| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сайнбаярын Оюунжаргал |
| Хэргийн индекс | 153/2019/00413/И |
| Дугаар | 00492 |
| Огноо | 2019-10-23 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2019 оны 10 сарын 23 өдөр
Дугаар 00492
| 2019 оны 10 сарын 23 өдөр | Дугаар 153/ШШ2019/00492 | Жаргалант сум |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай явуулсан хуралдаанаар
Нэхэмжлэгч: Ховд аймгийн Жаргалант сумын Магсаржав багийн Шинэ асар 40 айлын орон сууцны 33 тоотод оршин суух, Жамсран овогт П-ийн Н /...-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ховд аймгийн Жаргалант сумын Буянт багийн 12-13 тоотод бүртгэлтэй, одоо Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 11-р хороо, 5 дугаар хэсэг, Туулын 2-46 тоотод оршин суух, Хошууд овогт -чийн Т / /-д холбогдох
Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2019 оны 8 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, 2019 оны 8 дугаар сарын 27-ны өдөр 153/2019/00413/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нарантуяа, нэхэмжлэгч П.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Оюунчимэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч П.Н шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Т бид хоёр 2007 онд танилцсан. 2010 онд гэр бүл болсон. Том охин Т.Цэцэгжаргал төрсөн байсан. 2010 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Т.Мөнхзул охин төрсөн. Б.Т бид хоёр Ховд аймгийн Чандмань суманд амьдарч байгаад Б.Т ажил хийхээр манайх Ховд аймгийн Жаргалант сум руу шилжиж орж ирсэн. Бид нар 2010-2014 он хүртэл хамт амьдарч байгаад манай нөхөр Улаанбаатар хот руу ажлаар яваад 6 сарын хугацаанд буцаж ирээгүй, би холбогдож чадахгүй байсан. Б.Т 2015 оноос Улаанбаатар хотод суурьшаад тэндээ нэг хүнтэй хамт амьдарч эхэлсэн. Бид 2015 оноос хойш тусдаа амьдарч эхэлсэн. Манай хоёр охин надтай хамт амьдардаг. Тухайн үед том охин сургуульд сурч, бага охин цэцэрлэгт явдаг байсан. 2016 оноос би Ц.Хүдэр гэдэг хүнтэй танилцсан. 2018 оноос эхлэн хамт амьдарч эхлээд Ц.Хүдэр бид хоёрын дундаас нэг хүүхэдтэй болсон. Гэрлэлт цуцлуулж, охин Т.Мөнхзулыг өөрийн асрамжид авах хүсэлт гаргасан....2007 онд танилцаад 2008 оноос хамт амьдарч эхлээд 2010 оны 8 дугаар сарын 09-ний өдөр хуримаа хийж, 2010 оны 12 дугаар сарын 20-ны өдөр гэрлэлтээ батлуулсан....2010 оны 12 дугаар сарын 01-ний өдөр охин Т.Мөнхзул төрсөн....Эд хөрөнгийн маргаан байхгүй....Шүүхэд хүсэлт гаргахаасаа өмнө бид хоёр уулзаж ярилцаад харилцан тохиролцсон. Б.Т нь хүүхдийнхээ хичээлийн хэрэгсэл бэлтгэх, анхаарал халамж тавих зүйл дээр ямар ч асуудал байдаггүй. Бид хоёр хүүхдийн тэтгэлэг тогтоолгох шаардлагагүй гэж харилцан тохиролцсон....Тусдаа олон жил амьдарсан. Хоёулаа өөр, өөр хүнтэй амьдарч үр хүүхэдтэй болсон....Б.Т хамт амьдрах хугацаандаа архи уудаг бид нарыг маш их зовоодог байсан. Согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэж нэг хэрэглэхээрээ 2-3 хоногоор хэрэглэдэг байсан. Ажиллах амьдрах, хамт байх нөхцөл бүрдүүлдэггүй хэцүү байсан. Намайг хэд хэдэн удаа цохиж зодож, гэр орноосоо хөөдөг байсан. Анх ийм асуудлуудаас болж гэр бүлийн маргаан үүссэн. Маргааны улмаас Б.Т нэг өдөр автобусанд суугаад Улаанбаатар хот руу явсан. Надтай болон хүүхдүүдтэйгээ хагас жилийн хугацаанд холбогдоогүй. Улаанбаатар хотод ажиллаж байх хугацаандаа нэг эмэгтэйтэй танилцаад хамтран амьдарч байгаа гэдгийг би найз нөхдөөс нь сонссон. Дараа нь эргэж ирсэн боловч дахин архи уусан хэвээрээ, тэр эмэгтэйтэйгээ холбогдож байсан учраас би эргээд тэр хүнийг хүлээж авч өмнөх амьдралаа босгох боломж байхгүй байсан учраас ийм сонголтод хүрсэн....Гэрлэлтээ цуцлуулаагүй байгаа учраас хүүхдээ бүртгүүлээгүй хэнээр ч овоглох боломжгүй байгаа....гэв.
