Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 04 сарын 02 өдөр

Дугаар 827

 

Ш.Х-ы нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 182/ШШ2018/00208 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Ш.Х-ы нэхэмжлэлтэй,

Хариуцагч “Э а” ХХК-д холбогдох

 

Хөлсөөр ажиллах гэрээний үлдэгдэл 5 880 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2018 оны 03 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.О,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Б,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.О,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Чинхүслэн нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нь “Э а” ХХК-тай 2017 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг дэвсгэрт байрладаг Хатан туул сувилалд ахмад настанд амралт, сувиллын үйлчилгээ үзүүлэх талаар харилцан тохиролцож хөлсөөр ажиллах гэрээ байгуулсан. Гэрээгээр нэхэмжлэгч нь өөрийн мэдлэг мэргэжил, туршлагын хүрээнд сувиллын газарт эмчилгээ сувиллын үйлчилгээг үзүүлэхээр харилцан тохиролцож, сувиллын газрын эмчилгээ үйлчилгээг удирдан зохион байгуулах ажлыг хүний их эмч Г.О, Ч.Л нарыг эмчлэгч эмчээр, хүний их эмч И.О-ийг халдвар судлаачаар, нөхөн сэргээх бага эмчээр Д.А, М.С нарыг ээлжээр ажиллуулахаар багаа бүрдүүлж 2017 оны 05 дугаар сарын 10-ны өдрөөс ажлаа эхлүүлсэн.

Хатантуул сувиллын орчин нөхцөл эмчилгээ үйлчилгээний байдал хүндхэн наад захын шаардлага хангахгүй байдалтай байсан бөгөөд ажиллах хугацаандаа сувиллын тусламж үйлчилгээний чанар аюулгүй байдлыг хангахад тавигдах ММ55232:2013 стандартыг удирдлага болгон үйл ажиллагааг нь сайжруулахаар хичээн ажилласны дүнд сувиллын үйлчилгээ, ялангуяа эмнэлгийн талын үйлчилгээ илт сайжирсан. 2017 оны 05 дугаар сарын 10-ны өдрөөс хойш сувиллын үйл ажиллагаа хэвийн явагдаж байсан боловч ажиллуулагч талаас гэрээнд заасан хөлсийг өгөхгүй хойшлуулж байгаад 2017 оны 08 дугаар сарын 01-ний өдөр гэрээ цуцлах тухай бичиг өгсөн. Бид гэрээ цуцлахыг хүлээн зөвшөөрөхгүй, ажлын хөлсөө авья гэхэд өгөхгүй гэсэн. Гэрээ цуцлах үндэслэлд бичсэн зүйл нь анх ярилцаж тохиролцсоноосоо буцсан бусдын хөдөлмөр, хөлс хүчийг ашиглан хөрөнгөжих, ажлын хөлс төлөхөөс зайлсхийж гэрээний үүргээ биелүүлэхгүй гэсэн арга гэж үзэж байна.

Хатантуул амралт, сувиллын газарт 2017 оны 6 сард 46 хүн, 7 сард 47 хүн нийт 93 хүн хэвтэн амарсан байна. Амрагчид тус бүр харилцан адилгүй ор хоног хэвтэн амардаг сувилалд ахмад настан 1 хоногт 30 000 төгрөгөөр, энгийн амрагч 1 хоногт 40 000 төгрөгөөр үйлчлүүдэг. Бид эмчилгээ үйлчилгээ үзүүлсэн амрагч тус бүрээс хоногт 10 000 төгрөгийг тооцож ажлын хөлс болгон авахаар тохиролцсоны дагуу 93 хүний төлбөрт ногдох 1/3-ийн төлбөр нь 5 880 000 төгрөг болж байгаа юм. Энэ нь бидний ажлын хөлс болно.

“Э а” ХХК нь гэрээний дагуу ажлын хөлсөө өгөөгүйгээс бид сувилалд ажилласан эмч нарын цалин хөлсийг өгч чадахгүй байдалд хүрээд байна. Иймээс ажлын хөлс болох 5 880 000 төгрөгийг “Э а” ХХК-аас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Талуудын хооронд 2017 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр Иргэний хуулийн 359-368 дугаар зүйлийг үндэслэн хөлсөөр ажиллах гэрээг ахмад настанд амралт сувиллын үйлчилгээ үзүүлэх ажлыг гүйцэтгэх үед эмнэлгийн мэргэжлийн чиглэлийн үйлчилгээг хариуцан гүйцэтгэх, ажиллагч нь амрагч сувилуулагч нарт стандартад нийцсэн сувиллын үйлчилгээг мэргэжлийн түвшинд үзүүлэх, ажиллуулагч нь ажиллагчид олгох ажлын хөлсийг нэг үйлчлүүлэгчийн үйлчилгээний төлбөрийн 3-ны 1 хувь, сарын эцэст тооцоо нийлж дараа сарын 05-ны дотор саадгүй төлөх гол нөхцөлтэйгээр байгуулсан.

