Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2019 оны 10 сарын 23 өдөр

Дугаар 00497

 

2019 оны 10 сарын 23 өдөр

Дугаар 153/ШШ2019/00497

Жаргалант сум

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай явуулсан хуралдаанаар

нэхэмжлэгч: Ховд аймгийн Жаргалант сумын Хайрхан багийн 7-.. тоотод оршин суух, Боржигон овогт П-ийн Н /.../-ийн нэхэмжлэлтэй,

хариуцагч: Ховд аймгийн Жаргалант сумын Баатархайрхан багийн 11-.. тоотод оршин суух, Мөнхөө овогт О-н А /../-т холбогдох,

гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, гэр бүлийн гишүүдийн дунд өмчлөлийн эд хөрөнгөөс өөрт гаргуулах тухай нэхэмжлэлийг 2019 оны 8 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, 2019 оны 8 дугаар сарын 22-ны өдөр 153/2019/00411/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нарантуяа, нэхэмжлэгч П.Н, хариуцагч О.А, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Оюунчимэг, гэрч Ж.Уртнасан, Б.Энх-Амгалан, насанд хүрээгүй гэрч Н.Алтанхуяг, Н.Ууганбаяр, сурган хүмүүжүүлэгч Л.Дэлгэр нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч П.Н шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид хоёр 2001 оноос үерхэж 2003 онд гэр бүл болсон. 2003 онд том хүү Н.Алтанхуяг төрсөн. 2006 онд бага хүү Н.Ууганбаяр төрсөн. Би ажил хийгээд наашаа цаашаа явдаг. Манай эхнэр гэртээ хоёр хүүхдээ хараад байж байдаг. 2007 оноос манай эхнэр гэртээ хонохоо больсон. Би яагаад гэртээ хонохгүй байгаа юм гэхэд чамд ямар хамаатай юм гэж хэлдэг байсан. Нададтай хэрэлдээд байсан О.А ах дүү нартайгаа зургуулаа ирж намайг цохиж хогийн хар дээр хаяад явсан. Би ухаангүй шахуу хүргэн ахындаа очиж хонож байсан. Би гадуур битгий хоноод бай гэж хэлэхэд манай эхнэр миний үгэнд ороогүй. Миний эх хүүхдүүдийг харж байгаад харвалт болоод Улаанбаатар хот руу эмчилгээнд явахдаа хүүхдүүдийг эх дээр нь аваачиж өгсөн. Би хөдөө мал хариулж байгаад шөнө дунд гэртээ очиход намайг зайл гээд О.Аийн эх галын хайчаар цохиод хөөсөн. Манай эхнэр хүнтэй нийлж санаа сэтгэл нь тогтворгүй болсон байсан. Манайд 200 гаруй толгой ямаа голдуу мал байсан. О.Аийн О.Бариул гэдэг дүү нь манай малыг хариулна гээд авч яваад өглөө гараад орой ирэхэд мал байхгүй байна гэж ирээд манай мал байхгүй болсон. Манай гэрийг манай эцэг надад барьж өгсөн. Би хүүхдүүдээ зодож цохиж, ганц ширүүн үг хэлж гар хүрч үзээгүй. Эх нь бага хүүхдээ алгадаад унагааж байсан. Миний хоёр хүүхэд намайг цохисон гэж хэлсэн байна лээ. Миний хүүхдүүд хүний ятгалгад орсон байна. Би хүүхдүүддээ ганц удаа гар хүрч үзээгүй. Намайг хутгалсан гэж манай эхнэр бичсэн байна. Би тийм үйлдэл гаргаж байгаагүй. Би маш их гомдож байна. Би гэрлэлтээ цуцлуулж хоёр хүүхдээ өөрийнхөө асрамжид авна. Манай хоёр хүүхэд айлаар яваад хулгай хийсэн байсан. О.А хамтран амьдрагчтайгаа хөлсний мал маллах гээд хөдөө гарсан. Манай хоёр хүүхэд О.Аийн ах, дүү хоёртой нь хамт байдаг. Би хоёр хүүхдээ өөрийнхөө асрамжид авмаар байна. Гэр бүлийн дундын эд хөрөнгө болох 6 ханатай гэрийг гаргуулна....2003 оны 8 дугаар сард хуримаа хийсэн. 2006 оны 3 дугаар сарын 03-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн....О.А хүнтэй суугаад тэр хүнийхээ хүүхдийг нь гаргасан учир гэрлэлтээ цуцлуулна....2016 оны намраас хойш 3 жил тусдаа амьдарч байна. Би нэхэмжлэл дээрээ оныг андуурч бичсэн байна....Хоёр хүүхдээ эхийнх нь асрамжид үлдээж, гэр гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна....Эд хөрөнгийн маргаан байхгүй....гэв.

