| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бавуугийн Гансүх |
| Хэргийн индекс | 177/2023/0081/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/98 |
| Огноо | 2023-05-17 |
| Зүйл хэсэг | 23.2.1., |
| Улсын яллагч | А.Анхбаяр |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 05 сарын 17 өдөр
Дугаар 2023/ШЦТ/98
2023 05 17 2023/ШЦТ/95
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Гансүх даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ц.Б,
Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.А,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч: М.Б,
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Б.Ц,
Шүүгдэгч: Д.А нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Анхбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А овогт Дийн Ад холбогдох эрүүгийн 2309000000321 дугаартай хэргийг 2023 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, .... оны 11 дүгээр сарын 05-нд Увс аймгийн ........ суманд төрсөн, 41 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, тодорхой эрхэлсэн ажилгүй, ам бүл 6, нөхөр, 4 хүүхдийн хамт Увс аймгийн Баруунтуруун сумын Шанд багийн ........ тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй А овогт Дийн А/РД: ................/,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Д.А нь Монгол Улсын Боловсролын их сургуулийн D200815878 дугаартай Боловсролын бакалавр зэргийн дипломыг хуурамч болохыг мэдсээр байж Увс аймгийн Баруунтуруун сумын цэцэрлэгт багшаар ажилд орж 2022 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр хүртэл ашигласан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
1. Шүүгдэгч Д.Аг хуурамч бичиг баримт ашиглах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:
Шүүгдэгч Д.А нь Монгол Улсын Боловсролын их сургуулийн D200815878 дугаартай Боловсролын бакалавр зэргийн дипломыг хуурамч болохыг мэдсээр байж Увс аймгийн Баруунтуруун сумын цэцэрлэгт багшаар ажилд орж 2022 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр хүртэл ашигласан болох нь:
Өмчийн хэлбэр үл харгалзан Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн багш нарын боловсролын баримт бичигт хяналт-шинжилгээ хийх ажлын удирдамж (хавтаст хэргийн 7-10 дахь тал),
Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүдийн багш, удирдах ажилтны боловсролын баримт бичигт хяналт-шинжилгээ хийсэн тухай танилцуулга (хавтаст хэргийн 11-35 дахь тал),
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Бийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Д.А нь анх 2004 онд туслах багшаар ажилд орж байсан. Түүний дараа 2008 оны намар 9 сараас бүлгийн багшаар томилогдон ажилласан. Нийт 18 жил ажилласан. Д.А нь сард 900.000 орчим цалин авдаг байх нарийн сайн мэдэхгүй. Ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 109 дэх тал),
Гэрч Я.Нгийн /Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Боловсрол хяналтын Улсын байцаагч/ мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Тухайн шалгалтыг Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа төрийн болон төрийн бус өмчийн цэцэрлэг сургуулийн багш, удирдах ажилтны боловсролын баримт бичгийг цахим хэлбэрээр хүлээн авч, бүртгэлжүүлж дээд боловсролын удирдлага мэдээллийн системд тулгалт хийж, үндэсний архивын газраас ирүүлсэн мэдээлэл, төгсөгчдийн дээд боловсролын мэдээний маягт зэргүүдээс шүүлт хийж боловсролын баримт бичгийг бүртгэл, тулгалт хийж ажилласан. Уг дипломыг хаана ямар байдлаар үйлдвэрлэж олгосон гэдгийг тогтоох боломжгүй байна. Ажлын хэсэг нь хуурамч дипломтой багш, удирдах ажилтантай холбогдож уулзаагүй тайлбар өгөөгүй байгаа мөн Боловсролын мэдээллийн сангийн бүртгэлд /Еsis программ/ боловсролын баримт бичгийг оруулсан боловч цахимаар буюу pdf файлаар материалаа ирүүлээгүй зөрчлүүд байгаа” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 39-41 дэх тал),
