| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Жаргалын Дэлгэрмөрөн |
| Хэргийн индекс | 176/2023/0197/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/200 |
| Огноо | 2023-05-10 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | А.Ариунтуяа |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 05 сарын 10 өдөр
Дугаар 2023/ШЦТ/200
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ж.Дэлгэрмөрөн даргалж,
нарийн бичгийн дарга Б.Оюунчимэг,
улсын яллагч А.Ариунтуяа,
шүүгдэгч Ц.У, түүний өмгөөлөгч И.Отгонсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,
Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Ц.У холбогдох эрүүгийн __ дугаартай хэргийг 2023 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Дундговь аймгийн Адаацаг суманд 1984 оны 07 дугаар сарын 29-ний өдөр төрсөн, 38 настай, эрэгтэй, яс үндэс халх, бага боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт ____________ , улсаас авьсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, ____________ дугаарын регистртэй, Ц.У.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ц.У нь согтуугаар Төв аймгийн Зуунмод сумын Ланс 2 дугаар баг 2а-8а тоотод оршин суух гэртээ 2023 оны 02 дугаар сарын 22-ны өдөр гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, өөрийн төрсөн охин насанд хүрээгүй У.Эийн нүүрэн тус газарт нь гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт
Шүүгдэгч Ц.У:
...Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж мэдүүлэг өгөхгүй... гэж мэдүүлдэг.
Үйл баримтын талаар:
Шүүгдэгч Ц.У нь согтуугаар Төв аймгийн Зуунмод сумын Ланс 2 дугаар баг 2а-8а тоотод оршин суух гэртээ 2023 оны 02 дугаар сарын 22-ны өдөр гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, өөрийн төрсөн охин насанд хүрээгүй У.Эийн нүүрэн тус газарт нь гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдсон
Энэ нь эрүүгийн __ дугаартай хэрэгт авагдсан
гэмт хэргийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 3 дугаар хуудас/,
насанд хүрээгүй хохирогч У.Эийн ...Би 2023 оны 02 дугаар сарын 23-ны өдөр Төв аймгийн Зуунмод сумын 2 дугаар баг 2а-8а тоотод оршин суух гэртээ орондоо орчихсон унтаж байсан. Манай гэрт аав Улам-Ундрах, ээж Бадам, бэр эгч Гэрэлсүрэн, Ичинхорлоо, Ганцоож, Баасансүрэн нар Бямбадаш нар эхнэр Болон нар хөзөр тоглоод байж байсан. Би унтаж байтал аав Улам-Ундрах намайг ирээд хацар дээр үнсэхэд нь яах гээд байгаа юм бэ гээд уурласан тэгсэн чинь аав би чамд үг хэлж болохгүй юм уу гэхэд би юу гэж хэлсэн юм бэ гэхэд би чамайг хойшоо харж унт гэж хэлээ биз дээ гээд уурлаад байсан. Надад юу ч хэлээгүй байж, яагаад байгаа юм бэ гэж хэлсэн миний нүүр рүү баруун гараа зангидаж байгаад нэг удаа цохичихоод цааш нь эргээд явахаар нь би уурлаад яагаад цохиж бариад давраад байгаа юм бэ гэж хэлсэн чинь эргэж ирээд миний нүүр рүү гараа зангидаж байгаад цохисон. Тэгэхэд ээж Бадам дундуур ороод салгах гэсэн чинь аав Улам-Ундрах миний үснээс зулгааж байгаад 5-6 удаа цохисон. Тэгээд ээж болон манай гэрт байсан Ичинхорлоо Гэрэлсүрэн нар ирж салгасан. Тэгээд манайд байсан хүмүүс цагдаа дуудсан... гэх мэдүүлэг /хх-ийн 8-9 дүгээр хуудас/,
насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Бадамын ...2023 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Төв аймгийн Зуунмод сумын 2-р баг 2а-8а тоотод гэртээ байж байтал манай дүү Гэрэлсүрэн Ичинхорлоо Баасансүрэн Ганцоож Бямбадаш Болор нар золголт хийх гээд манайд ирсэн. Бид нар хоол цай уучхаад азаа үзнэ гээд хөзөр тоглож байсан. Цагаан сар болж байгаа болохоор манайх нэг 0,75 граммын хэмжээтэй LX гэх нэртэй ногоон шилтэй архи задалж егсөн. Ирсэн хүмүүс ганц нэг хундага л татсан. Хөзөр тоглоод дуусаад Бямбадаш, Баасансүрэн Ганцоож нар тамхи татах гээд гараад явчихсан байсан. Тэгтэл манай том охин У.Э гэрийн баруун орон дээр унтаж байтал нөхөр Улам-Ундрах очоод цохиод авахыг нь харсан. Тэгээд би шууд очоод яаж байгаа юм бэ гээд болиулсан. Манай гэрт байсан Гэрэлсүрэн Ичинхорлоо нар бас хориод болиулсан. Охин У.Эийн нүүрэн тус газар 5-6 удаа үсдэж байгаад гараараа цохисон. Манай гэрт байсан Ичинхоролоо Гэрэлсүрэн нар цагдаа дуудсан. Охин У.Эийг Төв аймгийн Нэгдсэн эмнэлгийн 103-т үзүүлсэн өвчин намдаах тариа хийж өгсөн. Ажил цуглахаар зургийг нь авхуулаарай гэж хэлсэн. Охины баруун зүүн нүдний доод хэсэгт хөхөрсөн хамрын зүүн хэсэгт хөндүүртэй хонхорхой юм шиг харагдаж байна... гэх мэдүүлэг /хх-ийн 10-11 дүгээр хуудас/,
гэрч Л.Ичинхорлоогийн ...2023 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Төв аймгийн Зуунмод сумын 2-р баг 2a-8а тоотод манай нөхрийн эгч Бадамын Гэрт манай нөхөр Ганцоож, Гэрэлсүрэн Баасансүрэн бид нар хөзөр тоглосон. Хөзрийн эхний тоглолт дуусаад Ганцоож Баасансүрэн нар гадаа гарч тамхи татахаар гарсан. Улам-Ундрах ахын хүүхдүүдээс 2 настай бага нь том охин У.Э нар унтаж байсан. Улам-Ундрах ах ширээнээс босоод У.Э рүү очиж байхыг харсан У.Э цааш нь яваач гэж байх шиг байсан. Тэгсэн чинь юм ч хэлж болохоо байж дээ гэсэн чинь У.Э та надад юу хэлсэн юм бэ ? зодохгүй юу гээд У.Э хэлсэн чинь эргэж очоод У.Эийг орон дээр нь нүүр тус газарт нь гараараа 4-5 удаа цохисон. Бадамаа эгч Гэрэлсүрэн бид гурав салгасан. У.Эийг орилох үед гаднаас Ганцоож Баасансүрэн нар орж ирээд цагдаа дууд гээд би цагдаа дуудсан. У.Эийн баруун зүүн нүдний доор хөхөрсөн, хамрын зүүн хэсэг нь хөндүүртэй байна гэж байна лээ эмч ажил цуглахаар зургийн авхуулаарай гэж хэлсэн. Өвчин намдаах тариа хийж өгсөн. Улам-Ундрах ахын хоёр дахь охин Мөнхцэцэг сая У.Эийг зодуулсны дараа айснаасаа болоод амьсгал нь давчдаад амьсгалж чадахгүй байна гээд би гадаа гаргаж агаар амьсгалуулж байгаад гэрт нь оруулсан. Айж сандарснаас болж Мөнхцэцэг тийм болсон гэж сонсож байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 17 дугаар хуудас/,
гэрч Ч.Гэрэлсүрэнгийн ...2023 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Төв аймгийн Зуунмод сумын 2-р баг 2а-8а тоотод Улам-Ундрах ахын гэрт хөзөр тоглох гээд Ичинхорлоо Ганцоож манай нөхөр Баасансүрэн Шийрэв Болороо бид нар орсон чинь ороход Бадам эгч улам- Ундрах ахыг архи нэхээд байна гээд байж байсан. Удалгүй 075 граммын хэмжээтэй LX нэртэй ногоон шилтэй архи гаргаж ирээд хөзөр тоглохдоо хундагалж байсан. Эхний тоглолт дуусаад би Ичинхорлоог өөрийнхөө оронд суулгаад би өглөө ажилтай гээд хэвтэж байгаад унтчихсан байна лээ нэг сэрсэн чинь гөлөг минь гээд л У.Эийг үсдээд нүүр лүү гараараа цохиж байсан. Хажууд нь Бадамаа эгч Ичинхорлоо нар салгах гэж байсан. Би бас босоод салгасан. Гаднаас Ганцоож Баасансүрэн нар орж ирээд цагдаа дууд гэсэн. Тэгээд л цагдаад дуудсан. У.