Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 02 сарын 27 өдөр

Дугаар 221/МА2025/0173

 

 

                                 “Ц” ХХК-ийн

                           нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 114/ШШ2025/0005 дугаар шийдвэрийг гуравдагч этгээд “Б”  ХХК-ийн төлөөлөгч Д.Б-ын давж заалдах гомдлын дагуу хянан хэлэлцэв.

 

Шүүх бүрэлдэхүүн:

 

Шүүх хуралдааны даргалагч Н.Долгорсүрэн

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Н.Хонинхүү

Илтгэгч шүүгч С.Мөнхжаргал

 

Хэргийн оролцогчид:

 

Нэхэмжлэгч “Ц” ХХК

Хариуцагч Дархан-Уул аймгийн Засаг дарга,

Дархан-Уул аймгийн Худалдан авах ажиллагааны газар,

ЗТХЯ/20240101032 дугаартай “Аймгийн төвийн доторх хатуу хучилттай авто замын 2 дугаар үе шат /Дархан-Уул, Дархан сум), багц-12 шинэ хуучин Дарханыг холбосон авто замаас-Хабитит чиглэлийн авто зам” тендер шалгаруулалтыг үнэлсэн Үнэлгээний хороо

Гуравдагч этгээд: “Б”  ХХК

 

Шүүх хуралдааны оролцогчид:

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Б

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Н

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н, Э.М

Гуравдагч этгээдийн төлөөлөгч Д.Б

Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Т.Ц

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхжин

 

Хэргийн индекс: 114/2024/0033/З

 

                                       ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 114/ШШ2025/0005 дугаар шийдвэрээр Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2.3, 17 дугаар зүйлийн 17.2.1, 17.4, 25 дугаар зүйлийн 25.1, 26 дугаар зүйлийн 26.4.1, 26.9, 50 дугаар зүйлийн 50.2.2-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Ц”ХХК-ийн Дархан-Уул аймгийн төвийн доторх хатуу хучилттай авто замын 2 дугаар үе шат /Дархан сум/ Багц 12 төсөл арга хэмжээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах Үнэлгээний хороо, аймгийн Худалдан авах ажиллагааны газар, Аймгийн Засаг дарга нарт тус тус холбогдуулан гаргасан шаардлагын зарим хэсгийг хангаж ЗТХЯ/20240101032 дугаар бүхий тендерийн үнэлгээний хорооны 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 02 дугаар, 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 03 дугаар хурлын тэмдэглэл, 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 01 дүгээр зөвлөмж, Худалдан авах ажиллагааны газрын 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 520 дугаар, 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 581, 582 дугаартай мэдэгдэл, 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Аймгийн засаг дарга, “Б”  ХХК нарын хооронд байгуулагдсан аймгийн төвийн доторх хатуу хучилттай авто замын 2 дугаар үе шат /Дархан сум/ Багц 12 Шинэ хуучин Дарханыг холбосон авто замаас Хабитат чиглэлийн авто зам ажлын гэрээ байгуулах эрх олгохыг даалгах шаардлагыг  хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

2. Гуравдагч этгээд “Б”  ХХК-ийн төлөөлөгч Д.Б дээрх шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч бичгээр гаргасан давж заалдах гомдолдоо: “... Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-т ... хуулийн энэ заалт нь тендерт ирүүлсэн материал нь тодорхойгүй, зөрчилдөөнтэй бөгөөд энийг тодруулж авах нь тендер шалгаруулалтын тэгш байдал, шударга ёсыг алдагдуулахгүй байхаар бол тодруулга авч болох заалт болохоос, энэ тохиолдолд захиалагчаас тогтоосон элс хайрганы найрлага, усанд тавигдах шаардлагыг илтэд зөрүүлж ирүүлсэн шаардлагыг төсөл арга хэмжээний гүйцэтгэлд сөргөөр нөлөөлөх эсэхийг гуравдагч этгээдээс асуусан нь дээрх хуулийн зохицуулалтыг буруу хэрэглэсэн гэж үзэхээр байна. Өөрөөр хэлбэл захиалагч өөрөө материалын стандарт найрлагыг тогтоочхоод тендерт оролцогч “Б”  ХХК-д хандаж, танай ирүүлсэн материалын орц найрлага нь энэ ажилд нөлөөлөх эсэхийг асууж, тус компани нь чанартай хийж гүйцэтгэж чадах талаар бичгээр илэрхийлснээр тендерийн ялагч гэж үзэж байгаа нь хуульд нийцэхгүй болно” гэж дүгнэсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтыг дутуу үнэлж дүгнэсэн, хуульд нийцэхгүй гэж үзэж байна.