Гэрээний үргэлжилсэн хугацааг 2017 оны 05 дугаар сарын 10-ны өдөр эхэлж, мөн оны 08 дугаар сарын 01-ний өдөр дуусгавар болгосон гэдэгтэй хариуцагч тал маргахгүй бөгөөд ажил эхлэхдээ нэхэмжлэгч нь өөрийн биеэр байсан, харин нэхэмжлэгч гэрээт ажлыг биечлэн гүйцэтгээгүй, нэхэмжлэлд дурьдсан И.О, Г.О, Ч.Л, Д.А, М.С нараар гэрээт ажлыг гүйцэтгүүлсэн, хариуцагчийн зүгээс эдгээр хүмүүсийн мэргэжлийн үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл, мэргэжлийн диплом, гэрчилгээг ирүүлэхийг удаа дараа шаардахад гаргаж өгөөгүй, улмаар үйлчлүүлэгч нараас мэргэжлийн эмч ажиллуулах шаардлага тавьж, хариуцагчийн ажил хэргийн нэр хүндэд нөлөөлөх байдал хүрсэн, үйлчлүүлэгчээс эмчлэгч эмч хэл амаар доромжилсон, эмчилгээ хийж өгөхгүй байна гэдэг гомдол гарсан. Гэрээ ёсоор хариуцагч нь нэхэмжлэгчийн мэргэжлийн үйл ажиллагаанд оролцохгүй гэсэн заалттай боловч нэхэмжлэгчийн мэргэжлийн үйл ажиллагаатай холбоотой гомдол удаа дараа гарсан, нэхэмжлэгчид энэ тухай хэлж шийдвэрлүүлэх гэхээр өөрөө биечлэн гэрээт ажлаа хийж гүйцэтгэхгүй, ажлын байрандаа байхгүй байсан тул арга буюу гэрээгүй хүмүүсийг цаашид ажиллуулахгүй гэж шийдсэн.

Нэхэмжлэгчид 6, 7 сарын ажлын тайлангаа гарган өгч, тооцоо нийлэхийг шаардсан боловч тайлан гаргаж өгөөгүй, тооцоо нийлээгүй өнөөдрийг хүрсэн. Нэгэнт гэрээний 2.1.6-д заасан тооцоо нийлж ажлыг хөлсийг олгохоор заасан бөгөөд нэхэмжлэгч тал хариуцагчид тооцоо нийлсэний дараа ажлын хөлс хэдэн төгрөг олгох асуудлыг шийдвэрлэсэн нь зүйтэй гэж үзэж байна.

Хариуцагч талаас өөрт байгаа 2017 оны 5 сард амарч, сувилуулсан 47, 2017 оны 6 сарын 39, 2017 оны 7 сарын 31, нийт 117 хүний сувилуулагчийн түүх, түүнд хавсарган үйлдсэн бариа заслын эмчилгээний карт зэргийг хуулбарлан нотлох баримтын шаардлага ханган гаргаж өгч дараах тайлбарыг гаргаж байна.

Хариуцагчийн амралт, сувилалд ирсэн үйлчлүүлэгч нар амралт сувиллын үйлчилгээг дангаар болон хавсарч авдаг. Талуудын хооронд байгуулсан гэрээгээр нэхэмжлэгч зөвхөн эмнэлгийн мэргэжлийн чиглэлийн үйлчилгээг хариуцан гүйцэтгэхээр тохирсон. Нэхэмжлэгчийн ажлын гүйцэтгэсэн байдлыг үйлчлүүлэгч нарт үзлэг хийж нээсэн сувилуулагчийн түүх, бариа заслын эмчилгээний картыг үндэслэн хэнд, хэдэн удаагийн үйлчилгээ үзүүлснээр тооцох ёстой. Хариуцагч өөрийн гаргасан нотлох баримтыг үндэслэн нэхэмжлэгчийн гүйцэтгэсэн ажилд олгох хөлсийг тооцож үзэхэд 2017 оны 5 сард 1 710 000 төгрөг, 6 сард 1 910 000 төгрөг, 7 сард 1 280 000 төгрөг, нийт 4 900 000 төгрөгийн хөлс олгохоор байна. Үүнээс төлсөн 2 880 000 төгрөгийг хасч одоо 2 020 000 төгрөгийг төлөхөөр байна. Харин нэхэмжлэгч амралт сувилалд үйлчлүүлсэн хүмүүсийн амарсан нийт хоногоос ажлын хөлсөө авахаар тооцсон нь үндэслэлгүй бөгөөд биечлэн үйлчилгээ үзүүлсэн үйлчилгээндээ хөлс авах ёстой.

