Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 01 сарын 11 өдөр

Дугаар 03

 

       Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхтуяа даргалж

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Түвшинтөр

улсын яллагч Ц.Сайнхүү

хохирогч Д.Сарантуяа, Я.Ариунболд

иргэний нэхэмжлэгч М.Энхжаргал

шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Ариун-Эрдэнэ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Бэсүд овогт Дашдаваагийн Мягмарбаярт холбогдох 201407000220 дугаартай эрүүгийн хэргийг 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Говь-Алтай аймгийн Бугат сумд 1992 оны 08 дугаар сарын 25-ны өдөр төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 4, аав ээж дүүгийн хамт Баянхайрхан баг 6-56 тоотод оршин суудаг, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй, ДГ92082510 регистрийн дугаартай Бэсүд овогт Дашдаваагийн Мягмарбаяр гэв.

Д.Мягмарбаяр нь шунахай сэдэлтээр, ашиг олох зорилгоор бусдын орон байранд нэвтэрч 2014 оны 05 дугаар сард тус аймгийн Есөнбулаг сумын Жаргалант баг Өргөө хороолол 8-1 тоотод оршин суух иргэн Д.Сарантуяагийн гэрийн гадна талд байрлах амбаараас 8 ширхэг мөнгөн аяга хулгайлж 5.570.000 /таван сая таван зуун далан мянган/ төгрөгийн хохирол учруулсан, мөн давтан үйлдлээр, шунахай сэдэлтээр, ашиг олох зорилгоор бусдын орон байранд нэвтэрч 2016 оны 05 дугаар сарын 21-ний өдөр Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Жаргалантын хороо 9-3 тоотод оршин суух иргэн Я.Ариунболдын гэрээс ТОЗ-8 загварын галт зэвсэг хулгайлж 250.000 /хоёр зуун тавин мянга/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Д.Мягмарбаяр нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхийг зөвшөөрч байна гээд мэдүүлэхдээ: 2014 онд манайх Бугат сумд байсан. Ямаа самнах үеэр ирээд МСҮТ-д хамт сурч байсан хэдэн хүүхдүүдтэй уулзаад Мөст барны тэнд ирсэн. Би мотоцикльтой дээшээ явсан Хаан банкны энд ирээд мотоциклийн бензин дууссан. Хойшоо эргээд ундааны сав хайх үед нэг онгорхой амбаар байсан тэр амбаарт орох үед нэг хайрцаг байхаар нь нээгээд үзэхэд дотор нь мөнгөн аяганууд байсан. Түүнийг авч яваад мотоциклио түрж ШТС орсон. Тэндээс Сухант дэлгүүр ороод Баярмаад 5 ширхэг аягыг 100.000 төгрөгөөр зарсан. Мотоцикльдоо бензин хийгээд Баянхайрханд хүнтэй уулзсан буцаж яваад Ханбууралын тэнд байх эгчийндээ очиж хоноод өглөө нь зах орсон. Захаас таксинд явдаг цагаан машинтай өндөр бор ахад үлдсэн 3 аягыг нь 50.000 төгрөгөөр зарсан. Тэгээд үдээс хойш нь Бугат сум руу буцсан. 2016 онд Ховд аймагт гарч байсан чулуунд явсан буцаж Бугат сумд ирж ямаа самнаж байгаад би түрүүлээд ирсэн. Я.Ариунболд ах бид 2 садан юм миний машиныг унаж явж байгаад тормоз нь эвдрээд ганга руу хийсэн байсан. Би удаа дараа машин янзалж өг гэж хэлсэн машиныг маань янзалж өгөхгүй яваад байсан. Надад мөнгө хэрэгтэй болоод байхаар нь гэрт нь очоод бууг нь авсан. Би Я.Ариунболдын машиныг унаж байсан гэрийнх нь түлхүүр байсан гэв.   

