Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 05 сарын 29 өдөр

Дугаар 2023/ШЦТ/665

 

    2023         05         29                                    2023/ШЦТ/665

 

 

                                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Сэржмядаг даргалж тус шүүхийн “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

нарийн бичгийн дарга: С.Жавхлантөгс,

улсын яллагч: Г.Уянга,

шүүгдэгч: ******* нарыг оролцуулан Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн *******д холбогдох эрүүгийн 2308000000000 тоот хэргийг 2023.05.23-ны өдөр хүлээн авч, шүүн хэлэлцэв.

                                              

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Архангай аймгийн Хотонт суманд 1973 оны 12 дугаар сарын 07-ны өдөр төрсөн, эрэгтэй, 50 настай, бүрэн дунд боловсролтой, гуталчин мэргэжилтэй, хувиараа дээл оёдог, ам бүл-4, эхнэр, 2 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 00 дугаар хороо Тахилт зам анги 0-00 тоотод оршин суух, урьд 2 удаагийн ял шийтгэлтэй, /РД:**00000000/ Боржигон овогт Бгийн Б нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг “хохирогчийг бага насны хүүхэд болохыг мэдсээр байж” гэх хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

                                                                                                                ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч ******* нь согтуурсан үедээ 2023 оны 4 дүгээр сарын 04-ний орой 20 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 00 дугаар хороо Тахилт зам анги 0-00 тоот гэртээ өөрийн хүү Б.Ныг загнаж зэмлэсэн бөгөөд тоохгүй байгаад нь уурлаж хутга шидсэний улмаас 5 настай, ач хүү А.Лын зүүн шилбэнд шарх бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулсан болох нь дараах баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

-  Бага насны хохирогч А.Лын: “...Хэд хоногийн өмнө өвөө Бгийн гэрт байхад өвөө согтуу архи ууж ирчихээд манай аав Нтой хэрэлдэж байгаад хутга шидээд миний хөл рүү оночихсон. Тэгээд миний хөлөөс жаахан цус гараад эмээ, өвөө хоёр намайг аваад эмнэлэг рүү яваад миний хөлд эмчилгээ хийж боосон” гэх мэдүүлэг /х.х-13/,

- Гэрч Г.Агийн: “...Би Нтой 2021 оныг хүртэл хамт амьдраад салсан ба том хүү болох А.Л маань аав дээрээ, бага охиноо би өөр дээрээ авч тус тусдаа амьдардаг байсан юм. 2023 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр манай найз болох Тэргэл над руу залгаад хүүгээ мэдсэн үү, хөлийг нь бэртээчихсэн гэж байна, чи өөр дээрээ авсан нь дээр байхаа гэж хэлхээр нь би Нын аав болох Б гэх хүн рүү залгахад утсаа авахгүй байсан. Харин Н над руу залгахаар нь би хүүгийн хөл яасан юм гэж асуухад зүгээрээ, гайгүй гэж хэлэхээр нь би хүүхдээ авъя гэхэд Н хүүхдээ хүргээд өгье гээд бид хоёр ярилцаж байгаад хүүхдээ драгон дээр уулзаж авахаар болсон. Би ээжийн хамт драгон дээр уулзахад Нын ээж нь манай ээжтэй уулзаад Нын аав болох Б согтуу байхдаа заазуур шидэж хөлийг нь гэмтээсэн гэж хэлсэн. Би бас хүүхдээсээ асуухад өвөө над руу заазуур шидээд ёо, ёо болгосон гэж хэлэхээр нь би цагдаагийн байгууллагад хандсан” гэх мэдүүлэг /х.х-15/,