Ажлын хөлсийг тухайн хугацаанд нь төлөх боломж байсан боловч нэхэмжлэгч ажиллаж байхдаа үйлчилгээ үзүүлсэн хүмүүсийнхээ сувилуулагчийн түүх, картаар биш нийт амарсан хоногоор нь шаардаж байсан, тооцоо нийлэх хүсэлт удаа дараа тавихад шаардлага хүлээж аваагүйгээс өнөөдрийг хүрсэн. 2017 оны 6 сард амарсан, сувилуулагчдын нэрсийн жагсаалтаар 46 хүний нэрсийг гаргаж өгснөөс Р.Сэр-Од, Т.Баасанжаргал, А.Борхүү, Д.Цэрэнчимэд, Б.Бүтэд, Шинэтуяа, Д.Цэрэндолгор, 2017 оны 7 сард амарсан, сувилуулагчдын нэрсийн жагсаалтаар 47 хүний нэрийг гаргаж өгснөөс Н.Нарангэрэл, Н.Энхцэцэг, Б.Лхамжав, О.Жадамбаа, Б.Цэгмид, Г.Цогзолмаа, Ч.Энхцолмон, Х.Жавзанпагма, Д.Оюун-Эрдэнэ, Д.Төмөрбаатар, Ш.Цэдэнпил, Ц.Мандах нарт сувилуулагчийн түүх, бариа заслын карт нээж үйлчилгээ үзүүлсэн талаарх баримтыг хариуцагчид хүлээлгэж өгөөгүй тул баримт гаргаж өгөх боломжгүй байна гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д заасны дагуу хариуцагч “Э а” ХХК-аас 5 320 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ш.Х-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 560 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухайхуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т заасны дагуу нэхэмжлэгч Ш.Х-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 109 030 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагчаас 100 070 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ш.Х-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5-д заасны дагуу шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан арга, журмын дагуу албадан гүйцэтгэх ажиллагаа явуулахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад зөвшөөрч шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 182/ШШ2018/00208 дугаар шийдвэрийн 3 300 000 төгрөгт холбогдох хэсгийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.

Анхан шатны шүүх Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагаас 5 320 000 төгрөгийг хангаж шийдвэрлэхдээ “...гэрээний 2.1.6-д заасныг ажиллагч этгээд “Э а” амралт сувиллын газарт тухайн сард амралт, сувиллын үйлчилгээ авсан аливаа этгээдийн нийт төлбөрийн 3-ны 1 хувиар хөлсөө тооцон шаардах эрхтэй гэж ойлгон тайлбарлах нь зүйтэй” гэж үндэслэл болгон нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн. Хариуцагчийн Хатантуул амралт, сувилалд ирсэн үйлчлүүлэгч нар амралт болон сувиллын үйлчилгээг дангаар болон хавсарч авдаг.

Нэхэмжлэгч Иргэний хууль болон хөлсөөр ажиллах гэрээний дагуу зөвхөн эмнэлгийн мэргэжлийн чиглэлийн үйлчилгээг хариуцан гүйцэтгэхээр тохирсон бөгөөд ажил, үйлчилгээг гүйцэтгэсэн байдлыг үйлчлүүлэгч нарт үзлэг хийж нээсэн сувилуулагчийн түүх, бариа заслын эмчилгээний картыг үндэслэн хэнд, хэдэн удаагийн үйлчилгээ үзүүлсэнээр тооцох ёстой гэж марган үүнийг нотлохоор нэхэмжлэгчийн хөтөлж үйлдсэн баримтыг үндэслэн тооцож зарим хэсгийн эс зөвшөөрч байгаа нь нотлох баримтаар авагдсан байхад шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дах хэсэгт заасан шаардлагад нийцээгүй хэт нэг талыг буюу нэхэмжлэгч талд шийдвэрлэсэн гэж үзнэ.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй гэж үзэж давж заалдах гомдол гаргаж байгаа тул хэргийг бүхэлд нь хянан үзэж анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж 3 300 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, зохигчдын хоорондын маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