 

2.1. Тодруулбал хариуцагч үнэлгээний хорооны зүгээс Сангийн яамнаас ирүүлсэн гомдлыг хянан үзсэн тухай албан бичигт дурдагдсан асуудлыг талаар, дээрх хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд гуравдагч этгээдээр тодруулга авснаас бус манай компанид бусдаас давуу эрхийг эдлүүлж, өрсөлдөөнийг хязгаарласан үйлдлийг огт гаргаагүй болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байгаа билээ. Өөрөөр хэлбэл Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-т заасан “өрсөлдөөнд сөргөөр нөлөөлөхгүй бол" гэж заасныг зөрчилдөөнтэй асуудлаа засах боломжийг олгосон, эсхүл илт буруу зүйлийг засуулах, зөвтгөн тайлбарлуулах, дутуу баримтыг нь гүйцээх боломжийг олгох гэх мэт үйлдлийг ойлгохоос бус тухайн тендерт хэрэглэгдэх материалын хэмжээ зөрүүтэй байгааг тодруулга авах нь өрсөлдөөнийг хязгаарласан гэж үзэх боломжгүй. Тэгээд ч тэрхүү зөрүүтэй гэх асуудлын талаар Тендерийн өгөгдлийн хүснэгт 19.1-т Ажлын зураг төсвийн дагуу тооцсон төсөв зохиож, эрх бүхий төсөвчнөөр баталгаажуулан ирүүлнэ гэж заасны дагуу манай компанийн зүгээс мэргэжлийн төсөвчнөөр төсвийг баталгаажуулан тендерийн материалд өгсөн тул ажлын гүйцэтгэл болон ажлын чанарт сөргөөр нөлөөлөх зүйл байхгүй бөгөөд манай зүгээс үүнийгээ захиалагчид албан бичгээр мэдэгдсэн нь өрсөлдөөнд сөргөөр нөлөөлсөн гэж дүгнэх үндэслэлгүй. Түүнчлэн уг асуудалтай холбоотойгоор Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.7.3-т “Захиалагч тендерийг энэ хуулийн 26.4.2, 26.4.3-т зааснаар хянан үзэхэд дараах зөрүүг хүлээн зөвшөөрөх нь өрсөлдөөнд сөрөг нөлөө үзүүлэх эсэхийг харгалзан үзнэ”, 26.7.1-т “бараа, ажил, үйлчилгээний хамрах хүрээ, чанар болон гүйцэтгэлд сөрөг нөлөө үзүүлэхгүй” гэж тус тус заасны дагуу хариуцагч тендерийн үнэлгээний хорооноос уг асуудлаар тодруулга авсны үндсэн дээр мөн хуулийн 26 дугаар зүйлд заасны дагуу хянан үзэж, шийдвэрээ гаргасан болохыг анхаарч үзээгүй байна.

2.2. Мөн анхан шатны шүүхээс дүгнэхдээ “Тендерийн өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 19.1-т заасан ижил төстэй ажил гүйцэтгэсэн туршлага “шаардана”, 2022, 2023 оны аль нэг жилд тухайн багцын төсөвт өргийн 40 хувиас багагүй үнийн дүнтэй ижил төстэй ажил хийж гүйцэтгэсэн байх гэх шаардлагыг тавьсан байх бөгөөд “Б”  ХХК-ийн ижил төстэй ажил гүйцэтгэсэн гэрээний мэдээллийг тендерт ирүүлсэн 2024.05.15-ны өдрийн аймгийн төвийн доторх авто замын шинэчлэлт, засварын ажлын хугацаа сунгасан гэрээ, 2024.05.30-ны өдрийн авто замын байгууламжийг ашиглалтад авах ажлын хэсгийн ЗТХЯ/202212001 дугаар акт, дүгнэлт, Дархан-Уул аймгийн Засаг даргын Тамгын газрын 2024.10.14-ний өдрийн 5-10/1501 дугаар албан бичиг зэргээс үзэхэд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжсэн аймгийн төвийн хатуу хучилттай авто замын шинэчлэл, засварын ажлыг 2024 онд хийж дуусгасан, дугуйн болон явган хүний замын 1.411.034.800 төгрөгийн төсөвт өртөгтэй ажлыг гүйцэтгэснийг тооцож, шаардлагыг хангасан” гэж үзсэн нь үндэслэлгүй байна.

 

2.3. Учир нь Автозамын тухай хуулийн 4.1-т “авто зам” гэж, 4.1.11-т “замын байгууламж” гэж тодорхойлсноос үзвэл авто зам, замын байгууламж гэдэг нь хууль зүйн тусдаа ойлголт байгаа бөгөөд захиалагчаас ижил төстэй ажил гүйцэтгэсэн туршлага гэдэгт “дугуйн болон явган хүний зам” тавьсан туршлагыг авто зам тавьсан туршлагатай ижилтгэж “Б”  ХХК-ийн ижил төстэй хийж гүйцэтгэсэн ажлын төсөвт унадаг дугуйн болон явган хүний замын ажлыг хийж гүйцэтгэсэн ажлын төсвийг оруулж, тооцон, тус компанийн туршлагын чадавхыг шаардлага хангасан гэж үзсэн нь үндэслэлгүй, мөн “Б”  ХХК-аас аймгийн төвийн доторх авто замын шинэчлэлт, засварын ажлын гэрээ /Багц-4/-г ирүүлсэн боловч тухайн гэрээний ерөнхий нөхцөл-ийн 9.9.4-16.4 дэх заалтад холбогдох хэсэг байхгүй, дутуу гэрээ илгээгдсэнийг нягтлан шалгахгүйгээр шийдвэрлэсэн нь хуулийн 5 дугаар зүйлд заасан худалдан авах ажиллагааны зарчимтай нийцээгүй байна гэж дүгнэсэн нь хэт нэг талыг барьсан, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг буруу үнэлж дүгнэсэн, хуульд нийцэхгүй гэж үзэж байна.

