Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 02 сарын 10 өдөр

Дугаар 001/ХТ2022/00123

 

 

Л.Цэрэндуламын хүсэлттэй

иргэний хэргийн тухай 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Г.Банзрагч даргалж, Танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Б.Мөнхтуяа, П.Золзаяа, С.Соёмбо-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 183/ШШ2020/00436 дугаар шийдвэр

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 861 дүгээр магадлалтай, 

Л.Цэрэндуламын хүсэлттэй,

Ж.Лувсантай садан төрлийн холбоотой буюу төрсөн охин нь мөн болохыг

тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг  

Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Түвшинтөгс нарын хамтран гаргасан

гомдлоор

Шүүгч С.Соёмбо-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ: 

1. Л.Цэрэндулам нь Жамсрангийн Лувсантай садан төрлийн холбоотой буюу төрсөн охин нь мөн болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. 

2. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 183/ШШ2020/00436 дугаар шийдвэрээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.1-д заасныг баримтлан хэлмэгдэгч Жамсрангийн Лувсантай садан төрлийн холбоотой буюу түүний төрсөн охин мөн болохыг тогтоолгохыг хүссэн Л.Цэрэндуламын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.  

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 861 дүгээр магадлалаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 183/ШШ2020/00436 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээж шийдвэрлэсэн байна.  

3. Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Түвшинтөгс нар хяналтын журмаар хамтран гаргасан гомдолдоо: ...Анхан шатны шүүх нотлох баримтууд дутуу, буруу үнэлж хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзэж байна. Учир нь энэхүү хэрэгт Л.Цэрэндуламын гаргаж өгсөн баримтаас гадна анхан шатны шүүхийн шүүгч өөрийн санаачилгаар Булган аймаг дахь сум дундын иргэний хэргийн шүүхэд даалгавар бичих замаар гэрч Л.Отгоныг асуулгасан боловч нас өндөр болсон гэрч Л.Отгон шүүхийн асуултад бүрэн хариулж чадаагүй байхад анхан шатны шүүх шийдвэртээ Л.Цэрэндуламыг мэдэхгүй гэж мэдүүлсэн гэж шийдвэрийнхээ үндэслэл болгож бичсэн нь хуульд нийцэхгүй байна. Өөрөөр хэлбэл шүүгчийн даалгавар бүрэн хангагдаагүй, асуусан асуултад гэрч хариулж чадаагүй байхад шүүх хуралдааныг явуулсан. Гэрчээр Л.Отгоныг асран хамгаалж байгаа төрсөн хүүхдүүдээс нь нэхэмжлэгчийг таньж мэдэх, садан төрлийн холбоо байгаа талаар асуух боломж байхад эдгээр ажиллагааг огт хийлгүй орхигдуулсан атлаа зөвхөн гэрч хариулж мэдэхгүй байна гэж үзсэн нь хэт нэг талыг барьж буруу шийдвэрлэсэн. Мөн шүүхээс архивын газраас лавлагааг гаргуулан авсан. Энэхүү лавлагаа нь нэхэмжлэгчийн анх шүүхэд гаргаж өгсөн баримттай ижил байсан боловч бичгийн алдаанаас шалтгаалан хүйсийг эрэгтэй гэж бичсэн байсан зэрэг зөрүүг арилгуулах арга хэмжээг огт аваагүй. Шүүхийн журмаар авагдсан баримтууд байсан тул түүний зөрүү арилгах зэрэг эрх анхан шатны шүүхэд байсан. Энэ зөрүүтэй баримтад давж заалдах шатны шүүх ямар нэг дүгнэлт хийлгүй орхигдуулсан. Нэхэмжлэгч талаас Л.Цэрэндулам нь өөрөө одоо 86 настай, өөрийг нь өсгөсөн эх Ж.Цэрэн нь 99 настай ба шүүхэд бичгээр гаргаж өгсөн тодорхойлолт, мөн төрсөн эгч дүү болох Цэвэгжавын хүүхдүүд болох С.Цэндсүрэн, С.Цэрэндулам нар гэрчээр мэдүүлсэн байхад эдгээр иргэдээс гаргаж өгсөн баримт, мэдүүлгүүдийг огт дүгнэлгүй орхигдуулсан. Түүнчлэн гэрчээр мэдүүлсэн этгээдүүд нь тус иргэний хэрэгт ямар нэг ашиг сонирхолтой этгээдүүд байна гэж үзсэн нь хууль зүйн үндэслэлгүй төдийгүй нэхэмжлэгчээс хуульд заасан шаардлагын дагуу гэрчүүдийг оролцуулсан.

