Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2019 оны 10 сарын 25 өдөр

Дугаар 00499

 

2019 оны 10 сарын 25 өдөр

Дугаар 153/ШШ2019/00499

Жаргалант сум

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                                                            

Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар,

нэхэмжлэгч: Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Баянгол багт оршин суух, Шарс овогт Л-ын Б /.../-ын эхэмжлэлтэй,

ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдөр 153/2019/00482/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Золзаяа оролцлоо.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Л.Б тус шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Лхагва-Очир овогтой Б миний бие 1964 оны 11 дүгээр сарын 20-нд Ховд аймгийн Эрдэнэбүрэн суманд айлын 7 дахь хүүхэд болон төрсөн.

Эрдэнэбүрэн сумын сургуульд 1972 онд 1-р ангид орж суралцсан. 1980 онд 8-р ангиа төгсөөд 1980 оны 7-р сард Эрдэнэбүрэн сумын Социализм нэгдлийн гишүүн болж малчин болсон. 1983 оны 6-р сарын 13нд цэргийн албанд явж 1986.06.05-ны өдөр халагдаж ирээд Социализм нэгдэлдээ мал маллаж байсан. 1988.09.25-нд Нямсүрэн овогтой Буяннэмэхтэй гэр бүл болж өдий болтол Эрдэнэбүрэн сумын Баянгол багт амьдарч байна.

Одоо тэтгэвэрт гарах нас болсон боловч хөдөлмөрийн дэвтэр алга болсон учир ажиллаж байсан байдлаа тогтоолгох шаардлагатай болсон тул Ховд аймгийн Засаг даргын дэргэдэх 70-р дансны магадлагаа авч хавсаргав. 1992.05.05-нд социализм нэгдэл нь Бадралт ББХ компани болоход мөн малчнаар ажилласан.

Иймд Л.Б намайг Социализм нэгдлийн Баянгол багт 1980 оны 7 дугаар сараас 1983 оны 6 сар, 1986 оны 6 дугаар сараас 1989 оны 12 сарын 31-ийг хүртэл хугацаанд ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Л.Б шүүх хуралдаанд ирүүлсэн хүсэлтдээ: Л.Б миний бие нь тус шүүхэд ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор хүсэлт гаргасан.

Миний бие нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргээ шийдвэрлүүлэх хүсэлтэй байгаа тул Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Социализм нэгдлийн Баянгол бригадад 1981 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1983 оны 6 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл, 1986 оны 6 дугаар сарын 25-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал тус тус малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор хүсэлтийнхээ шаардлагыг өөрчилж байна.

Мөн миний бие нь Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Баянгол багт ганцаараа мал маллан амьдарч байгаа бөгөөд мал хардаг хүнгүй тул шүүх хуралдаанд биечлэн оролцох боломжгүй байгаа байдлыг харгалзан шүүх хуралдаанд намайг оролцуулахгүйгээр шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад 

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Л.Б нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй байна.