 

2.4. Учир нь манай компанийн зүгээс ТШЗ 19.1-т заасны дагуу ижил төстэй ажил гүйцэтгэсэн туршлагын шаардлагыг хангаж байгаагаа нотлох зорилгоор дээрх 2 гэрээ болон холбогдох бүх баримтуудыг бүрдүүлэн тендерийн баримт бичигт гаргаж өгсөн нь хавтаст хэргийн нотлох баримт №2-ын 15, 18 дугаар хуудас болон 21-66, 102-104 дүгээр хуудаснуудад авагдсан байгаа бөгөөд энэхүү шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсгийн 3.5 буюу шийдвэрийн 11 дүгээр хуудаст үнэлгээний хорооноос манай компанийн ижил төстэй ажил гүйцэтгэсэн ажлын туршлагад Багц-4 буюу Аймгийн төвийн доторх авто замын шинэчлэлт, засварын ажлын гэрээ /Багц-4/-ийн ажлыг шаардлага хангана гэж үнэлсэн талаар тусгагдсан ба шүүх хуралдааны тэмдэглэлд ч уг асуудлыг тодорхой дурдсан байгаа болно. Иймээс Аймгийн төвийн доторх авто замын шинэчлэлт, засварын ажлын гэрээ /Багц-4/-ийн ажлыг уг тендерийн ТШЗ 19.1-т заасан 2022, 2023 оны аль нэг жилд тухайн багцын төсөвт өргийн 40 хувиас багагүй үнийн дүнтэй ижил төстэй ажил хийж гүйцэтгэсэн байх гэсэн шаардлагад нийцэж байгаа эсэхийг үнийн дүн, гүйцэтгэсэн огноо таарч байгаа эсэхийг анхан шатны шүүхээс огт дүгнээгүй байх бөгөөд гагцхүү манай компанийн техникийн шинжтэй алдааны улмаас гэрээний дундах хуудас дутуу асуудалд дүгнэлт хийж, шаардлага хангахгүй гэж үзсэн нь хуульд нийцэхгүй бөгөөд хэт нэг талыг барьсан гэж үзэх үндэслэлтэй.

 

2.5. Өөрөөр хэлбэл тэрхүү дутуу гэх хэсэгт гэрээний хугацаа тавигдсан байгаа түүнийг нуух зорилгоор хассан мэтээр нэхэмжлэгчээс тайлбарлаж байгаа боловч тэрхүү гэрээний хугацаа, үнэ зэргийг гэрээний бусад хэсгээс болон гэрээ дүгнэсэн акт, улсын комиссын акт, санхүүжилтийн талаар захиалагч Дархан-Уул аймгийн Засаг дарга болон Сангийн яамтай харилцаж байсан албан бичиг зэргээс тодорхойлох бүрэн боломжтой ба үүнийг хариуцагч үнэлгээний хорооны зүгээс үндэслэлтэй зөв дүгнэж, манай компанийг шалгаруулсан нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-т Энэ хуулийг хэрэгжүүлэхэд өрсөлдөх тэгш боломжтой, ил тод, үр ашигтай, хэмнэлттэй, хариуцлагатай байх зарчмыг баримтална гэж заасан зарчимд нийцэж байгаа ба харин анхан шатны шүүхээс уг гэрээний үнэ болон хугацаа зэргийг бус харин хуудас дутуу гэсэн ганцхан үндэслэлээр шаардлага хангаагүй гэж дүгнэсэн нь хуульд нийцэхгүй.

 

2.6. Дээрх дурдсан багц-4-ын ажлын гэрээ болон гэрээ дүгнэсэн акт, улсын комиссын акт, санхүүжилтийн талаар захиалагч Дархан-Уул аймгийн Засаг дарга болон Сангийн яамтай харилцаж байсан албан бичгүүдээс манай компани нь 2022.12.28-ны өдөр гэрээ байгуулж, 2023.12.25-ны өдрийн байдлаар ажил бүрэн дууссан, цаг агаарын улмаас комисс ажиллах боломжгүй гэх үндэслэлээр 2024.04.15-ны өдөр хүртэл гэрээний хугацааг сунгасан, мөн захиалагч Дархан-Уул аймгийн Засаг даргын зүгээс Сангийн яаманд хандаж, үлдэгдэл 10 хувийн Төлбөрийг манай компанид олгуулахаар хүсэлт гаргаж байсан зэрэг нөхцөл байдлуудыг харж болохоор байх ба үүнээс манай компани нь 2023 онд 2.049.559.458 төгрөгийн төсөвт өртөг бүхий ажлыг, цаг хугацаандаа, бүрэн хийж гүйцэтгэж, санхүүжилтээ ч бүрэн авсан байсан нөхцөл байдал бүрэн нотлогдож байгаа болно.

 

2.7. Цаашилбал анхан шатны шүүхээс Авто замын тухай хуулийн 4.1.1, 4.1.11-т тус тус заасныг үндэслэн авто зам болон замын байгууламж буюу явган болон дугуйн замын ажил гүйцэтгэсэн нь ижил төстэй ажил гүйцэтгэсэн туршлага гэдэгт хамаарахгүй мэтээр дүгнэж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Учир нь Тендерийн өгөгдлийн хүснэгтийн 19.1-т 2022, 2023 оны аль нэг жилд тухайн багцын төсөвт өргийн 40 хувиас багагүй үнийн дүнтэй ижил төстэй ажил хийж гүйцэтгэсэн байх гэсэн шаардлага тавигдсанаас үзэхэд үүнд 1-рт ижил, 2-рт төстэй ажил гүйцэтгэсэн байж болохоор заасан байгааг анхан шатны шүүхээс анхаарч үзээгүй байна.