Эийг эмнэлэгт үзүүлэхэд яаралтайгаар эмнэлэгт хэвтүүлэхээргүй байна. Хамрын зүүн талдаа их эмзэглэлтэй байна. Ажил цуглахаар зургийг нь авхуулаарай гээд өвчин намдаах тариа хийж өгсөн. Улам-Ундрах У.Эээс хүнийг зодоогүй, Улам-Ундрах ахын хоёр дахь охин Мөнхцэцэгийг сэтгэцийн эмчид үзүүлсэн чинь айж цочсоноос болоод сэтгэцийн эмгэгтэй болсон байна гэж сэтгэцийн эмч хэлсэн гээд хадам Бадамаа эгч нар үзүүлээд яваад байгаа гээд утсаар ярьж байсан. Сая Улам-Ундрах ах У.Эийг зодсон чинь Мөнхцэцэг айснаасаа болоод орилоод чирээд амьсгал чадахгүй байна гээд байхаар нь хувцсыг нь өмсгөөд гадаа салхинд гаргаад тайвшруулсан... гэх мэдүүлэг /хх-ийн 19 дүгээр хуудас/,
шүүгдэгч Ц.Уын гэрчээр өгсөн ...2023 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Төв аймгийн Зуунмод сумын 2-р баг 23-а тоотод гэртээ эхнэр хүүхдийн хамт байж байтал манай эхнэрийн дүү болох Баасансүрэн Ганцоож, Гэрэлсүрэн, Ичинхорлоо, Бямбадаш нар золголт хийгээд байх байсан юм. Тэд нар манайд золголт хийгээд хөзөр тоглоод байж байсан юм. Бид нар ЛХ гэх бичиглэлтэй ногоон шилтэй 0.75 граммын хэмжээтэй архийг тэд нарт байж байснаа санаж байна нэг мэдэхэд манайд байж байсан хүмүүс “чи том охиноо цохичихлоо” гэж хэлэхэд л мэдсэн. Би тасарчихсан байна... гэх мэдүүлэг /хх-ийн 21 дүгээр хуудас/,
шинжээчийн 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 107 дугаартай ...У.Эийн биед хамар ясны хугарал, баруун доод зовхинд зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн доод зовхинд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй... талаарх дүгнэлт /хх-ийн 24-25 дугаар хуудас/,
шинжээчийн 2023 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 108 дугаартай ...Ц.Бадамын биед баруун гуянд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой хуучин гэмтэл байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй... талаарх дүгнэлт /хх-ийн 43-44 дүгээр хуудас/,
шүүгдэгч Ц.Уын яллагдагчаар өгсөн ...Би Төв аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Энхбатын 2023 оны 03 дугаар сарын 21-ны өдрийн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоолтой танилцлаа. Би тогтоолыг ойлгосон. Асууж тодруулах зүйл байхгүй би тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Би өмнө мэдүүлэгтээ бүгдийг нь үнэн зөв мэдүүлсэн. Би согтуудаа охин У.Эийг зодоод хамар ясыг нь хугалчихсан байна. Энэ гаргасан үйлдэлдээ маш их гэмшиж байгаа, охиныхоо хамрыг янзлуулахаар эмчтэй уулзсан байгаа одоо сургууль амарчихсан байгаа болохоор үзүүлж эмчлүүлэхээр болсон. Эмнэлгээс бичиж өгсөн эм тариаг авч өгсөн. Эмнэлэг манай охины хамрыг зэс засалд орох шаардлагагүй гэж хэлсэн. Би согтуу байсан болохоор юу ч санахгүй байна. Нэг мэдэхэд л гэрт хүмүүс намайг охиноо цохисон гэж хэлсэн. Тэгээд л мэдсэн. Би урд нь хүүхдүүдээ зодож цохиж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байгаагүй. Би охин У.Эийн хамрыг Аймгийн Нэгдсэн эмнэлгийн гэмтлийн эмчид үзүүлсэн. Мэс заслын эмч өөрөө эдгэнэ гэж хэлсэн. Тухайн үед эмчийн бичиж өгсөн эм болон томографик хийлгэсэн зардлыг төлсөн. Цаашид ч гэсэн охиныхоо эмчилгээний зардлыг төлнө... гэх мэдүүлэг /хх-ийн 56 дугаар хуудас/ зэрэг бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.
Дээрх шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.
