Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 02 сарын 11 өдөр

Дугаар 118/ШШ2022/0008

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд-Очир даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Содномын Мөнхжаргал,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ганболдын Цэвэлсүрэн

Хариуцагч: Завхан аймгийн Төрийн аудитын газар

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Пүүжмаа

Хариуцагч Төрийн аудитын газрын 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 01/01/ЗАА-2020/196/СТА-ТШ3 дугаар Зөрчил арилгуулах тухай албан шаардлагыг илт хууль бус акт болохыг тогтоолгох шаардлага бүхий маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Цэвэлсүрэн онлайнаар, хариуцагч Завхан аймгийн Төрийн аудитын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Пүүжмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Алтанзул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч С.Мөнхжаргал нь Завхан аймгийн Төрийн аудитын газрын 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 01/01/ЗАА-2020/196/СТА-ТШ3 дугаар Зөрчил арилгуулах тухай албан шаардлагыг илт хууль бус акт болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

2. Нэхэмжлэгч С.Мөнхжаргал шүүхэд гаргасан нэхэмжлэл, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Завхан аймгийн Төрийн аудитын газраас 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 01/01/ЗАА-2020/196/СТА-ТШЗ дугаар Зөрчил арилгуулах тухай албан шаардлагыг гаргасан байна. Уг албан шаардлагаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны шийдвэр болон Завхан аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн Зохигчид эвлэрэн хэлэлцсэнийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай" захирамжаар дээрх албан хаагчид олгосон 9.588.316 төгрөгийн төрд учирсан хохирлыг гэм буруутай албан хаагчаар буцаан төлүүлэх арга хэмжээ авч ажиллахыг шаардсан байна. Монгол Улсын Ерөнхий Аудиторын 2016 оны А/95 дугаар тушаалаар баталсан Төрийн аудитын байгууллагын акт тогтоох, албан шаардлага өгөхөд баримтлах журмын 4.2.1-д заасан албан шаардлагад тавигдах стандартыг зөрчиж албан шаардлагыг Соёл урлагийн их сургуулийн дотоод аудитор С.Мөнхжаргал надад хариуцуулсан нь зөрчилтэй болжээ. Монгол Улсын Ерөнхий Аудиторын 2016 оны А/95 дугаар тушаалаар баталсан Төрийн аудитын байгууллагын акт тогтоох, албан шаардлага өгөхөд баримтлах журмын 4.2.1-д Албан шаардлага өгөхөд дараах нийтлэг үндэслэлийг харгалзана. Үүнд: 4.2.1.1 Нягтлан бодох бүртгэлийг холбогдох стандарт, хууль тогтоомжийн дагуу зохих ёсоор хөтөлж, баталгаажуулаагүй, 4.2.1.2 хөрөнгийн тооллогыг холбогдох хууль, тогтоомжид заасны дагуу хийгээгүй, баримтжуулаагүй, баталгаажуулаагүй, 4.2.1.3 өмч, хөрөнгийг бусдад зүй бусаар ашиглуулсан, 4.2.1.4 төсвийн хөрөнгийг үр ашиггүй зарцуулсан, зах зээлийн үнээс өндөр үнэтэй эсвэл шаардлагагүй хөрөнгө олж бэлтгэсэн, 4.2.1.5 төсвийн орлого, зарлагыг буруу тооцоолсон, төсөвт зардлыг хэтрүүлсэн, 4.2.1.6 төсвийг зориулалт бусаар зарцуулсан, 4.2.1.7 авлага, өглөгийг тооцоо нийлж баталгаажуулаагүй, 4.2.1.8 байгуулсан гэрээ, хэлцэл, холбогдох дүрэм, журмыг баримтлаагүй, 4.2.1.9 Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль тогтоомж зөрчсөн нь энэ журмын 4.2.3-т заасан нөхцөл үүсээгүй бол, 4.2.1.10 аудитаар илэрсэн алдаа, зөрчил, түүнийг арилгахаар өгсөн зөвлөмжийг хугацаанд нь хэрэгжүүлээгүй бол, 4.2.1.11 хууль тогтоомж, гэрээ, хэлцэл зөрчсөн алдаа, зөрчлийг таслан зогсоож, давтан гаргуулахгүй байх үр нөлөөтэй гэж үзсэн бусад нөхцөл байдал гэж тус тус заасан. Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургаадугаар зүйлийн 14-т ... Гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож үл болно, Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5-д Энэ хуулийн 498.1, 498.2, 498.4-т заасан этгээд өөрийн шууд санаатай буюу илтэд болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан бол гэм хорыг арилгасан байгууллага өөрт учирсан хохирлыг тухайн гэм буруутай этгээдээс шаардаж гаргуулах эрхтэй гэж тус тус зааснаар шууд санаатай буюу илтэд болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан гэм буруутайг тогтоосон шүүхийн шийдвэр гаргаагүй байхад буцаан төлүүлэх арга хэмжээ авч ажиллах боломжгүй байна. Захиргааны ерөнхий хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д Төрийн албаны тухай хуулийн 4.2.7, Иргэний хуулийн 498.2-т заасны дагуу захиргааны байгууллагын гаргасан алдааны улмаас учруулсан хохирлыг төр хариуцна гэж заасныг зөрчиж гэм буруутай албан хаагчаар буцаан төлүүлэх арга хэмжээ авч ажиллахыг даалгасан хуулийн заалтад нийцэхгүй байна. Төрийн аудитын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-д Шалгагдагч этгээд төсөв, санхүү, нягтлан бодох бүртгэлийн ажиллагаа болон төсвийн орлого бүрдүүлэх, зарцуулах, хадгалах, хамгаалахтай холбоотой хууль тогтоомж, захиргааны хэм хэмжээний болон бусад эрх зүйн акт зөрчсөн бол төлбөрийн акт тогтооно. Монгол Улсын Ерөнхий аудиторын 2020 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн А/95 дугаар тушаалаар баталсан Албан шаардлага өгөх, төлбөрийн акт тогтоох журам-ын 4.2.3-т Төлбөрийн акт тогтооход дараах нийтлэг үндэслэлийг харгалзана, 4.2.3.8-д Төрийн аудитын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т заасан бусад нөхцөл байдал үүссэн гэж заасныг тус тус баримталсан байна. Төсвийн тухай хуулийн 5 дугаар зүйлд төсвийн зарчмыг, 6 дугаар зүйлд Тэдгээр зарчмыг хэрэгжүүлэх арга хэмжээний төрлийг тус тус зохицуулсан ба санхүү, төсвийн зохистой удирдлагыг хэрэгжүүлэх, төсвийг үр ашигтай, хэмнэлттэй байхаар төлөвлөж, зарцуулах агуулга бүхий тус хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.3, 6 дугаар зүйлийн 6.4.1 дэх заалтууд нь төсвийг үр ашигтай, хэмнэлттэй төлөвлөх, зарцуулахдаа батлагдсан хэмжээнээс хэтрүүлэхгүй байх шаардлагад нийцсэн байх агуулгатай, Боловсролын тухай хуулийн 33.2-т Захирал, эрхлэгч нь сургуулийн өмнөх боловсролын тухай, Бага дунд боловсролын тухай, Дээд боловсролын тухай болон Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуульд заасан эрх, үүргийг хэрэгжүүлнэ", Дээд боловсролын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3-т "Захирал нь энэ хуулийн 12 дугаар үйл ажиллагаа удирдаж, томилсон этгээдийн өмнө ажлаа тайлагнана, Хөдөлмөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д Ажил олгогч нь хууль тогтоомжид нийцүүлэн хөдөлмөрийн дотоод журам баталж мөрдүүлэх, ажилтнаас хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг шаардах, энэ хуульд заасны дагуу хариуцлага хүлээлгэх эрхтэй гэж тус тус хуульчилсан эрх хэмжээний хүрээнд ажилтан М.Алтанцэцэг болон Ц.Норовсүрэн нарт холбогдуулан ажлаас халах сахилгын шийтгэл оногдуулсан тушаал гаргаж ажилласан нь хууль зөрчөөгүй байна. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.4, 47.1.5, 47.1.7-д тус тус зааснаар бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжгүй дээрх захиргааны акт илт хууль бус акт нь гаргасан цагаасаа эрх зүйн үйлчлэлгүй юм. Дээрх заалтууд нь манай сургууль болон Ч.Алтанцэцэг, Ц.Норовсүрэн нарт болон нийтийн эрх зүйн аль ч салбарт бодит нөхцөл байдалд тохирохгүй үүрэг ногдуулж болох гэсэн эрх зүйн үндсэн зарчимд нийцээгүй байна. Манай сургуулийн гаргасан үйл ажиллагаа холбогдох хууль тогтоомжуудад нийцүүлэн тушаал, шийдвэрээ гаргасан нь хууль зөрчсөн үйлдэл биш байхад хууль зөрчсөн гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй юм. Аудитын байгууллага ч өмнө нь жил бүр тэдгээрийн санхүүгийн тайланг шалгасаар ирсэн ба мөрдөж буй хууль эрх зүйн орчинд нь өөрчлөлт ороогүй байтал гэнэт энэ жил ийнхүү эрс өөр шаардлага тавьж байгаа дээрх дүгнэлтийг хийхэд хүргэж, хууль ёсыг гажуудуулж байгаа юм биш байгаа гэж итгэл алдрахад хүргэж байна. Иймээс Завхан аймаг дахь Төрийн аудитын газрын 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 01/01/ЗАА-2020/196/СТА-ТШЗ дугаар Зөрчил арилгуулах тухай албан шаардлагыг биелүүлэх боломжгүй, зөвшөөрөхгүй байх тул дээрх албан шаардлагыг хүчингүй болгож өгнө үү. Жич: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д Захиргааны байгууллагын гаргасан захиргааны акт, байгуулсан захиргааны гэрээ илт хууль бус болох, эрх зүйн харилцаа байгаа эсэхийг тогтоох болон захиргааны хэм хэмжээний акттай холбоотой нэхэмжлэлд энэ хуулийн 14.1-14.4-т заасан хугацаа үл хамаарна гэж заасан гэжээ.

3. Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: Соёл урлагийн Их Сургуулийн дотоод аудитор С.Мөнхжаргалын шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцаад дараах хариу тайлбарыг гаргаж байна. Төрийн аудитын байгууллага Төрийн аудитын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1, 18 дугаар зүйлийн 18.2-д заасан бүрэн эрхийн хүрээнд, Төсвийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.9.8-д заасан цагалбарт хугацаанд 2018 оны санхүүгийн тайлангийн аудитыг хийж гүйцэтгэсэн. Завхан аймаг дахь Төрийн аудитын газраас Соёл урлагийн Их Сургуулийн харьяа Завхан аймаг дахь Хөгжим бүжгийн коллежийн 2018 оны жилийн эцсийн санхүүгийн тайлан баталгаажуулах аудитаар "ажлаас үндэслэлгүй халагдсан тус коллежийн захирлаар ажиллаж байсан М.Алтанцэцэг, сургалтын албаны менежерээр ажиллаж байсан Ц.Норовсүрэн нарт олгосон 9.588.316 төгрөгийн нөхөн олговор олгохдоо төсвийг зориулалт бусаар зарцуулсан зөрчилд албан шаардлага өгсөн. Нэхэмжлэгч нь Завхан аймаг дахь Төрийн аудитын газраас 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 01/01/ЗАА-2020/196/CTA-TШ3 дугаар Зөрчил арилгуулах тухай албан шаардлагыг илт хууль бус болохыг тогтоолгох тухай" гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон байна. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д захиргааны актыг илт хууль бус болох тохиолдлыг заасан бөгөөд 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 01/01/ЗАА-2020/196/СТА-ТШ3 дугаар Зөрчил арилгуулах тухай албан шаардлага нь илт хууль бус гэдэгт хамаарахгүй гэж үзэж байна. Захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйлийн 103.2-т "Энэ хуулийн 103.1-д заасан гэм буруутай албан тушаалтнаа хохирлыг төлүүлэх үүргийг тухай захиргааны байгууллагын дээд шатны байгууллагын дотоод аудитын нэгж хариуцна гэж заасны дагуу Завхан аймаг дахь Төрийн аудитын газрын 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 01/01/ЗАА-2020/196/СТА-ТШЗ дугаар Зөрчил арилгуулах тухай албан шаардлагыг Соёл урлагийн их сургуулийн дотоод аудитор хэрэгжүүлж ажиллах ёстой байна. Иймд СУИС-ийн дотоод аудитор С.Мөнхжаргалын шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Завхан аймаг дахь Төрийн аудитын газрын 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 01/01/ЗАА-2020/196/СТА-ТШЗ дугаар албан шаардлагыг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, аудитор Д.Пүүжмаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Төрийн аудитын байгууллагаас 2020 оны 01 дүгээр сарын 07-нд өгсөн Соёл урлагийн Их Сургуулийн дотоод аудитор С.Мөнхжаргалд хариуцуулсан албан шаардлага дээрх тайлбарууд дээр Монгол Улсын ерөнхий аудиторын А/95 дугаар тушаалаар баталсан Төрийн аудитын байгууллагын акт тогтоох албан шаардлага өгөхөд баримтлах журмын 4.2.1-д заасан албан шаардлага өгөх үндэслэлүүд дээр 4.2.1-4.2.9 хүртэл бүгд дээр нь албан шаардлагыг өгөх талаар заасан байгаа. Энэ хүний хэлээд байгаа Захиргааны ерөнхий хуулийн 101.1 гэсэн заалтууд албан шаардлага өгөхтэй огт хамааралгүй. Төрийн аудитын тухай хуулийн 36 дугаар зүйлд заасны дагуу манайх Захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйлийн 103.1, 103.2-т заасны дагуу иргэн, хуулийн этгээдийн төрд учруулсан хохирлыг барагдуулсны улмаас өөрт учирсан хохирлыг захиргааны байгууллага Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5-д заасны дагуу гэм буруутай албан тушаалтнаар нь буцаан төлүүлнэ гэж Захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйлийн 103.1-д заагаад, 103.2-т энэ хуулийн 103.2-т заасны дагуу дээд шатны байгууллагын дотоод аудитын нэгж нь, нэгж байхгүй бол гэм буруутай албан тушаалтан хохирлыг төлүүлэх үүргийг төрийн аудитын байгууллага нь хариуцна. 103.2-т энэ хуулийн 103.1-д заасан гэм буруутай албан тушаалтнаар хохирлыг төлүүлэх үүргийг тухайн захиргааны байгууллагын дээд шатны байгууллагын дотоод аудитын нэгж нь хариуцна гэж заасан байгаа. Тэгэхээр С.Мөнхжаргал гэдэг хүний ойлголтоор өөрөө төлөх юм шиг нэхэмжлэл гаргасан байна гэж үзэж байна. Тухайн дотоод аудитор өөрөө төлөх юм шиг гарч байгаа болохоос тухайн байгууллагын төрд учруулсан хохирлыг М.Алтанцэцэг захирал, Ц.Норовсүрэн сургалтын менежер хоёрыг хэн буруутай этгээд халсан түүгээр нь төлүүлэх үүргийг С.Мөнхжаргалд хариуцуулсан болохоос С.Мөнхжаргал төлнө гэж албан шаардлага гаргаагүй. Тэгэхээр С.Мөнхжаргал албан шаардлагыг буруу ойлгосон байна. Өөрийнх нь хэлж байгаа хуулийн заалтууд манай албан шаардлагатай ерөөсөө нийцэхгүй байна гэж үзэж байна гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч С.Мөнхжаргал нь Завхан аймаг дахь Төрийн аудитын газрын 01/01/ЗАА-2020/196/СТА-ТШ3 дугаар Зөрчил арилгуулах тухай албан шаардлагыг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.4, 47.1.5, 47.1.7 дахь заалтад заасан үндэслэлүүдээр илт хууль бус акт болохыг тогтоолгох нэхэмжлэл гаргажээ.