 

2.8. Өөрөөр хэлбэл Авто замын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-т "авто зам" гэж тээврийн хэрэгсэл зорчиход зориулан барьсан замын байгууламж бүхий хатуу, хайрган хучилттай зам, гудамж, засаж, сайжруулсан болон ердийн хөрсөн замыг 4.1.11-т "замын байгууламж" гэж бүх төрлийн гүүр, тавилан, гүүрэн гарц, унадаг дугуй болон явган зорчигч, хөгжлийн бэрхшээлтэй хүн зорчиход зориулсан зам, ус зайлуулах хоолой, шуудуу, хонгил, замын хөдөлгөөнийг зохицуулах болон хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах зориулалттай төхөөрөмж, авто замын зурвас газарт байгаа төлбөр авах цэг, авто зогсоол болон бусад байгууламжийг, гэж тус тус зааснаас үзэхэд эдгээр нь нэг хууль тогтоомжоор зохицуулагдаж байгаа харилцааг яагаад төстэй ажил гүйцэтгэсэн гэж үзэхгүй байгаагаа тодорхой дүгнээгүй байхын зэрэгцээ автозамаас ч хүнд даацын байхыг шаарддаг гүүр, гүүрэн гарц, хонгил, авто зогсоол зэрэг нь замын байгууламж буюу явган болон дугуйн замтай ижилд тооцогдохоор байхад анхан шатны шүүхээс нэг хуулийн нэг зүйлийн 2 тусдаа заалтад орсон гэдгээр ижил болон төстэй гэдэгт алинд нь ч хамаарахгүй гэж дүгнэж байгаа хуульд нийцэхгүй байна.

 

2.9. Цаашилбал анхан шатны шүүхээс дүгнэхдээ “... Шүүх хуралдаанд нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн Үнэлгээний хорооны 2024.10.18-ны өдрийн 02 дугаар тэмдэглэлийн бичвэрийн эхний хэсэгт хурлыг 2024.05.25-ны өдөр ...зохион байгуулагдсан” гэж бичигдсэнээс үзэхэд тендерийг 5 сараас эхлэн явуулсан байна”, хариуцагч энийг няцаагаагүй учраас техникийн алдаа гаргасан буруутай гэж үзсэн. Гэтэл мөн тэмдэглэлийн сонссон нь хэсэгт “...тендерийн нээлтийг товлосон хугацаандаа буюу 2024.10.22-ны өдрийн ... гэж тэмдэглэгдсэн байдлаас үзвэл тухайн хуралдааны огноо зөрүүтэй, тус үнэлгээний хороо нь бодит байдлаар хуралдаж шийдвэр гаргасан нь эргэлзээтэй, үнэлгээний хорооны гишүүд нь энэ шийдвэр, тэмдэглэлтэйгээ танилцаж, гарын үсэг зурж баталгаажсан эсэх нь тодорхойгүй, хэлэлцэгдсэн асуудалд хууль ёсны дүгнэлт хийсэн талаар тэмдэглэлд тусгагдаагүй, өөр өөр тэмдэглэлээс хуулбарлаж бичсэн нь ойлгомжгүй байх тул Үнэлгээний хорооны 2024.10.18-ны өдрийн 02 дугаар тэмдэглэлийг хууль бус гэж үзэх үндэслэл тогтоогдож байна.

 

2.10. Үнэлгээний хороо нь 2024.11.12-ны өдрийн буюу хуралдааны 03 дугаар шийдвэрээрээ тендерт үнэлгээ хийж, ялагчийг тодруулсан байх ба энэ тухайгаа 2024.11.19-ний өдөр бичгээр захиалагч Худалдан авах ажиллагааны газарт мэдэгдэж, харин аймгийн Худалдан авах ажиллагааны газраас 2024.11.12-ны өдөр 581 дүгээр албан бичгээр “Б”  ХХК-д гэрээ байгуулах эрх олгох мэдэгдэл, мөн өдрийн 582 дугаар албан бичгээр... мэдэгдлүүдийг тус тус хүргүүлсэн. Ийнхүү үнэлгээний хорооноос зөвлөмжөө захиалагчид хүргүүлээгүй байхад захиалагч Худалдан авах ажиллагааны газар нь 2024.11.12-ны өдөр ялагчтай гэрээ байгуулах эрх олгосон үйл баримтыг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас нотлох баримтаар няцаагаагүй, захиалагч нь үнэлгээний хорооноос зөвлөмж ирээгүй байхад гуравдагч этгээдэд урьдчилан гэрээ байгуулах эрх олгосон гэж үзэх үндэслэл болох учраас захиалагчийг хууль бус ажиллагаа явуулсан гэж дүгнэв гэсэн нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ, худалдан авах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-т нийцэхгүй.

