| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сайнбаярын Оюунжаргал |
| Хэргийн индекс | 153/2019/00405/И |
| Дугаар | 00471 |
| Огноо | 2019-09-04 |
| Маргааны төрөл | Нөхөх олговор, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2019 оны 09 сарын 04 өдөр
Дугаар 00471
| 2019 оны 10 сарын 04 өдөр | Дугаар 153/ШШ2019/00471 | Жаргалант сум |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар,
нэхэмжлэгч: Ховд аймгийн Ховд сумын Дунд ус багт оршин суух, Жантекей овогт Ш-н Х /.../-ийн нэхэмжлэлтэй,
нөхөх олговор 80,000,000 /наян сая/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2019 оны 8 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, 2019 оны 8 дугаар сарын 16-ны өдөр 153/2019/00405/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Мөнхцоож, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Хурманхан, прокурор Ш.Сувд-Эрдэнэ нар оролцлоо.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ш.Х шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Хурманхан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:....Миний аав Ш.Хгийн аав Хуанган нь 1938 онд хэлмэгдсэн. Тухайн үед Хуанган нь 3 хүүхэд байсан. 2 охин, 1 эрэгтэй хүүхэдтэй байсан. 2 охины нэг Ш.Билман нь 2002 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр нас барсан. Охин Ш.Жамал нь 2009 оны 8 дугаар сарын 25-ны өдөр нас барсан. Одоо С.Хуанган гэдэг хүнээс үлдсэн ганц хүүхэд нь миний аав Х байгаа юм. Хэлмэгдсэн өвөө маань дүүтэйгээ хамт хэлмэгдсэн. Нэг айлын хүмүүс байсан. Үлдсэн 2 дүү нь цагаатгаагүй. Миний аавын аав болох С.Хуанганыг 1991 онд цагаатсан, цагаатсан гэрчилгээг нь 1998 онд өгсөн. Садан төрлийг нь 1999 онд тогтоож байсан. Би түүнийг мэдээгүй байсан бөгөөд миний нэг ах 1,000,000 төгрөг авсан байсан. Аав минь 2 нүд нь хараа муутай учраас би итгэмжлэлээр орж байна. Одоо улсаас хэлмэгдэгсдийн хүүхдүүдэд нэг удаагийн нөхөн олговор 80,000,000 төгрөг өгөх шийдвэр гарсан учраас 80,000,000 төгрөгийг Ш.Хд олгож өгнө үү....Тухайн үеийн нарийн бичгийн дарга нь монгол хүмүүс байсан бөгөөд казак хүмүүсийн нэрийг янз янзаар бичдэг байсан. Хажнави, Х гээд янз янз бичсэн байгаа. Уг нь миний аав Х 1936 онд төрсөн боловч сүүлд 1938 он гэж бичсэн байсан....Аавын эгч Ш.Билман нь 2002 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр нас барсан. Нэг эгч Ш.Жамал нь 2009 оны 8 дугаар сарын 25-ны өдөр нас барсан....Аавын эхийг нь Булганбай гэдэг хүн байсан. 1975 онд нас барсан....Тухайн үеийн иргэний үнэмлэх дээрх нэрээр буюу Хажнаби гэж байгаа гээд нэрийг нь үсэглэж хэлээд сүүлд цахим иргэний үнэмлэх авахад нэрийг нь одоогийн бичлэгээр Х гэж бичигдсэн байгаа....Шакиртай нь миний аав Хгийн хойд эцэг нь байгаа юм. 1956 онд эмээтэй суусан. 1973 онд хойд эцэг нь нас барсан. Садан төрлийн холбоо тогтоолгосноос хойш төрсөн эцгийн нэрээр нь буюу Хуанганаар солиулах гэсэн боловч бүх бичиг баримт нь солигдоно. Мөн бид нарын бичиг баримт солигдох болчихоод эцгийнхэн нэрийг бичиг баримт дээр нь солиогүй юм. Мөн аав маань гавъяат цолтой. Энэ үнэмлэх нь мөн солигдох учраас солиогүй юм....гэв.