- Гэрч Б.Нын: “...Тухайн өдөр буюу 2023 оны 4 дүгээр сарын 04-ний орой 20 цагийн үед би ажлаа тараад гэртээ ирхэд манай гэрт аав Б, хойд ээж О, миний 5 настай хүү А.Л нар байсан. Намайг ороход аав Б согтуу байсан. Би гал тогооны урд талын ширээн дээр хоол болохыг хүлээгээд утсаараа тоглоод сууж байхад хүү А.Л миний урд талд суугаад утас хараад сууж байсан. Аав согтуу агсам тавиад, үглээд байхаар нь би тоогоогүй юм. Хэсэг хугацааны дараа над руу юм шидэх шиг болоод миний мөр хэсэгт оноод газар унасан ба харахад хар өнгийн иштэй хутга байсан. Тэгээд би хүү рүүгээ хартал зүүн хөлийн шилбэ, булчин хэсэгт зүсэгдэж цус гарсан байдалтай байхаар нь сандраад хүүгийнхээ хувцасыг өмсүүлээд гэмтэл рүү явах гэж байхад аав, ээж хоёр авч явахаар болоод би ганцаараа гэртээ үлдсэн” гэх мэдүүлэг /х.х-17-18/,

- Гэрч М.Оийн: “...2023 оны 4 дүгээр сарын 04-ний орой 20 цагийн үед гэртээ дагавар хүү Н, түүний хүү А.Л нарын хамт байж байхад хамтран амьдрагч Б архи ууж согтуу орж ирээд Няыг утсаар тоглоод суугаад байхаар нь Нт хандаж “би чамд газар авч өгсөн, тэр газарт хашаа, гэр барьж тусдаа гар, аятайхан амьдар” гэх мэтээр ойр зуурын зүйл хэлж байсан. Харин Н ямар нэгэн хариу хэлэхгүй утсаараа тоглоод суугаад байсан. Би нөгөө өрөөнд ороод удаагүй байтал гал тогооны хэсэгт Л уйлахаар нь гүйгээд очтол хөл нь зүсэгдчихсэн байхаар нь очиж тэвэрч аваад яарч сандраад гэмтлийн эмнэлэг рүү Бгийн хамт явсан. Би Бгаас яасан юм гэж асуухад гал тогоонд байсан хар иштэй хутга шидээд санамсаргүй оночихлоо, уг нь өөр зүг лүү шидсэн юм гэж хэлсэн.” гэх мэдүүлэг /х.х-20-21/,

- Шүүх-эмнэлгийн шинжээчийн 2023 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 4807 дугаартай дүгнэлтээр “...А.Лын биед зүүн шилбэнд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир, ирмэг бүхий зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр 3-4 хоногийн өмнө үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.” гэх дүгнэлт /х.х-23-24/,

- Хохирогч А.Л нь 2023 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн байдлаар 5 нас 07 сар 12 хоногтой болохыг тогтоосон нас тоолсон тухай тэмдэглэл, төрсний гэрчилгээний хуулбар /х.х-29-30/,

-  Гэмт хэрэг үйлдэхэд хэрглэсэн гэх хутгыг хүлээн авч, үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /х.х-04-07/,

- Яллагдагч *******гийн “Прокурорын тогтоолтой танилцлаа, сонгож байгаа зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. ...гэрийнхээ гадаа 0.33 л хараа архи уучихаад 21 цагийн орчимд гэр лүүгээ орсон. Гэртээ ороод төрсөн хүү Нт хандаж “ажил төрлөө хийж байгаа юм уу, хашаа газар авч өглөө, гэрээ бариад тусдаа гарч амьдар, хоёрын хоёр хүүхэдтэй болчихоод эхнэрээсээ салчихлаа” гэх мэтээр ойр зуурын зүйл хэлтэл хүү маань тоохгүй цаашаа хараад утсаараа тоглоод анзаарахгүй байхаар нь бухимсан уурандаа гал тогоонд байсан хутга шидтэл Нтой ойрхон сууж байсан ач хүү болох А.Лын хөлийг оночихсон юм. Би А.Л болон Б.Н нарыг оноё гэж бодоогүй. Тэгээд шууд ач хүүгээ аваад гэмтлийн эмнэлэг рүү явсан” гэх мэдүүлэг /хх-39/ зэрэг баримтууд хамаарч байна.

