| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Шагдарсүрэнгийн Гандансүрэн |
| Хэргийн индекс | 176/2023/0199/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/203 |
| Огноо | 2023-05-15 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | М.Одгэрэл |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 05 сарын 15 өдөр
Дугаар 2023/ШЦТ/203
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн даргалж,
нарийн бичгийн дарга Б.Эрдэнэ-Оюун,
улсын яллагч М.Одгэрэл,
хохирогч Д.Р,
шүүгдэгч Я.Б, түүний өмгөөлөгч Э.Шинэзориг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,
Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн шүүгдэгч Б Я.Бд холбогдох эрүүгийн 2234007780020 дугаартай хэргийг 2023 оны 05 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1977 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 45 настай, эмэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, нөхөр, 2 хүүхдийн хамт, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, дугаарын регистртэй, Б Я.Б.
Холбогдсон хэргийн талаар
/Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Яллагдагч Я.Б нь түрээсийн орон сууцанд оруулж өгнө гэж хэлэн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож хохирогч Д.Ргээс 2020 оны 08 дугаар сарын 07-ны өдөр иргэн Д.Насан-Оюуны хаан банкны дансаар дамжуулан 7.700.000 /долоон сая долоон зуун мянга/ төгрөгийг, бэлнээр 300.000 /гурван зуун мянга/ төгрөгийг авч залилах гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт
Шүүгдэгч Я.Б:
...Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг үнэн зөв... гэж,
Хохирогч Д.Р:
... 2020 оны 8 сарын 5-нд Төв аймгийн Архуст сумын харьяа булагтайн зөрлөг гэдэг төмөр замын зөрлөг дээр манай ээжийн хашаа байшин байдаг. Тухайн үед 2019 онд төрчхөөд чөлөөтэй тэнд очсон. Манай ээжийн хажуу талын хашааны хөш айлын энэ хүний нөхрийн талын эгч н.Насан-Оюун гэдэг хүн надад санал тавьсан. Түрээсийн байранд оруулж өгье. Хот руу хүүхэдтэй ажилдаа орох учраас байргүй байгаа юм чинь ярьж асууж өгье. Манай энэ дүү Буянт-Ухаа 2т 4 өрөө байр орон сууц корпорациар таньдаг хүнээрээ авсан. Хахуульд нь 8.000.000 төгрөг өгчих тэр хүмүүстэй ярилцаад чамд тус болъё гэж хэлэхээр нь би орон байр гэртэй гэж бодоод итгэл хүлээж найдсан. Хүүхэд маань 1 нас ч хүрээгүй жаахан байсан. Ганц байгаа ээж аавынхаа хашаа байшинг зараад одоо орох оронгүй айлын түрээсийн байр хөлслөөд явж байна. Тэрийгээ зараад 8.000.000 төгрөгний 7.700.000 төгрөгийг данс руу нь шилжүүлээд 300.000 төгрөгийг нь надад бэлнээр өгчих гэж тэр эгч хэлсэн. Тэгээд корона эхэлсэн. Би энэ хүмүүстэй жил яриагүй. Би энэ хүнтэй холбоо бариагүй байж байгаад н.Насан-Оюун эгчээр дамжуулахад нисэхийн нягтлан хийдэг гэж хэлж байсан. Тэгэхэд ажилтай байсан. Энэ үйл явдал болж өнгөрөөд 2020 оны 10 сар л аргагүй байдалтай ажилтай орсон. Хүүхдээ хүнээр харуулах гэж хотод эргэж орж ирээд ажилдаа орсон. Хот руу орж ирээд энэ хүмүүстэй ярих гэхээр сүүлдээ утсаа авахгүй. Би түрээсийн мөнгөө яах вэ? ганцаараа ажил хийж байгаа. Би сэтгэл санааны маш их хохиролтой. Ажлаа хийж байж нэг юм байрны түрээсээ өгнө. Түрээс 2020 оноос ихсэж байгаа. Сарын 1.800.000 төгрөг, 3.600.000 төгрөг гээд сарын хэдэн хувь гэж авдаг. Өдийг хүртэл би зөндөө хүлээсэн, хэлсэн. Бараг 3 жил би яриагүй. Ганцхан н.Насан-Оюун эгчтэй ярьсан. н.Насан-Оюун эгчээ би зөндөө хүлээж байгаа. Одоо юу болж байна гэхээр коронагаар Орон сууц корпорацийн захирал нь солигдсон нэг гарын үсэг дутуу гэнээ миний дүү. Я.Б утсаа авахгүй хөдөө ажлаар явсан. Бид нар ч өөрсдөө холбоо барьж чадахгүй байна. Эгчээ би найдаад хүлээгээд байгаа шүү. Бүтнэ тиймээ эгчээ? Би айлын хажууд нялх хүүхдээ бариад ажилдаа явахдаа хүнээр харуулаад байж байгаа шүү гэхэд мэдэж байгаа гэсэн. Сүүлдээ н.Насан-Оюун эгч утсаа авахаа байсан. Би Я.Бтай ярьж чадаагүй. Аргагүй байдлаар хуулийн байгууллагад хандсан. Монгол улсын иргэн болохоор. Хандаад нэг жил болж байхад одоо л шийдэгдэх гэж байна. Тэр хооронд би өчнөөн хүнээс мөнгө зээлж, 10%-ийн хүүтэй зээлсэн. Би маш их хохирсон. Шүүх цагдаад хандсан хойно утсаа аваад за өнөөдөр хийлээ, за маргааш хийлээ гэж н.Насан-Оюун эгчтэй хоёулаа намайг хуурсан. Би нөгөөдхийг нь өдөржингөө утсаа хараад за одоо над руу хийнэ гээд хардаг байсан. Би өвлийн хүйтэнд нялх хүүхдээ аваад хөөгдөж гарч байсан. Аргагүй л ажил хийсэн тулдаа хоосон хонож байгаад байрны мөнгөө өгсөн. Гадаа ямар хүүхдээ бариад зогсолтой нь биш. Би ярихаас ч гомдож байна. Адилхан эмэгтэй хүмүүс байж. Би 14 хоногийн томилолтоор ажилдаа явдаг. Ирээд хүүхдээ харуулсан хүндээ мөнгө өгдөг. Сар болгон би Төв аймаг руу бензин гаргаж ирдэг. Өөрөөсөө, хувиасаа хүн гуйна, машин тэрэг гуйна бензинээ хийж өгнө. Саяхан 10 хэд хоногийн өмнө Я.