| Шүүх | Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Гүндсамбын Энх-Амгалан |
| Хэргийн индекс | 146/2023/0059/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/62 |
| Огноо | 2023-05-29 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | Д.Алимаа |
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 05 сарын 29 өдөр
Дугаар 2023/ШЦТ/62
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Г.Энх-Амгалан даргалж,
Нарийн бичгийн дарга: Н.Ням,
Улсын яллагч: Д.Алимаа,
Хохирогч: *******
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Дашцэрэн,
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч ******* овгийн *******ы *******т холбогдох эрүүгийн 2327000520063 дугаартай хэргийг 2023 оны 05 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт
Монгол Улсын иргэн, 1998 оны 08 дугаар сарын 03-ны өдөр Өвөрхангай аймгийн Хархорин суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эцэг, эх, ах, эгч, дүү нарын хамт Өвөрхангай аймгийн Хархорин сумын баг тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, ******* овгийн *******ы ******* /РД: *******/
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч ******* 2023 оны 03 дугаар сарын 06-ны өдөр ******* улсын дугаартай Toyota prius загварын тээврийн хэрэгсэл жолоодож Өвөрхангай аймгийн Хархорин сумын Орхон багийн нутагт явж байхдаа Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэмж хэмжээний акт зөрчсөний улмаас хохирогч *******ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах ба өмгөөлөх талуудын саналаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд. Үүнд:
Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Би Улаанбаатар хотоос 3 хүн аваад Хархорин сум руу гарсан. Тэгээд явж байгаад Булган аймгийн Рашаант сум дээр зогсоод тэндээс хөдлөөд жаахан явж байгаад машины бүх чек гэрлүүд ассан. Тэгээд гайгүй явсаар байгаад Цагаан хаалга өнгөрөөд явж байтал гэнэт мөс ороод ирсэн. Тухайн үед 90-100 км цагийн хурдтай явсан. Тэгээд нэг мэдсэн чинь машин хөндлөн замын хажуу руу орсон. Би сандраад тоормоз гишгэсэн. Машин 2-3 удаа өнхрөөд зогссон” гэв.
Хохирогч ******* шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Гэнэт ус цацраад жолооч үрүүлээ хааш нь хамаагүй дараад байсан тэгээд жаахан ухаан балартаад байсан сүүлд 5, 6 удаа эргээд тогтсон. Миний биеийн байдал 2 сар хэвтэрт байж байгаад одоо л нэг таягтай явдаг болсон. Толгой тархи өвддөг гэв.
Хохирогч *******ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Сайн хэлж мэдэхгүй юм ямартай ч ус цацарч байсан, гэгээд л жолооч үрүүлээ 2 тийш дараад байсан, өөр зүйл анзаараагүй. Гомдолтой байна. ...3,802,369 төгрөг нэхэмжилнэ” гэсэн мэдүүлэг /хх-ийн 23, 115-р хуу/,
Гэрч *******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2023 оны 03 дугаар сарын 04-ний өдөр эхнэр бид 2 Улаанбаатар хот руу хувийн ажлаар явсан. Тэгээд тэндээ ажлаа амжуулчхаад 2023 оны 03 дугаар сарын 06-ны өдөр буцах гэсэн 11 цагийн шуудангийн автобуснаас хоцорчихсон юм. Хархорин сумын зарын групп-с Хархорин руу явах зар харж байсан чинь 13 цагийн үед Хархорин сум руу хүн авч явна гэх зар мэдээлэл байснаар уг дугаар руу холбогдож ярьж байгаад 15 цагийн үед эхнэр *******ийн хамтаар Драгон орж унаандаа суусан. ...Хархорин сумын цагаан хаалга өнгөрөөд хэсэг явж байтал гэнэт л машин мурилзаж, дайвалзахаар нь урагшаа хартал засмал зам дээр тогтсон ус руу орж байгаа харагдсан тэгээд л замын хажуу руу ороод хэд хэдэн удаа эргэлдээд зогссон. Тэгээд эмнэлгийн машин ирсэн” гэсэн мэдүүлэг /хх-ийн 25-р хуу/,
Шүүх Шинжилгээний Ерөнхий Газрын шинжээч эмчийн 2023 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн №3864 дугаартай дүгнэлтэд: “1 *******ийн биед зүүн тавхайн 3-р шивнүүрийн хугарал, зүүн бугалга, зүүн шилбэнд цус хуралт, зүүн тавхайн 4-р хуруунд шарх гэмтлүүд тогтоогдлоо. ...4.Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна” гэсэн дүгнэлт /хх-ийн 50-51 р хуу/,
Техникийн шинжээчийн 07 дугаартай: “...******* улсын дугаартай Тоёота Приүс-20 маркийн тээврийн хэрэгслийн жолооч *******ы ******* нь МУ-ын ЗХД-ын 12.2-д Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна. МУ-ын ЗХД-ын 12.3-д Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна. МУ-ын ЗХД-ын 12.4-д Тээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт цагт 60 км, суурин газрын гадна 80км-ээс хэтрүүлэхийг хориглоно” гэсэн дүгнэлт /хх-ийн 96-р хуу/,
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийн шалгах хуудас /хх-ийн 78 дугаар хуудас/ зэрэг болно.
Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн болон гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч *******ын гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
Шүүгдэгч ******* нь 2023 оны 03 дугаар сарын 06-ны өдөр ******* улсын дугаартай Toyota prius загварын тээврийн хэрэгсэл жолоодож Өвөрхангай аймгийн Хархорин сумын Орхон багийн нутагт явж байхдаа Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөний улмаас хохирогч *******ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан хохирогч *******, гэрч ******* нарын мэдүүлэг /хх-ийн 23, 115, 2-р хуу/, ШШЕГ-ын шинжээч эмчийн 2023 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 3864 дугаартай дүгнэлт /хх-ийн /хх-ийн 50-51-р хуу/, техникийн шинжээчийн 07 дугаартай дүгнэлт /хх-ийн 96-р хуу/, Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийн шалгах хуудас /хх-ийн 78 дугаар хуу/ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдсон.
Шүүгдэгч *******ын гэмт үйлдэл, уг үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учирсан үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогдсон байна.
Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг гэдэг нь авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, техник ашиглалтын журам, хүний амьд явах эрх, эрүүл мэндийн халдашгүй байдал, бусдын өмчлөх эрхэд гэм буруугийн холимог хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй юм.
Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийг нийгмийн аюулын шинж, түүний хэр хэмжээг харгалзан үндсэн болон хүндрүүлэх шинжид ангилдаг.
Шүүгдэгч ******* нь авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын прокуророос *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь шүүгдэгчийн гэмт үйлдэлд тохирсон, үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2-т хуульчилжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1.9-д зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг арилгуулах, нөхөн төлүүлэх талаарх хүсэлт, гомдлын шаардлага гаргах эрхтэй.
Хохирогч ******* нь шүүх хуралдаанд “...гомдол, санал байхгүй. Эмчилгээний зардалд 3,201,420 төгрөг нэхэмжилж байгаагаас эмчилгээний төлбөрийн 350,000 төгрөг давхардсан байгаа учраас гаргуулахгүй, мөн хүнс бараа авсан 455,596 төгрөгийг хасаж тооцоод үлдсэн хохирлын зардлыг *******аас гаргуулж өгнө үү...” гэж тайлбарласан бөгөөд хэрэгт авагдсан нотлох баримтаар шүүгдэгч *******аас 2,395,824 төгрөгийг гаргуулж хохирогч *******т олгох нь зүйтэй байна.
Шүүх хэрэгт авагдсан яллах болон цагаатгах нотлох баримтыг харьцуулан шинжлэн судлаад нотлох баримтыг үнэлж шүүгдэгч *******ыг “авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн шийдвэрийг танилцуулахад шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Дашцэрэнгээс 10 минутын завсарлага авч, хохирогч *******т шүүгдэгч *******аас шүүхээс тогтоосон хохирол 2,395,824 төгрөгийг төлж барагдуулсан болохыг дурдах нь зүйтэй байна.
Шүүгдэгч *******ыг бусдад төлөх хохирол төлбөргүй байна гэж шүүх үзлээ.
Хоёр: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт: “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 550 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 550,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна. Шүүгдэгчид хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны заргүй болохыг дурдаж байна.
Шүүгдэгчид оногдуулсан 550 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 03 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй байна...” гэсэн,
шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Дашцэрэн шүүхийн хэлэлцүүлэгт “....Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, хохирлоо төлж барагдуулсан, энэ хэрэгт яаж хандаж байгаа нь харагдсан байх гэж бодож байна. Өмгөөлөгчийн хувьд байдлыг зөв үнэлж дүгнээсэй гэж бодож байна. 1-т болгоомжгүй гэмт хэрэг, 2-т зам ангийн байгууллага тодорхой хэмжээнд хариуцлага алдсан гэж үзэж байгаа. Шүүгдэгчийн хувьд тусдаа гараагүй аав ээж нь хохирлын мөнгө төгрөгийг зохицуулж байгаа. Тиймээс 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулж өгнө үү” гэсэн болохыг дурдах нь зүйтэй.
Шүүгдэгч ******* нь хохирогчид учруулсан хохирлоо төлсөн, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад зааснаар эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч *******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан шүүгдэгчид торгуулийн ял шийтгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял шийтгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч *******ын шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 03 сарын дотор төлж барагдуулахаар хугацааг тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг дурдав.
Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, шүүгдэгчийн баримт бичиг шүүхэд ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг тус тус дурдав.
Шүүх шийдвэрлэвэл зохих бусад асуудлын талаар:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж тус тус шийдвэрлэлээ.
Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 3.2, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3, 1.4, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч ******* овгийн *******ы *******ыг авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* овгийн *******ы *******ыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 03 сарын дотор төлж барагдуулахаар хугацааг тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.
4.Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн баримт бичиг шүүхэд ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримтгүйг тус тус дурдсугай.
5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЭНХ-АМГАЛАН