| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сайнбаярын Оюунжаргал |
| Хэргийн индекс | 153/2019/00446/И |
| Дугаар | 00481 |
| Огноо | 2019-10-16 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2019 оны 10 сарын 16 өдөр
Дугаар 00481
| 2019 оны 10 сарын 16 өдөр | Дугаар 153/ШШ2019/00481 | Жаргалант сум |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар,
нэхэмжлэгч: Ховд аймгийн Манхан сумын Зэрэг гол багт оршин суух, Түнгэ тамгатан овогт Д-ийн П /.../-ийн нэхэмжлэлтэй,
ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2019 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, 2019 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр 153/2019/00446/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нарантуяа, нэхэмжлэгч Д.П, гэрч З.Саранцэцэг нар оролцлоо.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.П нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:...Би 1964 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр Ховд аймгийн Манхан сумын Зэрэг гол багт Дамбадаржаа гэдэг хүний 6 дахь хүүхэд болж төрсөн. 1972 онд сургуульд орж 1983 онд 10 дугаар анги төгссөн. 1984-1987 цэргийн алба хаасан. Цэргээс халагдаж ирээд 1987 оны 6 дугаар 20-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ажиллаж байсан байдлаа тогтоолгох гэж нэхэмжлэл гаргасан. 1987 оны 6 дугаар сараас шуудан зөөгч хийж байгаад бригад хоёр хуваагдаад Дуут хэсгийн аж ахуйн эрхлэгчийг 1987 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хийсэн. Түүнээс хойш мал маллаж байгаад 1990 онд хэвлэлийн төлөөлөгч хийж байсан. Намайг Ховд аймгийн Манхан сумын Баясгалант амьдрал нэгдлийн Зэрэг гол бригадад 1987 оны 7 дугаар сарын 17-ны өдрөөс 1987 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Дуут хэсгийн аж ахуйн эрхлэгч, шуудан хүргэгчээр, 1987 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө.... Би цэргээс халагдаж ирээд шуудан хүргэгч, аж ахуйн эрхлэгч хийсэн. Нэгдлийн даргын тушаал малчнаар гэж гарсан боловч манай багийнхан 10 дугаар ангийн боловсролтой хүн байна гээд намайг аж ахуйн эрхлэгч хийлгэсэн юм....Би 1983 оны 6 дугаар сарын 18-ны өдөр 10 дугаар анги төгссөн....гэв.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.Д нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй байна.
Нэхэмжлэгч Д.П нь нэхэмжлэлийн шаардлагаа Ховд аймгийн Манхан сумын Баясгалант амьдрал нэгдлийн Зэрэг гол бригадад 1987 оны 7 дугаар сарын 17-ны өдрөөс 1987 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Дуут хэсгийн аж ахуйн эрхлэгч, шуудан хүргэгчээр, 1987 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоолгох гэж тодруулав.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч Д.П нь Ховд аймгийн Манхан сумын Баясгалант амьдрал нэгдлийн Зэрэг гол бригадад 1987 оны 7 дугаар сарын 17-ны өдрөөс 1987 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Дуут хэсгийн аж ахуйн эрхлэгч, шуудан хүргэгчээр, 1987 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар тус тус ажиллаж байсан болох нь Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын архивын тасгийн 2019 оны 9 дүгээр сарын 6-ны өдрийн 1100 дугаартай албан бичгээр ирүүлсэн Ховд аймгийн Манхан сумын Баясгалант амьдрал нэгдлийн даргын 1987 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 120 дугаартай Ажилд томилох ба ажлаас чөлөөлөх тухай тушаалын хуулбар, Ховд аймгийн Манхан сумын Баясгалан амьдрал нэгдлийн Зэрэг гол бригадын 1987-1989 оны 70 дугаар дансы хуулбар, 1987 оны 6 дугаар сарын 01-ний өдөр нээсэн Ховд аймгийн Манхан сумын Баясгалант амьдрал нэгдлээс олгосон хөдөлмөрийн дэвтэр, гэрч Ш.