Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 01 сарын 13 өдөр

Дугаар 05

 

       Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхтуяа даргалж

           шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Түвшинтөр

           улсын яллагч Б.Батнасан

    шүүгдэгч Г.Баасанжаргалын өмгөөлөгч Ж.Мөнхнасан нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Ганбатын Баасанжаргалд холбогдох 201607000181 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

    Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1988 оны 07 дугаар сарын 22-ны өдөр төрсөн, 29 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4, аав, ээж, дүүгийн хамт Рашаант багт оршин суудаг, урьд нь ял шийтгэл эдэлж байгаагүй, сумын алдарт уяач цолтой, регистрийн дугаар ДГ92082513 гэв.     

    Холбогдсон хэргийн талаар: Г.Баасанжаргал нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 46-63 УНЯ улсын дугаартай Портер маркын тээврийн хэрэгслийг жолоодон яваад Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар бүлгийн 2.7, 12 дугаар бүлгийн 12.1 дэх хэсэгт заасныг тус тус зөрчсөний улмаас 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр 20 цагийн үед Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын төвд байрлах Ахмадын хорооны урд талын засмал замын явган хүний гарцаар гарч байсан иргэн Б.Цэрэнлувсанг мөргөж бие махбодод нь хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

    Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

    Шүүгдэгч Г.Баасанжаргал нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхийг зөвшөөрч байна гээд мэдүүлэхдээ: 11 дүгээр сарын 17-ны өдөр 21 цагийн үед найзынхаа хүүхдийн сэвлэг үргээх ёслолд оччихоод айлын гэрийн тавилга ачаад гарах гэж явсан. Гэрлэн дохион дээр зогсоод ахмадын хорооны үүдэнд хүн шүргээд унагасан. Тэр хөгшин босоод ирсэн. Утас нь зам дээр байж байхаар нь би авч өгсөн, тэр хүн цагдаа дуудсан байсан гэв.

    Мөрдөн байцаалтанд хохирогч Б.Цэрэнлувсан мэдүүлэхдээ: ”...2016 оны 11 сарын 18-ны орой 20 цагийн орчим ахмадын хорооны урд замыг урд талаасаа хойш хөндлөн гарах гээд явж байгаад гэнэт урагшаагаа явах гэснээ болиод ахиад буцаад ахмадын хороо руу оръё гээд эргээд бараг зам замаараа гараад дуусч байтал миний баруун гар талын гэрлэн дохио буюу ертөнцийн зүгээр зүүн талд байх гэрлэн дохиотой уулзвараас нэг ачааны бага оврын машин ирээд мөргөсөн. Тэр үед миний куртикний ханцуй хэсэгт нэг юманд тээглэж чирэгдээд тэрүүхэн зуур замын хайсны орчим унасан юм. Тэгээд би босоод жолооч дээр яваад очсон чинь өмнөөс ирээд та гайгүй юу гэж хэлж байсан. Би гутлаа тайлаад үзсэн чинь хөл их өвдөж байсан. Тэгээд цагдаа дуудсан юм. Цагдаа дээр очоод дараа нь эмнэлэгт очиж үзүүлэхэд баруун хөлийн нарийн яс хугарсан байсан. Тухайн үед жолооч нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Тухайн жолоочтой уулзаж ярилцаад эмнэлгийн зардал мөнгө нэхэмжилсэн тэгээд надад нэг үхэр авч ирж өгсөн, нэг хонь авчирч өгсөн. Үхрээ өөрөө алаад өгсөн байгаа, хонь нь одоо манай хонинд байгаа” гэх мэдүүлэг / ХХ-ийн 31-32 дугаар хуудас/

  Мөрдөн байцаалтанд гэрч Р.Сандуй мэдүүлэхдээ: “....Би тухайн үед хуриманд суугаад архи уусан байсан юм. Тэгээд тухайн үед Баасанжаргалын портер маркын машин дээр гэрийн тавилга ачаад бид 2 хөдөө явах гэж байсан юм. Тэгсэн Баасанжаргал хойд толгой руу хүнтэй уулзчихаад явна гээд нэг танихгүй хүнтэй очиж уулзсан. Тэгээд тэнд нэг тал архи хувааж уусан. Тэгээд тэндээсээ хөдөө явахаар хөдлөөд би машин дотор ороод унтаад өгсөн юм. Тэр үед Баасанжаргал өөрөө машинаа унаад явсан. Тэгээд дотор эвгүйрхээд би унтаад явж байсан чинь Баасанжаргал би зам дээр байсан хүн шүргэчихлээ болохоо байлаа босоорой гээд намайг босгосон. Тэгээд машинаас буугаад ирэхэд Монгол банкны уулзвар ахмадын байрны үүдэн дээр ирчихсэн байсан. Тэгэхэд нэг хүн босоод хөл өвдөөд байна гээд алхаад ирж байсан. Баасанжаргал бага зэрэг архи уусан байсан” гэх мэдүүлэг /ХХ-ийн 35 дугаар хуудас/      Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчийн хүсэлтээр: Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл /ХХ-ийн 4-6 дугаар хуудас/, Г.Баасанжаргалын согтуурлыг багажаар шалгасан тэмдэглэл /ХХ 14 дүгээр хуудас/, гэрч Г.Алтангэрэлийн мэдүүлэг /ХХ 34 дүгээр хуудас/, шинжээчийн дүгнэлт /ХХ-ийн 37-38 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтад үзлэг хийв.

    Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Мөнхнасангийн хүсэлтээр: Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол /ХХ-ийн 25 дугаар хуудас/, багийн Засаг даргын тодорхойлолт /ХХ-ийн 57 дугаар хуудас/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /ХХ-ийн 58 дугаар хуудас/, гэрч Г.Сэр-Од, Г.Алтангэрэл нарын мэдүүлэг /ХХ-ийн 33-34 дүгээр хуудас/, хохирогч бичиж нотариатаар батлуулж өгсөн тодорхойлолт /ХХ-ийн 74 дүгээр хуудас/, шинээр гаргаж өгсөн баримт болох багийн Засаг даргын тодорхойлолт, Марал-Алтай өрхийн эрүүл мэндийн төвийн тодорхойлолт зэрэг нотлох баримтад үзлэг хийв.

    Шүүгдэгч Г.Баасанжаргал нь 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр 20 цагийн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 46-63 УНЯ улсын дугаартай Портер маркын тээврийн хэрэгслийг жолоодон яваад Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар бүлгийн 2.7, 12 дугаар бүлгийн 12.1 дэх хэсэгт заасныг тус тус зөрчсөний улмаас Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын төвд байрлах Ахмадын хорооны урд талын засмал замын явган хүний гарцаар гарч байсан иргэн Б.Цэрэнлувсанг мөргөж бие махбодод нь хүндэвтэр гэмтэл учруулсан гэм буруутай болох нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

   Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтууд болох шүүгдэгчийг сэжигтэн, яллагдагчаар мөн хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 144, 145, 147 дугаар зүйлд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоосон, Шүүх эмнэлэгийн үзлэг хийсэн актыг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.    

   Шүүгдэгч Г.Баасанжаргалд холбогдох хэргийн зүйлчлэл зөв байх тул шүүхээс түүнийг согтуугаар тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдын бие махбодод хүндэвтэр зэргийн гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Баасанжаргалын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг  хасч,  хорих ял оногдуулах үндэслэлтэй байна гэж үзлээ.

   Шүүгдэгч Г.Баасанжаргалийн үйлдэлд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх ба харин тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн зэргийг Эрүүгийн хуулийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.3, 55.1.9 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, ял оногдуулахдаа харгалзаж үзэв.

   Шүүх гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг харгалзан шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзлээ.

   Шүүгдэгч нь бусдад учруулсан хохирлоо төлсөн хохирогч нь цаашид нэхэмжлэх зүйлгүй гэсэн хүсэлт ирүүлсэн байх тул шүүгдэгчийн  битүүмжилсэн 7000000 төгрөгийн үнэ бүхий 46-63 УНЯ улсын дугаартай Портер загварын тээврийн хэрэгслийг битүүмжлэлээс чөлөөлөх нь зүйтэй гэж үзлээ.

  Мөн энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хохирогчид хохирол төлөгдсөн, шүүгдэгч цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Г.Баасанжаргадын иргэний цахим үнэмлэх шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус дурдах нь зүйтэй байна.

        Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

        1. Шүүгдэгч Боржигон овогт Ганбатын Баасанжаргал нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдын бие махбодод хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

        2. Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Баасанжаргалын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасч, 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

     3. Эрүүгийн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар ялтан Г.Баасанжаргалд оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

      4. Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар ялтан Г.Баасанжаргалд оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг тэнсэж, 1 жил 4 сарын хугацаагаар хянан харгалзаж, засрал хүмүүжилд нь хяналт тавих үүргийг Говь-Алтай аймаг дахь  Цагдаагийн газарт хариуцуулсугай.

         5. Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.3, 61.5 дахь хэсгүүдэд зааснаар ялтан Г.Баасанжаргал нь хянан харгалзах хугацаанд гэмт хэрэг шинээр үйлдвэл эрүүгийн хуулийн 58 дугаар зүйлд заасан журмыг баримтлан ял оногдуулах, мөн захиргааны шийтгэл хүлээсэн бол Цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэх болохыг сануулсугай.

         6. Эрүүгийн хуулийн 48 дугаар зүйлийн 48.2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс ялтан Г.Баасанжаргалын тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялын хугацааг тоолсугай.

      7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10 дахь хэсэгт зааснаар битүүмжилсэн 7000000 төгрөгийн үнэ бүхий 46-63 УНЯ улсын дугаартай Портер загварын тээврийн хэрэгслийг битүүмжлэлээс чөлөөлсүгэй.

         8. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц ялтан Г.Баасанжаргалын 573274 дугаартай жолоочийн үнэмлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлсүгэй.

   9. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хохирогчид хохирол төлөгдсөн, Г.Баасанжаргал нь цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний цахим үнэмлэх шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус дурдсугай.

      10. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

         11. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

         12. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор ялтан, түүний өмгөөлөгч, хохирогч нар Говь-Алтай аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

         13. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид урьд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Ч.МӨНХТУЯА