| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сайнбаярын Оюунжаргал |
| Хэргийн индекс | 153/2019/00410/И |
| Дугаар | 00478 |
| Огноо | 2019-10-16 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2019 оны 10 сарын 16 өдөр
Дугаар 00478
| 2019 оны 10 сарын 16 өдөр | Дугаар 153/ШШ2019/00478 | Жаргалант сум |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар,
нэхэмжлэгч: Ховд аймгийн Чандмань сумын Жаргалант багт оршин суух, Таргад овогт Баатарчулууны Д /.../-ийн нэхэмжлэлтэй,
ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2019 оны 8 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, 2019 оны 8 дугаар сарын 22-ны өдөр 153/2019/00410/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Мөнхцоож, нэхэмжлэгч Б.Д нар оролцлоо.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Д нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 1964 онд Ховд аймгийн Дөргөн суманд төрсөн, 1 дүгээр ангид сурч байгаад аав маань мал маллах хүн байхгүй гээд намайг сургуулиас гаргаж авсан. Тэгээд би сургуулиас гарч мал маллаж байгаад 1982 онд цэргийн албанд татаж 1985 онд цэргээс халагдаж ирсэн. Тэгээд халагдаж ирээд 1986 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр гэр бүлтэй болсон. Ховд аймгийн Чандмань суманд шилжиж ирээд түүнээс хойш үргэлжлүүлэн мал маллаж байна. Тэтгэвэрт гарах болсон тул шүүхэд хандсан. Намайг Ховд аймгийн Дөргөн сумын Сүхбаатарын зам нэгдлийн Аргалант бригадад 1978 оны 5 дугаар сарын 23-ны өдрөөс 1982 оны 6 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл, 1985 оны 8 дугаар сарын 15-ны өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал тус тус малчнаар ажиллаж байсныг тогтоож өгнө үү....Би 6 дугаар ангид хагас дутуу сурч байгаад сургуулиас гарч байсан....Аавын нэр байхаар нь өөрийнхөө нэрийг болгоод солиод бичсэн....гэв.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Д нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй байна.
Нэхэмжлэгч Б.Д нь шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа Ховд аймгийн Дөргөн сумын Сүхбаатарын зам нэгдлийн Аргалант бригадад 1978 оны 5 дугаар сарын 23-ны өдрөөс 1982 оны 6 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл, 1985 оны 8 дугаар сарын 15-ны өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал тус тус малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгох гэж тодруулав.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч Б.Д Ховд аймгийн Дөргөн сумын Сүхбаатарын зам нэгдлийн Аргалант бригадад 1980 оны 5 дугаар сарын 23-ны өдрөөс 1982 оны 6 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл, 1985 оны 8 дугаар сарын 15-ны өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал тус тус малчнаар ажиллаж байсан болох нь Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын архивын тасгийн 2019 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 580 дугаартай албан бичгээр ирүүлсэн Ховд аймгийн Дөргөн сумын Аргалант бригадын 1985, 1988-1990 онуудын 70 дугаар дансны хуулбарууд, Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын архивын тасгийн 2013 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 1081 дугаартай албан бичгээр ирүүлсэн Ховд аймгийн Дөргөн сумын Аргалант бригадын 1980-1982 онуудын 70 дугаар дансны хуулбарууд, Баатарчулууны Д, Дашдоржийн Баасанхүү нарын гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, 1987 оны 9 дүгээр сарын 5-ны өдөр гэх огноотой Дурсамж, 1982 оны 2 дугаар сарын 01-ний өдөр гэх огноотой Диплом, 1981 оны 7 дугаар сарын 01-ний өдөр гэх огноотой Хүндэт жуух бичиг, гэрч Г.Мандахын ....Б.Д нь 16 насанд хүрээд Ховд аймгийн Дөргөн сумын Сүхбаатарын зам нэгдлийн 3 дугаар бригадад эцэг, эхийн хамт мал маллаж эхэлсэн. Малчнаар ажиллаж байгаад 1982 онд цэргийн албанд татагдсан. Цэргээс 1985 онд халагдаж ирээд Ховд аймгийн Дөргөн сумын Сүхбаатарын зам нэгдлийн 3 дугаар бригаддаа тус нэгдлээ тартал нь мал маллаж байсан....Эцэг эхтэйгээ мал маллаж байгаад л цэрэгт явсан юм. Б.Д нь бог мал маллаж байсан. Тухайн үед манай нэгдэлд малаа холимог маллуулж байсан юм. Хонь, ямаа маллаж байсан. Дгийн эцгийг Батнасангийн Баатарчулуун гэдэг байсан. Ээжийнх нь нэрийг Гэндэнгийн Бямба гэдэг байсан....Эхнэрийнх нь нэрийг Дашдоржийн Баасанхүү гэдэг бас л малчин хүн байсан.... гэх мэдүүлэг зэрэг баримтуудаар тогтоогдож байх тул дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ. /хх-ийн 5, 9-12, 21, 22, 39-40, 49-52, 54 дүгээр тал/
Нэхэмжлэгч нь 1964 оны 5 дугаар сарын 23-ны өдөр төрсөн болох нь нэхэмжлэгчийн тайлбар, түүний иргэний үнэмлэхний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар зэргээр тогтоогдож байх тул хөдөлмөрийн насанд буюу 16 насанд хүрсэн өдрөөс эхлэн Б.Дгийн ажиллаж байсан байдлыг нь тогтоосон болохыг дурдлаа.
