| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сайнбаярын Оюунжаргал |
| Хэргийн индекс | 153/2019/00447/И |
| Дугаар | 00518 |
| Огноо | 2019-11-05 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2019 оны 11 сарын 05 өдөр
Дугаар 00518
| 2019 оны 11 сарын 05 өдөр | Дугаар 153/ШШ2019/00518 | Жаргалант сум |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар,
нэхэмжлэгч: Ховд аймгийн Мянгад сумын Цагаанбулан багт оршин суух, Зуутраг овогт О-н Э /.../-ийн нэхэмжлэлтэй,
ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2019 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч 2019 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр 153/2019/00447/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Ням-Адъяа, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Оюунчимэг, гэрч О.Эрдэнэсүрэн, Б.Баасандорж нар оролцлоо.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч О.Э тус шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Оюунчимэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зуутраг овогт Омын Э нь Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдлийн 4 дүгээр бригад буюу Цагаанбулан бригадад 1982 оны 6 дугаар сарын 03-ны өдрөөс 1983 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийг дуустал хугацаанд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгохоор шүүхэд хүсэлтийг гаргасан. О.Э нь бага насаа ээж аавын гар дээр өнгөрөөж, 1975 онд Ховд аймгийн Мянгад сумын 8 жилийн дунд сургуульд элсэн орж 1977 онд 2 дугаар ангиасаа сургуулиас гарч ээжийнхээ хамт мал малласан. О.Эийг төрөхөд аав нь байгаагүй учир ээж Омоор овоглож явдаг. Урьд нь шүүхэд хандаж зарим ажиллаж байсан жилээ тогтоолгож байсан. Өмнө нь шүүхэд хандаж хүсэлт гаргаагүй жилээ тогтоолгох гэж байгаа юм....Өмнөх шүүхийн шийдвэрийг нотлох баримтаар үнэлүүлэх өгсөн. Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 153/ШШ2017/00354 дугаар шийдвэрт О.Эийг 1983 оны 01 дүгээр сарын 17-ны өдрөөс эхлэн ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэсэн О.Э нь 1967 оны 6 дугаар сарын 03-ны өдөр төрсөн. 1983 онд нэхэмжлэгч 16 насанд хүрээгүй байсан. 2 дугаар ангиасаа сургуулиас гарсан гэдэг нь өмнөх шүүхийн шийдвэрээр тогтоогдож байгаа....Ховд аймгийн Мянгад сумын Засаг дарга С.Лхамхүүтэй холбогдож энэ талаар лавлаж асуухад 1982 онд Дөргөн сум бий болсон гэдэг тайлбарыг хэлсэн. Ховд аймгийн Дөргөн сум нь 1982 оны сүүлээр Ховд аймгийн Мянгад сумын 3, 4 дүгээр бригадын малчин айл өрхүүдээс тасалж авч байгуулагдсан юм байна лээ. Энэ үед Ом гэдэг хүн Давшилт нэгдлийнхээ 4 дүгээр бригаддаа мал маллаж үлдсэн юм билээ. 1983 оны 70 дугаар дансны хуулбарт Ом гэдэг хүнийг Дөргөн сумын Аргалант бригадад байсан мэтээр архивын баримт бичгүүд нь гарч ирсэн. Архив шилжиж ирэхдээ бичиг баримт нь холилдсон юм шиг байна лээ. Тухайн үеийн тоо бүртгэгч, дарга нарын бүртгэл хийдэг, хийдэггүй байсантай холбоотой, нөгөөтэйгүр Мянгад сумын архив 1998 онд шатсан юм. Үүнээс үүдээд баримт гарч ирэхгүй байгаа. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасан эрх зүйн ач холбогдол бүхий байдлыг тогтооход үрэгдсэн баримт бичгүүдийг нөхөн сэргээх боломжгүй учир нэхэмжлэгчийн хувийн байдлыг харгалзан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү....Тус шүүхийн 354 дугаар шийдвэрээр Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдэлд 1983 оны 01 дүгээр сарын 17-ны өдрөөс ажиллаж байсан байдлыг нь тогтоочихсон байгаа. Иймээс О.Эийн Ховд аймгийн Мянгад сумын Давшилд нэгдэлд 1982 оны 6 дугаар сарын 03-ны өдрөөс 1983 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийг дуустал малчнаар ажиллаж байсныг тогтоолгох гэж өөрчилж байна....гэв.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч О.Э нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй байна.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Оюунчимэг нь шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагыг О.Эийн Ховд аймгийн Мянгад сумын Давшилд нэгдэлд 1982 оны 6 дугаар сарын 03-ны өдрөөс 1983 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгох гэж тодруулав.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.
