Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 12 сарын 17 өдөр

Дугаар 1249

 

Б.Д-д холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Очмандах даргалж, шүүгч С.Соёмбо-Эрдэнэ, Д.Мягмаржав нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Д.Мөнхцэцэг,

шүүгдэгч Б.Дын өмгөөлөгч Л.Энх-Амгалан,

нарийн бичгийн дарга Б.Халиунгоо нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Алтанцэцэг даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 1587 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Дын өмгөөлөгч Л.Энх-Амгалангийн гаргасан давж заалдах гомдлоор Б.Дод холбогдох эрүүгийн 1906049111967 дугаартай хэргийг 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Мягмаржавын илтгэснээр хянан хэлэлцэв.

.......... овгийн ...................., 1982 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо, Шар хадны 13 дугаар гудамжны 243 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:....................../;

 

Б.Д нь 2019 оны 8 дугаар сарын 21-ний өдөр Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо, Шар хадны 13-263 тоотод Б.Хонгорзулыг хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Б.Дын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

            Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: .................... овгийн ................... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Дыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Б.Дод оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг хуулийн хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, Б.Д нь цагдан хоригдсон хоноггүй, баримтаар бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж, Б.Дод урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Б.Дын өмгөөлөгч Л.Энх-Амгалан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Шүүгдэгч Б.Д нь хохирогч Б.Хонгорзулыг хувийн таарамжгүй харьцааны улмаас хацарт нь 2 удаа алгадсаны улмаас үүдэн 2 шүд ирмэгээрээ эмтрэх боломжгүй, нотлогдоогүй үйлдэлд Эрүүгийн хэргийн журмаар биш Зөрчил хянан шийдвэрлэх хуулиар шийдвэрлэх зөрчил гэж үзэж байна. Учир нь Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 10145 дугаар шинжээчийн дүгнэлтэд “Б.Хонгорзулын биед зовхины цус хуралт, шүдний эмтрэл гэмтэл тогтоогдлоо” гэсэн нь үндэслэлгүй худал болох нь дараах байдлаар тогтоогдож байна. Б.Хонгорзулын үүдэн 2 шүдэнд шүүгдэгч гараараа цохисон бол шүдний эргэн тойрон ам, уруул дотор арьс, салст зулгаралт, шалбархай, цус хуралт гэмтлүүд заавал үүсэх ёстой. Энэ нь шүүх эмнэлгийн шинжлэх ухааны онол, практикаар батлагдсан нотолгоо юм. Гэтэл Б.Хонгорзулын уруул, аманд дээрх гэмтлүүд үүсээгүй, шүүх эмнэлгийн үзлэг, дүгнэлтээр тогтоогдоогүй байгаа нь худал болохыг батлаж байна. Б.Д шүүхийн хэлэлцүүлэгт “би 2 удаа алгадсан, хохирогчийн шүд намайг алгадсанаас болж эмтрээгүй, шүдэнд нь цохисон бол гарт гэмтэл үүсэх боломжтой, гэмтэл үүсээгүй” гэж мэдүүлсэн нь үнэн юм. Прокурорын яллах дүгнэлтэд “нүүрний баруун тал руу гараараа цохисон, налаад унасан, тэгсэн чинь нүүр рүү 2-3 удаа цохисон” гэсэн дүгнэлт болон шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч хохирогчийн хацар руу 2 удаа алгадсанаас үүдэн 2 шүд нь эмтрэх боломжтой гэж ялласан үндэслэлгүй. Шүүх эмнэлгийн онол, практикаар батлагдаагүй худал үндэслэлээр ялласан нь тогтоогдож байна. Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх, шүүх хуралдаанаараа хохирогчийн нүүрэнд шүүгдэгч 2 удаа алгадсанаас хохирогчийн үүдэн 2 шүд ингэж эмтэрдэг гэж тогтоож чадаагүй хууль зөрчин, хууль бус шийтгэх тогтоол гарсан. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй. Иймд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 1587 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү.” гэв.

Прокурор Д.Мөнхцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Шинжээчийн дүгнэлтийг үндэслэлгүй гэж бодохгүй байна. Би хохирогч Б.Хонгорзултай уулзахад хохирогчийн шүд эмтрээд зай гарчихсан байсан. Прокурорын зүгээс анхан шатны шүүхийн шийдвэрийг үндэслэлтэй гэж үзэж байна. Тиймээс давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх гомдлыг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг давж заалдсан гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

 

Хэргийг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.