Б надтай холбоо барьсан. Би өөрөө залгахад надтай эвтэй ярьсан. Би гуйсан. Би миний 3.600.000 төгрөг энэ байрны түрээсийг л олоод өгчих, үлдсэнийг нь чи хуваагаад ч хамаагүй өгчих тэгвэл би шүүх, цагдаад хэлье. Чи миний хэрэгтэй мөнгийг өнөөдөр л өгчих тэгэхгүй бол би байрнаасаа хөөгдөх гээд байна гэж би гуйж хэлсэн. Үлдсэнийг нь чи хуваагаад өгчих. Би өнөөдөр өг маргааш өг гэж шаардахгүй. Тэгэхэд надад 1.000.000 төгрөг явуулсан. Надад тэдэн сарын тэдэнд гэсэн сая төгрөгийн баримт байгаа. Намайг ажилд явж байхад байрны хүн залгаад. Одоо байрны мөнгөө өгөхгүй бол өчнөөн худлаа ярьж хойшлуулдаг гэсэн. Дахиад би тэр хүнд худлаа ярьсан. Ахаа маргааш орно, нөгөөдөр орно гэж би давхар худлаа яриад итгэл алдсан. Тэгээд энэ хүн надад 1.000.000 төгрөг шилжүүлсэн. За тэгвэл чи 2.600.000 төгрөгийг хэд хоногийг дараа өгчихөө гэхэд за гэж хэлсэн. Би өчнөөн залгахад дахиж аваагүй. Над руу хариу ч бичээгүй. Би аргаа дахиж хүнээс 10%-ийн хүүтэй мөнгө зээлсэн. Би 2 удаа байрны мөнгөө өгөхдөө 2.500.000 төгрөг, 2.500.000 төгрөг 10% -ийн хүүтэй зээлсэн. Эхний 10%-ийн хүүтэй мөнгөнөөс талыг нь өгөөд талыг нь өгч чадаагүй. Сая 10 хэд хоногийн өмнө хүнд зовлонгоо яриад миний найз байсан. За миний найз найздаа ганц удаа л тус болчих. Би байрнаасаа хөөгдөх гээд байна. Чи надад 10% -ийн хүүтэй өгчихөө гэж хэлсэн. Би 9-нд аваад байрын хүн рүү шилжүүлсэн. 24-нд би 2.500.000 төгрөг дээр нэмээд 250.000 төгрөг нэмж өгнө. Өмнө зээлсэн мөнгөнийхөө талыг нь өгөөгүй байгаа. Би айлын ганц охин. Ах дүүдээ хандъя гэхээр хүн байхгүй. Зээл авъя гэхээр. Энэ бас ах дүүтэй ч байгаа байлгүй. Би аргаа бараад Я.Баа 20 сая төгрөг биш дээ чи надад энийг л болгоод өгчих үлдсэнийг нь хуваагаад ч хамаагүй бага багаар өгчих гэж хэлсэн. Над шин ингэх хүн байхгүй. Бүтэн 3 жил би ямар их хамаг байдаг орон сууц гэрээ зарчхаад аав, ээжийнхээ голомтыг зарчхаад хотод юу юу ч үгүй хоосон жаахан хүүхдээ тэврээд орж ирсэн. Яах ч аргагүй 1 настай хүүхдээ орхиод ажилд явсан. Өөр би яах юм бэ? гуйлга гуйгаад гудамжинд гаралтай биш. Ажилтай тулдаа л арай гадаа хоносонгүй. н.Насан-Оюун эгч утсаа авахгүй, энэ хүн ч утсаа авахгүй. Адилхан эмэгтэй хүн байж. Би сэтгэл санаа, эдийн засгаар маш их хохирсон. Хүнд худлаа хэлсэн нэргүй болсон. Би удаасан юм чинь 1.000.000 төгрөг нэмж өгнө гэж хэлсэн. Одоо надтай ярьсан юм нь байгаа. За би чамд 9.000.000 төгрөг өгнө гэж хэлсэн. Би 1 сая бараг багадаж байгаа шүү дээ. Би энэ мөнгийг банканд хийсэн болон хэдэн төгрөг нэмэгдсэн байгаа гэж хэлсэн. Н.Насан-оюун эгч бас хэлсэн. Энэ хүмүүс миний мөнгийг авчхаад юун байр бараг намайг мартсан байсан. Аялал зугаалгаар Архангайгаар явж байна гэж н.Насан-Оюун эгч хэлсэн. Тухайн үед шинэ байранд орсон. Байраа тохижуулна хөшиг авна гэж н.Насан-Оюун эгч хэлж байгаа юм. Намайг 3 жил мартсан. Би тэвчээртэй хүлээсэн. Сүүлд корона гайгүй болоод хүмүүсийн ажил төрөл эхлэхээр ярьж эхэлсэн. Нөгөө хүн нь яасан бэ? гэхээр н.Насан-Оюун эгч охинынх нь дугаарыг өгсөн. 8805-тай дугаар том охин нь н.Мөнхзулд гэдэг. Охинтой нь ярихаар эгчээ ээж ажилдаа явсан. Гэхдээ та бид хоёрын байрыг чулуун овооны тэнд байдаг “Тэнгэр плаза”-н тэнд байр зохицуулж байгаа гэсэн. Даргын гарын дутуу 1 сарын 1-нд болох юм шиг байна лээ гэж хэлэхэд би их баярласан. Ашгүй дээ удаан хүлээсний эцэст би нэг ч удаа энэ хүмүүстэй хэрүүл хийгээгүй. За болох нь гэхэд дахиж намайг хуурсан. Охин нь утсаа авахгүй бүгд утсаа аваагүй. Би их гомдолтой байна. БИ гэр лүү нь очих гээд явахад н.Насан-Оюун эгч Я.Б Шангри-лагийн хэдэн давхарт нэг хүнтэй уулзаж мөнгө авах гэж байна гэнэ. Одоо буц буц гэсэн. БИ нялх хүүхдээ тэврээд машин хөлслөөд бензин хийчхээд буцаад шөнө 11 цагт буцаж эргэсэн. За за гэрт нь очихоо болъё гээд. Би нэг удаа ч гэрт очоогүй. Одоо хийх гэж байна гэнэ миний дүү гэхэд нь би баярлаад. Өөрсдийгөө миний оронд тавьж үзвэл та нар намайг аль хэдийн шорнод хийчих байх. Би ийм их тэвчээр гаргаж байхад надад яагаад тэгж хандаж байгаа юм бэ? Саяхан намайг дахиж хуурсан. Би дахиад хүнээс мөнгө зээлсэн. Одоо 24-нд 2.500.000 төгрөг дээр 250.000 төгрөг нэхэж байна. Итгэл өгч надад зээлсэн. Одоо би яах учраа олохгүй байна. Манай төмөр замын цалин тийм хангалттай биш. Хүн чинь идэж ууна, өмсөж зүүнэ, өвдөж зовно цалин хаана ч хүрэхгүй байна. Яагаад намайг ингэж хуурч байгаа юм бэ? н.Эрдэнэбилэг байцаагч намайг дуудсан. Энэ хүн өмгөөлөгчөөр нь Я.Б нар бүгд ирсэн байхаар нь би ажлаасаа чөлөө аваад ирсэн. Тэгтэл 5.000.000 төгрөг одоо өгье. 4 хоногийн дараа данс руу нь хийе гээд тохирсон. Чи хугацаандаа өгөөрэй гэхэд өгөөгүй. Өмгөөлөгч чинь хүртэл утсаа аваагүй. Миний дугаарыг блок хийсэн байсан. Би нийт 9.000.000 төгрөг нэхэмжилж байна. үүнээс 4.050.000 төгрөг нь хасагдаад 4.950.000 төгрөг нэхэмжилж байна.. гэж тус тус мэдүүлжээ.