Шүүхийн хэлэлцүүлгээр судлагдсан дээрх баримтууд, шүүгдэгч *******гийн хувийн байдалтай холбоотой болон бусад баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой ба мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүхийн шийдвэрт нөлөөлөхүйц хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил болон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчсөн байдал тогтоогдоогүй тул прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн хүрээнд хэргийн үйл баримт, гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч ******* нь 2023 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 20 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 00 дугаар хороо Тахилт зам анги 0-00 тоотод гэртээ байхдаа өөрийн хүү Б.Ныг загнаж зэмлэсэн бөгөөд тоохгүй байгаад нь уурлаж хутга шидсэний улмаас 5 настай, ач хүү А.Лын зүүн шилбэнд шарх бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээр дурьдсан баримтаар нотлогдож байна.

Гэмт хэрэг үйлдэгдэх үед шүүгдэгч ******* нь хүү Ныг ““ажил төрлөө хийж байгаа юм уу, хашаа газар авч өглөө, гэрээ бариад тусдаа гарч амьдар, хоёрын хоёр хүүхэдтэй болчихоод эхнэрээсээ салчихлаа” гэх зэргээр загнаж зэмлэсэн бөгөөд “үгийг нь тоохгүй байна” хэмээн уурлаж шидсэн хутганд нь бага насны А.Л өртөж бие махбодид нь гэмтэл учирсан болох нь шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарын мэдүүлгээр тогтоогдож байна.

Эрүүгийн эрх зүйн онолд гэм буруугийн санаатай хэлбэрийг шууд санаатай болон шууд бус санаатай гэсэн төрөлд хуваан авч үздэг. Шууд болон шууд бус санаа хэлбэрийн хувьд аль аль нь гэмт этгээд өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн нийгэмд аюултай шинжийг ухамсарласан байдаг, оюун санааны шинжээрээ адилхан. Харин шууд санаа нь гэмт этгээд үйлдлийнхээ хор уршгийг мэдэж, хүсэж буюу үр дүнг чухалчилж түүнд хүрэхийн тулд идэвхтэйгээр үйлдлээ хэрэгжүүлсэн байдаг бол, шууд бус санааны хувьд зөвхөн хор уршиг учрах боломжтойг урьдаас мэдсэн ч түүнийг чухалчилдаггүй, үйлдлээрээ түүнд хүргэсэн, хор уршигт “яасан ч яахав” гэсэн идэвхгүй байр сууринаас хандсан байдгаараа ялгагддаг.  

Дээрх тохиолдолд шүүгдэгч нь хүү Б.Ныг загнаж зэмлэсэн байдалтай байсан ба Б.Н луу шидсэн хутганд бага насны А.Л өртөж гэмтээсэн үйлдэл нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдаж буй хууль бус үйлдэл болохоо ухамсарлаж үйлдсэн буюу уг үйлдлийн улмаас бусдын эрүүл мэндэд хохирол учрахыг мэдэж, хүсэж үйлдсэн, үйлдлээ зориуд хэрэгжүүлсэн гэж үзнэ. Хэдийгээр А.Л болон Б.Н нарыг оноё гэж бодоогүй, тийм сэдэлт, зорилго байгаагүй гэх боловч хүн рүү хутга шидэж буй тухайн үйлдлийн улмаас тодорхойлох боломжгүй хор уршиг учрах боломжтойг урьдчилсан мэдсэн, хор уршгийг зориуд бий болгосон буюу гэм буруугийн шууд бус санаатай хэлбэрээр үйлдлээ хэрэгжүүлсэн гэж дүгнэлээ.

Хүний эрүүл мэндэд хохирол учруулах гэмт хэргийг гэм буруутай этгээдийн үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний эрүүл мэндэд хохирол учирснаар төгссөнд тооцох бөгөөд хохирогч нь өөр хүн байсан эсэх нь хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй юм.

