| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сайнбаярын Оюунжаргал |
| Хэргийн индекс | 153/2019/00436/И |
| Дугаар | 00490 |
| Огноо | 2019-10-23 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2019 оны 10 сарын 23 өдөр
Дугаар 00490
| 2019 оны 10 сарын 23 өдөр | Дугаар 153/ШШ2019/00490 | Жаргалант сум |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар,
нэхэмжлэгч: Ховд аймгийн Жаргалант сумын Жаргалан багийн 1-80 айлын орон сууцны 49 тоотод оршин суух, Шоогийнхон овогт Д-ийн М /.../-ийн нэхэмжлэлтэй,
хариуцагчаар оролцвол зохих этгээд болох М.Жийг эрэн сурвалжлуулах, түүний оршин суугаа газрыг тогтоохыг Ховд аймаг дахь Цагдаагийн газарт даалгах тухай нэхэмжлэлийг 2019 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч, 2019 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр 153/2019/00436/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нарантуяа оролцлоо.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.М нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Д.М би Би Ти Би Констракшн ХХК-ийн захирал М.Жтэй 2017 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Орон сууц худалдах худалдан авах гэрээ байгуулж, Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй 43 айлын орон сууцны 74.19 мкв талбай бүхий 5 давхарын 3 өрөө орон сууцыг 73448100 төгрөгийг худалдан авахаар харилцан тохиролцсон.
Дээрх гэрээнд заасан орон сууцны төлбөр 73448100 төгрөгийг Д.М би Би Ти Би Констракшн ХХК-ийн захирал М.Жт бүрэн төлсөн болно.
Нийслэлийн Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй 43 айлын орон сууцны 74.19 мкв талбай бүхий орон сууцны барилга 2019 оны 02 дугаар сард ашиглалтанд орсон байхад Би Ти Би Констракшн ХХК нь гэрээнд заасан орон сууцыг Д.М надад шилжүүлэхгүй өдийг хүртэл чирэгдүүлж байна.
Орон сууц худалдах худалдан авах гэрээнд заагдсан Би Ти Би Констракшн ХХК-ийн захирал М.Жийн Нийслэлийн Баянзүрх дүүргийн 26-р хороо Баянмонгол хорооллын 401-р байрны 64 тоот хаягаар нэхэмжлэгч Д.М би эхнэрийн хамт очиход уг хаягнаасаа нүүсэн, одоогоор оршин суугаа хаяг нь тодорхойгүй тул өөрийн оршин суугаа газрын шүүхэд хүсэлт гаргаж, эрэн сурвалжлуулахаас өөр аргагүй боллоо.
Уг асуудлаар Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандахад та өөрийнхөө оршин суугаа газрын шүүхэд хандаж, М.Жийг эрэн сурвалжлуул гэдэг зөвлөгөө өгсөн.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-т Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргаж болно,
155.2-т Энэ хуулийн 155.1-д заасан хүсэлтийг гаргагч өөрийн оршин суугаа газрын шүүхэд гаргана,
155.4-т Хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлах. түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг шүүхийн шийдвэрийн дагуу цагдаагийн байгууллага гүйцэтгэнэ гэжээ.
Хуулийн дээрх заалтын дагуу ХВ83060371 регистрийн дугаартай, Шарнууд овгийн Мөнхтуулын Жийг эрэн сурвалжилж, оршин суугаа газрыг тогтоохыг Ховд аймаг дахь Цагдаагийн газарт даалгаж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.М нь хариуцагчаар оролцвол зохих этгээд болох М.Жийг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэл гаргасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-д зааснаар шаардах эрхтэй байна.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
М.Ж нь Би Ти Би констракшн ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй байна. /хх-ийн 39 дүгээр тал/
Би Ти Би констракшн ХХК-ийн төлөөлөн захирал М.Ж, нэхэмжлэгч Д.М нар нь 2017 оны 12 дугаар сарын 02-ны өдөр 12/04 дугаартай Орон сууцны байшин худалдах, худалдан авах гэрээ байгуулсан болох нь 2017 оны 12 дугаар сарын 02-ны өдөр 12/04 дугаартай Орон сууцны байшин худалдах, худалдан авах гэрээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, гэрч Д.Амархишиг нарын мэдүүлгээр нотлогдож байна. /хх-ийн 3-7, 22-23 дугаар тал/
Би Ти Би констракшн ХХК-ийн хаяг нь Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо, Баянмонгол хороолол, 401 дүгээр байрны 64 тоотод бүртгэлтэй болох нь Улсын бүртгэлийн ерөнхий газрын бүртгэлийн мэдээллийн сангийн нээлттэй мэдээллээс, Би Ти Би констракшн ХХК-ийн захирал М.Ж нь мөн дээрх хаягт оршин суудаг болох нь Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2019 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 1189 дугаартай албан бичгээр ирүүлсэн М.Жийн иргэний үнэмлэхийн лавлагаар тус тус тогтоогдлоо.
Тодруулбал, М.Ж нь өөрийн оршин суугаа хаягаар Би Ти Би констракшн ХХК-ийн байрлах хаягийг бүртгүүлсэн байна.
Нэхэмжлэгч нь Би Ти Би констракшн ХХК-ийн захирал М.Жийн оршин суугаа хаягийг олж тогтоолгож, түүний оршин суугаа газрын шүүхэд 2017 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 12/04 дугаартай Орон сууцны байшин худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлтийн шаардлахаар нэхэмжлэл гаргах үндэслэлээр түүнийг эрэн сурвалжуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.
Би Ти Би констракшн ХХК-ийн захирал М.Энх-Жаргалан нь Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо, Баянмонгол хороолол, 401 дүгээр байрны 64 тоотод бүртгэлтэй боловч энэ хаягтаа оршин суухгүй байгаа болох нь нэхэмжлэгчийн нэхэмжлэл, гэрч Д.Амархишигийн мэдүүлэг зэргээр нотлогдож байх тул түүнийг эрэн сурвалжилж, оршин суугаа газар, хаягийг олж тогтоох нь зүйтэй байна.
Би Ти Би констракшн ХХК-ийн захирал М.Энх-Жаргалангийн талаарх мэдээлэл: Би Ти Би констракшн ХХК-ийн регистрийн дугаар нь 5799244, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо, Баянмонгол хороолол, 401 дүгээр байрны 64 тоотод бүртгэлтэй, утасны дугаар нь 99993660 болно.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-д зааснаар хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Би Ти Би констракшн ХХК-ийн төлөөлөгч, ХВ83060371 регистрийн дугаартай, Шарнууд овогт Мөнхтуулын Жийг эрэн сурвалжилсугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-д зааснаар Шарнууд овогт Мөнхтуулын Жийг эрэн сурвалжилж, түүний оршин суугаа газар, хаягийг олж тогтоох ажиллагааг Ховд аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.
3.М.Жийн оршин суух хаягийг олж тогтоомогц нэхэмжлэгч Д.Мт нэн даруй мэдэгдэхийг Ховд аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Д.Мийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ОЮУНЖАРГАЛ