| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Шагдарсүрэнгийн Гандансүрэн |
| Хэргийн индекс | 176/2023/0198/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/202 |
| Огноо | 2023-05-15 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Цэрэнтогтох |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 05 сарын 15 өдөр
Дугаар 2023/ШЦТ/202
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн даргалж,
нарийн бичгийн дарга Б.Эрдэнэ-Оюун,
улсын яллагч Б.Цэрэнтогтох,
хохирогч Д.М,
шүүгдэгч Э.Ю, түүний өмгөөлөгч Г.Ичинхорол нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,
Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Н Э.Ют холбогдох эрүүгийн 2234007710133 дугаартай хэргийг 2023 оны 05 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Өвөрхангай аймгийн Есөн зүйл суманд 1989 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр төрсөн, 34 настай, эмэгтэй, бага боловсролтой, тогооч мэргэжилтэй, мал малладаг, ам бүл 3, 2 хүүхдийн хамт, Дэрст булаг гэх хаягт оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, дугаарын регистртэй, Н Э.Ю.
Холбогдсон хэргийн талаар
/Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Яллагдагч Э.Ю нь 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Төв аймгийн Алтанбулаг сумын Алтан-Овоо 3 дугаар багийн нутаг дэвсгэр “Элсэн ам” гэх газар Д.Мтэй “манай нөхөртэй унтсан” гэх хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар нүүрэн тус газар нь гараараа цохиж эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт
Шүүгдэгч Э.Ю:
...Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг үнэн зөв... гэж,
Хохирогч Д.М:
...Энэ асуудал бүтэн жилийн өмнө эхэлсэн. Шүүхээр ороод гэр бүлээ цуцалсан. Би өөрөө гэр бүлийн хүчирхийлэлд байсан хүн. Тэр хүнийг хөөхөөр улам зодож нүддэг. Орон нутгийнхаа цагдаад хэлсэн. Би Алтанбулагт 2-р ангийн хүүхэд хардаг. Энэ хүний ахынх нь эхнэр манай ээжийн төрсөн дүүгийн охидууд. Энэ хүний хөдөө гэрийн мал, манай хөдөө гэрийн мал хоёр Аргал гэх газарт ойрхон байдаг. Төв дээр сургуулийн хүүхэд хараад 14 хоноход манай нөхөр 2 хоног согтуу манай хонь хашаатай, намайг янхан, гичий, пизда минь өөрөө малдаа яв гэж хэлэхийг тэвчсэн. Би энэ хүүхэнтэй үнэн зөвөө олох гэж очсон. Тэр хавиар архидалт их явагдаж байна. Манай нөхөртэй унтаж хэвтээд байна гэх дуудлага надад хэд хэд ирсэн. Яах вэ, яах вэ би ямар энэ хүнтэй гэр бүл биш суугаад явбал надад амар би хэлэн малаа аваад явчихна гэж бодож байсан. Би өмнө нь энэ хүүхнийг мотоциклтой ирэхэд хэлсэн. Миний дүү залуу хүн байна. Нэр хүндээ жаахан бодоо. Хүн хүнтэй суугаад хүн хүний хүүхэд авхуулаад байх хэцүү шүү дээ гэж өмнө нь ярилцсан. Тэгэхэд манай нөхөр 3 өдөр уурлаад 2 өдөр дарамталсан. Би энэ хүүхэнтэй учраа олох гэж очсон. Би энэ хүүхнийг цохино гэж мэдээгүй. Монгол хүмүүс уулзаад сайн байна уу гэж хэлдэг. Би тэгэх юм байх гэж бодсон. Би мотоциклоос буугаад 500 гаран км явган алхаж очсон. Миний дүү юу болоод байгаа юм гэхэд мотоциклийн түлхүүр гартаа барьсан байсан. Тэр үед намайг гараараа цохисон гэж мэдүүлсэн байсан. Эхний цохилтод дээр би зүгээр байсан. Хоёрдох цохилтод би мансуураад сонин болсон. 