| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сосорын Мөнхжаргал |
| Хэргийн индекс | 128/2023/0859/З |
| Дугаар | 221/МА2025/0136 |
| Огноо | 2025-02-20 |
| Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 02 сарын 20 өдөр
Дугаар 221/МА2025/0136
“К” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 128/ШШ2024/0927 дугаар шийдвэрийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.З, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Э нарын давж заалдах гомдлын дагуу хянан хэлэлцэв.
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдааны даргалагч Н.Хонинхүү
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Ц.Сайхантуяа
Илтгэгч шүүгч С.Мөнхжаргал
Хэргийн оролцогчид:
Нэхэмжлэгч “К” ХХК
Хариуцагч Нийслэлийн Засаг дарга
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Э, Д.Б
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.У, Г.О
Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.С
Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Г.Х
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Дэлгэрмөрөн
Хэргийн индекс: 128/2023/0859/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 128/ШШ2024/0927 дугаар шийдвэрээр Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2, 31.3 дахь хэсэг, 33 дугаар зүйлийн 33.1.2, /2006 он/ Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан “К” ХХК-ийн гаргасан Нийслэлийн Засаг даргын 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн А/546 тоот захирамжийг хүчингүй болгуулах, “К” ХХК-д Хан-Уул дүүргийн * дугаар хорооны нутаг дэвсгэр 178020/00** нэгж талбарын дугаар бүхий газрын зүүн урд байрлах 9828 м.кв газрыг эзэмшүүлэхгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, 178020/00** нэгж талбарын дугаар бүхий газрын зүүн урд байрлах 9228 м.кв газрыг “К” ХХК-д эзэмшүүлэхийг Нийслэлийн Засаг даргад даалгах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон нэхэмжлэгчийн өмгөөлөгч нар дээрх шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан давж заалдах гомдолдоо “... “хууль бус бүрэлдэхүүнээр хэргийг шийдвэрлэсэн”, “анхан шатны шүүх энэ хуулийг зөрчсөн нь шүүхийн шийдвэр гаргахад нөлөөлсөн”, “... шаардлага, түүний зарим хэсэгт нь дүгнэлт өгөөгүй” гэсэн үндэслэлүүдээр шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцаах үндэслэлээр энэхүү гомдлыг гаргаж байна. Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний 2024 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 1038 дугаар тогтоолоор тус хэргийг шүүгч Л.Батбаатар ээлжийн амралт авсан үндэслэлээр шүүгч Х.Нямдэлгэрт шилжүүлсэн байдаг. Гэтэл тус тогтоолыг батлах 16 шүүгчээс 6 шүүгч гарын үсэг зурж, 10 шүүгч гарын үсэг зураагүй бөгөөд үүний нэг нь ерөнхий шүүгч гарын үсэг зураагүй байна. Өөрөөр хэлбэл, тус зөвлөгөөний тогтоол нь хүчин төгөлдөр болоогүй байхад Х. Нямдэлгэр шүүгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг удирдаж 2 удаа шүүх хурал хойшлуулсан. Ингээд 2024 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 1266 дугаартай зөвлөгөөний тогтоолоор Л.Батбаатар шүүгчид хэргийг буцаан шилжүүлсэн. Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний 2024 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 1038 дугаар тогтоол нь хүчин төгөлдөр болоогүй тул 2024 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 1266 дугаартай зөвлөгөөний тогтоолыг мөн хүчин төгөлдөр гэж үзэх боломжгүй. Иймд тус хэргийг хууль бус бүрэлдэхүүнээр шийдвэрлэсэн гэж үзэж байна. Түүнчлэн дээрх байдал нь Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.8-д “Тухайн шүүхийн шүүгчдийн дийлэнх олонх оролцсоноор Зөвлөгөөнийг хүчинтэйд тооцох бөгөөд энэ хуулийн 19.2-т заасан асуудлыг Зөвлөгөөнд оролцсон шүүгчдийн олонхын саналаар шийдвэрлэж, тогтоол гаргана” гэж заасныг зөрчиж байна.
