Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 05 сарын 22 өдөр

Дугаар 2023/ШЦТ/118

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзаяа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Уянга, улсын яллагч Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Батцоож, шүүгдэгч Т.Отгонбаатар нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар эрүүгийн 2336000000091 дугаартай хэргийг ердийн журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, Олхонод ургийн овогт Тогтохын Отгонбаатар, 1996 оны 03 дугаар сарын 11-ний өдөр Ховд аймгийн Чандмань суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, суурь боловсролтой, сантехникч мэргэжилтэй, малчин, ам бүл дөрөв, эхнэр хүүхдүүдийн хамт Ховд аймгийн Чандмань сумын 01 дүгээр (Талын булаг) багт оршин суудаг, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, регистрийн дугаар: пн96031117.

Холбогдсон хэргийн талаар: Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Т.Өсөхболд “шүүгдэгч Т.Отгонбаатарыг 2023 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 17 цагийн үед Ховд аймгийн Чандмань сумын 05 дугаар (Урд гол) багийн нутаг дэвсгэрт хохирогч Б.Лувсандагвын гэрт архидан согтуурах явцдаа “гар утас авсан гэж хардлаа” гэх шалтгааны улмаас маргалдаж, улмаар түүний нүүр хэсэгт гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан нь нотлогдсон” гэж дүгнэн, түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

А. Гэм буруугийн талаарх шүүхийн дүгнэлт: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.

1. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудыг хооронд нь болон хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн бусад нотлох баримттай харьцуулан дүгнэж дараах нотлох баримтуудыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэллээ.

1.1. Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан “...Ховд аймгийн Чандмань сумын Урд гол багийн нутаг дэвсгэрт 2023 оны 02 дугаар сарын 25-ны өдөр иргэн Б.Лувсандагва нь зүс таних залууд зодуулж биед нь гэмтэл учирсан гэх гэмт хэргийн талаарх амаар гаргасан гомдол мэдээллийг 2022 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 14 цаг 47 минутад хүлээн авч тэмдэглэл үйлдэв” гэх тэмдэглэл (хавтаст хэргийн 6 дугаар хуудас);

- Хохирогч Б.Лувсандагвын Ховд аймгийн Цагдаагийн газарт гаргасан “...Баасандорж овогтой Лувсандагва би 2023 оны 02 дугаар сарын 25-ны өдөр гэртээ байхад Чандмань сумын иргэн Т.Отгонбаатар, Т.Энхбаатар гэх залуучууд гэрт орж ирж намайг зодож, миний үүдэн нэг шүд хугарсан, хоёр шүд хөдөлгөөн орсон, хоёр нүд хөхөрч цус хурж хавдсан байдалтай байна” гэх гомдол (хавтаст хэргийн 8 дугаар хуудас);

- Хохирогч Б.Лувсандагвын “...2023 оны 02 дугаар сарын 25-ны өдөр би 17 цагийн орчимд Аатка гэх айлд очоод Т.Энхбаатар, Т.Отгонбаатар, Алтаншагай гэх залуучуудтай хамт 13 хөзөр тоглож байгаад нэг шил архи гаргаж ирээд ууж байсан юм. ...Тэр архиа ууж дуусаад Т.Отгонбаатарын автомашинтай Т.Отгонбаатар, Т.Энхбаатар, Шагай бид дөрөв манай гэрт ирээд Шагай манай гэрээс гэр лүүгээ алхаад явсан. Т.Энхбаатар, Т.Отгонбаатар бид гурав манай гэрт ороод би утсаа хайгаад олохгүй хайж байгаад халааснаасаа олсон. Тэгсэн чинь Т.Отгонбаатар “би авсан байна уу” гээд намайг алгадаад авсан. Тэгээд Т.Отгонбаатар бид хоёр барилцаж авахад миний нүүр лүү гурваас дөрвөн удаа цохисон. Яг хэдэн удаа цохисныг нь санахгүй байна. Би Т.Отгонбаатарын урдаас эсэргүүцэл үзүүлэх гээд хүч хүрээгүй юм. Тэгээд Т.Энхбаатар Т.Отгонбаатар бид хоёрыг салгасан юм” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 12-13 дугаар хуудас);