Хариуцагч Б.Т тус шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: П.Нын нэхэмжлэлийн шаардлагатай танилцлаа. П.Н нь өөр хүнтэй хамтран амьдарч байгаа бөгөөд хамтран амьдрагчийнхаа хүүхдийг төрүүлсэн. Бид цаашид хамтран амьдрах бүрэн боломжгүй бөгөөд П.Нын гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Бага охин Т.Мөнхзулыг ээж Д.Нын асрамжинд нь үлдээхийг зөвшөөрч байна. Миний бие Улаанбаатар хотод амьдарч байгаа учраас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд биечлэн оролцох боломжгүй тул итгэмжлэгдсэн төлөөлөгч оролцуулна гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Оюунчимэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Т нь 2010 онд П.Нтай гэр бүл болсон. П.Н нь Б.Ттэй гэр бүл болохоосоо өмнө нэг охинтой байсан. Б.Т, П.Н нар гэр бүл болсны дараа охин Т.Мөнхзул төрсөн. Б.Т 2014 онд Улаанбаатар хот яваад 2015 онд гэр бүлээс гадуурх харилцаа үүсгээд хамтран амьдрагчтай болсон. Б.Т тухайн хүнтэй суугаад одоо нэг хүүхэдтэй болсон. П.Н ч гэсэн өөр хүнтэй хамтран амьдраад нэг хүүхэдтэй болсон. Эвлэрүүлэн зуучлалд хандаад эвлэрэх боломжгүй гээд эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон. Хариуцагч нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болох гэрлэлт цуцлуулах, охин Т.Мөнхзулыг эхийнх нь асрамжид үлдээх шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа. Шүүхэд нэхэмжлэл гаргахаас өмнө зохигчид хоорондоо уулзаад бусад нөхцөл дээрээ харилцан ярилцаад тохиролцсон. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч байна....Нэхэмжлэгч, хариуцагч нар эвлэрэх ямар ч боломжгүй байгаа. Гэрлэлт цуцлуулахгүй байгаа нөхцөл байдлаас болоод цаана нь хүүхдүүдийн эрх ашиг хохироод байгаа. П.Т, П.Н нарын тухайд үр хүүхэдтэй болсон боловч өөрөөрөө овоглож чадахгүй байгаа. Нэгэнт өөр, өөр хүнтэй амьдарч байгаа, өөр хүнээс үр хүүхэдтэй болсон нөхцөл байдал тогтоогдож байгаа. Эвлэрэх хугацаа өгөөд ч нэхэмжлэгч, хариуцагч нар бодит байдал дээр эвлэрэх боломжгүй байгаа. Шүүхээс эвлэрэх хугацаа өгөхгүй байхыг хүсэж байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.5-д зааснаар нэхэмжлэгч, хариуцагч нарын гэрлэлтийг цуцлаад хүүхдийн асрамжийн асуудлыг зохигчдын харилцан тохиролцсноор эх дээр нь охин Т.Мөнхзулыг асран хүмүүжүүлэх эрхийг нь үлдээгээд, хүүхдийн тэтгэлгийн асуудал дээр зохигч нар харилцан тохиролцож ярилцсан байгаа. Б.Т хүүхдүүдээ харж хандах, эдийн засгаар туслах тал дээр асуудал байхгүй хэрэгтэй үед нь эдийн засгаар нь тусалдаг. Т.Мөнхзул охин зуны амралтаараа эцэг дээрээ очиж байдаг. Гэрлэлтийг цуцлаад охин Т.Мөнхзулыг эхийнх нь асрамжид үлдээж өгнө үү....гэв.
