Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 2023/ШЦТ/106

 

2023        06            02                                             2023/ШЦТ/106

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Гансүх даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Э,

Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор З.Ө,

Шүүгдэгч: Д.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор З.Өгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Я овогт Дийн Бод холбогдох эрүүгийн 2335000000113 дугаартай хэргийг 2023 оны 5 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ....... оны 11 дүгээр сарын 24-нд Сэлэнгэ аймгийн ......... суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Увс аймгийн Улаангом сумын 7 дугаар баг ....... тоотод оршин суух хаягтай,  улсаас авсан гавьяа шагналгүй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй Я овогт Дийн Б /РД: ............/.

Холбогдсон хэргийн товч агуулга:

Шүүгдэгч Д.Б нь Увс аймгийн Улаангом сумын 7 дугаар баг 20-31 тоотод байрлах иргэн Р.Тын  гэр доторх авдараас 2023 оны 3 дугаар сарын 12-ны өдөр 9 шил архи, дунд гарын мөнгөн аяга 1 ширхэгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хохирогч Р.Тт 375.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Шүүгдэгч Д.Быг бусдын эд хөрөнгө хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:

Шүүгдэгч Д.Б нь хохирогч Р.Тын  гэр доторх авдараас 2023 оны 3 дугаар сарын 12-ны өдөр 9 шил архи, дунд гарын мөнгөн аяга 1 ширхэгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хохирогч Р.Тт 375.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 3-9 дэх тал),

Шүүгдэгч Д.Бын согтуурал шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 10 дахь тал),

2023 оны 3 дугаар сарын 26-ны өдөр гаргасан хохирлын тооцоо (хавтаст хэргийн 11 дэх тал),

Хохирогч Р.Тын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “Би өөрөө Улаангом сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах 21-30 тоотод өөрийн эхнэр Т.Н, зээ хүү болох Ө, Т, өөрийн охин Т, хүргэн Д.Б, Д.Бын 2 хүүхдийн хамт амьдардаг юм. Би 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдөр 19 цагийн үед өөрийн зээ нарыг аваад Улаангом сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Усны халх гэх газарлуу өөрийн эхнэрийн гэрлүү явсан юм. Тухайн үед миний охин болох Т нь өөрийн хүүхдийг аваад эмнэлэгт хэвтчихсэн байсан бөгөөд намайг явахад хүргэн Д.Б нь гэрт үлдсэн ба би тухайн үед гэрийн түлхүүрээ Д.Бод үлдээгээд явсан. Тэгээд би эргээд өөрийн эхнэр Н зээ хүү нарын хамт 2023 оны 03 дугаар сарын 13-ны өдөр гэртээ ирэхэд манай гэрийн хаалга онгорхой гэрийн жижиг өрөөнд байдаг авдрын цоож эвдэрсэн авдар дотор байсан мөнгөн аяга 10 шил архи байхгүй байсан тэгээд би цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Гэрийн гадна хаалга онгорхой байсан бөгөөд хаалга нь ямар нэгэн эвдэрсэн зүйл байхгүй цоожгүй, гэрийн дотор эд зүйл эмх цэгцтэй, жижиг өрөөнд байсан авдарын цоож нь байхгүй байсан бөгөөд дотор талд нь байсан 10 шил архи, дунд гарын мөнгөн аяга байхгүй байсан юм. Би хөдөө явахдаа гэрийн түлхүүрийг хүргэн болох Д.Бод үлдээгээд явсан бөгөөд манай гэрийн түлхүүр өөр ямар нэгэн хүнд огт байхгүй. Хөдөө явахдаа тоолоход 10 шил архи байсан юм. Алдагдсан мөнгөн аяга нь дунд гарын 2014 онд 200.000 төгрөгөөр худалдан авч байсан аяга юм. Би өөрийн хүргэн болох Д.Быг сэжиглэж байна. Яагаад гэвэл манай гэрийн хаалганы цоож нь ямар нэгэн эвдэрч гэмтсэн зүйл байхгүй байсан ба гэрийн түлхүүр зөвхөн манай хүргэн Д.Бод байсан юм. Миний охин болох Т нь Увс аймгийн нэгдсэн эмнэлэгт хэвтэж байгаа бөгөөд би хоол зөөгөөд байж байг гэж бодоод өөрийн гэрийн түлхүүрийг хүргэн Д.Бод үлдээсэн юм. Манай гэрээс 0,75 литрийн red label гэх нэртэй виски 1 шил, 0,75 литрийн Соёрхол 2 шил, 0,75 литрийн хар чингис 2 шил, 0,75 литрийн ARHI 2 шил, 1 литрийн Эдэн нэртэй архи 1 шил, 0,75 литрийн шар экс 1 шил байсан бөгөөд нийт 9 шил архи алга болсон байсан. Тухайн архийг хүмүүс цагаан сараар надад ирж золгохдоо авч ирж байсан бөгөөд хулгай орохоос өмнө манай эхнэр бүртгэж бичсэн байсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 17, 19 дэх тал),