Үйл баримт
Эрүүгийн 2234007780020 дугаартай хэрэгт гэмт хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн нотлох баримтуудаас шүүгдэгч Я.Б нь түрээсийн орон сууцанд оруулж өгнө гэж хэлэн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож хохирогч Д.Ргээс 2020 оны 08 дугаар сарын 07-ны өдөр иргэн Д.Насан-Оюуны хаан банкны дансаар дамжуулан 7.700.000 /долоон сая долоон зуун мянга/ төгрөгийг, бэлнээр 300.000 /гурван зуун мянга/ төгрөгийг авч залилсан үйл баримтыг тогтоохдоо доорх нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Үүнд:
гэмт хэргийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 3 дугаар хуудас/,
мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 54-57 дугаар хуудас/,
Я.Б, Д.Насан-Оюун, Б.Мөнхзул нарын депозит дансны дэлгэрэнгүй хуулга, түүнд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 7-53 дугаар хуудас/,
Хохирогч Д.Ргийн өгсөн “...Манай гэр Төв аймгийн Архуст сум Ноён шанд 1-р баг 4-р байр 12 тоотод байдаг юм. Манай хажуу хөрш болох Насан-Оюун эгч түрээсэн орон сууцанд орох сонирхол байна уу? гэсэн хүсэлт тавьсан юм. Би тухайн үед саналыг нь хүлээж авсан. Тэгээд Насан-Оюун эгчийн хувьд чи найман сая төгрөгөө явуулчих, цаад хүндээ яриад өгнө гэж хэлсэн. Тэгээд би өөрийн төрийн банкин дахь 330000073788 дугаарын данснаас Насан-Оюун эгчийн хаан банкны данс руу 2020 оны 08 дугаар сарын 05-ны өдөр 7.700.000 төгрөг шилжүүлээд бэлнээр 300.000 төгрөг өгсөн. Насан-Оюун эгчийн хувьд цааш нь өөрийн хамаатан болох Бд өгсөн гэж хэлсэн. Бтай нэг удаа утсаар яриад "Улаанбаатар хотын ХУД-ийн Буянт-Ухаа 2 хороололд 2 өрөө байр сарын дотор авч өгнө, би өөрөө таньдаг хүнээр ярьж байж орсон" гэж хэлж байсан. Түүнээс хойш сарын дараа залгасан боловч утсаа аваагүй 2-3 жил болсон. Харин 2020 оны 10 дугаар сард санагдаж байна Баянхошуунд очоод 2 өрөө байр үзээдэх гэж хэлсэн. Би тухайн үед очиж үзэх үед газрын хол уулын мухарт, уурын зуухны хажууд, жижигхэн өрөө байр байсан бөгөөд, дээрээс нь ус гоожоод хөгцөрсөн нийтийн байр байсан. Миний хувьд би нялх нойтон хүүхэдтэй, яаж ийм хол газраас ажилдаа явах билээ, та анх ярьсан аараа Буянт-Ухаа 2 дугаар хороололд байраа олж өг гэж хэлээд Насан-Оюун эгчид буцаагаад түлхүүрийг нь өгсөн.
Түүнээс хойш би Улаанбаатар хот руу төмөр зам руу шилжсэн, тэгээд өөрөө байр түрээслэн амьдарч байна. Сүүлдээ байр худлаа болсон тул зүгээр мөнгөө авья миний хохирлыг барагдуул өг гэдэг зүйлийг 2022 оны 06 дугаар сараас хойш нэхсээр байна.
Насан-Оюун болон Б нар нь 10 хоногийн дараа, 4 хоногийн дараа, өнөөдөр хийх гэж байна гэж өдөр хоногийг аргалсаар байна. Насан-Оюун эгч нь болохоор чамаас авсан мөнгийг өөрийн нөхрийн дүү болох Бд өгсөн, би аваагүй тул наад Бтайгаа ярь гэж хэлдэг. Би түүнд хандаж би таны дансанд шилжүүлсэн тул та наад хүмүүстэйгээ яриад шийдэж өг гэж хэлсэн. Насан-Оюун, Б нар өнөөдрийг хүртэл худал хэлсээр намайг хохироож байна. Миний хувьд Насан-Оюун эгчид өгсөн. Насан-Оюун эгчийн хувьд Бын данс руу шилжүүлсэн гэдэг. Б нь хэрхэн зарцуулсан юм мэдэхгүй байна. Удахгүй өгнө гэж дахин дахин худал хэлж залилсаар өнөөдрийг хүргэж байна. Миний 8 сая төгрөгийг барагдуулж өгнө үү...” гэх мэдүүлэг /хх-ийн 60 дугаар хуудас/,
Гэрч Д.Насан-Оюуны “...Р бид хоёр Төв аймгийн Архуст сумын Ноёншанд 2-р багийн нутаг Булагтай гэх газар амьдардаг найз нөхдийн холбоотой байдаг хүмүүс байгаа Манай нөхрийн үеэл болох Б нь өөрийн нөхөр Батсайханы хамтаар 2022 оны 06 дугаар сард манай гэрт ирж хэд хоног амарсан юм. Тухайн үедээ Б надад хандаж "Манай түрээсийн орон сууцанд орсон" гэж ярьж байсан. Би тэр үедээ ямар журмаар яаж хөөцөлдөж ордог юм бэ? хоёр хүүгээ аль нэгийг нь оруулчих юм сан гэж ярьсан. Тэгээд 2022 оны 07 дугаар сарын эхээр Б над руу залгаад утсаар ярьсан тухайн үед ярихдаа "Энд түрээсээ төлөөгүй нэг орон сууц хураагдсан байна, тэрний төлбөр урьдчилгаа байршуулахад 8 сая төгрөг байхад болно, та ирж байраа үзээд хүүхдээ оруулах боломж байгаа юм уу? гэж ярьсан. Би эгчид нь одоогоор мөнгө байхгүй хүн амьтнаас суръя, уг нь аятайхан боломж байна" гэж тэр үед нь хэлсэн. Харин Тэр үед Р манай гэрээр орж ирэхээр нь "эгчид нь мөнгө байдгүй, түрээсийн орон сууцанд хүүгээ оруулья гэсэн мөнгө байдаггүй" гээд сонирхуулж ярьсан юм. Тэгээд 2 хоногийн дараа нь манай дүү нар болох Б, Батсайхан нар манай гэрт ирээд "Хураагдсан байрны түлхүүрийг нь аваад ирлээ" гэж хэлээд хүрээд ирсэн. Одоо яах уу? эгч нь мөнгө төгрөгийн боломж байдаггүй, уг нь сайхан юм аа гэж яриад байхад хөрш Р манай гэрт ороод ирсэн юм. Харин Р энэ талаар мэдээд би хашаа байшингаа зарах санаа байгаа юм, миний хувьд түрээсийн орон сууцанд хамрагдаж болох юм уу?" гэж асуусан. Б болно Баянхошуунд энэ байр байдаг очиж үзээрэй, авна гэвэл хамаагүй, дараагийн хүнийг олтол наад түлхүүрийг чинь байлгаж бай" гэж хэлсэн. Тэгээд Рд түлхүүрийг нь орхичхоод яваад өгсөн. Харин энэ хооронд Р хашаа байшингаа зараад мөнгөө авах гэж 10 гаран хоносон. Хамгийн гол нь тэр хооронд нэг удаа байраа очиж үзээгүй, зээл нь гарангуут яах вэ? гэж Р над руу ярьсан. Тухайн үед би өөрийн нөхрийн ажлынхантайгаа Архангай аймагт явж байсан. Харин Б Увс аймаг руу аяллаар явж байгаад Тэрхийн цагаан нууран дээр таараад бид нар нэг хоносон юм. Тухайн үед Р зээл гарчихлаа мөнгийг нь яах вэ? гэхээр нь Бын утас нь холбогдохгүй байна эгчийнхээ данс руу хийчих гэж хэлээд өөрийн хаан банкны 5727022332 дугаарын данс pyy 7.700 000 төгрөг хийлгэсэн. Тэгээд маргааш нь Бтай Архангай аймгийн Тариат суман дээр таараад түүний охин болох Батсайханы Мөнхзулын дансанд шилжүүлсэн 7.000.000 төгрөгийг шилжүүлсэн. 700.000 төгрөгийг бэлнээр Бд АТМ машинаар авч өгсөн. Тухайн үед Б сүлжээтэй, сүлжээгүй газар яваад бэлэн мөнгө хэрэгтэй байдаг юм байна гэж хэлээд 700.000 төгрөгийг бэлнээр авсан Одоо бодоод байхад тэр мөнгийг зарцуулах ёсгүй мөнгө байгаа юм. Харин Бд мөнгө шилжүүлсний маргааш өдөр нь Р над руу залгаад "би хүүтэйгээ нөгөө байрыг үзээд явж байна, энэ аягүй хол байр байна, айл байсан болохоор надад онцгүй таалагдсангүй, та одоо Бдаа хэлээд би тэр байранд орж чадахгүй нээ, шинэ байрыг жаахан хүлээгээд ч хамаагүй орье" гэж хэлсэн. Б руу ярих гэхэд хэд хоног сүлжээгүй байсан, тэгээд ярих үед Б над руу уурлаад "Та ямар сонин юм ярьдаг юм бэ?, тэр байр чинь угаасаа хураагдсан байр, хэчнээн сар төлбөрөө төлөөгүй байр шүү дээ, тэр мөнгө төгрөгийг суутгуулсны дараа ийм юм ярьдаг нь сонин байна" гэж хэлсэн. Тэгээд л асуудал үүсэж эхэлсэн. Тухайн үедээ Б "та одоо хүнд туслах гэж байхад гай боллоо гээд уурлаад байсан. Би Рд тухайн үед хэлэх үед намайг байртай болгож өгөөрэй гэж хэлсэн. Тэгээд удаагүй ковид гараад 2 жил болчихсон. Түлхүүрийг нь авчрахаар нь би итгэсэн юм.