Нэхэмжлэгч Л.Б нь тус шүүхэд Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Социализм нэгдлийн Баянгол бригадад 1981 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1983 оны 6 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл, 1986 оны 6 дугаар сарын 25-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал тус тус малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгох гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ өөрчилжээ.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Л.Б нь Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Социализм нэгдлийн Баянгол бригадад 1981 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1983 оны 6 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл, 1986 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал тус тус малчнаар ажиллаж байсан  болох нь Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын архивын тасгийн 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 721 дугаартай албан бичгээр ирүүлсэн Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Баянгол бригадын 1981-1983, 1986-1989 онуудын 70 дугаар дансы хуулбарууд, гэрч Б.Пүрэвцэвээний ....Л.Б нь 1980 оны 6 дугаар сард Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын 8 жилийн сургуулийн 8 дугаар ангийг төгссөн. 1980 оны 7 дугаар сард Л.Бын аав нь нас барсан учраас ээжийнхээ хамт Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Социализм нэгдлийн 1 дүгээр бригадад мал маллаж байгаад 1983-1986 онуудад цэргийн алба хаасан. 1986 оны 6 сард цэргээс ирээд тус нэгдлийн 1 дүгээр бригададаа мал маллаж эхлээд нэгдэл тартал буюу 1992 он хүртэл ажилласан. Л.Б нь 1989 оны зун Буяннэмэхтэй хуримаа хийж байсан санагдаж байна....Бын эхнэрийнх нь нэрийг Буяннэмэх гэдэг. Л.Бын төрсөн ахыг Мөндөр-Очир гэдэг юм. Мөндөр-Очирыг Мөндөрөө гэж эрхлүүлж дууддаг юм.... гэх мэдүүлэг, гэрч Д.Дэлгэрийн ....Л.Б нь 1980 онд 8 дугаар анги төгсөөд Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Социализм нэгдлийн 1 дүгээр бригадад мал маллаж байсан. 1983-1986 онд цэргийн алба хаасан. Л.Б нь цэргээс ирээд тус нэгдэлдээ нэгдэл тартал нь малчнаар ажиллаж байсан. Л.Б нь дандаа малчин хийж байсан. Хонь ямаа маллаж байсан. Бын аавынх нь нэрийг Лхагва-Очир гэдэг байсан. Ээжийнх нь нэрийг Даваажав гэдэг байсан....Мөндөр-Очир, Хуяг-Очир, Төмөр-Очир гэсэн ах нартай. Мөндөр-Очирыг Мөндөрөө гэж дууддаг юм.... гэх мэдүүлэг зэрэг баримтуудаар тогтоогдож байх тул дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ. /хх-ийн 4-11, 30-31 дүгээр тал/

Л.Б нь Батлан хамгаалах яамны сайдын 1983 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн н/227 дугаар тушаалаар 1983 оны 6 дугаар сарын 13-ны өдөр хугацаат цэргийн албанд татагдан Ардын армийн 123 дугаар ангид алба хаасан болох нь Батлан хамгаалах яамны Батлан хамгаалахын төв архивын 2019 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 5507 дугаартай Хугацаат цэргийн албан хаасны архивын лавлагаа гэх бичвэртэй албан бичгээр, мөн нэхэмжлэгч нь Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Социализм нэгдлийн Баянгол бригадад 1986 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн малчнаар ажилласан болох нь Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Социализм нэгдлийн Баянгол бригадын 1986 оны 70 дугаар дансны хуулбараар тус тус тогтоогдож байна.

Иймд нэхэмжлэгчийн Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Социализм нэгдлийн Баянгол бригадад 1983 оны 6 дугаар сарын 13-ны өдрөөс 1983 оны 6 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл, 1986 оны 6 дугаар сарын 25-ны өдрөөс 1986 оны 6 дугаар сарын 30-ны өдрийг дуустал тус тус малчнаар ажиллаж байсан байдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Хавтаст хэргийн 12-13 дугаар хуудсанд авагдсан Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Социализм нэгдлийн Баянгол бригадын 1990-1991 онуудын 70 дугаар дансны хуулбарууд нь нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй, хавтаст хэргийн 19-20 дугаар хуудсанд авагдсан иргэн Б.Пүрэвцэвээний иргэний үнэмлэхийн хуулбар нь хэрэгт хамааралгүй, түүний тодорхойлолт нь хуульд заагаагүй, нотлох баримтыг гаргах, цуглуулах талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн байх тул дээрх баримтуудыг нотлох баримтанд үнэлээгүй болохыг дурдлаа.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв. 

Нэхэмжлэгч Л.Б нь өөрийхөө эзгүйд шүүх хуралдааныг хийх талаар шүүхэд бичгээр хүсэлт ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д заасны дагуу нэхэмжлэгчийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1-д заасныг тус тус удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Шарс овогт Лхагва-Очирын Б / /-ын Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Социализм нэгдлийн Баянгол бригадад 1981 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1983 оны 6 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл, 1986 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал тус тус малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож, Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Социализм нэгдлийн Баянгол бригадад 1983 оны 6 дугаар сарын 13-ны өдрөөс 1983 оны 6 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл, 1986 оны 6 дугаар сарын 25-ны өдрөөс 1986 оны 6 дугаар сарын 30-ны өдрийг дуустал тус тус малчнаар ажиллаж байсан байдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Л.Бын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ          С.ОЮУНЖАРГАЛ