 

Нэхэмжлэгч Ш.Х- хариуцагч “Э а” ХХК-д холбогдуулан хөлсөөр ажиллах гэрээний дагуу төлөх 2017 оны 6, 7 дугаар сарын ажлын хөлс 5 880 000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нэхэмжлэлийн шаардлагаас 2 020 000 төгрөгийг зөвшөөрч, үлдэх хэсгийг эс зөвшөөрч маргасан байна.

 

Талуудын хооронд 2017 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хөлсөөр ажиллах гэрээ байгуулагдсан ба уг гэрээгээр ахмад настанд амралт, сувиллын үйлчилгээ үзүүлэх ажлыг гүйцэтгэх үед нэхэмжлэгч нь эмнэлгийн мэргэжлийн чиглэлийн үйлчилгээг хариуцан гүйцэтгэх, хариуцагч нь нэг үйлчлүүлэгчийн үйлчилгээний төлбөрийн 3-ны 1 хувийн хөлс төлөхөөр тохиролцсон бөгөөд Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт заасан хөлсөөр ажиллах гэрээний харилцаа үүссэн талаар шүүх зөв дүгнэжээ. /хэргийн 3 дугаар тал/

Хариуцагч нь 2017 оны 5 дугаар сарын ажлын хөлсөнд 2 880 000 төгрөгийг нэхэмжлэгчид өгсөн болон мөн оны 08 дугаар сарын 01-ний өдрөөр тасалбар болгон хариуцагчийн санаачлагаар гэрээ цуцлагдсан үйл баримтын талаар талууд маргаагүй байна. /хэргийн 28 дугаар тал/ Мөн гэрээнд заасан 1 үйлчлүүлэгчийн үйлчилгээний төлбөрийн 3-ны 1 хувийн төлбөр гэдэг нь 10 000 төгрөг болохыг хариуцагч үгүйсгээгүй байна. Харин зохигчид гэрээний 2.1.6-д “Ажиллуулагчид олгох ажлын хөлс нь нэг үйлчлүүлэгчийн үйлчилгээний төлбөрийн 3-ны 1 хувь байх бөгөөд сарын эцэст тооцоо нийлж дараа сарын 5-ны дотор саадгүй олгоно” гэх  заалтын агуулгын талаар болон гэрээг цуцлах хүртэл хугацаанд хэвтэж сувилуулсан хүмүүсийн тооны талаар маргажээ.

 

Нэхэмжлэгч ажлын хөлсийг амрагч бүрийн амарсан хоног тутамд 10 000 төгрөгөөр тооцох ёстой гэж, хариуцагч амарсан хүмүүсийн гагцхүү эмчилгээ, сувилгааны үйлчилгээ авсан өдрөөр 10 000 төгрөгийн хөлс тооцогдоно гэж маргасан байна.

 

Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 2.1.6 дахь заалтыг амралт болон сувиллын үйлчилгээ авсан аль аль хоногт хамааруулан тооцох үндэстэй гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.2 дахь хэсэгт нийцнэ. Тодруулбал, талууд гэрээгээр хөлсний хэмжээг 1 үйлчлүүлэгчийн төлбөрийн хэмжээнээс тооцохоор заасан байгаагаас бус, сувилгаа үйлчилгээ авсан өдрөөр тооцохоор тохиролцоогүй байна. Сувиллаар үйлчлүүлсэн хүмүүсээс төлбөрийг эмчилгээтэй, эмчилгээгүй байсан гэж ялгах талаар гэрээнд заагаагүй болно.