- Гэрч Т.Энхбаатарын “...2023 оны 02 дугаар сарын 25-ны өдөр би Шагайн гэрт Шагай, Оогий /Т.Отгонбаатар/, Лууяа /Б.Лувсандагва/ бид дөрөв хөзөр тоглож байсан юм. Бид нар хөзөр тоглох хоорондоо нэг шил архи уусан. Бид хэд Лууяаг гэрт нь хүргэж өгөх гээд Т.Отгонбаатар, бид хоёр Т.Лувсандагвыг гэр лүү оруулж өгчхөөд ...ээжтэйн золгочхоод явах гээд гэрийнх нь үүдэнд зогсож байтал Лууяа Т.Отгонбаатар хоёр барилцчихсан ноцолдож байсан. Би Т.Отгонбаатарыг боль гээд тэр хоёрыг салгасан юм. Намайг салгасны дараа Луяагийн шүд цус болсон, хоёр нүд нь хавдчихсан байсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 20 дугаар хуудас);

- Гэрч Д.Наранцэцэгийн “...2023 оны 02 дугаар сарын 25-ны өдөр оройхон 17 цагийн үед байх миний нөхөр бид хоёрыг гэртээ байтал Т.Энхбаатар, Т.Отгонбаатар, Б.Лувсандагва гурав архи уусан байдалтай орж ирсэн. Миний нөхөр зөрөөд гэрээс гараад явсан, араас нь Т.Энхбаатар гарсан. Манай хүү ерөөсөө архи ууж байгаагүй учраас тухайн өдөр архиныхаа халуунд жаахан чанга чанга дугараад ширээн дээр зассан байсан таваг нураасан. Тэгсэн чинь Т.Отгонбаатар Б.Лувсандагвыг боль гээд орон дээр дараад унасан, тэгээд тэр хоёр ноцолдоод байсан. Би хөл муутай учраас босож зогсоод боль гэхээс өөр юм хийж чадаагүй, удалгүй Т.Энхбаатар орж ирээд боль гээд салгаад Т.Отгонбаатарыг аваад явсан. Т.Энхбаатар орж ирээд Б.Лувсандагва, Т.Отгонбаатар хоёрыг салгах үед манай хүү болох Б.Лувсандагвын баруун нүд жаахан хөхөрсөн байдалтай харагдаж байсан. Тэгээд манай хүү унтаад өгсөн, маргааш өглөө нь босоод ирэхэд баруун нүд нь хавдаж хөхөрсөн, үүдэн дээд шүд мултраад уначихсан байсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 24-25 дугаар хуудас);

- Шүүгдэгч Т.Отгонбаатарын гэм буруугаа хүлээн зөвшөөрч, яллагдагчаар өгсөн “...Би 2023 оны 02 дугаар сарын 25-ны өдөр найзууд болох Т.Энхбаатар, Б.Лувсандагва нартай айлд хөзөр тоглож байгаад архи уусан. Тэгээд Б.Лувсандагвыг гэрт нь хүргэж өгтөл тэр согтчихоод агсамнаад чанга чанга орилоод байхаар нь амарчих гэтэл миний урдаас хэл үгээр доромжлоод байсан тул уурандаа орон дээр дарж унагаагаад хоёроос гурван удаа нүүр лүү нь гараараа цохичихсон юм. ...Б.Лувсандагвын гэрт очихдоо Т.Энхбаатар, Б.Лувсандагва бид гурав очсон, ороод удалгүй Т.Энхбаатар гараад явчихсан. Тэгтэл Б.Лувсандагва орилж чарлаад над руу дайрахаар нь би зөрүүлээд цохисон, яг тэр үед Б.Лувсандагвын ээж болох Д.Наранцэцэг эгч байсан, өөр хүн байгаагүй. Т.Энхбаатар араас орж ирж намайг салгаж авсан юм” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 49-50 дугаар хуудас) зэргээр 2023 оны 02 дугаар сарын 25-ны өдөр Ховд аймгийн Чандмань сумын 05 дугаар (Урд гол) багийн нутагт байх хохирогч Б.Лувсандагвын гэрт шүүгдэгч, хохирогч, гэрч Т.Энхбаатар нар архидан согтуурчээ. Улмаар хохирогч Б.Лувсандагва нь орилж хашхирах, ширээн дээр байсан тавагтай идээг унагаах зэргээр зүй бус авирласны улмаас шүүгдэгч Т.Отгонбаатартай маргалдаж, шүүгдэгч нь хохирогчийн нүүр хэсэгт хоёроос гурван удаа гараараа цохисон үйл баримт тогтоогдож байна.