Хариуцагч О.А тус шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:...Би П.Нтэй 2001 онд танилцаж 2003 онд гэр бүл болсон. Гэр бүл болсон байхад намайг цохиж дарамталж хөөдөг байсан. Би аргагүйн эрхэнд гэр болон хоёр хүүхдээ хаяж эцэг, эх дээрээ очсон. П.Н дандаа худлаа хэлж байна. Намайг цохиж дарамталдаг учраас 2014 онд би эцэг, эх дээрээ очсон. Гэрээ орхиод явсны дараа П.Нгийн эх, эгч хоёр нь манай гэрийг ачиж хүргэж ирээд хоёр хүүхдийг авчирч өгсөн. Гэр авчирч өгөхдөө П.Н энэ гэрт эзэн болохгүй юм байна гэж хэлж байсан. Би гэрийг нь 300,000 төгрөгөөр зараад хоёр хүүхдээ сургуульд оруулсан. Намайг цохидоггүй байсан бол би амьдралаа бодоод амьдрах байсан. Хоёр хүүхдээ өөрийнхөө асрамжид авч гэрлэлтээ цуцлуулна. Гэрийг нь зараад мөнгийг нь хоёр хүүхэд нь зарцуулсан учраас гэрийг нь гаргаж өгөх боломжгүй.... Н.Алтанхуяг 2003 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр төрсөн. Н.Ууганбаяр 2006 оны 5 дугаар сарын 03-ны өдөр төрсөн....Бид хоёр тусдаа амьдараад 5 жил болж байна....П.Нгийн зүгээс тусдаа амьдарч байх хугацаанд надад тусалж дэмжиж байсан зүйл байхгүй байсан....Би хүүхдүүдээ эцэгтэйгээ битгий уулз гэж хэлж байгаагүй. П.Н хүүхдүүдтэйгээ уулзъя гэж ирээгүй....Хүүхдүүдээ өөрийнхөө асрамжид авна. Нэхэмжлэгч гэр гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан....Эд хөрөнгийн маргаан байхгүй....Би тусдаа гэр бүлтэй болсон учраас гэрлэлтээ цуцлуулна. П.Н надаас өмнө гэр бүлтэй болсон байсан. Одоо болохоор би өмнө гэр бүлтэй байгаагүй гэж хэлж байна....2018 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр төрсөн. Одоо ой нэг сартай. н.Баянбаатар гээд эцгээр нь овоглосон байгаа....гэв.

 

Зохигчийн тайлбар, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч П.Н нь О.Ат холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, гэр бүлийн гишүүдийн дунд өмчлөлийн эд хөрөнгөөс өөрт гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан бөгөөд шүүх хуралдаанд нэхэмжлэгч нь гэр бүлийн гишүүдийн дунд өмчлөлийн эд хөрөнгө болох 6 ханатай, шалгүй, 3 давхарагтай гэрээс өөрт болон хүүхдүүддээ ногдох хэсгийг гаргуулах гэж тодруулав.

Гэрлэгчид нь 2003 оны 8 дугаар сард гэр бүл болж, 2006 оны 3 дугаар сарын 03-ны өдөр иргэний гэр бүлийн бүртгэлийн 6 дугаарт бүртгүүлсэн болох нь гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, зохигчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар, гэрлэгчдийн дундаас 2003 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр хүү Н.Алтанхуяг, 2006 оны 5 дугаар сарын 03-ны өдөр хүү Н.Ууганбаяр нар төрсөн болох нь Н.Алтанхуяг, Н.Ууганбаяр нарын төрсний бүртгэлийн лавлагаа, зохигчийн тайлбараар тус тус тогтоогдож байна. /хх-ийн 8-10 дугаар тал/

Гэрлэгсэд тусдаа амьдраад 3 жил болж байгаа бөгөөд гэр бүлээ үргэлжлүүлэх санаачлага хэн аль нь гаргаагүй, цаашид гэр бүлээ үргэлжлүүлэх боломжгүй, хариуцагч нь тусдаа амьдралтай, хүүхэдтэй болсон, гэрлэлт цуцлахыг харилцан зөвшөөрч байгаа зэрэг нөхцөл байдлуудыг үндэслэн гэрлэгсдэд эвлэрэх хугацаа өгөхгүйгээр тэдний гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзэв.