3,4 удаа цохилцсон байгаа. Би өөрөө тархиндаа хүн гэмтэлтэй. Хамар ам хоёроос зэрэг цус сад тавиад байсан. Бид хоёр хоорондоо зууралдаж байхад н.Түвшинтулга бууж ирээд салгасан байгаа. Яагаад ингэж байгаа юм бэ? миний дүү эв зүйгээ олъё гэхэд хохино эр нөхрөө надад алдаж байвал чиний нөхрийг нөхрийг сайхан аваад явна гэсэн. хэрэг ийм зүйлээс болсон. Сумын цагдаа намайг аваад явсан. 14 хоногийн дараа шөнийн 22 цагт энэ өмгөөлөгчтэй дуудсан. Сумын цагдаа шөнө 2-3 удаа дуудсан. Миний эрхийг зөрчиж байгаа. Би уучлалт гуйгаад ирэх байх гэж эмнэлэгт хэд хоног харсан. Эгч нь уучлалт гуйх нь битгий хэл сумын цагдаа дээр чамтай хамаатан саднаа больж ураг төрлөө салгана гэсэн. Хүмүүс танай нөхөртэй унтаж хэвтээд яваад байна ярьж байсан. Манай малаас 2 эр хонь,1 ямаа дутсан. Би өмнө нь энийг хэлээгүй. Одоо хүртэл бид хоёр эв зүйгээ олоогүй байгаа. Энэ хүүхэн намайг гараараа алгадсан гэж хэлсэн байсан. Сумын цагдаа чи алгадсаны төлөө ингэлээ, чи өмнө нь нөхрөөрөө л хамраа ийм болгосон биз гэж надад хэд хэд уурласан. Би эмнэлгээр явсан. Хуулиараа явсан. Энэ хүүхэн түргэн ууртай юм байна лээ. Би цохиж чадахгүй ч гэсэн цааш нь бол түлхсэн. Би гомдолтой. Эмнэлэгт үзүүлсэн. Эм тарианы нөат 140,000 төгрөг байгаа. Толгойны зураг авхуулсан. 11 сарын 2-ны өдрийн 13:56:33 секундэд хийгдсэн 120,000 төгрөгийн толгойны оношилгоо, одоо биеийн байдал эмчилгээ хийлгээд гайгүй болсон. Одоо эмчилгээтэй байна. Цаашид гарах эмчилгээний зардал нэхэмжлэхгүй... гэж тус тус мэдүүлдэг.
Үйл баримт
Эрүүгийн 2234007710133 дугаартай хэрэгт гэмт хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн нотлох баримтуудаас шүүгдэгч Э.Ю нь 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Төв аймгийн Алтанбулаг сумын Алтан-Овоо 3 дугаар багийн нутаг дэвсгэр “Элсэн ам” гэх газар Д.Мтэй “манай нөхөртэй унтсан” гэх хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар нүүрэн тус газар нь гараараа цохиж эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримтыг тогтоохдоо доорх нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Үүнд:
гэмт хэргийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 7дугаар хуудас/,
шинжээчийн 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 140 дугаартай ...Д.Мгийн биед хамар ясны хугарал, дух, хамар, зулайд зөөлөн эдийн няцралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд алдагдуулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй... талаарх дүгнэлт /хх-ийн 45 дугаар хуудас/,
хохирогч Д.Мгийн ...Төв аймаг Алтанбулаг сум Алтан-Овоо 3 дугаар багийн нутаг болох "Элсэн ам гэх газар 2022 оны 10 дугаар сарын 31-ны өдөр Би нөхөр хүүхдийн хамтаар мотоциклтэй Ю гэх хүнтэй уулзах талаар гэрт нь очтол хониндоо явчихсан байгаа гээд нэг настай эрэгтэй хүн хэлсэн тэгээд доошоо уруудаж явж байсан Ю нь өөдөөс гараад ирсэн тэгээд манай нөхөр болох Түвшинтулга хүүхэд хоёр мотоциклоос буугаад Ю мотоциклоосоо буугаад хоёр талаасаа уулзсан юу болоод байгаан эв зүйгээ олох гээд ирсэн чамтай юм ярих гэсэн юм гэсэн чинь шууд Ю гараа зангидаад улаан нүүр лүү хоёр удаа цохиж дараа нь дахиад нэг удаа цохьсон тэгээд намайг гараа зангидаад, энгэрээс заамдаж аваад над руу цохиод хэл амаар доромжлоод байсан тэгээд би нөхөр болох Түвшинтулгад