсон байсан. Тэгээд би утсыг нь аваад явсан бөгөөд тухайн үедээ 10 дугаар хорооллын Гүүд гээд ломбардад тэр утсыг нь 600,000 төгрөгөөр тавиад явсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 83-85 дахь тал),

Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Мөрдөн шалгах ажиллагааны шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэг өгөхгүй...” гэх мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ***ий хувийн байдалтай холбоотойгоор гэрч ***ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Миний хүү *** нь миний бага хүүхэд байгаа юм. Миний хүү нь багаасаа ээждээ халамж хайраар дүүргэж өссөн хүүхэд. Бага байхаасаа гэрийн ажил хийдэг, гэртээ их асаргаа, анхаарал сайтай хүүхэд бөгөөд миний хүү 73 дугаар дунд сургууль төгсөөд тэндээ байхдаа сургуулийн шигшээ багт хөл бөмбөг тоглодог, мөн урлагийн авьяас сайтай хүүхэд байсан. Сургуулиа төгсөөд Соёл урлагийн их сургуульд инженерийн ангид орж сурч байсан бөгөөд тэнд байхдаа нэг хүүхэнтэй танилцаад нэг жил орчим хамт бид нартай цуг байсан. Ингээд хүү маань нэг хүүхэдтэй болсон. Одоо охин нь 2 дугаар ангид 24 дүгээр сургуульд сурч байгаа. Миний хүүгийн эхнэр нь нэг жил хамт амьдарч байгаад гэнэт л бид нарыг хаяад явсан ба хүү маань надтай хамт өөрийн охиноо харж өсгөж байгаа. ...Би хохирогчтой уулзаад хохирол барагдуулсан. Хүү маань буруугаа хүлээсэн гэмшиж байгаа...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 130-131 дэх тал), оршин суугаа газрын тодорхойлолт (хавтаст хэргийн 100-101 дэх тал), Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга (хавтаст хэргийн 102-105 дахь тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 106 дахь тал), шийтгэх тогтоолын хуулбар (хавтаст хэргийн 108-117 дахь тал), иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар (хавтаст хэргийн 118 дахь тал), оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагааны хуулбар (хавтаст хэргийн 119 дэх тал), үл хөдлөх эд хөрөнгөгүй тухай лавлагааны хуулбар (хавтаст хэргийн 121 дэх тал), гэрлэсний бүртгэлгүй лавлагааны хуулбар (хавтаст хэргийн 122 дахь тал) зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ.                    

Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт:

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.

Хэрэгт авагдсан, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх баримтуудаар хэргийн үйл баримтыг тогтооход шүүгдэгч *** 2022 оны 3 дугаар сарын 30-ны өдөр Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “***” үйлчилгээний газарт үйлчлүүлж байх үедээ хохирогч ***г “утасны цэнэг дуусчихлаа утсаа өгөөч нэг яриад өгье” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон түүний эзэмшлийн “Самсунг Эс 21 ПИ” загварын гар утсыг нь авсан, улмаар буцаан өгөлгүй, цааш ломбардад тавьж, өөрийн өмчийн адил захиран зарцуулж, хохирогчид 1,849,500 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учруулсан байна.

Энэ нь хохирогч ***гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, Дамно ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан болон шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлж байгаа агуулгын хувьд харилцан зөрүүгүй, нэг нь нөгөөгөө нотолсон нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Шүүгдэгч ***ий дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бусдыг төөрөгдөлд оруулж, ...эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг ...шилжүүлэн авсан” гэмт хэргийн шинжийг хангасан, шууд санаатай, шунахай сэдэлттэй болно.

Иймд прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хууль зүйн үндэслэлтэй, залилах гэмт хэргийн үндсэн шинжийг бүрэн хангасан байх тул шүүгдэгч ***ийг “Залилах гэмт хэрэг буюу хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бусдыг төөрөгдөлд оруулж, ...эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.   

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

Шүүгдэгч *** нь залилах гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.1-д зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэх үндэслэлтэй.

Шүүгдэгч *** нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байна. (хавтаст хэргийн 136 дахь тал)

Уг хүсэлтийн дагуу прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган (хавтаст хэргийн 137-138 дахь тал), яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл хангагдсан гэж дүгнэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 350 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналыг ***д танилцуулсныг тэрээр хүлээн зөвшөөрсөн бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй гэж үзнэ.

Иймд шүүгдэгч ***ий хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн шинж, хохирлыг төлсөн байдал, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал болон талуудын ял тохиролцсон нөхцөлийг харгалзаж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 350 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солино” гэж заасан тул шүүгдэгч *** нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлэх үүрэгтэйг сануулж, биелүүлээгүй бол хорих ялаар солих болохыг тайлбарлаж байна.

Гурав. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг, бусад асуудлын талаар:

Гэмт хэргийн улмаас хохирогч ***д 1,849,500 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учирсан бөгөөд хавтас хэргийн 135 дахь талд хохирогч нь “...өөрт учирсан хохирлыг бүрэн барагдуулсан, гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх хүсэлтийг гаргасан байх тул энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч ***ээс гаргуулах хохирол төлбөргүй гэж үзэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, шүүгдэгч *** нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч ***д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ***ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг ...шилжүүлэн авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***д 350 /гурван зуун тавь/-н цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.  

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч ***д мэдэгдсүгэй.

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, шүүгдэгч *** нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч *** нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

6. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7. Дээр дурдсан үндэслэлээр шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 С.БОЛОРТУЯА