 

Б.Д нь 2019 оны 8 дугаар сарын 21-ний өдөр Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо, Шар хадны 13-263 тоотод Б.Хонгорзулыг хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь:

 

хохирогч Б.Хонгорзулын “...намайг унтаж байхад авга ах Б.Д орж ирээд манай гэрийн тавилганаас зөөлцөөд өгөөч гэсэн. Тэгэхээр нь би босоод зөөлцсөн. Тэгсэн чинь Б.Д ах “чи наадхаа зурлаа эвтэйхэн зөөгөөч” гээд уурлаад байсан. Чи өөдөөс юундаа ярвайгаад байгаа юм, наадахаа боль гээд уурлаад байсан. Тэгэхээр нь би “үгүй ээ ахаа би ядраад байна, нойр муутай хоносон” гэсэн чинь “чиний наад ядрах чинь чиний асуудал, ажил хийж байгаа гээд томроод байгаа юм уу” гээд миний нүүрний баруун тал руу гараараа цохисон. Тэгээд би хойшоо гэрийн тавилга налаад унасан. Тэгсэн чинь нүүр рүү 2, 3 удаа цохисон. Тэгэхээр нь би уурлаад “та одоо яаж байгаа юм бэ, би ажил төрөл хийдэг шүү дээ, одоо би хүүхэд биш шүү дээ” гэсэн чинь Б.Д ах “чи одоо юу гээд хуцаад байгаа юм бэ” гээд буцаж ирээд миний баруун талын нүд рүү цохисон. Миний нүүр өвдөөд толгой манараад явчихсан. Миний үснээс чирээд “одоо чи зайл, амиа хорлоод үхээрэй за юу” гээд байсан. ...Миний үүдэн шүд эмтэрсэн, баруун талын нүд хөндүүртэй хавдчихсан байна. ...” гэх мэдүүлэг /хх 4-5/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 10145 дугаартай “Б.Хонгорзулын биед зовхины цус хуралт, шүдний эмтрэл гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх ба хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт /хх 14/,

 

хохирогч Б.Хонгорзулын хүсэлт, хохирлын мөнгө хүлээн авсан баримт /хх 61-62/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогджээ.

 

            Анхан шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасанд нийцсэн байна.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.” гэсний дагуу анхан шатны шүүхийн шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, мэдүүлэг, дүгнэлт, шинжлэн судалсан бусад нотлох баримтад тулгуурлаж, шүүгдэгч Б.Дыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

 

            Шүүгдэгч Б.Дын иргэн Б.Хонгорзулыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй.

 

            Шүүгдэгч Б.Дын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан үзэж, түүнд Эрүүгийн хуулийн тухайн зүйлд зааснаар 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулсан нь тохирсон байна.

Шүүгдэгч Б.Дын өмгөөлөгч Л.Энх-Амгалан “...Б.Хонгорзулын үүдэн 2 шүдэнд шүүгдэгч гараараа цохисон бол шүдний эргэн тойрон ам, уруул дотор арьс, салст зулгаралт, шалбархай, цус хуралт гэмтлүүд заавал үүсэх ёстой. Гэтэл Б.Хонгорзулын уруул, аманд дээрх гэмтлүүд үүсээгүй, шүүх эмнэлгийн үзлэг, дүгнэлтээр тогтоогдоогүй байгаа нь худал болохыг батлаж байна. ...хохирогчийн нүүрэнд шүүгдэгч 2 удаа алгадсанаас хохирогчийн үүдэн 2 шүд ингэж эмтэрдэг гэж тогтоож чадаагүй.” гэсэн давж заалдах гомдлыг гаргажээ.

Хохирогч Б.Хонгорзул мөрдөн байцаалтын шатанд болсон хэргийн талаар тодорхой мэдүүлсэн /хх 4-5/ байх бөгөөд түүнд учирсан гэмтлийг тусгай мэдлэг бүхий шинжээч эмчийн дүгнэлтээр /хх 14/ тогтоожээ.

 

Иймд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 1587 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Дын өмгөөлөгч Л.Энх-Амгалангийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 1587 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Дын өмгөөлөгч Л.Энх-Амгалангийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

 

 ДАРГАЛАГЧ,

                         ШҮҮГЧ                                                        Д.ОЧМАНДАХ

 

 ШҮҮГЧ                                                        С.СОЁМБО-ЭРДЭНЭ

 

 ШҮҮГЧ                                                        Д.МЯГМАРЖАВ