 

2.11. Учир нь шүүхээс хамгийн түрүүнд хариуцагч Тендерийн үнэлгээний хорооны шийдвэр зөвлөмж, хариуцагч Дархан-Уул аймгийн Худалдан авах ажиллагааны газрын мэдэгдэл, мөн хариуцагч Дархан-Уул аймгийн Засаг даргатай байгуулсан гэрээ зэрэг нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-т “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” гэж заасан зарчимд нийцэж байгаа эсэхийг анхаарч үзэх ёстой бөгөөд үүний тулд нэхэмжлэгчийн зүгээс маргаж байгаа манай компани ижил төстэй ажил гүйцэтгэсэн туршлагын шаардлагыг хангаж байгаа эсэх асуудлаар, мөн төсвийн асуудлаар зөрүүтэй гэсэн үндсэн 2 асуудлын талаар хариуцагч нарын зүгээс үндэслэлтэй зөв дүгнэлт хийж шийдвэрээ гаргасан эсэхэд дүгнэлт өгөх шаардлагатай бөгөөд манай гомдлын 2-т дурдсанаар буруу үнэлж дүгнэсэн нөхцөл байдлуудыг дурдсан байгаа тул шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн энэхүү дүгнэлт нь хуулийн дээрх заалтад нийцэхгүй юм. Өөрөөр хэлбэл дээрх шүүхийн дүгнэлтүүдээс үзэхэд хариуцагч тендерийн үнэлгээний хорооны шийдвэрийн үндсэн агуулгад хамааралгүй, харин шийдвэрээ гаргачхаад түүнийгээ баримтжуулах, хүргүүлэх, мэдэгдэх зэрэг шийдвэр гаргаснаас хойших процесс журам зөрчигдсөн байж болзошгүй асуудлаар дүгнэлтийг хийж, улмаар үндсэн шийдвэр буюу хурлын тэмдэглэлүүд бүгд буруу мэтээр дүгнэж байгаа нь үндэслэлгүй юм.

 

2.12. Түүнчлэн бодит байдал дээр 2024.10.18-ны өдөр тендерийн үнэлгээний хороо хуралдсан нь үнэн гэдэгтэй хэн ч маргаагүй, гагцхүү тус хурлаас гаргасан шийдвэрээ буюу хурлын тэмдэглэлд техникийн шинжтэй алдаанууд гарсан асуудлыг л нэхэмжлэгчийн зүгээс 2025.01.22-ны өдөр шүүх хуралдааны явцад, амаар, анх удаа тайлбарладаг ба 2024.11.12-ны өдөр ч мөн адил тендерийн үнэлгээний хороо хуралдаагүй, өөр өдөр хуралдсан талаар маргадаггүй тул гагцхүү энэхүү хурлаас гаргасан шийдвэрээ тендерт оролцогчдод мэдэгдэх процесс журам зөрчигдсөн асуудал нь тухайн хурлын шийдвэрийг бүхэлд нь хууль бус гэж дүгнэх үндэслэл болохгүй юм. Уг асуудлыг шүүхээс засах шаардлагатайг шүүхийн шийдвэрт дурдах, эсхүл засахыг даалгах байдлаар шийдвэрлэх нь зүйд нийцэхээс энэ агуулгаар шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож шийдвэрлэх нь хуульд нийцэхгүй.

 

2.13. Мөн үүнтэй холбоотойгоор анхан шатны шүүхээс дүгнэхдээ “нэгэнт үнэлгээний хорооны шийдвэр болон хариуцагчийн буруутай үйл ажиллагаа нь тогтоогдсон тул захиалагч Дархан-Уул аймгийн Засаг дарга гуравдагч этгээд “Б” ХХК-тай 2024.11.22-ны өдөр №УТ24028043520**дугаартай Аймгийн төвийн доторх хатуу хучилттай авто замын 2 дугаар үе шат /Дархан-Уул, Дархан сум/ төсөл арга хэмжээний Багц-12 Шинэ хуучин дарханыг холбосон авто замаас-Хабитат чиглэлийн авто зам ажлын гэрээг хууль бус гэж үзэж хүчингүй болгох нь зүйтэй” гэж дүгнэсэн нь хуулийг ноцтой зөрчиж байна гэж үзэж байна.

 

2.14. Учир нь техникийн шинжтэй хариуцагч төрийн байгууллагын алдаанаас хамааран бүхэл бүтэн улсын төсвийн хөрөнгөөр хийж гүйцэтгэхээр, олон тэрбум төгрөгөөр тооцогдох бүтээн байгуулалтын ажлыг хийж гүйцэтгэх, хүчин төгөлдөр гэрээний биелэлтийг хуульд байхгүй үндэслэлээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад түдгэлзүүлж, цаашлаад гэрээг хүчингүй болгож шийдвэрлэж байгаа нь анхан шатны шүүхээс хэт нэг талыг барьж, нотлох баримтыг буруу үнэлж дүгнэн, хууль зөрчиж байна. Нэхэмжлэгчээс Дархан-Уул аймгийн Засаг даргад хандан 2024.11.14-ний өдөр тендер шалгаруулалттай холбоотойгоор гомдол гаргасныг хүлээн авч, тус Засаг даргаас 2024.11.15-ны өдрийн 1-10/700 дугаар албан бичгээр Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 57.7-д заасантай зөрчилдөж байна гэх үндэслэлээр гомдлыг хянахаар татгалзсан байна.