 

Нэхэмжлэгч нь 2017 оны 6 дугаар сард амралтын газарт нийт 46 хүн амарснаас 35 хүн 6 хоног, 4 хүн 8 хоног, 7 хүн 10 хоног амарсан гэж үзэж 35 хүний хувьд хүн тус бүрийн 60 000 төгрөг буюу 2 100 000 төгрөг, 4 хүний хувьд хүн тус бүрийн 80 000 төгрөг буюу 320 000 төгрөг, 7 хүний хүн тус бүрийн 100 000 төгрөг буюу 700 000 төгрөг, нийт 3 120 000 төгрөгийн хөлсийг гэрээний 2.1.6-д заасны дагуу авах ёстой гэж, хариуцагч нь 6 дугаар сард 39 хүн амарснаас 4 хүн 1 хоног, 1 хүн 2 хоног, 1 хүн 4 хоног, 28 хүн 5 хоног, 2 хүн 7 хоног, 3 хүн 9 хоног эмчилгээ авсан нь тэдгээрт нээсэн эмчлүүлэгчийн картаар тогтоогдоно, иймд 4 хүн тус бүрийн 40 000 төгрөг буюу 160 000 төгрөг, 1 хүний 20 000 төгрөг, 1 хүний 40 000 төгрөг, 28 хүн тус бүрийн 50 000 төгрөг буюу 1 400 000 төгрөг, 2 хүн тус бүрийн 70 000 төгрөг буюу 140 000 төгрөг, 3 хүн тус бүрийн 90 000 төгрөг буюу 270 000 төгрөг, нийт 2 070 000 төгрөгийн ажлын хөлс 6 дугаар сард авах ёстой, нэхэмжлэгчийн дурдаж буй Р.Сэр-Од, Т.Баасанжаргал, А.Борхүү, Д.Цэрэнчимэг, Б.Бүтэд, Л.Шинэтуяа, Д.Цэрэндолгор нарын ахмадууд огт амраагүй гэж тайлбарлаж байгаагаас үзэхэд талууд 6 дугаар сард тус амралтын газарт 39 амрагч амарсан талаар маргаагүй ба харин дээрх нэр бүхий 7 амрагч амарсан эсэх талаар маргасан боловч маргаж буй 7 амрагч 6 дугаар сард тус амралтын газарт амарсан болох нь Хөдөлмөр, халамж үйлчилгээний ерөнхий газраас ирүүлсэн баримтаар тогтоогдсон тул нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 6 дугаар сарын ажлын хөлс 3 120 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна. /хэргийн 2 дахь хавтаст 137-139 дүгээр тал/

 

Түүнчлэн, нэхэмжлэгч 7 дугаар сард 44 амрагч амарсан гэж, хариуцагч 31 амрагч амарсан гэж маргаж байх боловч тэдгээрийн тайлбараас үзэхэд нэр бүхий 13 амрагчийн нэрсээр зөрж байх боловч хэрэгт авагдсан Хөдөлмөр, халамж үйлчилгээний ерөнхий газраас ирүүлсэн нэрсийн жагсаалтаар О.Жадамба, Б.Цэгмэд, Ш.Цэцэгмаа, Г.Цогзолмаа нарын 4 үйлчлүүлэгчээс бусад үйлчлүүлэгчдийн нэрс ирээгүй байх тул 7 дугаар сард нэр бүхий 11 амрагч тус амралтын газарт амарсан болох нь баримтаар тогтоогдохгүй байна.

 

Иймд 35 амрагч тус амралтын газар амарсан болох нь баримтаар тогтоогдож байх бөгөөд амрагчдын амралтын хоногийг 1 амрагчийг 3 хоног, 3 амрагчийг 4 хоног, 6 амрагчийг 5 хоног, 15 амрагчийг 6 хоног, 5 амрагчийг 7 хоног, 5 амрагчийг 10 хоног амарсан тул 2017 оны 7 дугаар сарын ажлын хөлс 2 200 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгосон анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй байна.

 

Шүүх хариуцагч байгууллагын сувиллын газраар хэвтэн үйлчлүүлэгсдийн тоог Хөдөлмөр, халамж үйлчилгээний ерөнхий газраас 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 7/74 тоот албан бичгээр ирүүлсэн баримтын дагуу тооцсон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх хуулийн шаардлагад нийцжээ. Хариуцагч 2017 оны 6, 7 дугаар сард өөрийн Хатан туул сувилалд хэвтэн сувилуулагчдын картад бичигдээгүй хүмүүст үйлчилгээ үзүүлээгүй гэх боловч тэдгээр хүмүүст эмчилгээ сувилгаа үзүүлсэн гэж төрөөс зохих тэтгэмжийг авсан болохыг үгүйсгээгүй байна.

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчаас 5 320 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Чингэлтэйдүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 182/ШШ2018/00208 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Отгонжаргалын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд хариуцагч гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 67 750 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                             ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                           ШҮҮГЧИД                                     Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

                                                                        С.ЭНХТӨР