Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2019 оны 10 сарын 15 өдөр

Дугаар 00476

 

2019 оны 10 сарын 15 өдөр

Дугаар 153/ШШ2019/00476

Жаргалант сум

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                      

Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар,

нэхэмжлэгч: Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын 7 дугаар багт оршин суух, Яргай овогт Окоогийн Б /../-ийн нэхэмжлэлтэй,

ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2019 оны 7 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, 2019 оны 7 дугаар сарын 09-ний өдөр 153/2019/00353/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Золзаяа, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Оюунчимэг нар оролцлоо.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч О.Б нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:  Яргай овогт Окоогийн Б миний бие нь 1962 оны 11 сарын 08-нд Ховд аймгийн Мянгад суманд төрсөн.

Бага насаа аав, ээжийн гар өнгөрөөж, Ховд аймгийн Мянгад сумын дунд сургуульд элсэн орж суралцаж, 1978 онд 8 дугаар ангиа төгсөөд Монголын Хувьсгалт Залуучуудын Эвлэлийн илгээлтээр Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдлийн Цагаанбулан бригадад аав Окоогийн суурьт туслах малчнаар мал маллаж эхэлсэн. Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдэлд 1978 оноос эхлэн мал маллаж байгаад 1980-1983 онд Цэргийн алба хаасан. Цэргийн алба хааж ирээд мөн нэгдэлдээ мал маллаж байхад 1992 оноос өмч хувьчлал эхэлж, Давшилт нэгдлийн малыг өмч хувьчлалаар малчдад тарааж эхэлсэн.

Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдэл нь 1992 оны 1 дүгээр сарын 12-нд Давшилт ХК болж өөрчлөгдөн байгуулагдаж, нэгдлийн суурь дээр үлдсэн өмч хөрөнгө, малыг зарим малчид нь хариуцан маллаж байсан.

О.Б миний бие нь Давшилт ХК-д үлдсэн малыг 1995 оныг дуустал малласан. О.Б миний бие нь Сум дундын 25 дугаар шүүхийн 2014 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 421 дүгээр шийдвэрээр Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдэлд 1978 оноос 1980 он, 1983 оноос 1989 он хүртэл малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгож шийдвэрлүүлсэн.

Миний бие нь улсаас нийгмийн даатгал төлсөн ажилласан жил тооцуулж аваагүй болно.

Яргай овогт Окоогийн Б намайг 1989 оны 01 сарын 01-ний өдрөөс 1992 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийг хүртэлх хугацаанд Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдэлд малчнаар, 1992 оны 1 дүгээр сарын 12-ны өдрөөс 1995 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд Ховд аймгийн Мянгад сумын Давшилт хувьцаат компанид малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад 

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч О.Б нь Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдэлд 1989 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийг хүртэл малчнаар, Ховд аймгийн Мянгад сумын Давшилт ХК-д 1992 оны 01 дүгээр сарын 12-ны өдрөөс 1995 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар тус тус ажиллаж байсан байдлаа тогтоолгох шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй байна.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

Урьд нь О.Бийг 1978-1980 он, 1983-1989 он хүртэл Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдэлд малчнаар ажиллаж байсныг тогтоож, 1990-1991 он хүртэл мал маллаж байсныг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болох нь Сум дундын 25 дугаар шүүхийн 2014 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 421 дугаартай шийдвэрийн хуулбараар тогтоогдож байна. /хх-ийн 17 дугаар тал/.

Уг шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр байгаа болох нь нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдлоо.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1.1-д зааснаар Сум дундын 25 дугаар шүүхийн 2014 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 421 дугаартай шийдвэр нь хуулийн хүчин төгөлдөр болсон байна.

Түүнчлэн шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсноор тухайн шийдвэр өөрчлөгдөхгүй байх, тухайн асуудлаар дахин шаардлага гаргах эрхийг хязгаарлах, нэгэнт тогтоогдсон маргааны үйл баримтыг өөр хэрэгт дахин нотлохгүй байх, заавал даган мөрдөх, биелэгдэх зэрэг эрх зүйн үр дагавар бүхий шинжтэй болдог.