хэлээд чи намайг харж байгаад хүнд зодуулсан байх юм гэсэн чинь уурандаа би Юийн унаж явсан мотоциклийг нь түлхэж унагасан тэгээд миний хамраас цус гараад тогтохгүй байсан Ю нь өөрийнхөө утсаар хүнтэй яриад байсан ах, эгчтэйгээ яриад байсан тэгээд би цусаа гойжуулаад гэр лүүгээ явсан. Тэгээд би Түвшинтулгыг араас ирэхгүй болохоор нь буцаад очсон чинь анх очиж Ю байна уу? гэж асуухад хонин дээр байгаа гэж хариулт өгөж байсан эрэгтэй настай хүн тэнд оччихсон байсан. Ю нь бичлэг хий зургийг нь сайн дар фээсбүүк дээр тавьчих ахаа гээд хэлж байсан Тэгээд Түвшинтулга нөгөө миний унгасан мотоциклийг босгож өгч байсан тэгээд намайг тэр хүүхэн элдэв янзаар хэлж байсан тэгээд би цагдаа дуудлага өгсөн төв аймгийн цагдаа руу дуудлага өгсөн... гэх мэдүүлэг /хх-ийн 13 дугаар хуудас/,
Гэрч Н.Сийлэгмаагийн ...2022 оны 10 дугаар сарын 31-ний өдөр тухайн өдөр би нөхөртэйгөө өвөлжөөн дээрээ юм хийж байтал 16-17 цагийн хооронд Ю нь над руу 89167228 гэсэн өөрийн дугаараас залгаад намайг Маахүү гэх хүн нөхөр хүүхэдтэйгээ над дээр ирээд тухай үед нь би мотоциклтэй аргалаа ганжаглаад явж байсан чинь өмнүүр нь Маахүү нь нөхөр хүүхэдтэйгээ хамт мотоциклтэй явж байсан аа хажууд хөндлөн зам хааж зогсоод Маахүү мотоциклоосоо араас бууж ирээд нь Юийг мотоциклоос түлхэж унгаачхаад Маахүү нь хэл амаар доромжлоод чи хэргээ хүлээ манай нөхөр болох Түвшинтулга хэргээ хүлээсэн чи хэргээ хүлээ гээд хэл амаар доромжилсон Ю нь мотоциклд дарагдсан байсан тэгээд мотоцикл нь дороос нь хөлөө гаргаж аваад босч очоод Ю нь Маахүүг хоёр удаа алагдсан Түвшинтулга нь мотоциклийг босгож өгчхөөд хараад зогсож байсан гэж хэлсэн Тэгээд манай дүү болох Ю нь тухай үедээ Түвшинтулгыг загнаад та ямар сонин хүн бэ? энэ авгайгаа аваад яв гэдэг зүйлийг Ю надаа хэлсэн тэгэхээр нь би чи битгий хэрүүл маргаан хийгээрэй чи гэр лүүгээ яваа гэртээ очоод байж бай гэж хэлээд утсаа тасалсан тэгээд бид гэр лүүгээ очтол Ю яаг гэртээ ирж таарсан тэгээд дүү болох Юаас юу болсон талаар асуусан ийм зүйл болсон... гэх мэдүүлэг /хх-ийн 17-18 дугаар хуудас/,
Гэрч Э.Юын ...2022 оны 10 дугаар сарын 31-ны өдөр Би эхлээд Төв аймаг Алтанбулаг сум Алтан-Овоо 3 дугаар багийн нутаг "Арал гэх газар мотоциклтэй гэртээ аргал түүгээд явж байсан Маахүү гэх хүн нөхөр болох Түвшинтулга гэх хүнтэй ирээд намайг хөдөө хээр байхад мотоциклон дээр сууж байсан чинь Маахүү нь намайг мотоциклоос түлхэж унгасан тэгээд би та яаж байгаан гэсэн чинь чи манай нөхөртэй явалдаа биз дээ чи манай нөхөртэй унтсан биздээ гэж хэлсэн тухай үед нь би тэр унасан мотоциклоо би өөрөө босгочхоод байж байтал намайг хэл амаар доромжлоод байсан. Тэгээд би нөхөрт нь уурлаад юу яриад байгаан гээд Та яагаад байгаан наад эмэгтэй чинь яагаад над руу дайраад давшлаад байгаан гэж хэлээд Түвшинтулга руу уурлаад наад хүн чинь яагаад над дээр ирээд хэрүүл маргаан хийгээд байгаан та наад хүнээ аваад яв гэж хэлсэн тэгтэл Түвшинтулга нь надад хэлэхдээ манай эхнэр ахтай нь шөнөжингөө хэрүүл хийгээд байхаар нь би эхнэртэй чамтай унтсан гэж хэлсэн тэгээд чам дээр ирж байгаан юм. Тэгтэл Түвшинтулга гэх хүний эхнэр нь хун над руу дайраад намайг үг хэлээр доромжлоод байсан чи манай нөхөртэй унтсан биз дээ чи хэргээ хүлээ гэж над руу дайраад, намайг хэл амаар доромжлоод чи хаанаас ирсэн цагаа чинь бэ? хулгай хийхээр ирсэн үү? гэж хэл амаар доромжлоод байж байгаад намайг дахиж мотоциклтэй дээр нь сууж байсан чинь татаж унгаасан тэгтэл миний баруун хөлний шагай хэсгээр дарагдсан тэгээд би босоод нөгөө эмэгтэй рүү очоод нүүрэн тус газар болох хацар хэсэгт нь алагдсан тэгээд миний мотоциклийн түлхүүр булааж аваад усанд хийсэн тэгээд байж байсан чинь Түвшинтулга гэх хүн миний унаж байсан мотоциклийг босгож өгсөн би мотоциклоо унаад хоёр тийш гэр гэр лүүгээ явсан... гэх мэдүүлэг /хх-ийн 22-23 дугаар хуудас/,
Гэрч Р.Түвшинтулгын ...2022 оны 10 дугаар сарын 31-ний өдөр 12 цагийн орчим Төв аймаг Алтанбулаг сум Алтан-Овоо 3 дугаар багийн нутаг Элсэн ам гэх газраас хойш “Арал” гэх газар манай бэлчээр лүү Ганчулуун гэх айлын хонь мал нь шахаад хонийг нь хөөсөнгүй гээд манай хамтрагч амьдрагч Маахүү уурлаад байсан Би тэгэхээр нь айлын хонь хөөж чадахгүй гэж хэлсэн тэгтэл хэрүүл маргаан үүсгэсэн. Тэгээд Ганчулуун гэх хүний дүү охин болох Ю гэдэг хүнтэй Маахүү хардсан тэгээд чи тэднийхээ хониог хөөж чадахгүй тэрнээс болсон байхаа бас чи тэр хүүхэнтэй унтаж хэвтээ биз дээ гээд дахин дахин хэлээд байхаар нь би тэр хүүхэнтэй унтсан юм гэж хэлсэн. Тэгээд байж байгаад Маахүү тэр хүүхэнтэй чинь чамайг нүүрэлдүүлнэ гэхээр нь за тэг тэг гэж хэлээд Маахүүг дагуулаад Юийн гэрийн гадаа нь очтол гэрийн гадаа нь нэг ах байсан тэр хүнийг нь би танихгүй байна лээ Юийг асуусан чинь хониндоо явсан гэсэн Тэгээд гэрээс нь хөдлөөд доод тохой хэсэг рүү явж байсан чинь. Ю нь мотоциклтэй ард талдаа нэг шуудай хүлчихсэн ганзгалчихсан гарч ирсэн. Өмнөөс нь би очсон нэлээн зайтай 40-50 метрийн зайтай зогссон тэгээд нөгөө Ю гэдэг хүүхэн зогссон очоод уулзаад юм асуусан чинь Маахүү уурлаад чи яагаад миний нөхөртэй унтаж хэвтээд явалддаг юм гэж Маахүү хэлсэн тэгтэл янхан минь чиний нөхөртэй унтсан юм байхгүй Чи энэ Тулгыгаа авахгүй юу гичий минь гэж хэлсэн. Ю нь Маахүүг 2-3 удаа гараараа алагдсан цохьсон. Тэгээд хоорондоо зодолдоод байхаар нь би салгаад мотоцикл дээрээ очоод зогссон хоорондоо хэлэх хэлэхгүй үгээр хэлцгээгээд байсан. Тэгж байтал цаанаас нэг эрэгтэй хүн алхаж ирсэн ирээд тэр хүн бичлэг хийж байгаа харагдсан Тэгээд Маахүү уйлаад явган алхаад явсан нь би араас очиж мотоцикл нь дээр суулгаад аваад гэрлүү нь яваад наад цусаа угаа гэж хэлсэн чи ганцаараа надгүй очсон бол хүнд алуулах юм байна гэж хэлсэн. Тэгтэл Маахүү одоо цагдаа ирнэ би цусаа угаахгүй зодуулсан гэж гэрчлэн ээ гэж хэлж байсан тэгээд цагдаа ирээд Маахүүг эмнэлэгт үзүүл гээд аваад явсан... гэх мэдүүлэг /хх-ийн 25-26 дугаар хуудас/,
Гэрч Т.Цогтбаатарын ...Би 2022 оны 10 дугаар сарын сүүлээр байсан Төв аймаг Алтанбулаг сум Алтан-Овоо 3 дугаар баг хөдөө Ганчулуун гэх айлд байж байтал нэг мотоциклтэй хүн сундлаатай 2 хүн ирсэн эрэгтэй, эмэгтэй хүмүүс байсан тэгээд Ю байна уу? гэж асуусан тэгэхээр нь би хонин дээр байгаа гэж хэлсэн чинь за за очиж уулзан гээд явсан. Тэгээд би Дараа нь 2-3 цагийн үед би тухай мотоциклтэй хүнээс тамхи сураглах гээд очсон чинь Юын мотоциклийг унагачихсан хажуулдсан байсан Ю нь мотоциклийн түлхүүр хаана байна гэж эрэгтэй эмэгтэй хүмүүсээс асууж байсан тэгтэл нэг бага насны хүүхэд аниа таны түлхүүр чинь усанд байна гэсэн тэгээд би тэр мотоциклтэй хүнээс тамхи авч татчихаад гэрлүүгээ явсан... гэх мэдүүлэг /хх-ийн 28 дугаар хуудас/,
