Шүүх | Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Сайнбаярын Оюунжаргал |
Хэргийн индекс | 153/2019/00403/И |
Дугаар | 00475 |
Огноо | 2019-10-14 |
Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, Бусад зээл, |
Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 10 сарын 14 өдөр
Дугаар 00475
2019 оны 10 сарын 14 өдөр | Дугаар 153/ШШ2019/00475 | Жаргалант сум |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар
нэхэмжлэгч: Ховд аймгийн Жаргалант сумын Алагтолгой багийн 1-2 тоотод байрлах, Т ХХК /.../, Ховд аймгийн Жаргалант сумын Баатархайрхан багийн Бараан зах 40 тоот павилонд байрлах, Я ХХК /../-иудын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бийн нэхэмжлэлтэй,
хариуцагч: Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав багт байрлах, Ховд аймгийн З газар /../-т холбогдох,
9,460,393 /есөн сая дөрвөн зуун жаран мянга гурван зуун ерэн гурав/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2019 оны 8 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, 2018 оны 8 дугаар сарын 16-ны өдөр 153/2019/00403/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нарантуяа, нэхэмжлэгч байгууллагуудын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Эрдэнэбат, гэрч Б.Ганболд, Б.Нямдэлгэр нар оролцлоо.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч байгууллагуудын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: "Т " ХХК болон "Я " ХХК нь бичиг хэргийн үйл ажиллагаа явуулдаг. 2015 оноос Ховд аймгийн З газартай бэлтгэн нийлүүлэх гэрээ байгуулсны үндсэн дээр бичиг хэргийн материалаар тасралтгүй хангаж өнөөдрийг хүртэл ажиллаж ирсэн. 2018 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл 24,844,750 төгрөгийн бараа материалыг нийлүүлсэн байдаг. Ховд аймгийн З газар нь тооцоогоо маш их удааж хүндрэл чирэгдэлтэй хийдэг. Манайх аймгийн хэмжээнээс том байгууллага гэж хүндэтгэн үзээд тооцоогоо дандаа хүлээж хийлгүүлж ирсэн. 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар Ховд аймгийн З газраас манай байгууллага руу 20,173,400 төгрөгийг хийсэн байгаа. 20,173,400 төгрөг дотор Ховд аймгийн З газрын өөрийн зардлаас гарсан мөнгө болон төсөл хөтөлбөрөөс орох ёстой мөнгө нийлээд орсон. Дэвтэрт үзлэг хийх, тооцоогоо тулгана гэсэн тайлбарыг удаа дараа гаргаж байгаа. 2018 онд авсан бараа материал нь жагсаалтаараа байгаа. Эхнээс тулгаад үзэхэд 24,844,750 төгрөгөө барьж байгаа. Орсон мөнгө бүх дансыг нь шүүгээд үзэхэд 20,173,400 төгрөгөө барьж байгаа. Яаж тулгаж яаж үзлэг хийгээд ч 4,671,350 төгрөгийг Ховд аймгийн З газар төлөх ёстой. Анх нэг хоног тутмын 0,3 хувиар алданги тооцно гэж гэрээ байгуулсны дагуу алдангийн мөнгийг Ховд аймгийн З газраас гаргуулах хүсэлттэй шүүхэд нэхэмжлэл гаргаж орж ирсэн. 2018 оны үлдэгдлээ 2019 оны эхний улиралд барагдуулах болов уу гэж эдний байгууллагад анхааруулга өгөөд хүлээсэн боловч нэг ч төгрөгийн гүйлгээ хийж барагдуулаагүй. 