Энэбишийн ....Би 1976 оноос 1992 он хүртэл Ховд Ховд аймгийн Манхан сумын Баясгалант амьдрал нэгдлийн 3 дугаар бригадад малчнаар ажиллаж байсан....Д.П нь Ховд аймгийн Манхан сумын 10 жилийн сургууль төгсөж мал маллаж байгаад цэрэгт 1984 онд цэрэгт явсан санагдаж байна. 1987 онд цэргээс халагдаж ирээд Ховд аймгийн Манхан сумын Баясгалант амьдрал нэгдлийн 3 дугаар бригадад малчнаар ажиллаж эхэлсэн. Тэгээд нэгдэл тартал малчнаар ажиллаж байсан. Ховд аймгийн Манхан сумын Баясгалан амьдрал нэгдлийн бага хувьчлал нь 1990 онд эхэлсэн. Их хувьчлал нь 2 жилийн дараа болсон санагдаад байна. Манай бригадынхан их хувьчлалаар тараад хувийн малаа маллаж эхэлсэн.... гэх мэдүүлэг зэрэг баримтуудаар тогтоогдож байх тул дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ. /хх-ийн 4-5, 7, 9-16, 33-34, 35-36 дугаар тал/
Нэхэмжлэгч Д.П нь Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуульд заасны дагуу 1990-2000 онуудад ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулсан талаарх 0502176 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Батлан хамгаалах яамны сайдын 1984 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн н/165 дугаар тушаалаар 1984 оны 6 дугаар сарын 05-ны өдөр хугацаат цэргийн албанд татагдан, Батлан хамгаалах яамны сайдын 1987 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн н/234 дүгээр тушаалаар 1987 оны 6 дугаар сарын 22-ны өдөр цэргээс халагдсан тухай Батлан хамгаалахын төв архивын 2019 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 5250 дугаартай хугацаат цэргийн алба хаасны архивын лавлагааны нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, нэхэмжлэгч нь 1983 онд Ховд аймгийн Манхан сумын ерөнхий боловсролын сургуулийн 10 дугаар анги төгссөн талаарх 1983 оны 6 дугаар сарын 18-ны өдөр олгосон №051081 дугаартай Бүрэн дунд боловсролын үнэмлэхний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар тус тус хэрэгт авагдсан болно. /хх-ийн 20, 21, 25 дугаар тал/
Хавтаст хэргийн 17-19 дүгээр хуудсанд авагдсан иргэн З.Саранцэцэг, С.Далантай, Ж.Энэбиш нарын тодорхойлолт нь хуульд заагаагүй, нотлох баримтыг гаргах, цуглуулах талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн, хавтаст хэргийн 6 дугаар хуудсанд авагдсан Ховд аймгийн Манхан сумын Баясгалант амьдрал нэгдлийн даргын 1987 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 68 дугаартай Ажилд томилох тухай тушаал нь нэхэмжлэгчийн тайлбараар, 1987 оны 70 дугаар дансны хуулбараар үгүйгэгдсэн, хавтаст хэргийн 8 дугаар хуудсанд авагдсан Ховд аймгийн Манхан сумын Баясгалант амьдрал нэгдлийн нэхэмжлэгчийн нэр бичилттэй 1990 оны 70 дугаар данс нь нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй байх тул дээрх баримтуудыг нотлох баримтанд үнэлээгүй болохыг дурдлаа.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Түнгэ тамгатан овогт Дамбадаржаагийн П /ПЖ64092015/-ийн Ховд аймгийн Манхан сумын Баясгалант амьдрал нэгдлийн Зэрэг гол бригадад 1987 оны 7 дугаар сарын 17-ны өдрөөс 1987 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Дуут хэсгийн аж ахуйн эрхлэгч, шуудан хүргэгчээр, 1987 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Д.Пгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ОЮУНЖАРГАЛ