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Т.Цэцэгжаргал тус шүүхэд гаргасан тайлбартаа: Хошууд ургийн овогт Тийн Цэцэгжаргал миний бие /ПН99050901/ Санхүү эдийн засгийн их сургуулийн 3 дугаар курсийн оюутан аав, ээж хоёр минь 2010 онд гэр бүлээ батлуулан хамтдаа амьдарч байгаад 2015 оноос тусдаа амьдарч ирсэн. Одоо тэд өөр, өөрийн амьдралаар амьдарч хэн, хэн нь эхнэр, нөхөртэй болсон. Нэхэмжлэгч П.Нын /ээж болох/ нэхэмжлэлийн хувийг гардан авч танилцсан. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцож байгаа Т.Цэцэгжаргал миний бие шүүхэд шийдвэрлэгдэж буй энэхүү үйл ажиллагаанд /гэрлэлт цуцлуулах/ татгалзах зүйл үгүй болно гэжээ.
Зохигчийн тайлбар, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч П.Н нь Б.Тд холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Гэрлэгчид нь 2010 оны 8 дугаар сарын 09-ний өдөр гэр бүл болж, 2010 оны 12 дугаар сарын 20-ны өдөр иргэний гэр бүлийн бүртгэлийн 13 дугаарт бүртгүүлсэн болох нь гэрлэлтийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, гэрлэгчдийн дундаас 2010 оны 12 дугаар сарын 01-ний өдөр охин Т.Мөнхзул төрсөн болох нь №000533899 дугаартай төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар болон нэхэмжлэгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тус тус тогтоогдож байна. /хх-ийн 5, 7 дугаар тал/
Гэрлэгсэд 2015 оноос эхлэн тусдаа амьдарч байгаа бөгөөд гэр бүлээ үргэлжлүүлэх санаачлага хэн аль нь гаргаагүй, цаашид гэр бүлээ үргэлжлүүлэх боломжгүй, тус тусдаа амьдралтай, хүүхдүүдтэй болсон, гэрлэлт цуцлахыг харилцан зөвшөөрч байгаа зэрэг нөхцөл байдлуудыг үндэслэн гэрлэгсдэд эвлэрэх хугацаа өгөхгүйгээр тэдний гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзэв.
Шүүхэд хариуцагч нь хүүхдийн асрамжийн талаар маргаагүй байх тул 2010 оны 12 дугаар сарын 01-ний өдөр төрсөн охин Т.Мөнхзулын санал, хүүхдэд тавих эхийн халамж зэргийг харгалзан хүүхдийг эх П.Нын асрамжид үлдээх нь зүйтэй гэж үзлээ.
Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д зааснаар эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх ба охин Т.Мөнхзулыг эхийн асрамжид үлдээн шийдвэрлэсэн нь хариуцагч Б.Тийн хувьд түүний эцэг байх эрхийг хязгаарлах үндэслэл болохгүй бөгөөд эцэг Б.Тээс Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасан "хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах" үүргээ хэрэгжүүлэхэд, мөн эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ гүйцэтгэхэд эх П.Н саад учруулахыг хориглодог болохыг дурдлаа.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Тээс улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч П.Нт олгохоор тогтлоо.
Нэхэмжлэгч нь хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй, зохигч нь гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүй гэсэн болохыг тус тус дурдлав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар Хошууд овогт Банзрагчийн Т / /, Жамсран овогт Пүрэвийн Н / / нарын гэрлэлтийг цуцалсугай.
2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2010 оны 12 дугаар сарын 01-ний өдөр төрсөн охин Т.М-ыг эх П.Нын асрамжид үлдээсүгэй.
3.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6-д зааснаар гэрлэлтээ цуцлуулсан ч хуулинд заасан эцгийн үүргээ биелүүлэхийг хариуцагч Б.Тд, энэ үүргээ биелүүлэхэд нь саад учруулахгүй байхыг нэхэмжлэгч П.Нт тус тус даалгасугай.
4.Нэхэмжлэгч нь хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй, зохигч нь гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүй гэсэн болохыг тус тус дурдсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Тээс улсын тэмдэгтийн хураамж 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч П.Нт олгосугай.
6.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст хүргүүлэхийг шүүгчийн туслах Ц.Байгалмаад даалгасугай.
7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ОЮУНЖАРГАЛ