Миний хажууд тийм зүйл яриагүй, надаас гадуур тэгж ярьсан талаар мэдэхгүй. Анх Б надад ярих үедээ “Улаанбаатар хот Баянхошуунд Жанцан гэх газар хураагдсан байр гэж хэлж байсан. Тэгээд түлхүүрийг нь надад 2020 оны 06 дугаар сард надад өгсөн. Р надад буцаагаад түлхүүр өгөөгүй, харин Бдаа өгсөн байх мэдэхгүй байна. Миний хувьд дур мэдэж хэлсэн зүйл байхгүй. Би өөрөө хавдар судлаар 2 жил яваад 2022.09.01-ний өдөр ажилдаа буцаж орсон. Б Р 2 хоорондоо л яриад байдаг. Р өөрөө л над руу утсаар ярихдаа "Б түр хүлээж бай гэнэ, удахгүй мөнгийг өгнө гэсэн, 1 сая төгрөг нэмж өгнө" гэж хэлж байсан. Миний хувьд Быг утсаа авах болгонд нь мөнгийг нь өгөөч гэж хэлдэг. Ихэнхдээ миний утсыг авдаггүй, өнөөдөр хүүхдээр нь дамжуулж хэлсэн. Б "энэ долоо хоногт мөнгө орж ирнэ, удахгүй өгчихнө" гэж ярьсан байсан. Б 91131314 дугаарын утастай, түүний охин Мөнхзул 88054530, нөхөр Батсайхан утас барьдаггүй юм шиг байна лээ. Бын гэр нь Улаанбаатар хот Буянт-Ухаа хороололд шинэ эмнэлэг, байр хоёрын голоор ороход бүгд хойшоо харсан орц байдаг, тухайн байрны баруун талын орцоор ороод 2 давхарт 7 номерын хаалга. Миний мэдэхийн нэг компанид нярав хийж байсан, сүүлд коронагийн өмнө Ганзам дэлгүүрт худалдагч хийж байсан, одоо юу хийж байгаа талаар мэдэхгүй. Аваагүй надад аваад байх шаардлага байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 62-63 дугаар хуудас/,
Гэрч Б.Батсайханы “...Тухайн үед 3-4 жилийн өмнө манай хамаатны үсний найр дээр Ртэй танилцаад манай хүүхдүүд түрээсийн байранд амьдардаг гэх бид хэдийн яриаг сонсоод Р манай эхнэрт түрээсийн байр олоод өгөөч шагнал урамшууллыг нь өгнөө гэж хэлээд би найз Одтой нэг байрны талаар ярьж сууж байгаад манай найз Од СХД-д манай хамаатан нэг түрээсийн байранд амьдарч байгаад тэрнийхээ мөнгийг төлж чадахгүй хөөгдөж байгаа гэхээр нь би эхнэртээ хэлсэн. Тэгээд манай эхнэр очиж уулзаад Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүрэг Баянхошуунд 2-р өрөө түрээсийн байр олж өгөөд Рд түлхүүрийг нь өгөөд удалгүй сар гарны дараа гэр бүлээрээ Архангай аймгийн Тэрхийн цагаан нууран дээр аялал явж байх үед манай охин Мөнхзулын дансанд 7.000.000 төгрөг орж ирээд бид хэд аяалж байгаад буцаад Улаанбаатар хотод ирээд байр олж өгсөн найз Од-д 2.000.000 төгрөг өгсөн, үлдэгдэл 5.000.000 сая төгрөгнөөс тэр байрны 3 сарын урьдчилгаа мөнгийг байршуулдаг гээд тэр мөнгө, мөн өмнө амьдарч байсан хүмүүсийн үлдэгдэл тог цахилгааны мөнгийг өгсөн. Удалгүй Р залгаад тэр байранд чинь орохгүй гэр хороолол дунд байдаг байранд амьдрахгүй гэхээр нь тэгвэл Мөнгөө буцаагаад ав гэхэд мөнгөө авахгүй өөр байр олж өг гэсэн тэгээд тэр явдлаас хойш covid-19 гараад хөл хорионд ороод 2-3 жил болоод сая намар гэнэт л цагдаа шүүх болсон, миний мэдэхээр ийм л зүйл болсон. Харилцаа холбоо байхгүй би болон манай эхнэр танихгүй, манай хамаатны үсний найран дээр анх удаа л уулзсан. Би өөрөө эхнэр Баас аваад бэлнээр аваачиж өгсөн. Манай найз Од-д 2.000.000 төгрөг өгсөн, үлдэгдэл 5.000.000 сая төгрөгнөөс тэр байрны 3 саяын урьдчилгаа мөнгийг байршуулдаг гээд тэр мөнгө, мөн өмнө амьдарч байсан хүмүүсийн үлдэгдэл тог цахилгааны мөнгийг өгөөд, үлдэгдэл хэдэн төгрөг байсныг би сайн мэдэхгүй тэр мөнгийг манай эхнэр ганцаараа идсэн гээд мэдүүлэг өгцөн байгаа тийм зүйл байхгүй бид хэд гэр бүлээрээ идсэн байж таараа энийг л хэлэх гээд. Надад нэмж хэлэхэд энэ Р гэх хүн их дарамталж байна удам судрийг чинь таслана, хараал хийнэ есөн шидийн үгээр доромжлоод дарамтлаад байдаг. Хүү нь гэх залуу гэр оронд чинь очиж ална гээд манай охин Мөнхзулыг утсаар залгаж дарамталдаг, мөн есөн шидийн үгээр харааж зүхдэг үүнээс болж манай эхнэр их дарамтанд орж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 73-74 дүгээр хуудас/,