Гэрч Ч.Эгийн /БШУЯамны хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга/ мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Ерөнхийдөө шалгалт 2021 оны 12 дугаар сарын сүүлээр эхэлсэн ба эхний ээлжид шалгалтын бэлтгэл ажлыг хангах 2 сарын хугацаа шаардагдсан ба түүнд боловсролын мэдээллийн системд байгаа багш нарын мэдээллийг татаж авах, Багш нарын дипломыг рdf файлаар татаж авах, архивын ерөнхий газраас мэдээлэл гаргуулж авах зэрэг мэдээлэл цуглуулах ажилд маш их хугацаа орсон. Тухайн хяналт, шалгалтыг явуулах туршлагатай мэргэжилтэн шаардлагатай байсан тул мэргэжпийн хяналтын байцаагч, боловсролын ерөнхий газраас мэргэжилтэн татан оролцуулж тушаалд өөрчлөлт оруулж уг ажпыг эхэлсэн. Мөн ажлын хэсгээ дотор нь 2 болгож хуваасан ба хувь хүний нууцлалтай хэсэг дээр бол мэргэжпийн хяналтын байцаагч, боловсролын ерөнхий газрын мэргэжилтэн, манай газрын ахлах шинжээч нарыг оруулж тэдгээр хүмүүстэй нууцлалын баталгаа гаргуулж шалгалтын үндсэн ажлыг дээрх хүмүүс 2022 оны 03 сараас эхэлж 08 дугаар сарыг дуустал хийж гүйцэтгэсэн харин бусад ажлын хэсэгт орсон хүмүүс нь бол дээрх хүмүүсийг ажиллах нөхцөлийг хангаж мэдээллийг цэгцлэх, цуглуулах хэлбэрээр ажилласан юм. Дээрх шалгалтын үр дүнгийн тайланд бусад шалгалтаар тогтоогдсон дэлгэрэнгүй мэдээллийг тусгасан байгаа. Би яг системийг хэзээнээс эхлэн ашигласныг бол сайн мэдэхгүй байна гэхдээ манай байгууллагад ЕSIS, НЕМIS гэсэн үндсэн 2 программ ашиглагддаг юм. Тухайн НЕМIS программд бүх их, дээд сургуулиуд төгсөгчдийн мэдээллийг оруулдаг ба түүнийг боловсролын ерөнхий газар баталгаажуулдаг байсан харин ЕSIS программд Монгол Улсын хэмжээнд байгаа багш, оюутан, сургууль, сурагчдын дэлгэрэнгүй мэдээлэл байдаг юм. ESIS систем нь Монгол Улсын хэмжээнд байгаа багш, оюутан, сургууль, сурагчдын дэлгэрэнгүй бүхий л мэдээлэл багтдаг юм. Дээд боловсролын удирдлага мэдээллийн систем гэдэг нь HEMIS програм буюу их дээд сургууль төгсөгчдийн дипломын мэдээлэл юм. Улсын хэмжээний цэцэрлэг, сургуулийн багш, удирдах ажилтнуудын дипломыг өөрсдөөс нь хуулбар байдлаар гаргуулж аваад түүнийгээ архивын материал, системийн бүртгэл, төгсөгчдийн дипломын бүртгэл, захирлын тушаалууд зэрэг мэдээллийг тулгаж байж зөрчлийг гаргаж ирж байгаа юм. Тухайн шалгалтын ажлын хэсгийн бүрэлдэхүүн нь дан хуулбар материал дээр үндэслэн хийсэн бөгөөд шалгалтын явцад зөрчилтэй гэж цагдаагийн байгууллагад шилжүүлсэн иргэдийн дипломтой холбоотой цугларсан баримтуудыг одоо миний бие хадгалж байгаа. Түүнийг байгууллага хоорондын бичгээр болон тухайн улсын байцаагчаар дамжуулж хүлээлгэн өгч болно." гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 43-45 дахь тал),