Гэм буруугийн дүгнэлт:
Шүүх хуралдааны гэм буруугийн дүгнэлт танилцуулах шатанд:
Улсын яллагч А.Ариунтуяа:
...Шүүгдэгч Ц.У нь согтуугаар Төв аймгийн Зуунмод сумын Ланс 2 дугаар баг 2а-8а тоотод оршин суух гэртээ 2023 оны 02 дугаар сарын 22-ны өдөр гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, өөрийн төрсөн охин насанд хүрээгүй У.Эийн нүүрэн тус газарт нь гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгчийн гэм буруугаа хүлээсэн мэдүүлэг болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Иймд шүүгдэгч Ц.Уыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна. Шүүгдэгч нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж байна. Хохирогч нь баримтаар хохирол нэхэмжлээгүй тул энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй... гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч И.Отгонсүрэн:
...Хохирогчийн зүгээс хохирол төлбөр нэхэмжлээгүй, мөн охиноо эмнэлэгт эмчлүүлж байгаа гэж мэдүүллээ. Миний үйлчлүүлэгч гэм буруу дээр маргахгүй байгаа... гэсэн дүгнэлтийг,
Шүүх хуралдааны гэм буруугийн дүгнэлт танилцуулах шатанд улсын яллагчийн шүүгдэгч Ц.Уыг гэм буруутайд тооцох тухай дүгнэлттэй шүүгдэгч маргадаггүй бөгөөд гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа талаараа илэрхийлдэг.
Шүүгдэгчийн үйлдсэн дээрх гэмт хэрэг гэм буруугийн санаатай хэлбэртэй, өөрийн үйлдэл, эс үйлдэхгүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэж үзэв.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох тул шүүгдэгчийн буруутай үйлдлийн улмаас насанд хүрээгүй хохирогч У.Эийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.
Шүүх хуралдааны эрүүгийн хариуцлагын дүгнэлт танилцуулах шатанд:
Улсын яллагч А.Ариунтуяа:
... Шүүгдэгч Ц.Уыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар түүний хувийн байдлыг харгалзан үзэж 1.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна... гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч И.Отгонсүрэн:
...Торгуулийн ялыг орлого, цалингийн хувьд төлөх боломжтой. Гэхдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан санкци нь өөрөө 450.000-700.000 төгрөгөөр торгох ялтай. Иймд улсын яллагчийн санал болгосон ялыг багасгаж өгнө үү... гэсэн дүгнэлтийг,
Шүүх шүүгдэгч Ц.Уад хуульд заасан ял шийтгэлийг оногдуулахдаа хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг, гэмт хэрэг үйлдсэний дараа насанд хүрээгүй хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлсөнийг тус тус хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан үзэж эрх зүйн байдлыг нь дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй гэж дүгнэж 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгийн торгох ял тохирно гэж шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Ц.Уад торгох ял оногдуулсан шүүхийн шийдвэрийг биелүүлэх хугацааг хэсэгчлэн төлүүлэх шаардлагагүй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож,
шүүхээс тогтоосон 3 /гурав/ сарын хугацаанд торгох ялыг биелүүлэхийг, биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдэж,
оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж тус тус шийдвэрлэснийг дурдах нь зүйтэй байна.
Хохирол, хор уршиг болон бусад асуудлын талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1-д “энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно”, 2.“Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж заасан байна.
Шүүгдэгч Ц.Уын гэм буруутай санаатай үйлдлийн улмаас насанд хүрээгүй насанд хүрээгүй хохирогч У.Эийн биед хамар ясны хугарал, баруун доод зовхинд зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн доод зовхинд цус хуралт бүхий хөнгөн хохирол учирсан байна.
Насанд хүрээгүй хохирогч У.Э нь шүүгдэгчид гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй болох нь хавтаст хэргийн 69 дүгээр хуудсанд авагдсан насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Бадамын хүсэлт, 71 дугаар хуудсанд авагдсан насанд хүрээгүй хохирогч У.Э болон түүний хууль ёсны төлөөлөгч Ц.Бадам нарт хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл, мөн шүүхийн мэдэгдэх хуудсаар шүүх хуралдааны товыг хохирогчид мэдэгдэж утсаар ярьсан тэмдэглэл зэргээр тус тус тогтоогдож байна.
Эрүүгийн __ дугаартай хэрэгт иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Ц.У энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, түүнээс тооцож гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдах нь зүйтэй.
Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1., 22.4.1., Эрүүгийн хэрэг хянан
шийдвэрлэх тухай хуулийн 36.1., 36.2., 36.4 дүгээр зүйлийн 2., 36.6., 36.7.,
36.8., 36.10, 36.13., 37.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх
хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ц.УЭрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Ц.УЭрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ц.У Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгийн торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлэхийг, биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч Ц.У шүүхээс оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
5. Эрүүгийн __ дугаартай хэрэгт иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, битүүмжлэгдэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Ц.У энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, түүнээс тооцон гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.
6. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.У урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
7. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.
8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.
9. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Ц.У авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.ДЭЛГЭРМӨРӨН