2019 оны хагас жил хүртэл хүлээсэн боловч мөн л барагдуулахгүй хэвээр байсан учир 2019 оны 6 дугаар сарын 30-ны өдөр хүртэл хүлээгээд 2019 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс тасалбар болгоод шүүхийн эвлэрүүлэн зуучлахад хандсан. Эвлэрүүлэн зуучлахад хандахдаа 2018 оны 4,671,350 төгрөг дээр 2019 оны өглөг 2,222,500 төгрөг, 2018 оны оны тайлант хугацааны торгууль, алданги 2,536,543 төгрөг нэхэмжилж эвлэрүүлэн зуучлалд хандсан боловч манай байгууллага тооцоо байхгүй шүүхээр шийдүүлнэ гэдэг хариултыг нягтлан бодогч нь гаргаж өгсөн. Ховд аймгийн З газар нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа болон хүлээн зөвшөөрч байгаа өрөө ч гэсэн барагдуулдаггүй. 2019 оны 8 дугаар сарын 27-ны байдлаар 1,766,500 төгрөгөөр тооцоо нийллээ. Ховд их сургуулийн ой болоход 900,000 төгрөгийн зураг аваад ялгаа байхгүй 2,566,500 төгрөгийн өртэй болсон. Эвлэрүүлэн зуучлах ажиллагаанд төлсөн 30000 төгрөг, 2018 оны тооцоо 4,671,350 төгрөг, хугацааны торгууль 2,536,543 төгрөг, 2019 оны эхний хагас жилийн байдлаар 2,222,500 төгрөг нийт 9,460,393 төгрөгийг Ховд аймгийн З газраас гаргуулж өгнө үү....Эвлэрүүлэн зуучлах ажиллагаанд төлсөн 30000 төгрөгөөсөө татгалзаж нэхэмжлэлийн шаардлагаа 9,430,393 төгрөг болгож багасгаж байна....2019 оны тайлант хугацаа дуусаагүй байгаа учраас алданги бодоогүй байгаа. 2018 оны төлөгдөөгүй байгаа үлдэгдэл 4,671,350 төгрөгөөс 1 хоногийн 0,3 хувиар бодоод 2019 оны 1 сарын 01-ний өдрөөс 2019 оны 6 дугаар сарын 30-ны өдрийг дуустал 181 хоногоор тооцож 2,536,543 төгрөгийн алданги тооцсон....2019 оны 6 дугаар сарын 30-ны өдрийг дуусталх хугацааны тооцооны үлдэгдэл төлбөр 2,222,500 төгрөгөөс шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш 456,000 төгрөг төлөгдөөд 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 6 дугаар сарын 30-ны өдрийг дуусталх хугацааны нийлүүлсэн барааны тооцооны үлдэгдэл 1,766,500 төгрөг байна. Нэхэмжлэлийн шаардлагыг 456,000 төгрөгөөр багасгаж нийт 8,974,393 төгрөгийг хариуцагч байгууллагаас гаргуулна....Одоо энэ нэхэмжилж байгаа төлбөрүүд бүгд Т " ХХК-ийн бүх бараа материалаас авсан байгаа. Я ХХК-ны данс нь захирлынх нь хувийн данс байгаа. Эднийх Я ХХК-ийн захирлын хувийн данс руу нь зарим төлбөрөө хийдэг учир бид ярилцаж байгаад итгэмжлэлээ хоёр компани дээр хийсэн юм. Тэрнээс хариуцагч байгууллагаас нэхэмжилж байгаа 8,974,393 төгрөгийг гаргуулан Т ХХК-д олгож өгнө үү....Ховд аймгийн З газрын нягтлан бодогч нь 2,392,000 төгрөгийн задаргааг хармаар байна гэж хэлж байсан. Манай байгууллагаас падаан авч явчихаад төсөв мөнгө нь ороогүй, Засаг даргын захирамж гараагүй гэдэг шалтгааны улмаас нэг падаанаас тал нь ордог тал нь ордоггүй. Албан газрын нягтлангууд өөр өөрсдийнхөө боломжоос хуваагаад хийдэг юм шиг байна лээ. Бид нар нарийн зүйлийг нь мэдэхгүй байна. Заримдаа манай байгууллагаас авсан падаан