Шинжээч И.Ганболорын ...Тиймээ би 2022.11.22-нд Д.Мгийн авч ирсэн 2022.11.14-ний өдрийн медтравма эмнэлгийн толгойн компьютер томографийн шинжилгээний хариуг авчирсан тул нэмэлтээр дүгнэлтийг эмнэлгийн бичиг баримт буюу толгойн компьютер томографид тулгуурлан гаргасан. Дээрх хариунд хамар ясны хоёр хажуу хананд заадас дагуу зөрүүгүй хугарал, таславч бага зэрэг мурийлттай, дух, хамар зүүн талд зулай хэсгийн зөөлөн эдэд бага зэрэг хавантай гэсэн байсан. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна... гэх мэдүүлэг /хх-ийн 53 дугаар хуудас/,
Сэжигтэн Э.Юын ...2022 оны 10 дугаар сарын 31-ны өдөр Төв аймаг Алтанбулаг сум Алтан- Овоо 3 дугаар багийн нутаг болох Арал гэх газар Аргал түүгээд хонин дээр явж байтал Маахүү гэх хүн нь нөхөр хүүхэдтэйгээ мотоциклтэй ирээд мотоциклоосоо буугаад намайг мотоциклийнхоо хажуу талд зогсож байтал шууд мотоциклоос түлхэж унагаагаад чи манай нөхөртэй явалддаг биз дээ чи хэргээ хүлээхгүй яасан юм бэ? гэж хэлсэн. Тэгэхээр нь би та юу яриад байгаа ямар учиртай юм бэ би танай нөхрийг танихгүй гэж хэлсэн чинь чи бол манай нөхрийг танихын илүүд танин гэх хэл амаар доромжлоод байсан тэгээд намайг хэл амаар доромжлон намайг барьж аваад заамдаад авсан чи хаанаас ирсэн цагааг чинь юм бэ гэж хэлсэн намайг ундааны саваар биеийн ар нуруу хэсэгт 2 удаа цохьсон тэгэхээр би Маахүүг хацар хэсэг рүү нь 1-ээс 2 удаа алагдсан тэгээд дараа нь Маахүүгийн нөхөр нь бид хоёрыг салгасан тэгээд миний мотоциклийн түлхүүрийг авч Маахүү гол руу шидсэн байсан тэр үед нь би түлхүүрээ голд шидсэн зүйлийг мэдээгүй дараа Маахүүгийн хүү аниа таны мотоциклийн түлхүүрийг манай ээж гол руу шидсэн гэж хэлэхээр нь би түлхүүрээ өөрөө голоос авсан тэгээд би түлхүүрээ аваад мотоциклоо унаад хөдлөөд явсан тэрнээс хойш өөр зүйл болоогүй гэр лүүгээ харцгаасан... гэх мэдүүлэг /хх-ийн 30 дугаар хуудас/,
Яллагдагч Э.Юын ...2022 оны 10 сарын 31-ний өдөр хөдөө аргал түүгээд хонины бэлчээр дээр явж байсан чинь Маахүү, нөхөр, хүүхэдтэйгээ 3-лаа мотоциклтойгоо ирсэн. Маахүү намайг мотоциклтой түлхэж унагаахаар нь би "чи яагаад намайг түлхэж байгаа юм бэ?" гэтэл Маахүү "чи хэргээ хүлээгээч ээ, чи манай нөхөртэй унтсан гэж байна шдээ, Тулгаа надад тэгж хэллээ” гэж хэлээд намайг мотоциклоо босгохоор л түлхэж унагаагаад байсан. Намайг мотоциклтой 2-3 удаа түлхэж унагаасан. Намайг ундааны саваар шуу, нуруу хэсэг рүү цохиод шороо цацаад байсан. Дараа нь намайг заамдаад авахаар нь би Тулгад "Чи энэ эхнэрээ аваач" гэтэл "наадах чинь угаасаа тэнэг ээ" гэж хэлээд байсан. Тэгээд намайг Маахүү хэл амаар цагаагч, гуйлгачин, хулгайч гэж доромжлоод байсан. Би Маахүүг хацар руу нь 2 удаа алгадсан. Намайг алгадах үед Маахүүгийн хамраас цус гарсан... гэх мэдүүлэг /хх-ийн 69 дүгээр хуудас/ гэсэн мэдүүлгүүд болон шүүгдэгч Э.Юын хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 70, 77-82 дугаар хуудас/ зэрэг бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.
Дээрх шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.