Гэрч А.Тийн /Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Боловсрол хяналтын Улсын байцаагч/ мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “БШУЯамны сайд Л.Эгийн тушаалын дагуу 2022 оны 3 дугаар сарын 02-ны өдрөөс 09 дүгээр сарын 06-ны өдрийг хүртэл хугацаанд боловсролын баримт бичгийн үзлэг, шалгалтын ажлын хэсэгт Н, Д, Б, С нарын хамт ажилласан юм. Миний хувьд бол өөрийн ажил, үүргийн дагуу дипломын хуурамч мөн эсэх болон үндэсний архивын газрын лавлагаанаас хайлт, ЕSIS программд дипломын дугаараар хайлт тус тус хийсэн юм. Зарим багш нарын хуурамч дипломыг системд бүртгүүлж, баталгаажуулсан зөрчил бол илэрсэн. Зөрчилтэй диплом бүхий багш нарын төгссөн эсэхийг тухайн сургуулиудаас нь тодруулж лавлагаа аваагүй. Зөвхөн дээрх бүртгэл, мэдээллүүдээс шүүлт хийх замаар зөрчилтэй дипломыг тодруулсан. Ангилсан кодыг уншихдаа 1.1 Дипломын дугаар давхацсан, Бусдын дипломын дугаарыг ашигласан, 1.2 Дипломын дугаар огт байхгүй буюу тийм дугаар тухайн жилд олгогдоогүй, илтэд хуурамчаар үйлдсэн, 1.3 Тухайн сургуулийн буруутай үйл ажиллагаанаас /Сургуулиуд өөрсдөө төгсөгчдийн дипломын дугаарыг давхцуулж олгосон/, 1.4 Дээд шатны байгууллагын буруутай үйл ажиллагаанаас /Яамнаас тухайн жилд олгогдсон дипломын дугаарыг сургуулиудад давхцуулан олгосон/. 1.5 Дараагийн шатанд зөрчилтэй диплом ашиглан суралцсан зэрэг зөрчлүүд илэрснийг тус тус ангилсан юм. Дээрх зөрчлүүдээс 1.1, 1.2 кодтой зөрчил илэрсэн мэдээллийг танай байгууллагад хүргүүлж байгаа юм” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 47-49 дэх тал),
Гэрч Н.Бгийн /Боловсрол, шинжпэх ухааны яамны Боловсрол мэдээллийн технологийн төвийн систем хөгжүүлэлтийн хэлтэст ахлах хөгжүүлэгч/ мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Тухайн программд мэдээлэл оруулахдаа боловсролын салбарт ажиллаж байгаа хүмүүс нь анх орохдоо өөрсдөө юм уу сургууль, цэцэрлэгийн менежер, эрхлэгч нар мэдээлэл оруулдаг үнэн зөвийг нь аймаг, дүүргийн боловсролын хэлтсийн ажилчид хяналт тавьж ажилладаг. ЕSIS систем бол боловсролын салбарын сургууль, цэцэрлэгт ажиллаж байгаа багш ажилчдын мэдээллийн бүртгэл, дээд боловсролын удирдлага мэдээллийн систем нь Нemis буюу их, дээд сургуулиудын хөдөлгөөн статистикийн мэдээг цахимжуулсан систем, их дээд сургууль төгсөгчдийн мэдээний PDF, ДБ гэсэн үг нь их, дээд сургууль төгсөгчдийн статистик мэдээний тайлан. Дээд боловсролын удирдлага мэдээллийн систем нь төгсөгчдийн дипломын үнэн зөвийг систем нотлох боломжгүй зөрчилтэй эсэхийг тухайн сургууль нотолно. Дээд боловсролын удирдлага мэдээллийн системийн мэдээллийн сан бүрдүүлэх ажил үе шаттайгаар тасралтгүй хийгдэж байна тиймээс системд бүртгэлгүй шүүлт хийхэд байхгүй байна гэдэг нь системийн алдаа биш юм” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 56-58 дахь тал),
Гэрч Б.Дгийн /Боловсрол, шинжпэх ухааны яамны хяналт, шинжилгээ үнэлгээ, дотоод аудитын газарт ахлах шинжээч/ мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Тухайн хяналт шалгалтыг хийхдээ Боловсролын тухай хуулийн 9 дүгээр зүйл, 28 дугаар зүйлийн 1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Боловсрол, шинжлэх ухааны яамны бүтэц чиг үүргийг заасан Засгийн газрын тогтоолын дагуу тус тус хяналт, шалгалтыг явуулсан. Ерөнхийдөө маш олон тооны хүнийг шалгасан учраас эргэлзээтэй заавал үзэх шаардлагатай гэсэн цөөн тооны хүмүүсийн дипломыг эх хувиар нь үзсэн ба диплом олгосон гэх сургуулиас лавлагаа авсан байгаа. Ерөнхийдөө манай яамны дотооддоо ашиглаж байгаа цахим, мэдээллийн бааз дээр тулгуурлан мөн өөрсдийн архивын нэгжтэй тулгалт хийх, Архивын ерөнхий газраас төгсөгчидтэй холбоотой лавлагааг мөн давхардуулан тулгах замаар дээрх зөрчлүүдийг илрүүлсэн" гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 51-53 дахь тал),
