| Шүүх | Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Гүндсамбын Энх-Амгалан |
| Хэргийн индекс | 146/2023/0063/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/63 |
| Огноо | 2023-05-30 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Д.Алимаа |
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 05 сарын 30 өдөр
Дугаар 2023/ШЦТ/63
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Энх-Амгалан даргалж,
Улсын яллагч: Д.Алимаа,
Нарийн бичгийн дарга: Н.Ням,
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Г.Гандөш,
Шүүгдэгч: ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх Д.Алимаагийн хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2327000000067 дугаартай хэргийг 2023 оны 05 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1971 оны 07 дугаар сарын 15-ны өдөр Өвөрхангай аймгийн Хархорин суманд төрсөн, 52 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, Өвөрхангай аймгийн Хархорин сумын ******* ******* ажилтай, ам бүл 5, эхнэр, хүүхэд, дүүгийн хамт Өвөрхангай аймгийн Хархорин сумын ******* баг ******* тасагт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, ******* регистрийн дугаартай, ******* овгийн *******гийн *******.
Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч ******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч ******* нь согтуугаар 2023 оны 04 дүгээр сард Өвөрхангай аймгийн Хархорин сумын ******* багийн нутагт ыг хонио хариулсангүй гэх шалтгааны улмаас цохиж, өшиглөн зодож түүний биед тархи доргилт, дух, зүүн шанаа, доод уруулд шарх, зүүн хацар, шанааны зөөлөн эдийн няцрал гэмтэл үүсгэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч *******ын ... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсаныг хүлээн зөвшөөрч байна. ах хониндоо явлаа гээд гараад явсан юм. Тэгэхээр нь араас нь хартал хонь руугаа биш өөр тийшээ тариалангийн бригад дээр очиж байгаа харагдсан. Тухайн үед хургатай хонь, сувай хонинууд нийлэх гээд байсан. Утсаар залгахад ирэхгүй байсан учраас уур хүрээд араас нь очоод зодсон ... би өөрийн хийсэн үйлдэлдээ гэмшиж байна... гэсэн мэдүүлэг /хх-ийн 33-р хуудас/, хохирогч ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ... Хонио эргүүлчхээд 18 цаг өнгөрч байхад гэрч ирэхэд ямаа самнахаар ирсэн хүмүүс буцаж байсан ба тухайн хүмүүсийг явуулчхаад сувай хонинуудаа хургатай хоньтой нийлүүлэхгүй гэж салгачхаад мотоциклын шанааны түгжээ төмөр нь хугарсан байсныг гагнуулах санаатай тариалангийн бригадын ажилчдын гэр рүү орсон чинь тогооч нь ганцаараа байхаар нь бусад чинь хаашаа явсан юм гэхэд арын агуулахад юм хийж байгаа гэж хэлсэн. Тэгэхээр нь гэрээс гараад арын агуулахад орсон чинь 3 залуу будаа тараах төхөөрөмжийг янзалж байхаар нь очиж мэнд мэдчихээд гагнуур хийж байгаа үгүйг нь асууж амжаагүй байхад утас дуугарч. утсаа авсан чинь ******* "пизда минь хонио зайлуулаач” гэхээр нь би бригадын хашаанаас гараад хонинуудаа хартал сувай хонь, хургатай хонинууд нэлээд зайтай байсан. Тэгээд мотоцикл дээрээ суугаад хөдлөх гэж байтал ******* хашааны булангаас алхаж ирсэн. Тэгээд би хүлээгээд байж байтал ******* хүрч ирээд мотоциклоос намайг татаж унагаагаад дээр гарч суугаад толгой хэсэг рүү гараараа хэд хэдэн удаа цохихоор нь би толгойгоо гараараа хамгаалсан чинь дээрээс босоод толгой, чээж, нуруу хэсэг рүү хөлөөрөө өшиглөж дэвсээд байсан Тэгж байгаад яваад өгсөн. ...Миний толгой, зүүн шанаа, чээж хэсэгт өвчтэй байгаа. Гомдол байхгүй.... гэсэн мэдүүлэг /хх-ийн 5-6-р хуудас/, гэрч ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...хашааны гадна талд ахын унаж явсан мотоцикл газарт уначихсан байсан. Тэгэхээр нь би хашаанаас гараад мотоцикл дээр нь яваад очтол мотоциклынхоо цаад талд хэвтчихсэн, нүүр нь жигтэйхэн хавдчихсан, хамар амнаас нь цус гарчихсан байдалтай байсан. Тэгээд юу болсон талаар асуухад ах чинь зодчихоод явлаа гэж хэлэхээр нь ахын зүг хартал ах гэр рүүгээ чиглээд алхаж яваа харагдсан Ингээд би ахын цусыг нь цэвэрлэж мотоциклыг нь босгож өгсөн. ах мотоциклоо унаад гэр рүүгээ явсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 7-8-р хуу/, шинжээч эмчийн 2023 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 211 дугаартай: “1 ын биед тархи доргилт, дух, зүүн шанаа, доод уруулд шарх, зүүн хацар шанааны зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. ...4.Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна”гэсэн дүгнэлт, /хх-ийн 12-13-р хуу/, эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах прокурорын тогтоол /хх-ийн 22-23-р хуудас/, гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 1-р хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсанд тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.
Шүүгдэгч ******* нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа бичгээр илэрхийлсэн байх ба шүүгдэгчид эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Энэ хэргийн улмаас хохирогч нь нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Прокурорын санал болгож, шүүгдэгч *******ын хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550,000 төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч ******* овгийн *******гийн *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550,000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн баримт бичиг шүүхэд ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримтгүйг тус тус дурдаж,
Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж,
Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж тус тус шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8 , 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч ******* овгийн *******гийн *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* овгийн *******гийн *******ыг 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550,000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 03 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр хугацааг тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг дурдсугай.
4.Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн баримт бичиг шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримтгүйг тус тус дурдсугай.
5.Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
6.Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЭНХ-АМГАЛАН