Хавтаст хэрэгт авагдсан баримтаар Б.Д нь Ховд аймгийн Дөргөн сумын Сүхбаатарын зам нэгдлийн Аргалант бригадад 1978 оны 5 дугаар сарын 23-ны өдрөөс 1980 оны 5 дугаар сарын 22-ны өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан болох нь тогтоогдохгүй байх тул дээрх хугацаанд ажиллаж байсан талаарх нотлох баримтаа бүрдүүлэн дахин шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдах нь зүйтэй.
Хавтаст хэргийн 15-16 дугаар хуудсанд авагдсан иргэн М.Должинжав, Г.Мандах нарын тодорхойлолт нь хуульд заагаагүй, нотлох баримтыг гаргах, цуглуулах талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн, хавтаст хэргийн 41-42 дугаар хуудсанд авагдсан гэрч М.Должинжавын мэдүүлэг нь нэхэмжлэгчийн тайлбараас зөрсөн буюу нотлох баримтаар үнэлэхэд эргэлзээтэй, хавтас хэргийн 23, 24, 26, 27, 24, 55, 56, 57 дугаар хуудаснуудад авагдсан баярын бичиг, Талархал зэргийн Д гэх нэр завсартай, хавтаст хэргийн 25 дугаар хуудсанд авагдсан Дайчин хуудас, 58 дугаар хуудсанд авагдсан Сайшаалын үнэмлэх зэрэгт Баатарчулуун гэх бичвэртэй байх бөгөөд нэхэмжлэгчтэй хамааралгүй баримт байх тул дээрх баримтуудыг нотлох баримтанд үнэлээгүй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-т зааснаар тус шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 153/ШЗ2019/01550 дугаартай шүүгчийн захирамжаар нэхэмжлэгч Б.Дг ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагад урьдчилан төлөх улсын тэмдэгтийн хураамж 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөг төлөхөөс чөлөөлсөн болохыг дурдав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Таргад овогт Б-ы Д / /-ийн Ховд аймгийн Дөргөн сумын Сүхбаатарын зам нэгдлийн Аргалант бригадад 1980 оны 5 дугаар сарын 23-ны өдрөөс 1982 оны 6 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл, 1985 оны 8 дугаар сарын 15-ны өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал тус тус малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2.Нэхэмжлэгч Б.Д нь Ховд аймгийн Дөргөн сумын Сүхбаатарын зам нэгдлийн Аргалант бригадад 1978 оны 5 дугаар сарын 23-ны өдрөөс 1980 оны 5 дугаар сарын 22-ны өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан талаарх нотлох баримтаа бүрдүүлэн дахин шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-т зааснаар тус шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 153/ШЗ2019/01550 дугаартай шүүгчийн захирамжаар нэхэмжлэгч Б.Дг ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагад урьдчилан төлөх улсын тэмдэгтийн хураамж 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөг төлөхөөс чөлөөлсөн болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ОЮУНЖАРГАЛ