2.1. Мөн нэхэмжлэгч нь 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэсэн. Гэтэл анхан шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8 дахь заалтын дагуу шүүхэд нэхэмжлэл гаргах хугацаа хэтрүүлсэн үндэслэлээр хүлээн авахаас татгалзсан байдаг. Үүнийг нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Б эс зөвшөөрч гомдол гаргаад Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 0268 дугаар тогтоолоор татгалзсан захирамжийн холбогдох хэсгийг хүчингүй болгосон. Гэтэл анхан шатны шүүх нэхэмжлэгчийн ихэсгэсэн шаардлагыг хүлээн авах талаар эрхийн акт гаргаагүй, нэхэмжлэлийн шаардлагыг тодруулахаар бүрдүүлбэр хангуулах чиг үүргээ хэрэгжүүлээгүй нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн. Өөрөөр хэлбэл, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д “Шүүгч энэ хуулийн 54.1-д заасан үндэслэл байхгүй гэж үзвэл нэхэмжлэлийг хүлээн авсан, эсхүл нэхэмжлэлийн бүрдүүлбэрийг хангаж ирүүлсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор хэрэг үүсгэх тухай захирамж гаргана” гэж, 53 дугаар зүйлийн 53.3-т “Нэхэмжлэл нь энэ хуулийн 52.2, 52.3, 52.5-д заасан бүрдүүлбэр хангаагүй бол хүлээн авсан шүүгч 7-14 хоногийн хугацаа тогтоон нэхэмжлэгчид уг шаардлагыг хангах боломж олгоно” гэж заасныг дагуу уг ажиллагааг явуулах боломжтой байсан. Шүүх практикт нэхэмжлэлийн шаардлага ойлгомжгүй, тодруулах шаардлагатай байгаа тухай албан тоот явуулж нэхэмжлэлийн шаардлагыг зөвтгүүлж авдаг. Гэтэл шүүх ийм ажиллагаа хийгээгүй. Анхан шатны шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсгээс үзвэл нэхэмжлэлийн шаардлагад тодорхойлсон хариуцагчийн “эс үйлдэхүй” байхгүй, харин “татгалзсан шийдвэр” гаргасан байна гэх агуулгаар дүгнэсэн. Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зөрөө дээр үндэслэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож байгаад нэхэмжлэгч гомдолтой байгаа бөгөөд нэхэмжлэгчид нэхэмжлэлийн шаардлагаа тодруулах боломж олгох боломжтой байсан. Гэтэл шүүх нэхэмжлэлийн шаардлагаа тодруулах боломж олголгүйгээр 2024 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 01/5722 тоот бичгээр Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт нэхэмжлэгчийн гаргасан өргөдөл, гомдолд өгсөн хариуг шаардан авсан байдаг. Энэ нөхцөл байдал нь шүүх “эс үйлдэхүй” байхгүй гэдгийг урьдаас мэдэж, түүнийгээ нотлох замаар хэргийг шийдвэрлэх итгэл үнэмшилтэй байсан гэж хардаж байна. Нэхэмжлэгчид нэхэмжлэлийн шаардлагаа тодруулах боломжийг олгож, хуульд заасан дээрх чиг үүргээ анхан шатны шүүх хэрэгжүүлээгүй байна. Иймээс Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс шийдвэрийг хүчингүй болгож анхан шатны шүүхэд буцаан, нэхэмжлэлээ тодруулах боломж олгож өгөхийг хүсэж байна.
2.2. Мөн нэхэмжлэгчийн гаргасан “Нийслэлийн Засаг даргын 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн А/546 тоот захирамжийг хүчингүй болгуулах” шаардлагад бүрэн дүүрэн дүгнэлт өгөөгүй. Нөгөө талаараа нэхэмжлэгчийн гаргасан үндэслэлүүдийг үгүйсгэсэн байдлаар гараагүй зэрэг нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т зааснаар шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангахгүй байна. Түүнчлэн, Монгол Улсын Дээд шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 29 дугаартай нийт шүүгчдийн хуралдааны “Шүүхийн шийдвэр боловсруулах журам аргачлал батлах тухай” тогтоол, тогтоолын 8 дугаар хавсралт “Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр боловсруулах аргачлал”-ыг тус тус зөрчиж байна. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.3.2, 121.3.3, 121.3.7 дахь заалтыг тус тус үндэслэн Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 128/ШШ2024/0927 дугаартай шийдвэрийг хүчингүй болгох, дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлгүй байх тул хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон нэхэмжлэгчийн өмгөөлөгч нараас гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.