Гэрч С.Нгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би өөрөө Улаангом сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Усны халх гэх газарт өөрийн хүүгийн хамт мал маллаж өвөлжиж байгаа юм. Тэгтэл 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдөр өөрийн нөхөр Т нь зээ хүү нарын хамт ирж 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах байшиндаа иртэл манай байшингийн хаалга нь онгорхой ямар нэгэн цоожгүй байсан ба гэртээ ороод эд зүйлээ бүртгэхэд гэрийн эд зүйлүүд бүрэн бүтэн байсан гэтэл жижиг өрөөнд байсан авдарны цоож нь байхгүй байсан юм. Тэгэхээр нь би авдраа онгойлгоод хартал авдар дотор байсан архинууд мөн мөнгөн аяга байхгүй байсан тэгээд цагдаад дуудлага өгсөн юм. Бид нарыг гэртээ ирэхэд гэрийн хаалга нь цоожгүй онгорхой гэхдээ цүү нь ямар нэгэн эвдэрч гэмтсэн зүйл байхгүй, харин гэр доторх эд зүйлүүд эмх цэгцтэй ухаж түнхсэн зүйлгүй байж байсан. Гэхдээ жижиг өрөөний авдарт байсан архи, мөнгөн аяга байхгүй байсан юм. Манай гэрийн түлхүүр манай нөхөр Т, хүргэн Д.Б нарт байсан бөгөөд өөр ямар нэгэн хүнд байгаагүй юм ...манай гэрийн хаалга нь ямар нэгэн эвдэрсэн зүйл байхгүй байсан тэгэхээр манай гэрийг түлхүүрээр онгойлгосон тул манай хүргэн Д.Быг хулгайлсан байх гэж бодож байна. Манай хүргэн архи согтууруулах ундааны зүйл маш их хэрэглэдэг бөгөөд гэрт ганцаараа үлдсэн ба түүний эхнэр Т нь эмнэлэгт хэвтэж байсан юм” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 21 дэх тал),

Гэрч Б.Дийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ““2023 оны 03 дугаар сарын 12-ны өдөр 15 цагийн үед манай гэрт 2 шил архи авчихсан И гэх таньдаг залуутай ирээд тухайн архины нэгийг нь ууж дуусаад би гэрт нь хүргэж өгөхөд гэртээ очоод гэрт хүмүүс байгаа байх гээд орохгүй болохоор нь Батцэнд гэх айлд хүргээд гэртээ харьсан дахин ирээгүй” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 23-24 дэх тал),

Гэрч Ц.Цийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Д.Бын 2023 оны 03 дугаар сарын 12-ны өдөр 13 цагийн үед байх манайд ганцаараа 2 шил архи авчихсан ирсэн.Тэгээд тухайн архийгууж дуусаад манайхаас гараад явсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 26-27 дахь тал),