Эдгээр шинж тэмдэг нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлнэ., 40 дүгээр зүйлийн 40.4-т Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй., 120 дугаар зүйлийн 120.4-т Зохигч ба хэргийн бусад оролцогч, түүнчлэн тэдгээрийн эрх залгамжлагч шүүхээр нэгэнт хянан шийдвэрлэгдсэн маргааны талаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах буюу шүүхээс нэгэнт тогтоогдсон үйл баримт, эрх зүйн харилцаа, иргэний хэрэг хянан шийдвэрлэх өөр ажиллагааны талаар маргах эрхгүй. гэж тус тус хуульчилжээ.

Иймд Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдэлд 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгох шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь үндэслэлтэй байна.

Харин нэхэмжлэгч О.Б нь Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдэлд 1989 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийг хүртэл тус тус малчнаар ажиллаж байсан болох нь Мянгад сумын Цагаанбулан бригадын 1989, 1991 онуудын 70 дугаар дансны хуулбарууд, гэрч Л.Баттөмөрийн ....О.Б нь 1978-1992 он хүртэл Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдлийн 4 дүгээр бригадад малчнаар ажиллаж байсан. Энэ хооронд цэргийн алба хаасан. Давшилт нэгдлийн 4 дүгээр бригад нь Цагаанбулан нэртэй байсан.... гэх мэдүүлэг, Б.Нохойжавын ....О.Б нь манай доод ангид сурч байсан. 1978 онд 8 дугаар анги төгсөөд илгээлтээр хөдөө гарч малчнаар 1992 он хүртэл малчнаар ажилласан.... гэх мэдүүлэг зэрэг баримтуудаар тогтоогдож байх тул дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ. /хх-ийн 32-33, 34-35, 62, 64 дүгээр тал/

Сум дундын 25 дугаар шүүхийн 2014 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 421 дугаартай шийдвэрээр О.Бийн ажилласан байдлыг тогтоохдоо ....1989 он хүртэл...., ....1991 он хүртэл малчнаар ажилласан байдлыг хэрэгсэхгүй болгож.... шийдвэрлэсэн байх тул уг шийдвэрт бичигдсэн хүртэл гэх үгийн шууд утгаар тайлбарлан нэхэмжлэгчийн 1989, 1991 онуудад малчнаар ажиллаж байсныг тогтоож шийдвэрлэсэн болохыг дурьдав.

Хавтаст хэрэгт авагдсан гэрч Л.Баттөмөрийн ...О.Б нь Чандмань компанид малчнаар тартал нь ажилласан. Чандмань компаний даргаар Ёндон ажиллаж байсан. О.Б нь Мянгад сумын Давшилт компанид ажиллаагүй.... гэх мэдүүлэг, гэрч Б.Нохойжавын ....Б нэгдэл тараад компанид ажилласан гэдгийг мэдэхгүй.... гэх мэдүүлэг болон бусад баримтаар О.Б нь Ховд аймгийн Мянгад сумын Давшилт ХК-д 1992 оны 01 дүгээр сарын 12-ны өдрөөс 1995 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан болох нь тогтоогдохгүй. Тиймээс нэхэмжлэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйн тулд дээрх хугацаанд ажиллаж байсан талаарх нотлох баримтаа бүрдүүлэн дахин шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдах нь зүйтэй.

Хавтаст хэргийн 5-14 дүгээр хуудсанд авагдсан 1991 он, 1993 он, 1995 он, огноо тодорхойгүй малын тооллогын дүн гэх баримтууд нь О.Бийн хувийн малаа тоолуулсан данс бүртгэл байх бөгөөд уг баримтууд нь Давшилт ХКомпанид ажиллаж байсан байдлыг тогтоолгох шаардлагад хамааралгүй, хавтаст хэргийн 15-16 дугаар хуудсанд авагдсан иргэн иргэн Б.Нохойжав, Л.Баттөмөр нарын тодорхойлолт нь хуульд заагаагүй, нотлох баримтыг гаргах, цуглуулах талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн байх тул дээрх баримтуудыг нотлох баримтанд үнэлээгүй болно.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1-д заасныг тус тус удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Яргай овогт Окоогийн Б /ПЗ62110818/-ийн Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдэлд 1989 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийг хүртэл тус тус малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож, Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдэлд 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгох шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2.Нэхэмжлэгч О.Б нь Ховд аймгийн Мянгад сумын Давшилт ХК-д 1992 оны 01 дүгээр сарын 12-ны өдрөөс 1995 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан талаарх нотлох баримтаа бүрдүүлэн дахин шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч О.Бийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ          С.ОЮУНЖАРГАЛ