2. “К” ХХК-аас Нийслэлийн Засаг даргад холбогдуулан “Нийслэлийн Засаг даргын 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн А/546 тоот захирамжийг хүчингүй болгуулах,
2.1 “К” ХХК-д Хан-Уул дүүргийн * дугаар хорооны нутаг дэвсгэр 178020/00** нэгж талбарын дугаар бүхий газрын зүүн урд байрлах 9828 м.кв газрыг эзэмшүүлэхгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, 178020/00** нэгж талбарын дугаар бүхий газрын зүүн урд байрлах 9228 м.кв газрыг “К” ХХК-д эзэмшүүлэхийг Нийслэлийн Засаг даргад даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргажээ.
3. Маргаан бүхий Нийслэлийн Засаг даргын 2018 оны А/546 дугаар захирамжаар Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3, 21.2.4, 33 дугаар зүйлийн 33.1.1, 37 дугаар зүйлийн 37.2, 38 дугаар зүйлийн 38.4, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 5/14 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн Нийслэлийн Засаг даргын 2015 оны А/873 дугаар захирамжийн иргэн Д.Ж-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, Нийслэлийн газрын албаны дэргэдэх Газар эзэмших, ашиглах эрхийг хянан шийдвэрлэх зөвлөлийн 2018 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн хурлаас гарсан дүгнэлтийн дагуу гуравдагч этгээд Д.Ж-д Хан-Уул дүүргийн * дүгээр хороо, нэгж талбарын 186383097191** (17809055**) дугаар бүхий 1900 м.кв газрыг 15 жилийн хугацаагаар үйлдвэрлэлийн зориулалтаар эзэмшүүлжээ.
3.2. Нэхэмжлэгч нь Нийслэлийн засаг даргын 2012 оны А/37 дугаар захирамжаар Хан-Уул дүүргийн * дугаар хороо, нэгж талбарын 17809111** дугаар бүхий 14788 м.кв газрыг үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар 15 жилийн хугацаагаар эзэмших эрхтэй болж, 2017 оны А/243, 2020 оны А/884 дүгээр захирамжуудаар хугацаа сунгуулж, зориулалт өөрчлүүлэн эзэмшиж байх бөгөөд тус эзэмшил газрыг тойрсон 9828 м.кв газар нь “их хэмжээний хур хог овоорсон, элэгдэж эвдрэлд орсон, хэн нэгний эзэмшил ашиглалтад байдаггүй байсан тул өөрсдийн зардлаар хогийг цэвэрлэж, дахин хогийн цэг болгохгүй байх зорилгоор хашаа барьж” газрыг анх эзэмшсэн цагаас буюу 2012 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 12/22 дугаар, 2012 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 12/60 дугаар, 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 21/18 дугаар албан бичгүүдээр тухайн газрыг эзэмших хүсэлтүүдийг гаргасан гэж тайлбарлан маргасан.
4. Анхан шатны шүүх “... шүүх зөвхөн дан ганц нэхэмжлэгчийн хүсэлтэд тулгуурлан түүнд хавсаргасан баримт бичгийн бүрдүүлбэр, мэдээлэлгүйгээр нэхэмжлэгч “К” ХХК-д ... 9828 м.кв газрыг эзэмшүүлэхэд тавигдах шаардлагыг хангасан хэмээн дүгнэх боломжгүй. ... хариу өгч байснаас үзвэл гомдлыг шийдвэрлэх үүргээ хуульд заасан хугацаанд биелүүлээгүй гэж үзэхгүй болохоос гадна шийдвэрлэхгүй орхигдуулсан гэж үзэхээргүй байна ... гуравдагч этгээдэд газрыг шилжүүлэн эзэмшүүлсэн маргаан бүхий захирамж хууль тогтоомж зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй, нэхэмжлэгчийн хүссэн газар нь гуравдагч этгээдийн эзэмшиж байгаа газартай давхцаж байгаа нь Газрын тухай хуулийн 31.3-т заасан шаардлагыг зөрчихөөр байна” гэж дүгнэж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг давж заалдах гомдлын дагуу хүчингүй болгох үндэслэлгүй байна.