Прокурор Ш.Сувд-Эрдэнэ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ш.Хгийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн шүүх хуралдаанд садан төрлийн холбоо тогтоох шүүх хурлаас эхлээд би оролцож байсан. Х нь Хуанганы төрсөн хүүхэд нь мөн болохыг тогтоосон шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр байгаа учраас нэхэмжлэгч Хд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж 80,000,000 төгрөг гаргуулж өгөх нь зүйтэй байна гэж үзэж байна....Хэрэгт авагдсан баримтуудыг үндэслэж Ш.Хд нөхөн олговор 80,000,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгох саналтай байна....гэв.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ш.Х нь цагаатгалын нөхөн олговор 80,000,000 /наян сая/ төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хэлмэгдэгч Сулеймен /Сүлеймен/-ий Хуанган /Хуваанга/ нь улс төрийн хэрэгт холбогдуулан 1938 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн Онцгой бүрэн эрхт комиссын 35 дугаар хурлын тогтоолоор дээд хэмжээгээр шийтгэгдэн цагаатгагдсан болох нь БНМАУ-ын Дээд шүүхийн 1991 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 190 дугаартай магадлалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Улсын аюулгүй байдлыг хангах газрын тусгай архивын 1999 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 10/1946 тоот архивын лавлагааны нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 5058 дугаартай цагаатгалын гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, нэхэмжлэгчийн итэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр тус тус нотлогдож байна. /хх-ийн 35, 36, 37-38 дугаар тал/
Нэхэмжлэгч Ш.Х /Хажнави/ нь хэлмэгдэгч Сулеймений Хуанганы төрсөн хүүхэд мөн болох нь Ховд аймаг дахь сум дундын нэгдүгээр шүүхийн 1999 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 464 дугаартай шийдвэрийн хуулбараар тогтоогдлоо. /хх-ийн 5-6 дугаар тал/
Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.3-т зааснаар нэхэмжлэгч Ш.Х нь нэхэмжлэл гаргах эрхтэй байна.
Монгол Улсын Засгийн газрын 1998 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн 21 дүгээр тогтоолоор баталсан Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн биелэлтийг зохион байгуулах журмын 9 дүгээрт энэ журмын гуравт заасан баримт бичгийг бүрдүүлсэн этгээд энэ тухайгаа аймаг, нийслэлийн Цагаатгалын салбар комисст бүртгүүлнэ. Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах Улсын комисс нөхөх олговор гаргуулахаар нэхэмжлэл гаргах гэж буй этгээдийн нэрийг тус Комиссоос зохих журмын дагуу сонгон шалгаруулсан сонинд сар бүр зарлана гэж заасны дагуу Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссоос Зууны мэдээ сонины 2019 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн №135 /6102/ дугаарт нөхөх олговрын нэхэмжлэлээ бүрдүүлсэн иргэдийн нэрсийн жагсаалтанд нэхэмжлэгч Ш.Хгийн нэрийг зарлаж, нөхөх олговрын хэмжээг 80,000,000 төгрөг гэж нийтэд мэдээлснээс хойш 30 хоногийн дараа буюу 2019 оны 8 дугаар сарын 09-ний өдөр тус шүүхэд нэхэмжлэлээ гаргасан байна. /хх-ийн 4 дүгээр тал/
Иймд Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.1-д зааснаар улсын төсвөөс 80,000,000 /наян сая/ төгрөгийг гаргуулан Жантекей овогт Шакиртбайн Хд олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж, нэхэмжлэгчийн 2019 оны 8 дугаар сарын 09-ний өдөр Төрийн сангийн 100160000945 дугаартай дансанд төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулан нэхэмжлэгч Ш.Хд олгохоор тогтлоо.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.1-д зааснаар улсын төсвөөс 80,000,000 /наян сая/ төгрөгийг гаргуулан Жантекей овогт Шакиртбайн Х /ПЛ38041315/-д олгосгуай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Ш.Хгийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулан нэхэмжлэгч Ш.Хд олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ОЮУНЖАРГАЛ