Гэрч Б.Мөнхзулын “...Тэр асуудлын би мэдэхгүй байна. Тухайн үед би тэр томчууд хоорондоо юу ярьж байсныг мэдэхгүй байна. Р гэх хүнийг би огт танихгүй. 2020 онд гэр бүлээрээ аяллаар явж байх үед нэг утсаа цэнэгтэй байлгах гээд миний дансаар бүх гүйлгээгээ хийж ашиглаж байсан тухайн үед тэр 7.000.000 сая төгрөг миний дансаар орж гарсан зүйлийг би огт мэдэхгүй байна надад мэдэгдэл ирдэггүй болохоор. Тухайн үед миний дансанд тийм мөнгө орсныг ч би мэдээгүй. Би нар 3-н гэр бүлээрээ аялаж байсан бүгд л ашиглаж байсан. Тухайн үед сүлжээний хувьд асуудалтай байсан болохоор ихэвчлэн карт уншуулсан. Надад нэмж хэлэхэд энэ томчуудын хоорондын асуудал хүүхдүүд бид нарт хамаагүй байлтай гэтэл тэр Р гэх хүн их дарамталж байна удам судрийг чинь таслана, хараал хийнэ би бөө удган гэнэ есөн шидийн үгээр доромжлоод дарамтлаад байдаг. Тэгээд та нар намайг ингэж байна гэж тэр цагдаад хэлээрээ юу ч олж долоохгүй хахаха гэсэн зүйл байнга ярьж байна. Тэгээд хэлээд байвал их олон зүйл байгаа...” /хх-ийн 76 дугаар хуудас/,
Гэрч Э.Шинэтөрийн “...Би Нийслэлийн орон сууцны корпорацид байр хариуцсан сантехникч 2020 оны 10 сараас хойш ажиллаж байна. Одоо хариуцаж буй байр Улаанбаатар Сонгинохайрхан 8 дугаар хорооны нутаг Жанцангийн 50 айлын орон сууцыг хариуцаж ажилладаг. Од гэх нэртэй болон түүний дүү гэх хүнийг би мэдэхгүй байна. Дээрх 50 айлын оршин суугчид нь түрээсийн журмаар оршин сууж жил бүр гэрээний сунгалт хийж явдаг. Уг орон сууцны жинхэнэ өмчлөгч нь Нийслэлийн орон сууц корпораци байгаа юм. Иймд улсын түрээсийн орон сууцанд амьдарч буй иргэн нь түрээсийн орон сууцыг бусдад худалдан борлуулах захиран зарцуулах ямар ч эрх байхгүй юм. Уг байр нь 2013 онд ашиглалтанд орсон бөгөөд 2015 оноос хойш айл авч эхэлсэн. Одоогоор ямар ч иргэний өмчлөлд шилжээгүй байр байгаа юм. Дээрх орон сууцны түрээсийн төлбөр нь м2 нь 6000 төгрөг зах зээлээс маш хямд тул иргэд орон сууцаа давхар түрээсэлж орон сууцнаас хөөгдөх тохиолдол цөөнгүй гардаг...” /хх-ийн 79 дүгээр хуудас/,
Сэжигтэн Я.Бын “...Би сүүлд 2017-2019 онд Гацуурт ХХК-нд махны нярваар ажиллаж байсан. Одоохондоо эрхэлсэн тодорхой ажилгүй, эрүүл мэндийн шалтгаанаар хагалгаанд орох гээд ажлаа амжуулж байна. Би Р гэдэг хүнийг таньдаггүй байсан. 2020 оны 05 дугаар сард санагдаж байна Төв аймгийн Архуст сумын Булагтай гэх газар нагац ахынхаа хүүхдийн үсний найранд очсон юм. Тухайн үедээ хоноод явах гэж байхад Насан-Оюун эгч энд манай нэг хуурай дүү байгаа юм, ганцаараа амьдардаг юм. Улаанбаатар хот руу түрээсийн журмаар амьдруулах байр байвал сураглаад өгөөч дүүдээ тусалчихмаар байна гэж хэлж байсан юм. Тухайн үед нөхөр бид хоёр асууж сураглаж егье гэж хэлсэн. Ер нь бол хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд улсаас түрээсийн орон сууц олддог юм. Тэр утгаараа асууж өгье өө гэж хэлээд явсан юм.
Тэгтэл 2020 оны 07 дугаар сард манай нөхөр надад хандаж "мөнгөө төлж чадахгүй, хураагдаж байгаа байр байдаг юм байна, ангийн хүнтэйгээ уулзаж очиж үзвэл Баянхошуунд нэг байр байна" гэж хэлсэн. Тэгээд нөхрөөрөө уулзаад түлхүүрийг нь авчих хоёул үзүүлье гэж хэлж ярьсан юм. Манай нөхөр ангийнхаа хүүхдээс түлхүүрийг нь авсан, гэхдээ тэр хүний нэрийг нь мэдэхгүй байна.
Түлхүүрийг нь аваад Төв аймгийн Архуст сум ороод Насан-Оюун эгчээр нөгөө хүүхнийг нь буюу Рг дуудаж танилцаад байрных нь талаар хэлж ярьж өгсөн. Тухайн үедээ Рд хандаж "Баянхошуунд байрлалтай 2 өрөө түрээсийн орон сууц байна, чи очоод үзээрэй, болно гэвэл шүүх дээр мөнгөө өгөөд удсан тул тэр мөнгийг нь төлөөд дээрээс нь 3 сарын барьцааны мөнгө байршуулдаг юм байна" гэж шаардлагыг нь хэлж өгсөн.
Тэгээд түлхүүрийг нь Насан-Оюун эгчээр дамжуулан тухайн хүүхэнд түлхүүрийг нь өгөөд нөхөр бид хоёр гэр бүлээрээ баруун аймгаар аялал хийгээд явсан Насан-Оюун эгч түүний нөхөр Цогоо ах хоёртой Архангай аймгийн Тэрхийн цагаан нууран дээр хөдөө таарсан. Юу болсон бэ? нөгөө хүн чинь байрандаа орсон уу? гэж асуухад Насан-Оюун эгч "Та хэдтэй холбоо барьж чадахгүй байна гээд над руу мөнгө шилжүүлсэн" гэж хэлсэн. Тэгээд Архангай аймгийн Тэрхийн цагаан нуур хавьд байрлалтай АТМ орж өөрийн төрсөн охин Мөнхзулын хаан банкны нэр дээр данс руу 7.000.000 төгрөг дансаар, бэлнээр 1 сая төгрөг гаргуулж авсан.