2. С.Мөнхжаргалын нэхэмжлэлтэй захиргааны хэргийн шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Цэвэлсүрэн цахимаар оролцсон ба шүүх хуралдаан даргалагчийг танилцуулж, татгалзан гаргах эрхтэйг тайлбарлаж, шүүх хуралдааны хэлэлцүүлэг эхлэхээс өмнө хэрэг хянан шийдвэрлэхтэй холбоотой бусад асуудлын талаар хүсэлт гаргах эрхийг дурдаж, шүүгчээс татгалзах хүсэлт гараагүй тул хэргийг хэлэлцэж эхэлсэн ба шүүх хуралдааны мэтгэлцээний явцад шүүх хуралдаан даргалагчаас татгалзаж байна гээд өөрийн цахим төхөөрөмжөө салгаж шүүх хуралдааны дэг, нийтлэг журмыг зөрчиж, шүүх хуралдааныг тодорхойгүй байдлаар орхиж гарсан болно.

2.1 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1-д Шүүх хуралдаан даргалагчийг зарлан,... шүүх хуралдааны нарийн бичгийн даргыг танилцуулж, тэдгээрийг татгалзан гаргах эрхтэйг тайлбарлана, 94.2-т Татгалзан гаргах хүсэлтийг энэ хуулийн 85 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэнэ, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 85 дугаар зүйлийн 85.1-д энэ хуулийн 84.1-д заасан үндэслэлээр шүүгчийг татгалзан гаргах хүсэлтийг хэргийн оролцогчийн төлөөлөгч гаргаж болно гэж заасан ба ингэхдээ тус хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1 дэх хэсэгт заасны дагуу шүүгчийг татгалзан гаргах эрхтэйг тайлбарлах үед хүсэлтээ гаргахаар байна.

2.2 Шүүх хуралдаан даргалагч шүүх хуралдааны нарийн бичгийн даргыг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчтэй утсаар холбогдож шүүх хуралдаанд холбогдох, шүүх хуралдааны дэг, журмыг баримтлах, шүүгчээс татгалзах үндэслэл бүхий хүсэлтээ шүүх хуралдаанд гаргахыг хэлүүлсэн боловч шүүх хуралдаанд холбогдоогүй ба шүүх хуралдааны дэг, дараалал, журам зөрчиж шүүгчээс татгалзах эрхийг тайлбарлах үед гаргаагүй татгалзлыг шүүх хуралдааны мэтгэлцээний үе шатанд гаргасныг хүлээн авч хэлэлцүүлэх, шүүх хуралдааныг хойшлуулах үндэслэл болохгүй гэж үзэж хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтийн дагуу шүүхийн хэлэлцүүлгийг үргэлжлүүлж, шүүх шийдвэрээ гаргасан болно.

3. Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

3.1 Завхан аймаг дахь Төрийн аудитын газрын 2020 оны 1 дүгээр сарын 7-ны өдрийн 01/01/ЗАА/2020/196/СТА-ТШЗ дугаар Зөрчил арилгуулах тухай албан шаардлагаар Завхан аймаг дахь Хөгжим бүжгийн коллежийн захирлаар ажиллаж байсан М.Алтанцэцэгт Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны шийдвэр биелүүлэх 4/4839 дугаар мэдэгдлийн дагуу ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөн олговорт 3.558.316 төгрөг, Сургалтын албаны менежерээр ажиллаж байсан Ц.Норовсүрэнд Завхан аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 127 дугаар захирамжаар ажилгүй байсан хугацааны нөхөн олговорт 6.000.000 төгрөг, нийт 9.588.316 төгрөгийг Завхан аймаг дахь Хөгжим бүжгийн коллежийн цалингийн зардлаас олгосон санхүүгийн зөрчил гаргасныг тогтоож, хохирлыг гэм буруутай албан тушаалтнаар буцаан төлүүлэхийг Соёл урлагийн их сургуулийн дотоод аудитор С.Мөнхжаргалд даалгасан байна.

3.2 Захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйлийн 103.1-д Иргэн, хуулийн этгээдийн хохирлыг барагдуулсны улмаас өөрт учирсан хохирлыг захиргааны байгууллага Иргэний хуулийн 498.5-д заасны дагуу гэм буруутай албан тушаалтнаар буцааж төлүүлнэ, 103.2-т Энэ хуулийн 103.1-д заасан гэм буруутай албан тушаалтнаар хохирлыг төлүүлэх үүргийг тухайн захиргааны байгууллагын дээд шатны байгууллагын дотоод аудитын нэгж хариуцна гэж заасны дагуу Соёл урлагийн их сургуулийн дотоод аудитор С.Мөнхжаргал нь иргэн М.Алтанцэцэг, Ц.Норовсүрэн нарт Завхан аймаг дахь Хөгжим бүжгийн коллежийн цалингийн зардлаас олгогдсон 9.588.316 төгрөгийн нөхөн олговрыг /төрд учирсан хохирол/ тэдгээрийг ажлаас үндэслэлгүй чөлөөлөх тушаал гаргасан Соёл урлагийн их сургуулийн захирал болон тус сургуулийн салбар Завхан аймаг дахь Хөгжим бүжгийн коллежийн захирлаар төлүүлэх үүргийг хариуцахаар байна.