3.1. Давж заалдах шатны шүүхийн магадлалын хянавал хэсэгт ..хэрэгт авагдсан Архивын ерөнхий газраас ирүүлсэн 1933 оны хүн амын тооллогын бүртгэлд Хөвсгөл аймгийн Тэшиг сумаас авсан лавлагаа хавтаст хэргийн 5 дугаар хуудаст авагдсан байна... гэж дүгнэсэн. Тэгтэл нэхэмжлэгч талаас болон шүүхийн журмаар иргэний хэрэгт авагдсан бичгийн баримтуудад Хөвсгөл аймгийн нэг ч лавлагааг аваагүй ба Булган аймгийн Тэшиг сумын иргэн билээ. Давж заалдах шатны шүүх хэрэгт байгаа нотлох баримтыг буруу үнэлж Хөвсгөл аймгийн иргэн байсан мэтээр буруу дүгнэлт хийж шийдвэрлэсэн гэж үзэж байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт орсонтой холбоотойгоор 2014.06.09-ний өдөр 01 дугаартай Улсын Дээд шүүхийн зөвлөмжөөр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6, 133 дугаар зүйлд зааснаар онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх хэрэгт мэтгэлцэх зарчим хамаарахгүй, нотлох баримт цуглуулах ажиллагааг шүүх өөрөө хийнэ гэсэн байна. Тэгтэл анхан шатны шүүх шийдвэрийн үндэслэх хэсэгтээ тус маргаан бүхий хэргийг мэтгэлцээний үндсэн дээр явагдаж шийдвэрлэсэн гэж дүгнэсэн. Мөн шүүгчийн даалгавар бичсэн ажиллагаа нь бүрэн хангагдаагүй төдийгүй гэрч нэхэмжлэгчийг таньж мэдэхгүй байгаа нь өндөр насны доройтол эрх зүйн чадамжгүй байсан байхад шийдвэртээ нэхэмжлэгчийг танихгүй гэсэн гэж шийдвэрийн үндэслэл болгож бичсэн. Шүүхээс авсан зөрүүтэй баримтын зөрүүг арилгалгүй буруу дүгнэлт хийсэн зэрэг нь хуульд нийцэхгүй байгаа ба онцгой ажиллагааны журмаар хэрэг хянан шийдвэрлэхдээ буруу жишиг практик тогтоож байгааг анхаарч үзнэ үү. Л.Цэрэндулам одоо 86 настай, өөрийн эгч Л.Отгон нь 92 настай, Л.Цэрэндуламыг өргөн авч өсгөсөн эх Ж.Цэрэн нь 99 настай өндөр настай буурлууд ба нэхэмжлэгчийн хувьд насны эцэст Лувсанг өөрийн төрсөн эцэг мөн болохыг тогтоолгох л хүсэлтэй байгааг илэрхийлсэн. Эгч Л.Отгон нь 2020 оны 01 дүгээр сард хэлмэгдсэн эцгийнхээ нөхөн олговрыг бүрэн авч нэхэмжлэгч дүү Л.Цэрэндуламд 10,000,000 төгрөгийг өгч хувь хишгээ хуваан авсан иргэд билээ. Иймд шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчим алдагдаж хуулийг ноцтой зөрчиж, буруу тайлбарлан хэрэглэсэн, мөн шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчиж шийдвэрлэсэн. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож, зөрүүтэй нотлох баримтуудыг зөвтгөж, анхан шатны шүүхээр дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү. гэжээ.  

ХЯНАВАЛ: 

4. Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Түвшинтөгс нарын хяналтын журмаар хамтран гаргасан гомдлыг хангах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна. 

5. Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.1-д заасныг баримтлан хэлмэгдэгч Жамсрангийн Лувсантай садан төрлийн холбоотой буюу түүний төрсөн охин мөн болохыг тогтоолгохыг хүссэн Л.Цэрэндуламын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосныг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээжээ.  

Эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал буюу садан төрлийн холбоотой болохыг шүүх онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.1-д заасныг анхан болон давж заалдах шатны шүүх зөрчөөгүй байна.

6. Нэхэмжлэгч Лувсанжамбын Цэрэндулам нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...хэлмэгдэгч Жамсрангийн Лувсантай садан төрөл буюу түүний төрсөн охин, ...төрсөн эцэг Ж.Лувсан, эх н.Должин нарын дундаас Л.Санжаажав, Л.Гомбожав, Л.Цэвэгжав, Л.Аръяа, Л.Яашиг, Л.Отгон, Л.Нэргүй нар төрсөн бөгөөд бага охин болох намайг бага байхад Л.Нэргүй мөн Бабай гэж авгайлдаг байсан. Эдгээр нэр болон сүүлд өргөгдсөн Гэндэнгийн Лувсанжамба овгоор хүн амын тооллогод бүртгэгдсэн. Одоо төрсөн эгч Л.Отгон болон өргөж авсан эх Ж.Цэрэн нар амьд сэрүүн байдаг... гэж тодорхойлжээ. 

7. Хэрэгт авагдсан Архивын Ерөнхий газрын 1933 оны хүн амын тооллого, Тагнуулын Ерөнхий газрын Тусгай архивын лавлагаа зэргээс дүгнэвэл 1933 оны хүн амын тооллогын бүртгэлд ...өрхийн тэргүүн Жамсран Лувсан 38 настай, эхнэр Найдан Должин 41 настай, охин Лувсангийн Цэвэгжав 9 настай, Лувсангийн Рэнцэн 8 настай, хүү Лувсангийн Санжаажав 6 настай, Лувсангийн Долгор 4 настай, Лувсангийн Гомбожав 1 настай... гэж, 1938 онд Жамсрангийн Лувсанг улс төрийн хилс хэрэгт баривчлагдах үед эхнэр Должин, хүүхэд Цэвэгжав, Аръяа, Яашиг, Отгон, Нэргүй гэж тус тус бүртгэгдсэн байна. 

8. Гэндэнгийн Лувсанжамбын талаарх Архивын Ерөнхий газрын 1944, 1956 оны хүн амын тооллогын бүртгэлд ...1944 онд Булган аймаг Тэшиг сум, 7 дугаар баг, өрхийн тэргүүн Гэндэнгийн Лувсанжамба 37 настай, Жүгдэрийн Цэрэн 21 настай, Лувсанжамбын Бабай 7 настай, Лувсанжамбын Балган-Иш 5 настай... гэж тусгагджээ.  

9. Анхан болон давж заалдах шатны шүүхийн ...Л.Цэрэндулам нь өөрийгөө Бабай гэж нэрлэн дууддаг байсан талаар тайлбарлах боловч уг хүн амын тооллогод бүртгэгдсэн Бабай нь 1937 онд төрсөн гэж тооцогдохоор байна. Мөн 1956 оны хүн амын тооллогын бүртгэлд Улаанбаатар хот, Чойбалсангийн хороо, 1 дүгээр хорины бүртгэлд өрхийн тэргүүн Гэндэнгийн Дамдинжав 34 настай, эхнэр Лувсангийн Цэнджав 32 настай, дүү Лувсанжамбын Цэрэндулам эрэгтэй, 21 настай, 1956 оны хүн амын тооллогын бүртгэлд Булган аймаг Тэшиг сумын 6 дугаар багийн бүртгэлийн 29-р хуудсанд өрхийн тэргүүн Гэндэнгийн Лувсанжамба 49 настай, охин Лувсанжамбын Галия 7 настай, охин Лувсанжамбын Дашдулам 5 настай, эхнэр Жүгдэрийн Цэрэн 34 настай, хүү Лувсанжамбын Балганшаш 10 настай, хүү Лувсанжамбын Уктабаяр 8 настай гэж тус тус бүртгэгдсэн байх бөгөөд Тагнуулын ерөнхий газрын тусгай архивын лавлагаанд Лувсангийн төрсөн хүүхдээр бичигдсэн Нэргүй нь нэхэмжлэгч Лувсанжамбын Цэрэндулам мөн болох нь тогтоогдохгүй байна, ...Лувсангийн том охин Цэвэгжавын төрсөн хүүхдүүд болох С.Цэндсүрэн, С.Цэрэндулам нар ...Цэрэндулам нь Цэвэгжавын төрсөн охин мөн, аав Лувсангаа хэлмэгдсэнээс хойш айлд очсон гэж ярьдаг байсан, түүнийг бага байхад нь Павай /Бабай/ гэж дууддаг байсан, ээж, ааваасаа сонссон зүйлийн талаар ярьж байна... гэх агуулгаар гэрчийн мэдүүлгийг хөндлөнгийн өөр бусад баримтуудаар нотлогдоогүй учраас хэргийн үйл баримтыг шууд нотолсон, эргэлзээгүй баримт гэж үнэлэх боломжгүй... гэсэн дүгнэлтүүд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасныг зөрчсөн гэж үзэхгүй.