Тэгээд бид нар 20 гаран хоног хөдөөгүүр явж байгаад Улаанбаатар хотод 2020 оны 08 дугаар сарын дундуур орж ирсэн. Олон хоног сүлжээгүй байж байгаад утсаа асаах үед Насан-Оюун эгч холбогдоод "Миний дүү нөгөө Рагчаа чинь тэр байранд орохгүй гэсэн, гэр хороолол дунд барьсан байшин байна, орохгүй" гэж хэлсэн. Тэгээд манай нөхөр уурлаад "Алтан загасны эмгэн бишдээ, болио эгч гуйсан болохоор зүгээр тус болох гэсэн юм, зүгээр больчихоо мөнгийг нь өгье" гэж хэлүүлсэн Гэтэл Насан-Оюун эгч 2-3 хоногийн дараа залгаад Р мөнгөө авахгүй гэнэ ээ, хотын төв рүү баригддаг байр байвал өөр олдох арга байна уу? гэж хэлсэн. Нөгөө хүүхэн рүү залгах үед "би мөнгөө авахгүй ээ, мэддэг хүнд нь өгдөг юмыг нь өгөөд байр олдох болов уу?" гэж хэлсэн. Нөхөр бид хоёрын хувьд тус л болъё гэж бодсон болохоос биш за гэж амлалт өгөөгүй. Тэгээд гэр бүлээрээ буцаад хөдөө яасан ковидын үер хотод байгаагүй дан хөдөө байсан. Түүнээс хойш ковидын нөхцөл байдал 2 жил үргэлжилсэн. Тэгээд мөнгийг нь буцаагаад өгье гэхэд "би 30 сая төгрөг та нараас авна, би байр хөөцөлдөхөөр байрны урьдчилгаа олдохгүй" хэлээд энэ асуудлаас болоод бид нарын хооронд маргаан үүссэн. Тэгээд цагдаад өгөхгүй юу даа гэж хэлсэн. Миний хувьд жаахан хугацаа өгөөч гэж гуйгаад байгаа юм. Тухайн үед буюу 2020 оны 08 дугаар сард авсан 8 сая төгрөгийг яг тухайн үедээ хөдөө амарч явсан тул 1 сая төгрөгийг нь хэрэглэчхээд буцаагаад өгөх гэхэд мөнгө нь дутчихсан юм. Тэгээд ч өөрөө авахгүй гээд байсан. Тэгээд мөнгө нь байж байгаад бүгдийг нь ахуйн хэрэглээндээ зарцуулаад дуусгасан. Цааш нь байрны төлбөрт өгсөн зүйл байхгүй. Зарцуулах шийдвэрийг би гаргасан, дээрх мөнгийг гэр бүлийнхээ ахуйн хэрэгцээнд би өөрөө хэрэглэсэн. Миний нэр дээр бүртгэлтэй эд хөрөнгө байхгүй. Гэр бүлийн дундын өмчлөлд үл хөдлөх хөрөнгө байхгүй. Бид нар Нисэхийн 34 байрандаа буцаж орох гээд хүлээгээд л байна. Тухайн байр нь газарт ороод төрөөс оронд нь дүйцүүлэх байр өгөх гэж байгаа юм. Би ерөөсөө тэгээгүй, Р өөрөө яг өнөөдөр өг, яг маргааш өг гэж хэлээд л байгаа юм. Танд гэж хэлэхэд хэд хоногийн хугацаа өгөөч гэж хэлмээр байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 81-82 дугаар хуудас/,
Яллагдагч Я.Бын “...Би прокурорын яллагдагчаар татсан тогтоолтой танилцлаа. Миний бие надад сонсгож байгаа прокурорын яллагдагчаар татаж байгаа дээрх зүйл ангийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь миний бие Р гэдэг хүнийг огт танихгүй, дээрх хүнийг байранд оруулж өгнө гэж хэлээд анхнаасаа мөнгө авсан зүйл байхгүй. Би энэ хүүхэнд чадуулна гэж байхгүй, ядаж 2 сая төгрөг төлөөд өөрийгөө аваръя, би ер нь 2 хоногийн дараа өмгөөлөгчтэй дахин мэдүүлэг өгье...” гэх мэдүүлэг /хх-ийн 92 дугаар хуудас/,
Түүний дахин өгсөн “...Би прокурорын яллагдагчаар татсан тогтоолтой танилцлаа. Би дээрх зүйл ангийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Миний хувьд хууран мэхэлж мөнгө авсан зүйл байхгүй. Би ямар ч байр санал болгоогүй. Туслаад өгөөч гэхээр нь манай нөхөр Батсайхан өөрийн найз Одтой утсаар яриад түүний дүүгийн гэх түрээсийн мөнгөө төлж чадахгүй олон сар хураагдсан төлбөртэй, улсад хураагдах гэж байгаа байр байна гэдгээ Насан-Оюун эгчид хэлж байсан юм. Хэний нэр дээр түрээсээр авсан байр гэдгийг мэдэхгүй, гэхдээ ямар ч байсан Улсын өмчлөлтэй байр байгаа юм. Байршил нь Улаанбаатар хот Баянхошуу Жанцангийн буудал дээр байрлалтай в давхар орон сууц 6 давхарт байрлалтай 2 өрөө байр байсан. Миний хувьд очит дээрх байрыг үзээгүй. Би нөхрөөрөө дамжуулж найзаас нь түлхүүрийг нь авсан юм Тэгээд тэр байрыг үзээрэй гэж хэлээд Насан-Оюун эгчид түлхүүрийг нь аваачиж өгч байсан юм. Тэрнээс хойш сарын дараа хөдөө аялж явахдаа Насан-Оюун эгчтэй таарсан. Тэр үед Р дансанд мөнгө хийсэн, тэр байранд орье гэж хэлсэн байсан. Тэгээд Насан-Оюун эгч 7 сая төгрөгийг манай охин Мөнхзулын данс руу шилжүүлсэн, бэлнээр 700 000 төгрөг өгсөн. Тэгээд бид хэд 2020 оны 08 дугаар сард хотод орж ирсэн. Хэсэг байсны дараа Оюунаа эгч залгаад "Нөгөө Р байран дээрээ очсон гэнэ ээ, гэр хороолол дунд баригдсан байшин байна аа, ийм байранд амьдарч чадахгүй болье" гэсэн. Тэгээд би нөхөртөө хэлээд нөгөө хүн байранд орохгүй гэнэ ээ гэж хэлээд буцаад Насан-Оюун эгчид хэлсэн. Манай нөхрийн зүгээс "Наад хүн чинь Алтанзагасны эмгэн байгаа бишдээ, авахгүй гэж байгаа бол болио мөнгөө ав" гэдгийг нь хэлүүлсэн. Тэгсэн Насан-Оюун эгч энэ хүн мөнгөө авахгүй гэж байна, өөр таньдаг мэддэг хүн байна уу? eeр байр байна уу гээд мөнгөө авалгүй 2020 оны 11 сар хүргэсэн санагдаж байна. Тухайн үед Р нь. Насан-Оюун эгчээр дамжуул яриад байсан. Би 2020 оны 11 дүгээр сард Корона өвчин гараад хөл хорио тогтоох үед хөдөө Сэлэнгэ аймгийн Энхтал гэх газар явсан. Тэнд очоод 1 жил гаран ирээгүй юм. Тухайн үед Оюунаа эгч залгасан "энэ хүн мөнгөө авья, одоо зөндөө удлаа, би дүү нараа ирэхээр нь мөнгийг нь аваад өгье" гэж хэлсэн. Тэгээд мөнгийг нь цуглуулаад өгье гэхэд 30 сая төгрөг нэхсэн. Эгч бид хоёр яриад чамд 30 сая төгрөг өгч чадахгүй, шүүх цагдаадаа ханд гэж хэлсэн. Ѳөр зүйл болоогүй. Надад тийм эрх байхгүй. 2 жилийн хугацаанд хүүтэй нь бодож авна гэсэн. Буцаагаад өгье гэхээр аваагүй, тэгээд түр зуур өөрт нь мөнгө хэрэггүй гэхээр нь өөрийн хэрэглээндээ үрээд дуусгасан. Боломж олдоогүй, сүүлд 2022 оны 11 дүгээр сараас хойш бие өвдөөд эмнэлгээр явсан. Миний шийдвэрээр би өөрөө хэрэглэсэн. Бүх мөнгийг нь бэлнээр авч байсан. Хөдөө орон нутагт интернет сүлжээ байдаггүй байсан. Тухайн үед Мөнхзул хамт явж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 94-95 дугаар хуудас/, гэсэн мэдүүлгүүд болон шүүгдэгч Я.Бын хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 103, дугаар/ хуудас зэрэг бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.
Дээрх шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч нарын гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.