Хохирогч Д.Сарантуяа шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2014 оны 05 сард манайх байрандаа засвар хийгээд шүүхийн албаны байранд нүүж орсон. Удахгүй юм чинь гээд гэрийн ихэнх тавилгаа амбаар граж хоёрт хувааж хийсэн байсан. Бүгдийг нь гаргасан учир засварын нэлээд асуудалтай байсан. Өдөр бүр хүмүүсээр ажил хийлгэж байсан. Нэг өдөр цемент буулгах ажилтай байсан тул нэг хүнээр харуулсан тэр хүн хоолоо идэх гээд явсан үед нь хулгайн хэрэг гарсан байх. Бусад үед байнга цоожтой байсан. 2014 оны 06 сард гэртээ орсон. Манай том охины хурим 06 сарын 21-ний өдөр болох гэж байсан хуримд бэлдэж байгаад аягаа гаргаад ир гээд хайрцгаа үзэх үед 8 ширхэг аяга байхгүй байсан. Тэр хайрцагны доор манай гэр бүлийн хүний хэт хутга, гаанс байсан түүнийг аваагүй байсан. Ингээд охиныхоо хуримыг өнгөрөөгөөд цагдаад мэдэгдсэн. Эрүүгийн төлөөлөгчтэй ломбардаар бүгдээр нь явсан боловч ерөөсөө олдоогүй. Сухант гэдэг дэлгүүрт тухайн үед очиж шалгаагүй юм ломбард гэсэн бичиг байгаагүй юм. 2015 онд Баярмаагийн нэхэмжлэлтэй иргэний хэрэг байсан юм нэг өдөр Баярмаа ирээд шүүгчээ орох уу таны туслахад бичиг баримт өгөх гэсэн боловч алга танд өгчих үү гэхээр нь туслахад өг би авч болдоггүй юм гэтэл би танд нэг юм хэлэх гэсэн юм гэхээр нь юу юм хүсэлт гаргах гэж байгаа юм болов уу гэж бодоод хэл хэл гэхэд таны нэртэй цагдаагаас дурсгав гэсэн бичигтэй аяга манай ломбардад ирсэн байгаа гэсэн юм. Би та юу ярьж байгаа юм эрт хэлэхгүй яасан юм яахаараа хүний нэртэй аягыг танай ломбард авдаг юм манайх 8 ширхэг аяга алдчихаад байж байгаа юм гэтэл би мэдээгүй шүү дээ хэрэгтээ шийдвэрлүүлж дуусчихаад танд гэнэтийн бэлэг болгож өгөх гээд тэр аягыг хадгалаад байлгаад байгаа юм. Заримыг нь хүмүүс авсан Говь Ноосын нэг хүн шинэ хуучин цагийн нэг нэг аяга авсан. Одоо байна, өөр аяга байна уу та очиж үзээрэй манайх ломбардын эрхгүй юм гэж байсан. Ингэж аягануудын тал нь гарч ирсэн цагдаад өргөдөл өгөөд шалгуулах үед эзэн нь гарч ирэхгүй байсан. Сухант дэлгүүрээс нэг хуучин цагийн аягыг карт уншуулаад авсан хүнийг шалгаж олсон боловч аяга нь гарч ирэхгүй байгаа. Үлдсэн хохирлыг минь гаргуулж өгнө үү. Залуу хүн дахиж хулгай хийхгүй байлгүй ээж нь надтай уулзсан хүнд өвтэй хүн байсан. Ээж аавынхаа сэтгэлийг зовоохгүй ажил хийж сайхан амьдрах хэрэгтэй гэж хэлмээр байна гэв.

Улсын яллагчийн хүсэлтээр: шүүгдэгч Мягмарбаярын мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /хх 21-23-рт/, таньж олуулах ажиллагаа хийсэн тэмдэглэл /хх 24-25-рт /, хохирогч Б.Балтсүхийн мэдүүлэг /хх 32-34-рт /, гэрч Туулын мэдүүлэг /хх 44, 45-рт/, гэрч Я.Элбэгзаяа, Л.Түмэнсумъяа нарын мэдүүлэг /хх 46-47-рт/, гэрч Д.Цулган, С.Ганбаатар нарын мэдүүлэг /хх 48, 50-рт/, Д.Мягмарбаярын мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /хх 126-128-рт/, гэрч Д.Дашдаваагийн мэдүүлэг /хх 140-рт/, Битүүмжилсэн авто машины талаарх баримт /хх 129-132-рт/, шүүгдэгчийн ээж Б.Оюуны мэдүүлэг /хх 141-рт/, гэрч Б.Сэлэнгийн мэдүүлэг /хх 142-рт/, гэрч Х.Алтанхуягийн мэдүүлэг /хх 144-рт/, иргэний нэхэмжлэгч М.Энхжаргалын мэдүүлэг /хх 139-рт/, гэрч Б.Болдбаатарын мэдүүлэг /хх 216-рт/ зэрэг нотлох баримтуудад тус тус үзлэг хийж шинжлэн судлав.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Ариун-Эрдэнийн хүсэлтээр: Гэрч, хохирогч нарын мэдүүлэг давхардсан. Ял шалгуулах хуудас /хх 170-рт/, эд хөрөнгийг битүүмжилсэн тогтоол, шинээр гаргаж өгсөн 100.000 төгрөгийн баримтыг зэрэг нотлох баримтуудад тус тус үзлэг хийж шинжлэн судлав.

Шүүгдэгч Д.Мягмарбаяр нь шунахай сэдэлтээр, ашиг олох зорилгоор бусдын орон байранд нэвтэрч 2014 оны 05 дугаар сард тус аймгийн Есөнбулаг сумын Жаргалант баг Өргөө хороолол 8-1 тоотод оршин суух иргэн Д.Сарантуяагийн гэрийн гадна талд байрлах амбаараас 8 ширхэг мөнгөн аяга хулгайлж 5.570.000 /таван сая таван зуун далан мянган/ төгрөгийн хохирол учруулсан, мөн шунахай сэдэлтээр, ашиг олох зорилгоор бусдын орон байранд нэвтэрч 2016 оны 05 дугаар сарын 21-ний өдөр Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Жаргалантын хороо 9-3 тоотод оршин суух иргэн Я.Ариунболдын гэрээс ТОЗ-8 загварын галт зэвсэг хулгайлж 250.000 /хоёр зуун тавин мянга/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь талуудын хүсэлтээр шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд болон хавтаст хэрэгт авагдсан хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, яллагдагчийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж дүгнэлээ.