Гэрч Д.Агийн /Боловсрол, шинжпэх ухааны яамны Цахим бодлого статистикийн хэлтэст шинжээч/ мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2020 оны А/265 дугаар тушаалаар батлагдсан боловсролын салбарын мэдээллийн сан бүрдүүлэх, ашиглах журмын 2.2.9, 3.2, 3.3, 3.4. 3.10.1-ээс 3.10.3 хүртэлх заалтуудын дагуу тухайн сургууль мэдээллийн санг баяжуулж мэдээлэлд хяналт тавьж үнэн зөв бодит байдлыг бүрэн хариуцах зохицуулалттай байдаг. Тийм болохоор программ дээр байгаа иргэний үнэн зөв байгаа эсэхийг систем нотлохгүй тухайн сургуулийн захирлын тушаал, сургуулиас ирүүлсэн төгсөгчдийн, статистик мэдээ болон бусад баримтад үндэслэн /Нemis/ программ дээр оруулдаг. Программ дээр буруу шивсэн байвал хариуцлагыг тухайн их, дээд сургууль хариуцахаар сайдын тушаал, статистикийн тухай хуулиар зохицуулж өгсөн байдаг" гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 61-64 дэх тал),
Шүүгдэгч Д.Агийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би 2006 онд Монгол Улсын их сургуулийн өмнөх болоьсролын сургуульд 4.5 жилийн хөтөлбөртэй эчнээ ангид элсэж орсон. 2007 онд хувийн шалтгааны улмаас чөлөө авах гэж байхад тус сургуульд хамт сурдаг Б нь надад найдвартай диплом гаргадаг хүн байна гэхээр нь би зөвшөөрөөд дипломоо гаргуулж авсан. Өөрөөр хэлбэл 1 жил сураад албан бусаар төгссөн тийм учраас сурч төгсөөгүй гэх лавлагаа ирсэн байх. Би Б гэх хүнээс 1.500.000 төгрөгөөр худалдаж авсан. Тухайн хүнийг таньж байгаа бөгөөд 95......62 утасны дугаартай Сэлэнгэ аймагт Бугант .... цэцэрлэгийн эрхлэгч ажилтай. Ажилд ороход би бүрэн дунд боловсролтой байсан бөгөөд 2008 онд дээд боловсролтой болсон. Анх ажилд орохдоо хувийн өргөдөл өгөөд орсон. Харин үндсэн багш болохдоо дипломоо үзүүлээд болсон. Би 2022 оны 6 дугаар сарын 03-нд дикритийн чөлөө авсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 81-83 дахь тал)-үүдээр нотлогдон тогтоогдсон байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл,журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2008 оны 11 сарын 13-ны өдрийн 74 тушаалын хавсралтын 1.7 дугаар заалтад “Багшийн мэргэжлээр бакалавраас доошгүй боловсролын зэрэг эзэмшсэн мэргэжилтэнд ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, албан бус боловсролын төв (цаашид сургалтын байгууллага гэх)-д нэг хичээлийн жил ажиллан дадлагажиж, энэхүү журмын 2.1-д заасан шаардлагыг хангасан нөхцөлд багшлах эрх олгоно” гэсэн тусгай шаардлага тавигджээ.
Боловсролын диплом гэдгийг Боловсролын тухай хуулийн 9 зүйлийн 9.1 дэх хэсэгт зааснаар тухайн иргэний эзэмшсэн боловсролын агуулгын түвшин, мэргэжлийг гэрчилсэн албан ёсны боловсролын баримт бичиг гэж ойлгоно.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуурамч диплом гэдгийг мэдсээр байж ашиглах үйлдлийн хувьд уг баримт бичгийг хэрэглэж тодорхой үр дүнд хүрсэн нэг удаагийн үйлдэлтэй, эсхүл удаан хугацаанд тасралтгүй хэрэглэж, дараа дараагийн үр дүнд хүрсээр байдаг удааширсан үйлдэлтэй гэмт хэргийн шинжийн аль алийг нь агуулдаг бөгөөд удааширсан үйлдлийн хувьд уг бичиг баримтыг ашиглах, хэрэглэх боломжгүй болсон цаг хугацаа буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу таслан зогсоогдсон үеийг гэмт хэрэг төгссөн цаг хугацаа гэж үзэхээр хуульчилжээ.