Гэм буруу
Шүүх хуралдааны гэм буруугийн дүгнэлт танилцуулах шатанд:
Улсын яллагч Б.Цэрэнтогтох:
...Шүүгдэгч Э.Ю нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас гэм буруутайд тооцуулах саналыг гаргаж байна. Шүүгдэгч Э.Юаас 1.014.000 төгрөгийн хохирлыг гаргуулж хохирогчид олгуулах саналтай байна... гэсэн дүгнэлтийг,
Хохирогч Д.М:
...Гэм буруутай. Мотоциклтой түлхүүртэй гараарай цохисон. Хүний эрхийн төвд хандсан. Эгч нь намайг хэл амаараа доромжилсон. Зүгээр байгаа хүнээс мөнгө нэхэж намайг амьдардаг гэж хэлсэн. Би хөөж туугаад дийлэхгүй байгаа. Манай нөхөр дээр ирээд архидаад хүргээд өг гэж хэлдэг. 2 залуутай муудаад ухаан алдсан. Би цохино гэж бодоогүй. Сумын цагдаа намайг их загнасан... гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгч Э.Юын өмгөөлөгч Г.Ичинхорол:
...Өнөөдрийн шүүх хуралдаанд шүүгдэгч Э.Юмжавын өмгөөлөгчөөр оролцож байна. Гэм буруу дээр маргаан байхгүй. Хохирлыг шүүхийн тогтоосон хэмжээгээр төлнө гэдгийг илэрхийлсэн. Хохирогчийн биед зөөлөн эдийн гэмтэл учирсан. Шүүх хуралдааныг явцад 372,000 төгрөг гэж гаргасан. Даатгалаас төлсөн 84.000 төгрөг хасаж 288.700 төгрөг хохирол байгаа. Шүүгдэгч Э.Юмжавын гэмт үйлдлийн улмаас хохирогчид учирсан 1,014,000 төгрөгийн хохирол гаргуулах үндэслэлгүй гэж үзэж байна. Томографын харуулсан болон эмнэлгийн баримтыг гаргуулах үндэслэлтэй гэж үзэж байна гэв. Сүүлд гаргаж өгсөн эмийн баримтыг шүүгдэгчээс гаргуулах үндэслэлгүй гэж үзэж байна... гэсэн дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцдэг.
Шүүх хуралдааны гэм буруугийн дүгнэлт танилцуулах шатанд улсын яллагчийн шүүгдэгч Э.Юыг гэм буруутайд тооцох тухай дүгнэлттэй шүүгдэгч маргадаггүй бөгөөд гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа талаараа илэрхийлдэг.
Jrjh kngmhk g wdwwadaw d wad
Өөрөөр хэлбэл шүүгдэгч Э.Ю нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргадаггүй бөгөөд түүний гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг нь гэмт хэргийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл, шинжээчийн дүгнэлт, хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтаар давхар нотлогдож байх тул түүнийг гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж үзэн шийтгэх тогтоолын үндэслэл болгож шийдвэрлэлээ.
Учир нь гэм буруугаа хүлээн зөвшөөрнө гэдэг нь тухайн гэм буруутай этгээд нийгэмд аюултай гэм буруутай үйлдлээ, хэргийн зүйлчлэлийг, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг, хууль зүйн үр дагаврыг тус тус хүлээн зөвшөөрсөн байх бөгөөд шүүгдэгч Э.Ю дээрх нөхцөлүүдийг хүлээн зөвшөөрч байгаагаа шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгээрээ илэрхийлдэг.
Эрүүгийн хуульд гэмт хэрэг гэдэг ойлголтыг мөн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг...” гэж,
2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг...” гэж,
Тэгвэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцох үйлдэл, эс үйлдэхүйг тусгайлан заана.” гэж,
2 дахь хэсэгт “Болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүй нь энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэмт хэрэгт тооцогдоно.” гэж тус тус хуульчилсан байна.
Хуулийн энэ ойлголтоос харахад энэ хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор тусгайлан заасан нийгэмд аюултай гэм буруутай /гэмт/ үйлдэл, эс үйлдэхүйг хэлбэрийн шинжтэй гэмт хэрэг гэж,
мөн тусгай ангид заасан тохиолдолд нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг материаллаг шинжтэй гэмт хэрэг гэж тус тус ойлгохоор зааж өгсөн.
Шүүгдэгч Э.Юын холбогдсон тухайн гэмт хэрэг нь энэ хуулийн тусгай ангийн Арван нэгдүгээр бүлэгт заасан “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг” гэмт хэрэгт хамаарах бөгөөд энэ бүлэгт заасан гэмт хэргүүд хүний эрүүл мэндийн эрхийн халдашгүй байх эрхийг хуулиар хамгаалж өгсөн ба тухайн эрх нь зөрчигдсөн, хохирол, хор уршиг учирсаныг гэмт хэрэгт тооцохоор тусгайлан заасан ба эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилж өгсөн.
Мөн “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг” гэмт хэргүүд нь хүний эрүүл мэндэд хүнд, хүндэвтэр, хөнгөн гэмтлийг буюу хохирол, хор уршгийг санаатай, болгоомжгүй, эсхүл санаа сэтгэл хүчтэй цочрон давчдаж учруулж байгаагаараа зүйлчлэлийн хувьд өөр хоорондоо ялгаатай ба Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан бусад гэмт хэргүүд болон Зөрчлийн тухай хуулийн тусгай ангид заасан “Хүний биед халдах” зөрчлийн хэргээс тус тус ялгагддаг.