Гэм буруу
Шүүх хуралдааны гэм буруугийн дүгнэлт танилцуулах шатанд:
Улсын яллагч М.Одгэрэл:
...Шүүгдэгч Я.Б нь түрээсийн байранд оруулж өгнө гэж хуурч мэхэлж зохиомол байдлыг зориудаар бий болгож хохирогч Д.Ргээс 2020 оны 8 сарын 7-ний өдөр иргэн Д.Насан-Оюуны хаан банкны дансаар дамжуулан 7.700.000 төгрөг, бэлнээр 300.000 төгрөгийг авч залилах гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт хамааралтай үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар тогтоогдсон. Үүнд хохирогчийн мэдүүлэг, гэрч нарын мэдүүлэг, яллагдагч хохирогч нарыг нүүрэлдүүлж авсан мэдүүлэг, мөн Нийслэлийн орон сууц корпорацийн 2023 оны 3 сарын 29-ний 190 дугаартай албан бичиг зэрэг нотлох баримтуудаар Я.Бын үйлдэл нь тогтоогдсон гэж үзэж байна. Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн залилах гэмт хэрэгт хамаарч байх бөгөөд дээрх гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэртэй өөрийн үйлдэл, эс үйлдэхүй, хууль бус шинжтэй ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн гэж үзэж байна. Иймд шүүгдэгч Я.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт үйлдсэнд тооцуулах. Хохирлын үлдэгдэл 4.950.000 төгрөгийг гаргуулах, хохирогч нь баримтаа бүрдүүлэн хүний мөнгө гэж нэхэмжилж байгаа, мөн түрээсийн мөнгөө баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх дүгнэлтийг гаргаж байна... гэсэн дүгнэлтийг,
Хохирогч Д.Р:
...Гэм буруутай гэж үзэж байна. Яагаад надад 1 сая төгрөгийг нэмж өгөхгүй байгаа юм бэ? Би 30 сая төгрөг нэхэмжлээгүй. Энэ хүмүүс буруу ойлгоод байна. Хэрвээ би 3 жил энэ мөнгийг хүүтэй хүнд зээлсэн бол ядаж 10%, 5%-тай банканд хадгалуулсан бол бараг 30 сая хүрсэндээ гэж хэлсэн. Би уурандаа тэгж хэлсэн. Тэрнээс биш одоо та нар 30 сая төгрөг нэмж өг гэж хэлэх тийм тэнэг хүн би биш. Одоо 1.000.000 төгрөг, хүүтэй зээлсэн 500.000 төгрөг, бензины мөнгө 60,000 төгрөг, 3.950.000 төгрөгийг нэхэмжилж байна... гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Шинэзориг:
...Шүүгдэгч Я.Бын хувьд шүүх хуралдаанд гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч гэм буруу дээр маргах зүйлгүй оролцож байгаа. Уг байр сууриа өмгөөлөгчид хэлсэн учраас өнөөдрийн шүүх хуралдаанд миний хувьд шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр суурьтай оролцож байна. Хохирлын хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагаврыг хохирол тооцно гэж заасан. Гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар нь хохирогч н.Ргээс гарсан 8.000.000 төгрөг болно. Үүнээс шүүгдэгчийн зүгээс 3.050.000 төгрөг өгсөн. Одоо Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.950.000 төгрөгийг төлөхийг хуульд нийцнэ гэж үзэж байна. Мөрдөн байцаалтын шатанд 1.000.000 төгрөгийг өгнө гэх асуудлыг ярьсан. Хүүд нь тооцож 1.000.000 төгрөг өгье гэх асуудал яригдсан. Хохирогчийн зүгээс нэгэнт санал гомдолтой гэсэн тул хохирлын хувьд хуульд заасны дагуу бодит хохирлыг хохиролд тооцох нь зүйтэй гэж үзэж байна... гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгч Я.Б:
...Миний өөрийн буруу. Би өөрийнхөө гэм бурууг хүлээн зөвшөөрч байна. Үлдэгдэл хохирлоо барагдуулна. Нөхрийнхөө нэр дээр байгаа газрыг хүртэл авчихаа гэж хэлэхэд боломжгүй авахгүй гэсэн. Үлдэгдэл 3.950.000 төгрөгийг төлж барагдуулна. Эхний ээлжинд шүүх цагдаагийн мөнгийг барагдуулна. Дараа нь чамд хүүг нь төлж хохирлоо барагдуулна. Одоогийн байдлаар амлаж чадахгүй байгаад байна. өөрөө ажил хийж чадахгүй. Байнгын асаргаатай хүнтэй байдаг. 15 настай 2 хүүтэй маань надад туслаад явж байна. Би анхнаасаа чамайг хохирооё гэж бодоогүй. Ийм хэрэгт орно гэж бодоогүй. Гэм буруугаа хүлээж байна... гэсэн дүгнэлтийг тус тус гаргадаг.
Улсын яллагчийн шүүгдэгч Я.Быг залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох тухай дүгнэлттэй шүүгдэгч болон түүний өмгөөлөгч маргадаггүй бөгөөд гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа талаараа илэрхийлдэг.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч Я.Б нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргадаггүй бөгөөд түүний гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг нь гэмт хэргийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтаар давхар нотлогдож байх тул түүнийг яллах нь зүйтэй гэж үзэн шийтгэх тогтоолын үндэслэл болгож шийдвэрлэлээ.
Учир нь гэм буруугаа хүлээн зөвшөөрнө гэдэг нь тухайн гэм буруутай этгээд нийгэмд аюултай гэм буруутай үйлдлээ, хэргийн зүйлчлэлийг, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг, хууль зүйн үр дагаврыг тус тус хүлээн зөвшөөрсөн байх бөгөөд шүүгдэгч Я.Б дээрх нөхцөлүүдийг хүлээн зөвшөөрч байгаагаа шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгээрээ илэрхийлдэг.
Эрүүгийн хуульд гэмт хэрэг гэдэг ойлголтыг мөн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг...” гэж,
2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг...” гэж,
Тэгвэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцох үйлдэл, эс үйлдэхүйг тусгайлан заана.” гэж,
2 дахь хэсэгт “Болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүй нь энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэмт хэрэгт тооцогдоно.” гэж тус тус хуульчилсан байна.
Хуулийн энэ ойлголтоос харахад энэ хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор тусгайлан заасан нийгэмд аюултай гэм буруутай /гэмт/ үйлдэл, эс үйлдэхүйг хэлбэрийн шинжтэй гэмт хэрэг гэж,
мөн тусгай ангид заасан тохиолдолд нийгэмд аюултай гэм буруутай гэмт үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг материаллаг шинжтэй гэмт хэрэг гэж тус тус ойлгохоор зааж өгсөн.
Шүүгдэгч Я.Бын холбогдсон тухайн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн Арван долдугаар бүлэгт заасан “Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг”-т хамаарах бөгөөд энэ бүлэгт заасан гэмт хэргүүдэд хүний өмчлөх эрхийн халдашгүй байх эрхийг хуулиар хамгаалж өгсөн бөгөөд тухайн эрх нь зөрчигдсөн, хохирол, хор уршиг учирсан үйл баримт болгоныг гэмт хэрэгт тооцохоор заасан ба эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилж өгсөн.
“Өмчлөх эрхийн эсрэг” гэмт хэргүүд нь иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын эд хөрөнгө, эсхүл түүнийг өмчлөх эрхийг гэмт этгээд хэрхэн хохирогчоос шилжүүлэн өөрт олж авч байгаагаас хамааран хулгайлах, дээрэмдэх, залилах бусад гэмт хэргүүд болж ялгагддаг.
“Залилах” гэмт хэргийн гэмт үйлдэл нь бусдын эд хөрөнгийг итгэл төрүүлэх, хуурч мэхлэх аргаар авахын зэрэгцээ уг эд хөрөнгийг буцаан төлөх, хариу төлбөр хийхгүйгээр өөрийн болгох зорилготой байдаг.
Өөрөөр хэлбэл хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглах, зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулах, нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авах шинжтэй үйлдэгддэг байна.