Шүүгдэгч ******* нь тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харилцаанаас үүдэлтэйгээр шууд санаатайгаар, ахуйн хэрэглээний хутгыг зэвсгийн чанартайгаар хэрэглэн хүү Б.Н луу чиглүүлэн шидсэний улмаас бага насны хохирогч А.Лын зүүн хөлийг зүсэж түүний бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч *******г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7-д заасан “хохирогчийг бага насны хүүхэд болохыг мэдсээр байж” гэх хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ял оногдуулж шийтгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч ******* нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураараа гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Насанд хүрээгүй хохирогч А.Л, түүний хууль ёсны төлөөлөгч нар нь мөрдөн байцаалтын шатанд эмчилгээ шинжилгээ хийлгэсэн болон хохирол төлбөртэй холбоотой баримт гаргаж өгөөгүй, хавтаст хэргийн материалтай танилцаад “гомдол санал байхгүй, хохирол төлбөрт 400000 төгрөг авсан, хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү” гэх хүсэлтийг /х.х-70/ гаргаж иргэний нэхэмжлэл гаргаагүй тул иргэний нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхилоо. Шүүгдэгч ******* нь Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын төрийн дансанд 2023.05.25, 2023.05.29-ний өдөр нийт 30000 төгрөгийг шилжүүлсэн болох нь шүүхэд гаргаж өгсөн мөнгөн шилжүүлгийн баримтаар тогтоогдож байх тул ******* нь бусдад төлөх төлбөргүй байна.

Шүүгдэгч ******* нь урьд 2 удаа шүүхээр шийтгүүлж байсан болох нь дараахь баримтаар тогтоогдож байна. Үүнд:

- Архангай аймаг дахь Сум дундын шүүхийн 1992 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 12 дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 123.2, 239 дугаар зүйлийн 239.2-д зааснаар 1 жил 3 сарын хугацаагаар хорих ял оногдуулж 1993 оны 12 дугаар сарын 07-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан,

- Архангай аймаг дахь Сум дундын шүүхийн 2005 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 31 дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар /х.х-66/ тогтоогдож байна.

Шүүгдэгч ******* нь шүүхээс оногдуулсан ялыг эдэлж дуусгасан, ялгүй болсон байх тул түүний урьд ял шийтгүүлсэн байдлыг эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцсонгүй.

Шүүгдэгч ******* нь хохирогчийн хохирол төлбөрийг барагдуулж хохирогчийг гомдол саналгүй болгосныг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдалд тооцлоо. Харин гэмт хэрэг үйлдэхдээ хүйтэн зэвсэг буюу ахуйн хэрэглээний хутгыг ашиглан гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн үзэх нөхцөл байдалд тооцлоо.

Дээрх нөхцөл байдал болон ******* нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь “гомдол саналгүй, хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү” гэх хүсэлтийг гаргасан болон шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан прокурортой тохиролцсон ял оногдуулах саналын хүрээнд буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар торгох ялыг сонгон хэрэглэж, торгох ялын хэмжээг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тогтоож, торгох ялыг хуульд заасан 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэлээ.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хутга нэг ширхгийг устгах зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1, 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Б овогт Бгийн Бг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг “хохирогчийг бага насны хүүхэд болохыг мэдсээр байж” гэх хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Б овогт Бгийн Бд 600 /зургаан зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч ******* нь хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хувийн эд зүйл, бичиг баримт хураалгаж битүүмжлүүлээгүй, хохирогч нь “хохирол төлбөрт 400000 төгрөг хүлээн авсан, гомдол саналгүй” гэсэн ба иргэний нэхэмжлэл гаргаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, ******* нь Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын төрийн дансанд 30000 төгрөг тушаасан, бусдад төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

4. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

5. Дээрх дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн хутга нэг ширхгийг устгасугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан энэхүү шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц нэг ширхэг хутгыг Шүүхийн Тамгын газарт хүлээлгэн өгч, баримтыг *******д холбогдох эрүүгийн 2308000000000 тоот хэрэгт хавсаргахыг шүүгчийн туслахад даалгасугай.

8. Шүүхээс оногдуулсан торгох ялыг хуульд заасан 90 хоногийн хугацаанд биелүүлээгүй тохиолдолд торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийн торгох ялыг хорих ялын нэг хоногоор дүйцүүлэн тооцож хорих ялаар солино гэдгийг *******д мэдэгдсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                С.СЭРЖМЯДАГ