Шүүгдэгч Д.Ань боловсролын диплом хуурамч болохыг мэдсээр байж ашиглах нь хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар түүний үйлдэл гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.
Шүүгдэгч Д.Ань дипломыг хуурамч болохыг мэдсээр байж, ашиглан хууль бус үйлдлээ үргэлжлүүлж буй нь тухайн албан тушаалд шударгаар өрсөлдөж томилогдох боломжтой байсан иргэний эрхийг зөрчин, хохирол учруулахаас гадна Төрийн албанд хууль дээдлэх, шударга ёсыг хангах, нийтийн ашиг сонирхлыг хамгаалж ажиллах зарчмыг ноцтой зөрчиж, төрд итгэх олон нийтийн итгэлийг алдагдуулж, төрийн байгууллагын үнэлэмжийг сулруулах зэрэг бусад хор уршиг учруулсанд тооцогдох үндэслэлтэй болно.
Иймд шүүгдэгч Д.Аг “Боловсролын дипломыг хуурамч болохыг мэдсээр байж ашигласан” буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Хохирол хор уршиг
Шүүгдэгч Д.Ань Монгол Улсын Боловсролын их сургуулийн D200815878 дугаартай Боловсролын бакалавр зэргийн дипломыг хуурамч болохыг мэдсээр байж Увс аймгийн Баруунтуруун сумын цэцэрлэгт багшаар ажилд орж 2022 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр хүртэл ашиглаж Увс аймгийн Баруунтуруун сумын цэцэрлэгт 118.930.313 төгрөгний хохирол учруулсан гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийг мөнгөн дүнгээр тооцож, тогтооно” гэж заасан байна.
Хэргийн үйл баримтаас үзэхэд Д.А нь 2008 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 2023 оны 02 дугаар сарыг дуустал Увс аймгийн Баруунтуруун сумын Цэцэрлэгт багшаар ажиллахдаа хуурамч диплом гэдгийг мэдсээр байж ашиглан гэмт санаагаа хэрэгжүүлсээр байсан тул түүний энэхүү хууль бус үйлдлийн улмаас олсон ашгийг энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол гэж үзнэ.
Эрүүгийн хэрэг үүсгэсэн прокурорын тогтоол гарснаар ажил олгогч хуурамч диплом гэдгийг мэдэх боломж бүрдсэн, таслан зогсоох боломжтой болсон цаг хугацааг гэмт хэрэг төгссөн цаг хугацаа гэж ойлгоно.
Шүүгдэгч Д.Аг хуурамч диплом ашиглан ажиллаж байгаа үйлдэл нь 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр “Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай” тогтоол гарсанаар төгссөнд тооцогдох бөгөөд ажил олгогч болон прокурорын зүгээс энэ нөхцөл байдлыг мэдсэн атлаа хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгохгүйгээр үргэлжлүүлж, түүнд цалин авах боломж бүрдүүлсэн байх тул Д.Ад эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан буюу ял сонсгосон 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдрөөс хойш буюу 2023 оны 01 дүгээр сард олгосон 550.000 төгрөг, 02 дугаар сард олгосон 550.000 төгрөг нийт, 1.100.000 төгрөгийг хурааж авах боломжгүй гэж үзлээ.
Шүүгдэгч Д.А нь хуурамч диплом ашиглан ажиллах хугацаандаа төгрөг төлсөн байгаа тул уг татварыг хохирлоос нь хасаж тооцно. Учир нь хувь хүний орлогын албан татвар нь ажил олгогчийн зүгээс шууд суутган төсөвт төвлөрүүлдэг тул шүүгдэгчид ашиг, орлого болж очоогүй тул түүнийг хохиролд тооцож, дахин нөхөн төлүүлэх үндэслэлгүй байна.
Иймд 118.930.313 төгрөгийн нэхэмжлэлээс 12.784.331 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, 106.118.982 төгрөгийг гэмт хэрэг үйлдэж олсон орлого гэж үзэж, шүүгдэгчээс гаргуулж Увс аймгийн Баруунтуруун сумын цэцэрлэгийн төсөвт оруулахаар шийдвэрлэв.