Харин шүүгдэгчийн хувьд гэмт үйлдлээ хэрэгжүүлж эхлэхээс өмнө бусдын эд хөрөнгө, эсхүл түүнийг эзэмшиж, өмчлөх эрхийг буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй, хагасыг нь хийнэ гэсэн санаа зорилго, сэдэлтээр дээрх шинжүүдийн аль нэгээр нь хохирогчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг өөрийн эзэмшилд шилжүүлэн авснаараа энэ гэмт хэргийн шинж хангагддаг.
Үүний адил шүүгдэгч Я.Б нь 2020 оны 08 дугаар сарын 07-ны өдөр Д.Ргээс түрээсийн орон сууцанд оруулж өгнө гэх нэрийдлээр хуурч иргэн Д.Насан-Оюуны Хаан банкны дансаар 7,700,000 төгрөгийг, бэлнээр 300,000 шилжүүлэн авч залилсан байна.
Дээрх залилсан үйлдэл нь “нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно”... гэж зааснаар хохирол, хор уршиг учирсан байхыг шаардахгүй хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг бөгөөд хохирогчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг өөрийн эзэмшилд шилжүүлэн авснаараа төгсдөг.
Тэрээр шүүгдэгч Я.Бын бусдын эд хөрөнгийг хулгайлж, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэр бөгөөд тухайн хууль бус үйлдэл, эс үйлдэхүй нь хохирогч Д.Рд учирсан хохирол, хор уршигтай шалтгаант холбоотой байна.
Иймд шүүгдэгч Я.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.
Хохирол, хор уршиг
Шүүх хавтас хэрэгт авагдсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг, үнэлгээний тайлан зэргийг харьцуулан шинжлэн судлаад шүүгдэгч Я.Бын гэм буруутай санаатай үйлдлийн улмаас хохирогч Д.Ргийн эд хөрөнгөд 8.000.000 /найман сая/ төгрөгийн хохирол учирсан байна.
Мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч Я.Б гэмт хэрэг үйлдэж олж авсан 8.000.000 /найман сая/ төгрөгөөс 4.050.000 /дөрвөн сая тавин мянга/ төгрөгийг төлж барагдуулсан болох нь хохирогчийн шүүх хуралдаанд өгсөн мэдүүлгээр тогтоогдож байна.
Харин шүүгдэгч Я.Баас үлдэгдэл 3.950.000 /гурван сая есөн зуун тавин мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч Д.Рд, хохирогч Д.Рагчааасүрэн нь нааш цааш явсан бензин шатахуун болон бусад зардалтай холбоотой баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу Я.Баас жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Я.Баас гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.
Эрүүгийн хариуцлага
Шүүх хуралдааны эрүүгийн хариуцлагын дүгнэлт танилцуулах шатанд:
Улсын яллагч М.Одгэрэл:
...Шүүгдэгч Я.Бын үйлдсэн гэмт хэргийг гэм буруугийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Шүүгдэгч Я.Б нь залилах гэмт хэргийг үйлдсэн болох нь тогтоогдсон. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйл мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзэж байна. Шүүгдэгч Я.Б нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн ангиллын гэмт хэрэгт холбогдсон болно. Шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, торгуулийн ялыг хуульд заасан хугацаанд төлүүлэх саналыг гаргаж байна. Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй. Шүүгдэгч нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй. Шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг Шүүхийн шийтгэх тогтоол гарах хүртэл хэвээр үлдээх саналыг гаргаж байна... гэсэн дүгнэлтийг,
Хохирогч Д.Р:
...Хохирлоо л гаргуулж байвал өөр саналгүй... гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Шинэзориг:
...Шүүгдэгч Я.Б нь хувийн байдлыг хувьд 36 настай дээд боловсролтой нягтлан бодох мэргэжилтэй, ам бүл 4, 15 настай 2 хүүхдийн хамтаар амьдардаг. Өмнө нь гэмт хэрэгт холбогдож Эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй. Эрүүл мэндийн байдлыг хувьд 2022 оны 12 сарын 8-ны өдөр умайн хүзүүний 2 талын гуурсан хоолойн мэс засалд орж хавдар авхуулсан. Одоогоор эмчийн хяналтад эмчилгээгээ хийлгэдэг. Өнөөдрийн байдлаар зүүн бөөр нь том хэмжээний уйланхайтай. Цаашид уйланхайг мэс заслын аргаар авах шаардлагатай байгаа. Энэ талаарх баримтууд болон эмчийн бичгийг гаргаж өгсөн. Шүүгдэгчийн хувьд “Хишигт их эхлэл” ХХК 2023.5.08-с эхэлж мэргэжлийн дагуу няраваар ажилд орсон байгаа. Сарын цалин 1.100.000 төгрөг. Шүүгдэгч Я.Б нь гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байгаа. Хохирогчид учирсан үлдэгдэл 3.950.000 төгрөгийг ажил орлогоосоо төлнө гэдгээ илэрхийлж байгаа. Түүний үйлдсэн гэмт хэрэгт нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 26.2 дугаар зүйлд зааснаар хөнгөн гэмт хэрэгт хамаарч байгаа. Үүнийг шүүхээс харгалзаж үзнэ үү. Мөн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг шинж чанар, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлын тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан байгаа. Шүүгдэгчийн эрүүл мэндийн байдлыг мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1т заасан анх удаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал хамаарч байгаа. Тийм урчаас шүүгдэгчид 900 нэгжтэй тэнцэх буюу 900.000 төгрөгөөр торгох эрүүгийн хариуцлагыг 3 сарын хугацаанд төлөхөөр эрүүгийн хариуцлага хүлээлгэж өгнө үү... гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгч Я.Б:
...Хэлэх зүйл байхгүй... гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан болно.
Шүүх шүүгдэгч Я.Бд хуульд заасан эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэлийг оногдуулахдаа шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөнийг болон хувийн байдлыг харгалзан эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй гэж дүгнээд 8.000 /найман мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 8.000.000 /найман сая/ төгрөгийг торгох ял тохирно гэж шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Я.Бд торгох ял оногдуулсан шүүхийн шийдвэрийг биелүүлэх хугацааг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож,
шүүхээс тогтоосон 1 /нэг/ жилийн хугацаанд торгох ялыг биелүүлэхийг, биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдэж,
оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж тус тус шийдвэрлэснийг дурдах нь зүйтэй байна.
Бусад асуудлын талаар
Эрүүгийн 2234007780020 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Б Я.Б энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, түүнээс тооцон гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж шийдвэрлэсэн болно.
Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1., 22.4.1., Эрүүгийн хэрэг хянан
шийдвэрлэх тухай хуулийн 36.1., 36.2., 36.6., 36.7., 36.8., 36.10, 36.12., 36.13.,
37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус
заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б Я.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Б Я.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар найман мянга нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 8.000.000 /найман сая/ төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд заасныг баримтлан шүүгдэгч Б Я.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан найман мянга нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 8.000.000 /найман сая/ төгрөгийн торгох ялыг шүүхээс тогтоосон 1 /нэг/ жилийн хугацаанд биелүүлэхийг, биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгж буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч Б Я.Бд шүүхээс оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
5. Эрүүгийн 2234007780020 дугаартай хэрэгт иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Б Я.Б энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, түүнээс гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан шүүгдэгч ЧЖ77111983 дугаарын регистртэй, Б Я.Баас 3.950.000 /гурван сая есөн зуун тавин мянга/ төгрөгийг гаргуулж, хохирогч дугаарын регистртэй, Х овгийн Д.Рд олгосугай.
7. хохирогч дугаарын регистртэй, Х овгийн Д.Р нь нааш цааш явсан бензин шатахуун болон бусад зардалтай холбоотой баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу Я.Баас жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
8. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б Я.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
9. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.
10. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.
11. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б Я.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ш.ГАНДАНСҮРЭН