5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгч нь давж заалдах гомдолдоо “шүүгчдийн зөвлөгөөний 2024 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 1038 дугаар тогтоолд 6 шүүгч гарын үсэг зурсан, хэргийг хууль бус бүрэлдэхүүнээр шийдвэрлэсэн” гэснийг хүлээн авах үндэслэлгүй байна.
5.1. Учир нь нэхэмжлэлийг анх Л.Батбаатар шүүгчид хуваарилсны дагуу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан, тухайн шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний 2024 оны 1038 дугаар тогтоолоор /6 шүүгч гарын үсэг зурсан гэх/ шүүгч Л.Батбаатар нь ээлжийн амралт авсантай холбогдуулж шүүгч Л.Нямдэлгэрт шилжүүлсэн боловч 09 дүгээр сарын 09-ний өдрийн 1266 дугаар тогтоолоор хэргийг шүүгч Л.Батбаатарт буцаан шилжүүлсэн, тухайн шүүхийн Ерөнхий шүүгчийн 2024 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 128/ЕШ2024/0113 дугаар захирамжаар хэргийг хянан шийдвэрлэх даргалагч шүүгчээр шүүгч Л.Батбаатарыг томилсны дагуу хэргийг шийдвэрлэсэн байх тул хууль бус бүрэлдэхүүнээр шийдвэрлэн гэж үзэхээргүй байна.
6. Гомдлын “ ... шүүх нэхэмжлэлийн шаардлагын үл ялих зөрөө дээр үндэслэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож байгаад нэхэмжлэгч гомдолтой байгаа бөгөөд нэхэмжлэгчид нэхэмжлэлийг шаардлагаа тодруулах боломж олгох боломжтой байсан” гэснийг хангах үндэслэлгүй байна. Учир нь анхан шатны шүүх хариуцагчийг “эс үйлдэхүй” гаргасан гэж үзэхгүй талаар дурдсан боловч зөвхөн энэхүү үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгоогүй, татгалзсан шийдвэр болон маргаан бүхий актын тухайд Газрын тухай хуулийн дагуу дуудлага худалдааны үндсэн дээр гуравдагч этгээдийн эзэмшсэн газар нь бусдын газартай давхацсаны улмаас газрын байршлыг шилжүүлж эзэмшүүлсэн нь газар эзэмшүүлэхэд тавигдах шаардлага хангасан тул бусдын эзэмшиж байгаа газрыг давхцуулан нэхэмжлэгчид эзэмшүүлэх боломжгүй, Газрын тухай хуулийн 31.3-т заасныг зөрчихөд хүргэнэ гэж хариуцагчаас татгалзсан хариу нэхэмжлэгчид өгснийг хууль зөрчөөгүй талаар дүгнэж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосныг буруутгах үндэслэлгүй.
7. Гомдолд “... шүүх нэхэмжлэлийн “... хогийг өөрийн хөрөнгөөр цэвэрлэж түрүүлж хүсэлтээ өгсөн байхад өөр этгээдэд эзэмшүүлсэн гэж маргасан хэсэгт дүгнэлт өгөөгүй” гэх боловч дээрх байдлаар гуравдагч этгээдэд газар эзэмшүүлсэн нь хуульд нийцсэн, татгалзсан хариу өгсөн нь хууль зөрчөөгүй талаар дүгнэсэн байх тул уг гомдол үндэслэлгүй байна.
8. Мөн гомдолд “... нэхэмжлэгчид хамгийн сүүлд өгсөн хариунд “... цахилгаан шугамын хамгаалалтын бүс, усан сан бүхий газрын онцгой хамгаалалтын бүс, үерийн далангийн хамгаалалтын бүсэд хамаарч байгаа гэсэн боловч хэрэгт авагдсан баримтуудаар үгүйсгэгдсэн, нэхэмжлэгчид ийнхүү татгалзсан атлаа гуравдагч этгээдэд олгосон нь Үндсэн хуульд заасан шүүхийн өмнө эрх тэгш байх зарчмыг алдагдуулсан, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн” гэжээ.