Мөн “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн бусад гэмт хэргүүдээс ялгагдах нэг онцлог нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу хорин найман хоног, түүнээс доош хугацаагаар түр сарниулсан, ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалт бага хэмжээгээр буюу 5-10 хувийн тогтонги алдагдсан байхаар журамлагдсаныг дурдах нь зүйтэй.
Тус гэмт хэргийн гэмт үйлдэл нь хүний бие махбодид түлхэх, чирэх, мушгих, хазах, өшиглөх, цохих, алгадах, дарах, чимхэх, хазах, үсдэх, базах, шахах, боох зэрэг хүч хэрэглэн халдаж буй гэмт үйлдлээр илрэх ба гадаад хэлбэрээрээ бие эрхтний үйлдэл, хөдөлгөөн, зан үйлийн тодорхой зорилго, үр дүнд чиглэсэн идэвхитэй үйл ажиллагаа юм.
Гэмт эс үйлдэхүй нь хүний бие махбодид хүч хэрэглэн халдаж байгаа гэмт үйлдлийн улмаас гэмтэл бэртэл тодруулбал хөнгөн хохирол, хор уршиг учрахыг мэдэж байгаа боловч уг гэмт үйлдлээ хүсэж хийсэн, гэмтэл бэртэл буюу хөнгөн хохирол, хор уршигт зориуд хүргэх гэсэн сэдэлт, зорилготой, санаатай хэлбэрээр илэрч байдаг.
“Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг нь “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан бол” гэсэн үндсэн, “онц харгис хэрцгийгээр”, “олон хүний амь бие, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулж болох аргаар”, “захиалгаар”, “өөр гэмт хэргийг нуун далдлах, хялбарчлах зорилгоор”, “өөртөө, бусдад эдийн, эдийн бус ашигтай байдал бий болгох зорилгоор”, “хоёр, түүнээс олон хүнийг”, “хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй, бага насны хүүхэд, жирэмсэн болохыг мэдсээр байж”, “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж”, “эрхэлж байгаа ажил, албан үүрэгтэй нь холбогдуулж өөрийг нь, түүний ойр дотны хүнийг”, “зохион байгуулалттай гэмт бүлгийн гишүүн зохион байгуулалттай гэмт үйл ажиллагааныхаа явцад”, “бүлэглэж”, “эрүүдэн шүүж”, “цус, эд, эрхтнийг авах зорилгоор”, “үзэл бодол, арьсны өнгө, үндэс, угсаа, шашин шүтлэг, бэлгийн, хүйсийн чиг баримжаагаар нь үзэн ядаж хөнгөн хохирол санаатай учруулсан бол” гэсэн хүндрүүлэх шинжүүдийг хангасан байхаар хуульчилсан.
Үүнтэй холбоотойгоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь энэ хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай гэм буруутай гэмт үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу хорин найман хоног, түүнээс бага хугацаагаар түр сарниулсан, ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалт бага хэмжээгээр буюу 5-10 хувийн тогтонги алдагдсан байхаар журамлагдсан хөнгөн хохирол, хор уршиг учирсан бол гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан бөгөөд материаллаг шинжтэй, хөнгөн гэмтэл учирсан бол төгссөн гэмт хэрэг юм.
Шүүгдэгч Э.Ю хохирогч Д.Мг цохиж буй гэмт үйлдлээрээ ямар нэгэн гэмтэл бэртэл учрахыг мэдсээр байж цохиж зодсон, энэ цохиж зодсон гэмт үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол /гэмтэл/ учирсан тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг байна.
Тэрээр хохирогчийн биед хүч хэрэглэн халдаж цохиж зодож буй энэхүү өөрийн үйлдлээ хууль бус шинжтэйг мэдсээр байж хүсэж хийсэн, энэ гэмт үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол /гэмтэл/ учирсан хохирол, хор уршигт зориуд хүргэсэн сэдэлт, зорилготой үйлдэл, эс үйлдэхүй нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэр бөгөөд тухайн гэмт үйлдэл, эс үйлдэхүй нь хохирогчид учирсан хохирол, хор уршигтай шалтгаант холбоотой байна.
Иймд шүүгдэгч Э.Юыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.
Хохирол, хор уршиг
Шүүх хавтас хэрэгт авагдсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэргийг харьцуулан шинжлэн судлаад шүүгдэгч Э.Юын гэм буруутай санаатай үйлдлийн улмаас хохирогч Д.Мгийн эрүүл мэндэд хамар ясны хугарал, дух, хамар, зулайд зөөлөн эдийн няцралт бүхий хөнгөн хохирол учирсан байна.
Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Д.Мгийн эрүүл мэндэд учирсан эмчилгээний зардал болон бусад зардалд нийт 262.700 /хоёр зуун жаран хоёр мянга долоон зуу/ төгрөгийг нэхэмжилсэн ба энэ талаарх баримтыг хавтаст хэрэгт нотлох баримтаар цуглуулж, шалгаж, бэхжүүлж авсан байна.
Шүүхийн шатанд шүүгдэгч Э.Ю нь хохирогч Д.Мгийн мөрдөн байцаалтын шатанд нэхэмжилсэн 262.700 /хоёр зуун жаран хоёр мянга долоон зуу/ төгрөг, шүүх хуралдаан дээр нэмж нэхэмжилсэн 474.300 /дөрвөн зуун далан дөрвөн мянга гурван зуу/ төгрөг нийт 737.000 /долоон зуун гучин долоон мянга/ төгрөгийг төлөхөө илэрхийлж байгаа боловч хэрхэн яаж, ямар хугацаанд төлөх талаар бодиттой илэрхийлсэн нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул шүүх илэрхийлсэн гэж үзэх боломжгүй байна.
Иймд шүүх шүүгдэгч Э.Юаас 737.000 /долоон зуун гучин долоон мянга/ төгрөгийг гаргуулан хохирогч Д.Мд олгож, түүнээс гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй гэж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хариуцлага
Шүүх хуралдааны эрүүгийн хариуцлагын дүгнэлт танилцуулах шатанд:
Улсын яллагч Б.Цэрэнтогтох:
...Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1т заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн хөнгөрүүлэх нөхцөл байдал, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Шүүгдэгч Э.Ю нь гэм буруугаа сайн дураараа хүлээсэн, хохирол төлбөрөө төлөхөө илэрхийлсэн, шүүгдэгч нь эрхэлсэн тодорхой ажилтай хувиараа мал малладаг зэрэг хувийн байдлыг нь харгалзаж шүүгдэгч Э.Юмжавыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700,000 төгрөгөөр торгох ял оногдуулах, оногдуулсан торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4т дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай байна... гэсэн дүгнэлтийг,
Хохирогч Д.М:
...байхгүй... гэсэн дүгнэлтийг
Шүүгдэгч Э.Юын өмгөөлөгч Г.Ичинхорол:
...Шүүхээс Э.Юмжавыг хүний эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсан гэм буруутайд тооцсон ямар нэгэн маргаан байхгүй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1т заасан анх удаа тохиолдлын шинжтэй гэмт хэрэгт холбогдсон. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн. Хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон гэж үзэж байна. Э.Ю нь хувиараа мал малладаг. Хэдийгээр гэр бүлийн баталгаатай гэж хэрэгт авагдсан боловч нөхрөөсөө салсан, бага насны болон 12 насны хоёр хүүхдийн хамт амьдардаг зэрэг нөхцөл байдлуудыг харгалзаж торгох ял шийтгэж өгнө үү... гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгч Э.Юмжав:
...Хэлэх зүйлгүй... гэсэн дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцдэг.
Шүүх шүүгдэгч Э.Ю хуульд заасан ял шийтгэлийг оногдуулахдаа хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлсөнийг тус тус хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан үзэж эрх зүйн байдлыг нь дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй гэж дүгнэж 1.000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгийг торгох ял тохирно гэж шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Э.Ют торгох ял оногдуулсан шүүхийн шийдвэрийг биелүүлэх хугацааг хэсэгчлэн төлүүлэх шаардлагагүй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож,
шүүхээс тогтоосон 3 /гурав/ сарын хугацаанд торгох ялыг биелүүлэхийг, биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдэж,
оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж тус тус шийдвэрлэснийг дурдах нь зүйтэй байна.
Бусад асуудал
Эрүүгийн 2234007710133 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Э.Ю энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, түүнээс гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж шийдвэрлэсэн болно.
Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1., 22.4.1., Эрүүгийн хэрэг хянан
шийдвэрлэх тухай хуулийн 36.1., 36.2., 36.6., 36.7., 36.8., 36.10, 36.13.,
37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус
заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Н Э.Юыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Н Э.Юыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1.000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Н Э.Ют Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1.000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгийн торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлэхийг, биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч Н Э.Ют шүүхээс оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
5. Эрүүгийн 2234007710133 дугаартай хэрэгт иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Н Э.Ю энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, түүнээс гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан шүүгдэгч ЙЗ89042702 дугаарын регистртэй, Н Э.Юаас 737.000 /долоон зуун гучин долоон мянга/ төгрөгийг гаргуулж, хохирогч дугаарын регистртэй, Г овгийн Д.М олгосугай.
7. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н Э.Ют урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
8. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.
9. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.
10. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Н Э.Ют авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ш.ГАНДАНСҮРЭН