хоёр, гурав хуваагдаад хийгддэг. Би авсан бараа материалынхаа жагсаалтыг нэмээд үзэхээр 24,844,750 төгрөг орсон мөнгө нь 20,173,800 төгрөг байгаа. Миний зүгээс төлөгдөөгүй бараа материалын нэрийг нэг бүрчилэн гаргах боломжгүй. Хариуцагч байгууллагаас тэр задаргаа нь гаргана. Хариуцагч байгууллага манайхаас авсан бараа материалын үнээ аль санхүүжилтээсээ хэдэн төгрөгийг нь гаргасан гэдэг нь харагдана. Манайд бол эдний орж ирж байгаа мөнгөн дүнгээс хариуцагч байгууллагад өгсөн бараа материалын нийт дүнгээс хасч л гаргана. Бид нарын зүгээс энэ бараа материалын мөнгийг өгсөн, энэ бараа материалын мөнгийг өгөөгүй гэж нэг бүрчлэн гаргах боломжгүй....Биелүүлээгүй дүнгээс нь алданги төлнө гэж тохиролцсон....гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Эрдэнэбат шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:Ховд аймгийн З газар нь "Т " ХХК, "Я " ХХК-иудтай бэлтгэн нийлүүлэх гэрээ байгуулан хамтран ажилладаг. 2018 оны туршид тус компаниудаас бараа материал худалдан авч "Я " ХХК-ийн дансанд Төрийн сангийн данснаас 6,239,600 төгрөг, Голомт банкны данснаас 432,000 төгрөг, "Т " ХХК-ийн дансанд 10,596,800 төгрөг, Голомт банкны данснаас 1,300,000 төгрөг шилжүүлж нийт 18,568,400 төгрөгийг шилжүүлсэн. 2018 оны үлдэгдэл тооцоо урьд нь 1,597,000 төгрөг байсан. Сая хоёр нягтлан тооцоо нийлэхэд баримт гарч ирээд 1,845,000 төгрөг болсон. Энэ нь манай байгууллагын төлөх ёстой өр. Үүнийг хүлээн зөвшөөрч байгаа. 2019 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 8 дугаар сарын 29-ний өдөр хүртэлх хугацааны бараа материалын гүйлгээнээс тулгаж харахад худалдан авсан барааны үнэ 5,141,300 төгрөг төлөхөөс 4,761,300 төгрөгийг "Т " ХХК руу шилжүүлж үлдэгдэл тооцоо 850,000 төгрөг байсан. 2019 оны үлдэгдэл 1,766,500 төгрөгийг Ховд аймгийн З газраас "Т " ХХК болон "Я " ХХК-д шилжүүлэх өртэй байгаа. Нэхэмжлэлийн шаардлагаас 3,611,500 төгрөгийг хүлээн зөвшөөрч байгаа. Алдангийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Сая данс тулгахад гарч ирсэн 3,074,350 төгрөг нь Ховд аймгийн З газрын үйл ажиллагааны зардалд хамаарахгүй мөнгө байгаа. Төсөл хөтөлбөр нь аймгийн хэмжээгээр хэрэгждэг. Энэ мөнгөнөөс төлөгдөх ёстой гэж үзэж байгаа. Холбогдох төсөл хөтөлбөрийн санхүүжилтээр зохицуулагдах ёстой. 2019 оны 8 дугаар сарын 30-ны өдөр шүүхэд ирүүлсэн баримтад холбогдох баримтуудаа хавсаргасан байгаа.....Бие даасан байгууллага гэж байхгүй. Тамгын газрын бүтэц хэлтсүүд байгаа. Манай нягтлангийн зөвшөөрөлгүйгээр очсон хүн болгонд бараа материалууд өгдөг нь танай байгууллагын буруу байгаа....2,826,350 төгрөг нь холбогдох баримтууд байхгүй учраас хүлээн зөвшөөрөхгүй байна. Мөн төсөл хөтөлбөрөөс санхүүжилт нь гарна....2019 оны хагас жилийн тооцооны төлбөрт маргаан байхгүй. 2018 оны тооцооны үлдэгдлээс манай байгууллага 1,845,000 төгрөгийг төлөх нь баримтаар тогтоогдож байгаа. Алданги төлөхгүй....гэв.
Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Т ХХК, Я ХХК-иудын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б нь Ховд аймгийн З газарт холбогдуулан 2018 оны тооцооны үлдэгдэл төлбөр 4,671,350 төгрөг, гэрээнд тусгасан хугацааны торгууль 2,536,543 төгрөг, 2019 оны эхний хагас жилийн тооцооны үлдэгдэл 2,222,500 төгрөг, эвлэрүүлэн зуучлалд төлсөн улсын тэмдэгтийн хураамж 30,000 төгрөг, нийт 9,460,393 /есөн сая дөрвөн зуун жаран мянга гурван зуун ерэн гурав/ төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч байгууллагуудын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б нь 2018 оны тооцооны үлдэгдэл төлбөр 4,671,350 төгрөг гаргуулах шаардлагаа 2018 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд Ховд аймгийн З газарт нийлүүлсэн бараа материалын тооцооны үлдэгдэл төлбөр 4,671,350 төгрөг гаргуулах гэж, гэрээнд тусгасан хугацааны торгууль 2,536,543 төгрөг гаргуулах шаардлагаа 2018 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд төлөгдөөгүй тооцооны үлдэгдэл төлбөрөөс тооцсон алданги 2,536,543 төгрөг гаргуулах гэж, 2019 оны эхний хагас жилийн тооцооны үлдэгдэл 2,222,500 төгрөг гаргуулах шаардлагаа өнөөдөр тооцоо нийлэхэд 456,000 төгрөг төлөгдсөн байгаа тул үүнийг хасаад 2019 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн хооронд нийлүүлсэн бараа материалын тооцооны үлдэгдэл төлбөр 1,766,500 төгрөг гаргуулах гэж, эвлэрүүлэн зуучлалд төлсөн улсын тэмдэгтийн хураамж 30,000 төгрөг гаргуулах шаардлагаасаа шүүгчийн захирамжаар уг мөнгийг буцаан гаргуулах тул уг шаардлагаасаа татгалзаж байна гээд Ховд аймгийн З газраас нийт 8,974,393 төгрөгийг Т ХХК-д гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа багасгав.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг зарим хэсгийг хангаж шийдвэрлэлээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Эрдэнэбат шүүх хуралдаанд ....2018 оны тооцооны үлдэгдлээс 1,845,000 төгрөг, 2019 оны эхний хагас жилийн тооцооны үлдэгдэл 1,766,500 төгрөг, нийт 3,611,500 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрнө. 2018 оны тооцооны үлдэгдэл төлбөрөөс 2,826,350 төгрөгийг зөвшөөрөхгүй байгаа үндэслэл нь Ховд аймгийн З газрын үйл ажиллагааны зардалд хамаарахгүй мөнгө байгаа. Төсөл хөтөлбөрөөс мөнгө нь гаргах ёстой. 2018 оны тооцооны үлдэгдлээс тооцсон алданги 2,536,543 төгрөгийг төлөхийг зөвшөөрөхгүй.... гэж мэтгэлцэв.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хариуцагч байгууллагаас нэхэмжилж байгаа бараа материалын төлбөр нь Т ХХК-иас гарсан, хариуцагч байгууллага нь Я ХХК-ийн данс руу зарим төлбөрийг хийдэг учраас хоёр байгууллагаас итгэмжлэл авч нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн шаардлага болох 8,974,393 төгрөгийг Т ХХК-д гаргуулна гэж тайлбарлав.
Т ХХК болон Ховд аймгийн З газрын хооронд 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор Ховд аймгийн З газрын үйл ажиллагаанд бараа, бүтээгдэхүүн бэлтгэн нийлүүлэхээр 2018 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр 5 дугаартай Бэлтгэн нийлүүлэх гэрээ байгуулж, худалдагч тал гэрээний хавсралтад заасан нэр төрлийн барааг нийлүүлэх, худалдан авагч нь бараагаа хүлээн авсан үеэс хойш 20 хоногийн дотор бэлэн бишээр үнийг төлөх үүргийг тус тус хүлээсэн байна. /хх-ийн 13-15 дугаар тал/
Нэхэмжлэгч нь 2018 онд 24,844,750 төгрөгийн бараа материалыг нийлүүлж, хариуцагч нь 20,173,400 төгрөгийг төлж, улмаар 4,671,350 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй талаар тооцоо нийлж баримт үйлджээ. /хх-ийн 16 дугаар хуудас/
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь 4,671,350 төгрөгөөс 1,845,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, үлдэгдэл 2,826,350 төгрөгийг төсөл хөтөлбөрөөс мөнгө нь гаргах ёстой гэх үндэслэлээр төлөхгүй гэж маргав.