 

2.15. Дээрх тогтоогдсоноор захиалагч нь Үнэлгээний хорооны зөвлөмж ирээгүй байхад захиалагч гэрээ байгуулах эрх олгосон хууль бус болох нь нотлогдсон ба нэгэнт хууль бусаар гэрээ байгуулах эрх олгосон энэ үйл баримтаа үндэслэл болгож, гомдлыг хянан үзэхээс татгалзсан нь мөн хууль бус гэж үзэх үндэслэл болно" гэж дүгнэсэн нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй асуудлаар дүгнэлт хийсэн, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-т "Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр -аргаж болохгүй" гэж заасныг зөрчиж байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн зүгээс хариуцагч Дархан-Уул аймгийн Засаг даргад холбогдуулан зөвхөн гуравдагч этгээд манай компанитай байгуулсан гэрээг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаснаас бус гомдол гаргах эрх хязгаарласантай холбоотойгоор огт нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй байхад ийнхүү дүгнэлт хийж байгаа нь шүүхийн шийдвэр хэт нэг талыг барьсан, хуульд нийцэхгүй болохыг харуулж байна.

 

2.16. Нэхэмжлэгч “Ц” ХХК-аас Дархан-Уул аймгийн худалдан авах ажиллагааны газар, түүний үнэлгээний хороо болон Дархан-Уул аймгийн Засаг даргад тус тус холбогдуулан

Дархан-Уул аймгийн Худалдан авах ажиллагааны газарт холбогдуулан:

1/ Дархан-Уул аймгийн Худалдан авах ажиллагааны газрын 2024.10.18-ны өдрийн 520 дугаартай мэдэгдэл,

2/ 2024.11.12-ны өдрийн 582 дугаартай мэдэгдлийг тус тус хүчингүй болгуулах,

3/ “...” “Ц” ХХК-д Аймгийн төвийн доторх хатуу хучилттай авто замын 2 дугаар үе шат /Дархан-Уул, Дархан сум/ "Багц 12 Шинэ хуучин Дарханыг холбосон авто замаас-Хабитат чиглэлийн авто зам"-ын гэрээ байгуулах эрх олгохыг даалгах”

4/ Дархан-Уул аймгийн Худалдан авах ажиллагааны газрын 2024.11.12-ны өдрийн 581 дугаартай мэдэгдэл

Үнэлгээний хороонд холбогдуулан:

1/ 3ХТЯ/20240101032 дугаар тендер шалгаруулалтыг үнэлсэн үнэлгээний хорооны зөвлөмж,

2/ Үнэлгээний хорооны тэмдэглэл /2024.10.18-ны өдрийн/,

3/ тендер шалгаруулалтыг дахин үнэлсэн үнэлгээний хорооны зөвлөмж,

4/ Үнэлгээний хорооны хурлын тэмдэглэл /2024.11.12-ны өдрийн/,

Дархан-Уул аймгийн Засаг даргад холбогдуулан:

1/ Дархан-Уул аймгийн Засаг дарга болон “Б”  ХХК нарын хооронд 2024.11.22-ны өдөр байгуулсан №УТ24028043520**тоот "Аймгийн төвийн дотор хатуу хучилттай авто замын 2-р үе шатны ажлын гэрээ"-г хүчингүй болгуулах гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон. Гэтэл анхан шатны шүүхийн шүүх хуралдааны явцад хариуцагч нарын зүгээс 2024.10.18-ны өдрийн тендерийн үнэлгээний хорооны зүгээс нэхэмжлэгч талаас Сангийн яаманд гомдол гаргасан учраас тендерийн үнэлгээний хорооны зөвлөмж бодит байдал дээр гараагүй талаар тайлбарладаг ба мөн хэрэгт уг баримт байхгүй байдаг боловч нэхэмжлэгчийн зүгээс дээрх бүх нэхэмжлэлийн шаардлагуудаа дэмжиж байгаа талаар тайлбарласаар байсан нь шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсэг болон шүүх хурлын тэмдэглэлд тодорхой тусгагдсан байдаг. Манай компанийн зүгээс мөн уг асуудлыг шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд шүүхэд хэлж байсан боловч шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг тодруулалгүйгээр 2024.10.18-ны өдрийн хурлаас гаргасан зөвлөмжийг хүчингүй болгох гэх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрхэн шийдвэрлэсэн нь тодорхойгүй орхигдуулан шийдвэрлэсэн байна.

 

2.17. Мөн шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн төгсгөлд "Шүүх ийнхүү эрх хэмжээгүй асуудлаар даалгасан шийдвэр гаргахгүй гэж дүгнэн энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн боловч нэхэмжлэгчийн эрхийг сэргээн эдлүүлэхээр үүсэх үр дагаврыг тогтоож өгөх шаардлагатай гэж үзсэн учраас хариуцагчийг “Ц” ХХК-ийн болон “Б”  ХХК-ийн ирүүлсэн тендерт дахин үнэлгээ хийж, шийдвэрээ гаргах нь зүйтэй гэж үзсэн” гэж дүгнэсэн байх боловч нэхэмжлэгчийн “... “Ц” ХХК-д Аймгийн төвийн доторх хатуу хучилттай авто замын 2 дугаар үе шат /Дархан-Уул, Дархан сум/ “Багц 12 Шинэ хуучин Дарханыг холбосон авто замаас-Хабитат чиглэлийн авто зам”-ын гэрээ байгуулах эрх олгохыг даалгах" гэх шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлээд орхисон нь анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгээс өөр шийдвэрийг тогтоох хэсгээрээ гаргасан гэж үзэхээр байна. Иймд Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025.01.22-ны өдрийн 114/ШШ2025/0005 дугаар шийдвэрт, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.3-т заасны дагуу өөрчлөлт оруулж, нэхэмжлэгч “Ц”ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

 

ХЯНАВАЛ:

            1. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тул хэвээр үлдээж, гуравдагч этгээдийн давж заалдах гомдлыг хангахгүй орхилоо.