Увс аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2023 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 23 дугаартай “Шинжилгээнд тэнцсэн 3 ширхэг гарын мөр нь гарын хээний сангийн Папилон системд байгаа Я овогт Дийн Б /МО........./ гэх хүний баруун гарын дунд хуруу, зүүн гарын дунд хуруу, зүүн гарын ядам хурууны дардастай тус тус тохирч байна. Шинжилгээнд тэнцсэн 4 гэж дугаарласан 3 ширхэг гарын мөр нь Я овогт Дийн Б /РД:М0........../ гэх хүний баруун гарын дунд хурууны дардастай /1 шугамны төгсгөл, 2 шугамны төгсгөл, 3 шугамны эхлэл, 4 шугамны салаалт, 5 шугамны эхлэл/, зүүн гарын дунд хурууны дардастай / 1 шугамны эхлэл, 2 шугамны салаалт, 3 шугамны эхлэл, 4 шугамын эхлэл, 5 шугамны эхлэл, 6 шугамны салаалт/, зүүн гарын ядам хурууны дардастай /1 шугамны эхлэл, 2 шугамны эхлэл, 3 шугамын эхлэл, 4 шугамын эхлэл, 5 шугамын эхлэл, 6 шугамын эхлэл, 7 шугамны төгсгөл/ зэрэг хувийн онцлог шинж тэмдгээрээ тохирч байна” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 34-35 дахь тал),

Шүүгдэгч Д.Бын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2023 оны 3 дугаар сарын 11-ний өдөр өөрийн хадам аавын авдарт байсан Red label нэртэй виски, авдар дээр байсан цүнхэн дотроос 1 литрийн Эдэн нэртэй архийг аваад өөрийн найз болох Дийн гэрт тухайн 2 архийг уусан тэгээд би өөрийн хүргэн ах болох Алийн гэрт очиж хоносон юм. Маргааш буюу 2023 оны 3 дугаар сарын 12-ны өдөр гэртээ хариад авдар дотор байсан нэрийг нь сайн санахгүй байна нэг шил архи мөнгөн аяганы хамь авч гараад хашаан дотор ганцаараа уусан тэгээд би дахин авдарнаас хар экс, соёрхол нэртэй 2 шил архи аваад Ц гэх найзын гэрт очиж уусан юм. Тэгээд би дахин гэрт ирээд яг хэдэн шил архи авсанаа сайн санахгүй байна. Би хийсэн хэрэгтээ харамсаж байна. Дахин ийм гэмт хэрэг зөрчил үйлдэхгүй” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 67-68 дахь тал)-үүдээр тогтоогдож байна.

Хулгайлах гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах үйлдэл бөгөөд шүүгдэгч Д.Б хохирогч Р.Тын  гэр доторх авдараас 2023 оны 3 дугаар сарын 12-ны өдөр 9 шил архи, дунд гарын мөнгөн аяга 1 ширхэгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 375.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь бусдын эд хөрөнгө хулгайлах гэмт хэргийн шинжтэй байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн Тайлбарт “Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан үйлдлийн улмаас бага хэмжээний хохирол учруулсан бол гэмт хэрэг үйлдсэнд тооцохгүй” гэж бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийн материаллаг бүрэлдэхүүний шинжийг хохирлын хэмжээгээр тодорхойлон тогтоожээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4.3-т “бага хэмжээний хохирол” гэж 300 /гурван зуу/  нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс доош хэмжээг ойлгоно гэж, 5.3 дугаар зүйлийн 3-т “Энэ хуульд заасан нэг нэгж нь нэг мянган төгрөгтэй тэнцүү байна” гэж тус тус тодорхойлжээ.

Шинжээч Я.Нгийн 2023 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 48 дугаартай “2023 оны 03 дугаар сарын байдлаар алдагдсан согтууруулах ундааны зах зээлийн үнэ цэнийн баримжаа нийт 198,000 /Нэг зуун ерөн найман мянга/ төгрөг болохыг тодорхойлов” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 49 дэх тал),

Шинжээч Я.Нгийн 2023 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 38 дугаартай “Увс аймагт 2023 оны 03 дугаар сарын байдлаар дунд гарын мөнгөн аяганы зах зээлийн үнэ цэнийн баримжаа 100,000 /Нэг зуун мянга/ төгрөг болохыг тодорхойлов” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 56 дахь тал)-үүдээр шүүгдэгч Д.Бын өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр   авсан 9 шил архи, дунд гарын мөнгөн аяга 1 ширхэг нь 375.000 төгрөгийн үнэтэй болох нь тогтоогдож байна.