Урьд нь О.Эийн Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдлийн 4 дүгээр бригадад 1983 оны 01 дүгээр сарын 17-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд малчнаар ажиллаж байсныг тогтоож, Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдлийн 4 дүгээр бригадад 1983 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1983 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийг дуустал, 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болох нь Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 153/ШШ2017/00354 дугаартай шийдвэрийн хуулбараар тогтоогдож байна. /хх-ийн 13-14 дүгээр тал/.
Уг шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр байгаа болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдлоо.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1.1-д зааснаар Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 153/ШШ2017/00354 дугаартай шийдвэр нь хуулийн хүчин төгөлдөр болсон байна.
Түүнчлэн шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсноор тухайн шийдвэр өөрчлөгдөхгүй байх, тухайн асуудлаар дахин шаардлага гаргах эрхийг хязгаарлах, нэгэнт тогтоогдсон маргааны үйл баримтыг өөр хэрэгт дахин нотлохгүй байх, заавал даган мөрдөх, биелэгдэх зэрэг эрх зүйн үр дагавар бүхий шинжтэй болдог.
Эдгээр шинж тэмдэг нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлнэ., 40 дүгээр зүйлийн 40.4-т Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй., 120 дугаар зүйлийн 120.4-т Зохигч ба хэргийн бусад оролцогч, түүнчлэн тэдгээрийн эрх залгамжлагч шүүхээр нэгэнт хянан шийдвэрлэгдсэн маргааны талаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах буюу шүүхээс нэгэнт тогтоогдсон үйл баримт, эрх зүйн харилцаа, иргэний хэрэг хянан шийдвэрлэх өөр ажиллагааны талаар маргах эрхгүй. гэж тус тус хуульчилжээ.
Иймд Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдэлд 1983 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1983 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгох шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч О.Э нь Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдэлд 1982 оны 6 дугаар сарын 03-ны өдрөөс 1982 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан болох нь Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын архивын тасгийн 2018 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 998 дугаартай албан бичиг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргаж өгсөн 1982 оны 70 дугаар дансны хуулбар, гэрч О.Эрдэнэсүрэнгийн шүүх хуралдаанд өгсөн ....О.Э нь 1975 онд 1 дүгээр ангид ороод ээж ганцаараа байсан учир 1977 онд 2 дугаар ангиас нь сургуулиас гаргаж ээжийн хамт Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдлийн Цагаанбулан бригадад 1982 оноос 1990 он хүртэл бог мал маллаж байсан.... гэх мэдүүлэг, гэрч О.Эрдэнэсүрэнгийн ажиллаж байсан байдлыг тогтоосон Сум дундын 25 дугаар шүүхийн 2014 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 420 дугаартай шийдвэрийн хуулбар зэрэг баримтуудаар тогтоогдож байх тул дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ. /хх-ийн 6, 10-12 дугаар тал/
Хавтаст хэргийн 8, 9 дүгээр хуудсанд авагдсан иргэн Б.Баасандорж, О.Эрдэнэсүрэн нарын тодорхойлолт нь хуульд заагаагүй, нотлох баримтыг гаргах, цуглуулах талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн, гэрч Б.Баасандоржийн шүүх хуралдаанд өгсөн мэдүүлгийг үнэлэхэд эргэлзээтэй байх тул дээрх баримтуудыг нотлох баримтанд үнэлээгүй болохыг дурдлаа.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Зуутраг овогт Омын Э //-ийн Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдэлд 1982 оны 6 дугаар сарын 03-ны өдрөөс 1982 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож, Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдэлд 1983 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1983 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч О.Эийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ОЮУНЖАРГАЛ