            2. “Ц” ХХК-аас Дархан-Уул аймгийн Худалдан авах ажиллагааны газарт холбогдуулан тус газрын “2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 520, 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 582, 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 581 дүгээр мэдэгдлийг тус тус хүчингүй болгуулах, “Ц” ХХК-д “Аймгийн төвийн доторх хатуу хучилттай авто замын 2 дугаар үе шат /Дархан-Уул, Дархан сум), багц-12 шинэ хуучин Дарханыг холбосон авто замаас-Хабитит чиглэлийн авто зам”-ын гэрээ байгуулах эрх олгохыг даалгах, Үнэлгээний хорооны 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 02, мөн оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 03 дугаар хурлын тэмдэглэл, зөвлөмжийг хүчингүй болгуулах, Дархан-Уул аймгийн Засаг даргын “Б”  ХХК-тай байгуулсан №УТ24028043520**тоот гэрээг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан.

            3. Анхан шатны шүүх “... Үнэлгээний хороо нь тендерийг дахин үнэлэхдээ тендерийн баримт бичигт заасан материалын хэмжээ буюу элс, хайрганы найрлага, усанд тавигдах шаардлагыг илтэд зөрүүтэй ирүүлсэн байхад гуравдагч этгээдээс тодруулга авсан нь Хуулийн 25-р зүйлийг буруу хэрэглэж, нэхэмжлэгчийг хамгийн сайн тендер ирүүлсэн гэж шалгаруулсан үндэслэлгүй гэж, мөн Үнэлгээний хорооны тэмдэглэлүүд болон захиалагчийн шийдвэрийн огноо дугаар зөрүүтэй, зөвлөмж ирүүлээгүй байхад захиалагч гэрээ байгуулсан мэт харагдаж байгаа нь зохион байгуулалтын ажиллагааг хуулийн дагуу явуулаагүй” гэж тус тус дүгнэн, нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, харин “нэхэмжлэгчийн материалд шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас “өр төлбөртэй” гэж ирүүлсэн” нь тогтоогдсон, мөн “Хуулийн 50.2.2-т зааснаар “хамгийн сайн” тендер ирүүлсэн этгээдийг шалгаруулж,  гэрээ байгуулах зөвлөмж хүргүүлэх Үнэлгээний хорооны чиг үүрэгт шүүх халдах боломжгүй” гэж үзэн, “гэрээ байгуулахыг даалгах” шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ.

            4. Гуравдагч этгээд “Б”  ХХК нь давж заалдах гомдолдоо “... Хуулийн 25 дугаар зүйлийг зөрчөөгүй, материалын тооцооны талаар тодруул” гэх боловч тендерийн баримт бичигт Материалын зардлын тооцоо гэсэн хэсэгт материалын орцны хэмжээг тодорхой заасан байхад гуравдагч этгээд нь 32, 65 дугаар хэсэгт заасан элс хайрганы найрлага, усны хэмжээг багасгаж тусгасан нь шаардлага хангаагүй гэж шууд үзэх бүрэн үндэслэлтэй.

4.1. Учир нь тухайн замын ажлыг гүйцэтгэхдээ тендерийн баримт бичигт заасан хэмжээний материалыг зарцуулж барих нь тухайн ажлын чанартай холбоотой бөгөөд гуравдагч этгээдийн тухайн орцоор нь, нэмэлт санхүүжилт шаардахгүйгээр бид хийчих учраас тендерт сөрөг нөлөөгүй” гэх гомдлыг хүлээж авах үндэслэлгүй байна.

            5. Гомдолд “... үл ялих техник алдааг дүгнэж, агуулгыг дүгнээгүй” гэх боловч шүүхээс 2024 оны 12 дугаарс арын 02-ны өдрийн 01/212 дугаар албан бичгээр шаардсаны дагуу хариуцагчаас 2024 оны 12 дугаарс арын 10-ны өдөр ирүүлсэн /хэргийн 39-р талд баримт үйлдэж, хэрэгт хавсаргасан/ тендер шалгаруулалтын баримтын 1-р ботийн 112 дугаар талд байгаа Үнэлгээний хорооны 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 01 дүгээр дүгнэлт зөвлөмж, 117 дахь талд байгаа Худалдан авах ажиллагааны газрын 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 581 дүгээр албан бичгээр гэрээ байгуулах эрх олгосныг гуравдагч этгээдэд мэдэгдсэн байдал зэргээс үзвэл шүүх “... захиалагч нь зөвлөмж ирүүлэхээс өмнө гэрээ байгуулах шийдвэрээ гаргасан, хууль бус ажиллагаа явуулсан” гэж дүгнэснийг буруутгах үндэслэлгүй.