Шүүх хуралдаанд 2003 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр төрсөн хүү Н.Алтанхуяг, 2006 оны 5 дугаар сарын 03-ны өдөр төрсөн хүү Н.Ууганбаяр нарыг эх О.Аийн асрамжид үлдээхээр зохигч эвлэрлийн гэрээ байгуулж, нэхэмжлэгч нь хүүхдүүдийн асрамжийн талаар маргаагүй тул 2003 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр төрсөн хүү Н.Алтанхуяг, 2006 оны 5 дугаар сарын 03-ны өдөр төрсөн хүү Н.Ууганбаяр нарыг хүүхдүүдийн санал, хүүхдүүдэд тавих эхийн халамж зэргийг харгалзан хүүхдүүдийг эх О.Аийн асрамжид үлдээх нь зүйтэй гэж үзлээ.

Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д зааснаар эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх ба хүү Н.Алтанхуяг, Н.Ууганбаяр нарыг эхийн асрамжид үлдээн шийдвэрлэсэн нь нэхэмжлэгч П.Нгийн хувьд түүний эцэг байх эрхийг хязгаарлах үндэслэл болохгүй бөгөөд эцэг П.Нгээс Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасан "хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах" үүргээ хэрэгжүүлэхэд, мөн эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ гүйцэтгэхэд эх О.А саад учруулахыг хориглодог болохыг дурдлаа.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч П.Н нь гэр бүлийн дундын өмчлөл болох 6 ханатай, шалгүй, 3 давхрагатай гэрээс өөрт болон хүүхдүүддээ ногдох хэсгийг хариуцагч О.Ааас гаргуулах шаардлагаасаа татгалзсныг батлах нь зүйтэй байна.

Зохигч нь гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүй гэсэн болохыг дурдав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-т зааснаар тус шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 153/ШЗ2019/01552 дугаартай шүүгчийн захирамжаар нэхэмжлэгч П.Нг гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагад төлөх улсын тэмдэгтийн хураамж 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгөөс, гэр бүлийн гишүүдийн дунд өмчлөлийн эд хөрөнгөөс өөрт гаргуулах тухай шаардлагад төлөх улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс тус тус чөлөөлсөн болохыг дурдаж, нэхэмжлэгчийн гэрлэлт цуцлуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар гэрлэлт цуцлуулах нэхэмжлэлийн шаардлагад төлөх улсын тэмдэгтийн хураамж 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг хариуцагч О.Ааас гаргуулан улсын орлогод оруулахаар тогтлоо.

Хариуцагч О.А нь шүүх хуралдаанд хүүхдүүддээ тэтгэлэг гаргуулан гэж тайлбарласан ба хариуцагч нь хүүхдийн тэтгэлэг гаргуулахаар шүүхэд шаардлага гаргаагүй учир энэ шүүх хуралдаанаар шийдвэрлэх боломжгүй байна. Харин О.А нь хүүхдийн тэтгэлэг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргахад энэ шийдвэр саад болохгүй болохыг дурдаж байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар Мөнхөө овогт О-н А / /, Боржигон овогт П-ийн Н / / нарын гэрлэлтийг цуцалсугай.

2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2003 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр төрсөн хүү Н.Алтанхуяг, 2006 оны 5 дугаар сарын 03-ны өдөр төрсөн хүү Н.Ууганбаяр нарыг эх О.Аийн асрамжид үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч П.Н нь гэр бүлийн дундын өмчлөл болох 6 ханатай, шалгүй, 3 давхрагатай гэрээс өөрт болон хүүхдүүддээ ногдох хэсгийг гаргуулах шаардлагаасаа татгалзсныг баталсугай.

4.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6-д зааснаар гэрлэлтээ цуцлуулсан ч хуулинд заасан эцгийн үүргээ биелүүлэхийг нэхэмжлэгч П.Нд, энэ үүргээ биелүүлэхэд нь саад учруулахгүй байхыг хариуцагч О.Ат тус тус даалгасугай.

5.Зохигч нь гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүй гэсэн болохыг дурдсугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-т зааснаар тус шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 153/ШЗ2019/01552 дугаартай шүүгчийн захирамжаар нэхэмжлэгч П.Нг гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагад төлөх улсын тэмдэгтийн хураамж 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгөөс, гэр бүлийн гишүүдийн дунд өмчлөлийн эд хөрөнгөөс өөрт гаргуулах тухай шаардлагад төлөх улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс тус тус чөлөөлсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хариуцагч О.Ааас улсын тэмдэгтийн хураамж 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.

7.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст хүргүүлэхийг шүүгчийн туслах Ц.Байгалмаад даалгасугай.

8.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           С.ОЮУНЖАРГАЛ