Харин 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 6 дугаар сарын 30-ны өдрийг дуусталх хугацаанд нэхэмжлэгч нь 4,489,500 төгрөгийн бараа материалыг нийлүүлж, хариуцагч нь 2,267,000 төгрөгийг, шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш 456,000 төгрөг, нийт 2,723,000 төгрөгийг төлж, улмаар 1,766,500 төгрөгийг төлөөгүй байна. Талууд 2019 оны үлдэгдэл төлбөр болох 1,766,500 төгрөгийн талаар маргаагүй болно.
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заажээ.
Худалдан авагч хүлээн авсан эд хөрөнгийн үнийг бүрэн төлөөгүй бол худалдагч дутуу төлбөрийг шаардах эрхтэй тул хариуцагч Ховд аймгийн З газраас худалдах-худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөрт нийт 6,437,850 төгрөгийг шаардах эрхтэй байна.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн төсөл хөтөлбөрөөс мөнгө нь гарах ёстой, тамгын газрын үйл ажиллагааны зардалд хамаарагүй гэх тайлбар нь талуудын хооронд байгуулсан гэрээнд заасан төлбөрөө төлөхгүй байх үндэслэл биш юм.
Түүнчлэн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь 4,671,350 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй талаар тооцоо нийлсэн баримтын талаар маргаагүй болохыг дурдлаа.
2018 оны Зохигчид 2018 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн Бэлтгэн нийлүүлэх гэрээний 9.2-т худалдан авагч энэ гэрээгээр дор дурдсан хариуцлага хүлээнэ. Үүнд: төлбөрөө дараа улирлын дотор барагдуулаагүй хоног тутам үнийн дүнгийн 0.3 хувийн хэмжээгээр нөгөө талд анз /торууль/ төлнө гэж тохиролцжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь анз /торгууль/ гэж тохиролцсноо алданги төлөхөөр тохиролцсон гэж тайлбарлах боловч гэрээнд анз /торгууль/ гэж тусгасан нь талууд гэрээний хугацаанд үүргийн гүйцэтгэлийг хангаагүй бол анзын төрөл болох алданги, торгууль хоёрын алийг нь тохирсон нь тодорхойгүй, түүнчлэн талуудын хооронд байгуулагдсан гэрээг худалдан авагч талыг төлөөлж нягтлан бодогч Д.Нямдэлгэр байгуулсан гэх боловч шүүх хуралдаанд гэрч Д.Нямдэлгэрийн өгсөн Гэрээг ямар байр суурьнаас хийснийг мэдэхгүй байна. Би энэ гэрээтэй танилцаж гарын үсэг зураагүй. Нэхэмжлэл гаргасан үед энэ гэрээтэй танилцаж байсан гэх мэдүүлгээс үзэхэд талууд анзын төрлөөс алийг нь тохирсон нь тодорхойгүй байх тул хариуцагч байгууллагаас алданги 2,536,543 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Иймд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.4-т заасныг баримтлан хариуцагч Ховд аймгийн З газраас 2018 оны тооцооны үлдэгдэл төлбөр 4,671,350 төгрөг, 2019 оны эхний хагас жилийн тооцооны үлдэгдэл төлбөр 1,766,500 төгрөг, нийт 6,437,850 /зургаан сая дөрвөн зуун гучин долоон мянга найман зуун тавь/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Т ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2,536,543 /хоёр сая таван зуун гучин зургаан мянга таван зуун дөчин гурав/ төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 166,317 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ховд аймгийн З газраас 6,437,850 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 117,955 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Т ХХК-д олгохоор тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.4-т заасныг баримтлан 2018 оны тооцооны үлдэгдэл төлбөр 4,671,350 төгрөг, 2019 оны эхний хагас жилийн тооцооны үлдэгдэл төлбөр 1,766,500 төгрөг, нийт 6,437,850 /зургаан сая дөрвөн зуун гучин долоон мянга найман зуун тавь/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Т ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2,536,543 /хоёр сая таван зуун гучин зургаан мянга таван зуун дөчин гурав/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 166,317 /нэг зуун жаран зургаан мянга гурван зуун арван долоо/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ховд аймгийн З газраас улсын тэмдэгтийн хураамж 117,955 /нэг зуун арван долоон мянга есөн зуун тавин тав/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Т ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ОЮУНЖАРГАЛ