            6. Харин анхан шатны шүүх тендерийн баримт бичигт “ижил төстэй ажилд яг ямар ажлыг хамааруулах талаар тодорхой заагаагүй байхад Авто замын тухай хуульд заасан “зам, замын байгууламж”-ийн алиныг гүйцэтгэснээр нь “дугуйн болон явган замын ажил гүйцэтгэснийг хамаарахгүй” гэж дүгнэлт хийсэн нь үндэслэл бүхий болоогүй байна. Учир нь тендерийн баримт бичигт юугаараа ижил төстэй ажлыг хамааруулахыг нарийвчлан тусгаагүй /зам барих ижил технологиор гүйцэтгэх чадвар, туршлагаар нь, эсхүл гүйцэтгэсэн ажлын хүнд, хөнгөнөөр нь, эсхүл зам, замын байгууламжийн аль нэг төрлийг гүйцэтгэсэн туршлагаар нь гэх мэтээр тодорхойлоогүй/ тохиолдолд шүүх тухайн асуудлыг өөрийн үзэмжээр шууд дүгнэх боломжгүй, гуравдагч этгээдийн “... Үнэлгээний хороо болон захиалагч Багц 4 ажлыг ижил төстэй гэж үзсэн, заавал ижил байхыг шаардаагүй, төстэй байж болохоор байхад анхан шатны шүүх алинд нь ч хамаарахгүй гэж үзсэнийг зөвшөөрөхгүй” гэх гомдол үндэслэлтэй байна.

            7. Гэвч нэхэмжлэгч нь “...тендерийн баримт бичгийн ТШХ19.1-д 2022 болон 2023 оны аль нэгэнд төсөвт өртгийн 40 хувьтай тэнцэх ажил гүйцэтгэсэн байх шаардлагад ирүүлсэн гуравдагч этгээдийн ажлын өртөг 40 хувьд хүрсэн эсэхтэй холбоотой хэрэгт авагдсан гуравдагч этгээдийн ирүүлсэн ДУАОНГ/202206091 дүгээр гэрээт ажил гүйцэтгэхдээ үндсэн гүйцэтгэгч нь “Б” ХХК байх ба нэхэмжлэгчийн туслан гүйцэтгэсэн ажлын төсөвт өртөг нь 40 хувьд /1,4 тэрбум/ хүрэхгүй болох нь тогтоогдсон байх тул уг гомдлыг хангах үндэслэлгүй.

8. Харин 2 дахь гэрээт ажил буюу “Аймгийн төвийн доторх авто замын ажил Багц 4 Хүнсний захын уулзвараас хүнсний хойд уулзвар хүртэлх авто зам шинэчлэлт”-ийн ажлыг хийж гүйцэтгэж 2023 онд дууссан, энэ нь 2,049 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй буюу шаардлагад заасан 40 хувьд хүрсэн байх боловч тодорхой шалтгаанаар ашиглалтад 2024.05.30-нд авсан талаар тендерт ирүүлсэн материалаас харагдаж байх тул үүнтэй холбоотой гэрээний хуудсыг яагаад дутуу ирүүлсэн талаар Хуулийн 25 дугаар зүйлд 25.1-д ”Захиалагч тендерийн тодорхойгүй, эсхүл зөрчилдөөнтэй асуудлаар тодруулга авах нь бусад оролцогчийн өрсөлдөөнд сөргөөр нөлөөлөхгүй бол оролцогчоос бичгээр тодруулга авах хүсэлт хүргүүлэх ба хүсэлтэд хариу ирүүлэх хугацааг заана” 25.2-д “Захиалагч энэ хуулийн 25.1-д заасан тодруулгыг холбогдох бусад этгээдээс цахим систем, цахим шуудангаар, эсхүл албан бичгээр авч болно” гэж заасны дагуу тодруулга авч, тухайн ажлыг гүйцэтгэсэн туршлагыг үгүйсгэх заалт байгаа эсэхийг дахин үнэлэх боломжтой атал аваагүй байх тул шүүх энэ талаар дүгнэх боломжгүй, гуравдагч этгээдийн “... шүүх гэрээ дүгнэсэн акт, хугацаа, санхүүжилтийн талаар дүгнэж болохоор байхад дүгнээгүй” гэх гомдол хангагдахааргүй байна.

9. Анхан шатны шүүхээс нэхэмжлэгчийн тендерт “өр төлбөртэй” талаар ирүүлсэн баримтыг Үнэлгээний хороо үнэлээгүй, мөн хамгийн сайн тендер ирүүлсэн талаар дүгнэх Үнэлгээний хорооны эрхэд шүүх халдахгүй гэж нэхэмжлэлийн зарим хэсгийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлтэй байна.

            Иймд дээрх үндэслэлүүдээр гуравдагч этгээдийн давж заалдах гомдлыг хангаж шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 114/ШШ2025/0005 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, гуравдагч этгээд “Б”  ХХК-ийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан гуравдагч этгээдээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш таван хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

                                    ШҮҮГЧ                                               Н.ДОЛГОРСҮРЭН

 

                                    ШҮҮГЧ                                               Н.ХОНИНХҮҮ

 

                                    ШҮҮГЧ                                               С.МӨНХЖАРГАЛ