3.3 Нэхэмжлэгч С.Мөнхжаргал нь Завхан аймаг дахь Төрийн аудитын газрын 01/01/ЗАА-2020/196/СТА-ТШ3 дугаар Зөрчил арилгуулах тухай албан шаардлага нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.4, 47.1.5, 47.1.7 дахь заалтад заасныг зөрчсөн илт хууль бус акт гэж маргаж байна. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д Дараах тохиолдолд захиргааны акт илт хууль бус болно, 47.1.4-т захиргааны актыг гүйцэтгэх этгээд тодорхой бус гэжээ. Захиргааны актыг гүйцэтгэх этгээд тодорхой бус гэх нөхцөлд захиргааны актын хаяглагдсан этгээд тодорхой бус, мэдэгдэхгүй байхыг ойлгох ба 01/01/ЗАА-2020/196/СТА-ТШ3 дугаар Зөрчил арилгуулах тухай албан шаардлагын ШААРДАХ нь: хэсэгт ... 9.588.316 төгрөгийн төрд учирсан хохирлыг гэм буруутай албан хаагчаар буцаан төлүүлэх арга хэмжээ авч ажиллах, албан шаардлагын биелэлтийг хангахыг Соёл урлагийн их сургуулийн дотоод аудитор[1] С.Мөнхжаргалд даалгав гэсэн байх тул нэхэмжлэгчийн захиргааны актыг гүйцэтгэх этгээд тодорхой бус гэх үндэслэл дээрх байдлаар нотлогдохгүй байна.

3.4 Нэхэмжлэгчээс Завхан аймаг дахь Төрийн аудитын газрын 01/01/ЗАА-2020/196/СТА-ТШ3 тоот Зөрчил арилгуулах тухай албан шаардлагыг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.5 хууль бус үйлдэл, эс үйлдэхүйг гүйцэтгэхийг шаардсан, 47.1.7 түүнийг бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжгүй гэх үндэслэлээр илт хууль бус акт гэж маргаж байна. Захиргааны ерөнхий хуулийн 47.1.5-д хууль бус үйлдэл, эс үйлдэхүйг гүйцэтгэхийг шаардсан гэх нөхцөлд захиргааны актаар эрүүгийн болон зөрчлийн хариуцлага тооцогдох үйлдэл гүйцэтгэх, хууль зөрчихийг шаардсан шаардлага хамаарах ба мөн зүйлийн 47.1.7-д түүнийг бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжгүй гэх нөхцөлд захиргааны актын зохицуулалт бодит байдалд хэрэгжих боломжгүй, анхнаасаа эрх зүйн үр дагавар үүсгэхгүй байхыг ойлгох ба 01/01/ЗАА-2020/196/СТА-ТШ3 дугаар Зөрчил арилгуулах тухай албан шаардлагад дээрх заалтуудын нөхцлүүд тогтоогдохгүй байна.

3.5 Шүүх нэхэмжлэгч С.Мөнхжаргалын Завхан аймаг дахь Төрийн аудитын газрын 01/01/ЗАА-2020/196/СТА-ТШ3 дугаар Зөрчил арилгуулах тухай албан шаардлагыг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.4, 47.1.5, 47.1.7 дахь заалтад заасан үндэслэлүүдээр илт хууль бус акт болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтад тулгуурлаж дээрх заалтуудын нөхцөлд дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэсэн ба нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдсан 01/01/ЗАА-2020/196/СТА-ТШ3 дугаар Зөрчил арилгуулах тухай албан шаардлага нь хууль, журам зөрчсөн, эрх зүйн хэлбэрийн болон материаллаг шаардлага хангаагүй эсэхийг илт хууль бус болохыг тогтоох нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд дүгнэх шаардлагагүй болохыг дурдах нь зүйтээ байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14, 107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсгийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.4, 47.1.5, 47.1.7, 103 дугаар зүйлийн 103.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан Завхан аймаг дахь Төрийн аудитын газрын 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 01/01/ЗАА-2020/196/СТА-ТШ3 дугаар Зөрчил арилгуулах тухай албан шаардлагыг илт хууль бус акт болохыг тогтоолгох шаардлага бүхий С.Мөнхжаргалын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч С.Мөнхжаргалаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасны дагуу шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.ЦЭНД-ОЧИР

 

 


[1] Хавтаст хэргийн 12-13 дахь тал