Шүүгдэгч түүний өмгөөлөгч нарын зүгээс 106.118.982 төгрөгийг хохирол төлөх зорилгоор ажлын 5 хоногийн завсарлага авах хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч шүүх хуралдааныг завсарлуулсан байна.
Шүүхийн эрүүгийн хариуцлагын хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч: “Миний үйлчлүүлэгч Д.А нь төрд учруулсан хохирлоо 2024 онд 30 сая төгрөг, 2025 онд 30 сая төгрөг, 2026 онд 46.118.982 төгрөгийг графикийн дагуу төлнө” гэх хүсэлтийг нотариатчаар баталгаажуулсан баримтыг шүүхэд гаргаж өгсөн. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Б гаргасан хүсэлтийг хүлээн зөвшөөрч байгаа гэх тайлбар мэдүүлгийг гаргасан.
Шүүгдэгч Д.Ань хэзээ төлөгдөх нь тодорхойгүй, ямар байдлаар хувааж төлөх талаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгчтэй гэрээ байгуулаагүй тул хохирол төлөх талаар гаргасан хүсэлтийг хохирол төлөхөө илэрхийлсэн гэж үзэх үндэслэлгүй гэж дүгнэв.
Шүүгдэгч Д.Ань гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар шүүгдэгч болон түүний өмгөөлөгч маргаагүй болно.
2.Шүүгдэгч Д.Ад эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:
Шүүгдэгч Д.Ань Хуурамч бичиг баримт ашигласан үйлдэл нь тогтоогдсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заажээ.
Шүүгдэгч Д.А урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар (хавтаст хэргийн 123 дахь тал)-аар нотлогдож байна.
Шүүгдэгчийн хувийн байдлын талаар: Гэрч Р.Эын өгсөн “Д.А эрүүл чийрэг биетэй ямар нэгэн суурь өвчингүй, сэтгэцийн хувьд эрүүл ямар нэгэн эм тариа, эмчилгээ хийлгэдэггүй, элдэв муу зуршил байхгүй, архи, пиво, уудаггүй, тамхи татдаггүй, нийгмийн идэвх сайтай, найз нөхдийн дунд нэр хүнд сайтай, хүнд худлаа хэлдэггүй, шулуун шударга зантай, аливаа ажилд гарын эв дүйтэй, төлөв даруухан зантай, бусадтай зөв боловсон харилцдаг, олон нийтийн дунд биеэ зөв боловсон авч явдаг, ажилсаг, бусдад тусархуу, эелдэг зөөлөн, шударга зантай, уурлаж уцаарладаггүй, сайхан сэтгэлтэй хүний үгэнд ордог, хүмүүжил маш сайн, ямар нэг муу зуршилгүй, аливаа зүйлийн эв эеийг олох гэж хичээдэг, огцом түргэн ааш авир байдаггүй, хэлэх гэсэн үгээ шулуухан хэлчихдэг, хүмүүжил сайтай хүүхэд байгаа юм” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 111 дэх тал) авагдсан байна.
Шүүхээс шүүгдэгч Д.Ад ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн ангиллын гэмт хэрэгт анх удаа үйлдсэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан ял хөнгөрүүлэх, 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгч Д.Агийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг тус тус харгалзан шүүгдэгч Д.Ад 650 /зургаан зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 650.000 /зургаан зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэж, Ялтан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдах нь зүйтэй гэж дүгнэв.
Шүүгдэгч Д.А нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д заасныг баримтлан эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн D200815878 дугаартай дипломыг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Д.Ад шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэхээр тогтоов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч А овогт Дийн Аг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1-т заасан “Баримт бичгийг хуурамч болохыг мэдсээр байж ашигласан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1-т заасан шүүгдэгч Д.Ад 650 /зургаан зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 650.000 /зургаан зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Ялтан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
4. Прокурорын 118.903.313 төгрөгийн нэхэмжлэлээс 12.784.331 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгчээс 106.118.982 төгрөг гаргуулж Баруунтуруун сумын хүүхдийн цэцэрлэгийн төсөвт оруулсугай.
5. Шүүгдэгч Д.Ань энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д заасныг баримтлан эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн D200815878 дугаартай дипломыг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Д.Ад шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ГАНСҮХ