Давж заалдах шатны шүүх ...нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гомдлын нэг үндэслэлээ, гэрч Л.Отгоны мэдүүлгийн талаар тодруулах ажиллагааг шүүх хийгээгүй гэх боловч анхан шатны шүүх Л.Отгоныг мэдүүлэг өгөх боломжгүй эрх зүйн чадвар чадамжгүй болсон талаарх баримтгүй талаар дүгнэсэн байна... гэснийг буруутгах боломжгүй. 

10. Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын 2020.01.09-ний өдрийн 36 дугаартай албан бичигт ...хэлмэгдэгч Жамсрангийн Лувсангийн төрсөн хүүхэд Лувсангийн Отгон нь манай байгууллагад 2018.06.12-ны өдөр нөхөх олговор нэхэмжлэхээр урьдчилсан бүртгэлд бүртгүүлж, нотлох баримтаа бүрдүүлэн Зууны мэдээ сонинд 2019.07.04-ний өдрийн №134/6101/ дугаарт нөхөх олговрын нэхэмжлэлээ бүрдүүлсэн иргэдийн нэрсийн жагсаалтын хэлмэгдэгчийн хүүхэд хэсгийн 42 дугаарт нэр нь зарлагдсан болно... гэсэн байна.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 136 дугаар зүйлийн 136.3-т Хүсэлтэд уг үйл явдлыг тогтоолгох гэж байгаа зорилгыг зааж уг үйл явдлыг тогтооход ач холбогдол бүхий баримт бичгийг олж авах буюу үрэгдсэн баримт бичгийг сэргээх боломжгүй болсныг нотлох баримтыг хавсаргана заажээ. 

Л.Цэрэндулам хүсэлтийнхээ зорилгыг ...аав баривчлагдсанаас хойш жил гаруйн дараа эх Должин нас барж бид эцэг, эхгүй өнчирч үлдсэн. Ингээд намайг Гэндэнгийн Лувсанжамба, Жүгдэрийн Цэрэн нар өргөж аваад надад Цэрэндулам гэж нэр өгөөд асарч өсгөсөн. ...хэлмэгдэгч Жамсрангийн Лувсангийн охин болохыг тогтоолгох... гэж заажээ. 

Л.Цэрэндуламын нэхэмжлэлд дурдсанаар тэрээр Г.Лувсанжамба, Ж.Цэрэн нарт үрчлэгдсэн байх тул хэлмэгдэгч Жамсрангийн Лувсангийн охин болохыг шүүх тогтоох хууль зүйн үндэслэлгүй, цаашид хэлмэгдэгч Ж.Лувсантай холбоотой аливаа эрх зүйн үр дагавар үүсэхгүй юм. 

Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн үндэслэлээ тодорхой заасан байх тул шийдвэр, магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Түвшинтөгс нарын хамтран гаргасан гомдлыг хангахгүй орхив. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 183/ШШ2020/00436 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 861 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Түвшинтөгс нарын хамтран гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.  

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар нэхэмжлэгчийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

  

                                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                  Г.БАНЗРАГЧ

                                  ТАНХИМЫН ТЭРГҮҮН                  Г.АЛТАНЧИМЭГ

                                                        ШҮҮГЧИД                 Б.МӨНХТУЯА

                                                                                          П.ЗОЛЗАЯА

                                                                                          С.СОЁМБО-ЭРДЭНЭ