8.1. Нэхэмжлэгчийн тухайн газрыг эзэмших эрх, хууль ёсны ашиг сонирхлын тухайд Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.5-д “Хүний үйл ажиллагааны улмаас элэгдэл, эвдрэлд орж, ашиглалтгүй орхигдсон газрыг өөрийн хүч, хөрөнгөөр нөхөн сэргээсэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад тухайн газрыг аймаг, нийслэлийн байгаль орчны газрын дүгнэлтийг үндэслэн эзэмшүүлж болно” гэж, Улсын дээд шүүхийн 2008 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 15 дугаар тогтоолын 1.5-д “Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.5-д заасан “... нөхөн сэргээсэн ...” гэдэгт сонирхогч иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь ашиглалтгүй орхигдсон газрын эвдрэл, элэгдлийг “нөхөн сэргээх” төсөл, төлөвлөгөө боловсруулан аймаг, нийслэл, дүүргийн Газрын алба, сумын газрын даамал болон Засаг даргатай урьдчилан тохиролцож, гэрээ хийсний үндсэн дээр хөрсний үржил шимийг сайжруулсан, ургамлан нөмрөгийг сэргээсэн, газрын гадаргууг засаж тэгшилсэн, хордолт, бохирдлыг цэвэрлэсэн зэргийг ойлгоно” гэж тус тус заасан.
8.2. Дээрх хууль болон Улсын Дээд шүүхийн тайлбарт зааснаар нэхэмжлэгчид газрыг нөхөн сэргээх төсөл төлөвлөгөө, гэрээ байхгүйгээс гадна нэхэмжлэгч нь 2012 оноос хойш өөрийн эзэмшсэн 14800 м.кв газарт ямар нэгэн үйл ажиллагаа явуулаагүй, үйлдвэрлэл үйлчилгээ эрхлээгүйгээс үзвэл газраа томсгох зайлшгүй хэрэгцээтэй байсан гэж үзэх үндэслэлгүй байх бөгөөд тухайн газрын ойр орчмын хогийг цэвэрлэсэн гэх нэрийдлээр 9282 м.кв газрыг хашиж, өөрийн эзэмшилд зөвшөөрөлгүйгээр байлгасан нь Газрын тухай хуульд нийцэхгүй байх тул хууль ёсоор тухайн газрыг эзэмших ашиг сонирхол үүссэн гэж үзэх хууль зүйн болон бодит үндэслэл тогтоогдохгүй байх тул эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн гэж үзэхээргүй байна.
8.3. Мөн “хууль шүүхийн өмнө эрх тэгш байх” зарчмын хувьд харьцуулж буй эрхүүд нь хууль ёсны, эрх зүйн зөрчилгүй тохиолдолд уг зарчим зөрчигдсөн эсэхэд дүгнэлт өгөх боломжтой, гэтэл гуравдагч этгээдэд эрх зүйн зөрчилтэй буюу хамгаалалтын бүсүүд давхацсан байхад эзэмшүүлсэн атлаа нэхэмжлэгчид татгалзсан гэж маргаж буй тохиолдолд уг зарчим зөрчигдсөн гэж үзэх үндэслэлгүй, өөрөөр хэлбэл гуравдагч этгээдэд хууль зөрчиж газар олгосонтой адил нэхэмжлэгчид хууль зөрчиж хамгаалалтын бүсүүдтэй давхцалтай газрыг эзэмшүүлэх ёстой гэж үзэх үндэслэлгүй.
9. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс анхан болон давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн орц, гарцыг хааж, гуравдагч этгээдэд газар эзэмшүүлсэн талаар дурдсан боловч нэхэмжлэгч нь хашаагаа томруулж барьснаас эзэмшил газрын орц гарц нь хаагдсан байдал тогтоогдоогүй, хэрэгт авагдсан кадастрын зураг, үзлэгийн тэмдэглэл, хэргийн оролцогчдын тайлбар зэргээс үзвэл гуравдагч этгээдэд зөвхөн 1900 м.кв газрыг эзэмшүүлсний зөвхөн 60 м /хэргийн 1-81 хуудасны кадастрын зураг 2-3 дахь цэг 60 м/ нь нэхэмжлэгчийн газартай хиллэж, бусад хэсэг нь чөлөөтэй байгаагаас үзвэл орц гарцыг хаасан гэж үзэх үндэслэлгүй байна.
Дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгч нараас гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 128/ШШ2024/0927 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч “К” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.З, өмгөөлөгч Б.Э нараас гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Н.ХОНИНХҮҮ
ШҮҮГЧ Ц.САЙХАНТУЯА
ШҮҮГЧ С.МӨНХЖАРГАЛ