Эндээс дүгнэхэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт тооцох материаллаг шалгуур нь 300.001 буюу түүнээс дээш хэмжээний үнэ бүхий эд хөрөнгийг хулгайлсан бол гэмт хэрэгт тооцогдоно.

Шүүгдэгч Д.Б нь Р.Тын  гэр доторх авдараас 2023 оны 3 дугаар сарын 12-ны өдөр 9 шил архи, дунд гарын мөнгөн аяга 1 ширхэгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 375.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь хулгайлах гэмт хэргийн шинжтэй байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т заасан бусдын эд хөрөнгө хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Хохирол хор уршиг

Хохирогч Р.Тын мөрдөн байцаалтын шатанд “Д.Б нь хулгайлж авсан эд зүйлийнхээ төлбөрт 400.000 төгрөг өгч хохирол барагдуулсан тул надад ямар нэгэн гомдол, санал байхгүй” гэх тодорхойлолтыг гараар бичиж, нотариатчаар гэрчлүүлж, хэрэгт хавсаргасан (хавтаст хэргийн 86-88 дахь тал)-ыг үнэлээд шүүгдэгчээс гаргуулах хохирол төлбөргүй гэж дүгнэв.

Шүүгдэгч Д.Б нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргаагүй болно.

2. Шүүгдэгч Д.Быг эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

Шүүгдэгч Д.Б нь бусдын эд хөрөнгө хулгайлах гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Д.Б нь урьд ял шийтгүүлж байгаагүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах лавлагаа (хавтаст хэргийн 72 дахь тал)-аар тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заажээ.

Шүүгдэгчийн хувийн байдал, зан төлөвийн талаар  Гэрч Т.Тгийн өгсөн: “Манай нөхөр хар бага наснаасаа ээж аавын дэргэд өссөн учир их үг дуу цөөнтэй, хүнтэй хэл ам хэрүүл маргаан хийгээд байдаггүй, хүний үгнээс гардаггүй, бусдыг гэсэн өрөвч нинжин сэтгэлтэй үх хүүхэддээ их халамж хайр сайтай хүн юм” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 29 дэх тал), Гэрч Д.Сгийн өгсөн: “Д.Б нь гэр бүл, үр хүүхэддээ асрамж халамж сайтай, ажилч хичээнгүй бусадтай нийтэч төлөв даруу хүн юм” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 31 дэх тал) -үүд хэрэгт авагдсан байна.

Шүүгдэгчид ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т “...анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2-т “...учруулсан хохирлоо нөхөн төлсөн” гэх ял хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон. Мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, түүний хувийн байдал, үйлдэгдсэн гэмт хэргийн шинж байдал, урьд нь гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлж байгаагүй зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Д.Бод хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Д.Б тэнссэн хугацаанд оршин суугаа газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, Албадлагын арга хэмжээ авагдсан этгээдэд хяналт тавихыг Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Д.Б нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдэх нь зүйтэй.

Шүүгдэгч Д.Б нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүлэхээр тогтоов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1- 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 1. Шүүгдэгч Я овогт Дийн Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т заасан бусдын эд хөрөнгө хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд  тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Д.Бод хорих ял оногдуулахгүйгээр  1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Д.Б тэнссэн хугацаанд оршин суугаа газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Д.Б нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

5. Албадлагын арга хэмжээ авагдсан этгээдэд хяналт тавихыг Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

6. Шүүгдэгч Д.Б нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

  7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр хэрэглэсүгэй.

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

                                

                                 ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                        Б.ГАНСҮХ