Говь-Алтай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Д.Мягмарбаярт холбогдуулан Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгийг давтан үйлдлээр, орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэнийг бусдын орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэж өөрчлөх нь зүйтэй гэж үзлээ. Учир нь Д.Мягмарбаярын 2014 оны 05 дугаар сард хохирогч Д.Сарантуяагийн гэрийн гадна талд байрлах амбаараас 8 ширхэг мөнгөн аяга хулгайлж 5.570.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар  хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 Иймд шүүгдэгч Д.Мягмарбаярын 2016 оны 05 дугаар сарын 21-ний өдөр Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Жаргалантын хороо 9-3 тоотод оршин суух иргэн Я.Ариунболдын гэрээс ТОЗ-8 загварын галт зэвсэг хулгайлж 250.000 /хоёр зуун тавин мянга/ төгрөгийн хохирол учруулсан гэх үйлдэлд нь  Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байх тул шүүхээс түүнийг бусдын орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгийг хураахгүйгээр хуульд зааснаар баривчлах ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн 56 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй, харин тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн зэргийг Эрүүгийн хуулийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.9 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, ял оногдуулахдаа харгалзаж үзэв.

  Энэ хэрэгт хохирогч Я.Ариунболдын гэрээс алдагдсан гол төмөр 14987, замаг 19169 дугаартай ТОЗ-8 загварын галт зэвсэг эд мөрийн баримтаар хураагдсан бөгөөд хохирогч Я.Ариунболд нь дээрхи галт зэвсэгийг буцаан авах саналтай байх боловч тус галт зэвсэг нь бүртгэлийн гэрчилгээгүй, хэний эзэмшил болох нь тогтоогдохгүй байх тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлд зааснаар Цагдаагийн газарт шилжүүлж улсын орлого болгох нь зүйтэй байна.

 Шүүгдэгч Д.Мягмарбаяр нь хохирогч Д.Сарантуяад 4.140.000 төгрөгийн, Я.Ариунболдод 250.000 төгрөгийн хохирол төлөөгүй, иргэний нэхэмжлэгч М.Энхжаргалд 100.000 төгрөг төлсөн, энэ хэрэгт цагдан хоригдоогүй бөгөөд түүнээс гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй, шүүдэгчийн ДГ92082513 регистрийн дугаартай иргэний үнэмлэх шүүхэд ирсэн зэргийг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 297, 298 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Д.Мягмарбаярын 2014 оны 05 дугаар сард хохирогч Д.Сарантуяагийн гэрийн гадна талд байрлах амбаараас 8 ширхэг мөнгөн аяга хулгайлж 5.570.000 төгрөгийн хохирол учруулсан гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д заасан гэмт хэргийг  Эрүүгийн хуулийн 77 дугаар зүйлийн 77.1,  Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгосугай.
  2. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.2 дахь хэсэгт зааснаар Говь-Алтай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Д.Мягмарбаярт холбогдуулан Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгийг давтан үйлдлээр орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэнийг бусдын орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэж өөрчилсүгэй.
  3. Шүүгдэгч Бэсүд овогт Дашдаваагийн Мягмарбаярыг бусдын эд хөрөнгийг орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  4. Шүүгдэгч Д.Мягмарбаярыг Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр, 3 сар 5 хоногийн хугацаагаар баривчлах ялаар шийтгэсүгэй.
  5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.4 дэх хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдсан гол төмөр 14987, замаг 19169 дугаартай ТОЗ-8 загварын галт зэвсгийг Говь-Алтай аймаг дахь Цагдаагийн газарт шилжүүлж, улсын орлого болгосугай.
  6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд зааснаар ялтан Д.Мягмарбаяраас 4.140.000 төгрөг гаргуулж хохирогч Д.Сарантуяад, 250.000 төгрөг гаргуулж хохирогч Я.Ариунболдод тус тус олгосугай.
  7. Энэ хэрэгт ялтан Д.Мягмарбаяраас гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдоогүй, иргэний нэхэмжлэгч М.Энхжаргалд 100.000 төгрөг төлсөн зэргийг дурдсугай.
  8. Ялтан Д.Мягмарбаярыг цагдан хорьж, ял эдлэх хугацааг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

9. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц ялтан Д.Мягмарбаярын ДГ92082513 регистрийн дугаартай иргэний цахим үнэмлэх болон битүүмжлэгдсэн 52-06 ГАҮ улсын дугаартай 2.500.000 төгрөгийн үнэлгээ бүхий Марк-2 загварын тээврийн хэрэгслийг Говь-Алтай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлсүгэй.

10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.

11. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардуулсанаас хойш 14 хоногийн дотор ялтан, түүний өмгөөлөгч, хохирогч нар Говь-Алтай аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

12. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Ч.МӨНХТУЯА