1.2. Хохирогч Б.Лувсандагвын биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 227 дугаартай “...Б.Лувсандагвын биед баруун нүдний дээд, доод зовхи болон алиманд цус хуралт, дээд эгнээний зүүн 1-р шүдний булгарч уналт, буйланд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. ...Б.Лувсандагвын биед учирсан гэмтлүүд нь цаг хугацааны хувьд шинэ байна. Мөн дээрх гэмтлүүд нь цөм нэг цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Б.Лувсандагвын биед учирсан дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд 5 хувь нөлөөлнө” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 34-35 дугаар хуудас) гарчээ. Энэхүү дүгнэлтийг хохирогч Б.Лувсандагвын “...Т.Отгонбаатар бид хоёр барилцаж авахад миний нүүр лүү гурваас дөрвөн удаа цохисон гэх мэдүүлэг, шүүгдэгч Т.Отгонбаатарын яллагдагчаар өгсөн “...уурандаа орон дээр дарж унагаагаад хоёроос гурван удаа нүүр лүү нь гараараа цохичихсон” гэх мэдүүлэг, шинжээч эмч Б.Цэндхүүгийн “...Дээр дурдсанаар 2 төрлийн гэмтэл байх бөгөөд тухайн 2 гэмтэл нь хоёулаа дан дангаараа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарахгүй гэмтэл байхгүй” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 40-41 дүгээр хуудас) зэрэгтээ харьцуулан дүгнэвэл шүүгдэгчийн үйлдлийн улмаас хохирогчийн биед хөнгөн зэргийн гэмтэл буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан нь тогтоогдож байна.

1.3. Хохирогч Б.Лувсандагвын “...би өөрөө архи хэрэглэж чадахгүй байж архи ууж тавтиргүй зан гаргасны улмаас ийм зүйл болчихлоо гэж бодож байгаа. Анх удаа архи ууж үзсэн юм” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 15 дугаар хуудас), гэрч Д.Наранцэцэгийн “...Манай хүү ерөөсөө архи ууж байгаагүй учраас тухайн өдөр архиныхаа халуунд жаахан чанга чанга дугараад ширээн дээр зассан байсан таваг нураасан. Тэгсэн чинь Т.Отгонбаатар Б.Лувсандагвыг боль гээд орон дээр дараад унасан, тэгээд тэр хоёр ноцолдоод байсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 24-25 дугаар хуудас), шүүгдэгч Т.Отгонбаатарын “...Б.Лувсандагва орилж чарлаад над руу дайрахаар нь би зөрүүлээд цохисон” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 49-50 дугаар хуудас) зэргийг харьцуулан дүгнэвэл: хохирогч, шүүгдэгч нар архидан согтуурах явцдаа хохирогч зүй бус авирласны улмаас шүүгдэгч хохирогчийг цохисон байна. Тодруулбал хохирогчийн өдөөн хатгасан зүй бус үйлдлээс шалтгаалан шүүгдэгч уг гэмт хэргийг үйлдсэн байна. 

1.4. Дээрх үйл баримтуудыг нэгтгэн дүгнэвэл 2023 оны 02 дугаар сарын 25-ны өдөр Ховд аймгийн Чандмань сумын 05 дугаар (Урд гол) багийн нутагт байх хохирогч Б.Лувсандагвын гэрт шүүгдэгч, хохирогч, гэрч Т.Энхбаатар нар архидан согтуурчээ. Улмаар хохирогч Б.Лувсандагва нь орилж хашхирах, ширээн дээр байсан тавагтай идээг унагаах зэргээр зүй бус авирласны улмаар шүүгдэгч Т.Отгонбаатартай маргалдаж, шүүгдэгч нь хохирогчийн нүүр хэсэгт хоёроос гурван удаа гараараа цохиж хохирогчийн биед хөнгөн зэргийн гэмтэл буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйл баримт хөдөлбөргүй тогтоогдож байна.

2. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдалд хийсэн хууль зүйн дүгнэлт:

2.1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан бол” гэмт хэрэгт тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилжээ. 

Энэхүү гэмт хэргийн улмаас Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажиж, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдал зөрчигддөг. Бусдын биед хүч хэрэглэж халдах нь ёс суртахууны хувьд болон хуулийн хувьд хүлээн зөвшөөрөгдөхгүй бөгөөд уг үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хохирол учирдаг тул нийгэмд аюултай үйлдэл гэж үзнэ.

2.2. Шүүгдэгч нь бусдын биед халдах нь хууль бус болохыг, өөрийн үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хохирол учирч болохыг мэдсээр байж хохирогчийг удаа дараа цохиж эрүүл мэндэд нь хохирол учруулсан байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийг гэмт үйлдэлдээ гэм буруугийн санаатай хэлбэрээр хандсан гэж үзнэ.

2.3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинжийг тодорхойлохдоо обьектив болон субьектив талын шинжүүдээс гадна учирсан хохирлын хэмжээг харгалздаг. Шүүгдэгчийн үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх тул уг гэмт хэргийн үндсэн шинж бүрэн хангагдсан гэж үзнэ.

2.4. Шүүгдэгчийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлд заасан аргагүй хамгаалалтын шинжтэй гэж үзэх үндэслэлгүй, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан уг гэмт хэргийн хүндрүүлэх шинж тогтоогдоогүй болно. Иймд шүүгдэгч Т.Отгонбаатарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж дүгнэлээ.

3. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Энэхүү гэмт хэргийн улмаас хохирогч Б.Лувсандагвын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан. Хохирогч Б.Лувсандагва мөрдөн шалгах ажиллагааны явцад “...Т.Отгонбаатар надад хиймэл шүд хийлгэж өгөхөөр тохирч мөнгийг өгсөн байгаа, одоо ямар нэгэн төлбөрийн асуудал байхгүй. ...Одоогоор өвдөж зовуурилах зүйл алга байна, миний нүдний хөхрөлт эдгэрсэн, шүднийхээ 400’000 төгрөгийг бэлнээр авсан” гэж (хавтаст хэргийн 5 дугаар хуудас) мэдүүлсэн байх тул шүүгдэгч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн, гэмт хэргийн улмаас хор уршиг учраагүй гэж дүгнэв.

Б. Эрүүгийн хариуцлагын талаар:

1. Шүүгдэгч Т.Отгонбаатар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг дараах байдлаар тал бүрээс нь харгалзан үзлээ.

 2.1. Хувийн байдал гэдэгт хувь хүний төлөвшил, зан араншин, гэр бүлийн байдал, ажил эрхлэлтийн байдал, урьд гэмт хэрэг, зөрчил үйлдэж байсан эсэх, гэмт үйлдэлдээ хийж буй оюун дүгнэлт буюу гэм буруугаа ойлгон ухамсарласан эсэх нөхцөл байдлууд хамаардаг.

Шүүгдэгчийн хувийн байдлын талаар шүүгдэгч Т.Отгонбаатарын “...гэмтлийг би учруулсан, хийсэн үйлдэлдээ гэмшиж байна” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 49-50 дугаар хуудас), Ховд аймгийн Чандмань сумын Талын булаг багийн Засаг даргын тодорхойлолт (хавтаст хэргийн 54 дүгээр хуудас), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 43 дугаар хуудас) зэрэг нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлжээ. Энэхүү нотлох баримтуудаар шүүгдэгч Т.Отгонбаатар нь эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, ойлгон ухамсарласан, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй гэх хувийн байдал тогтоогдлоо.

2.2. Хохирогчийн өдөөн хатгасан зүй бус үйлдлийн улмаас шүүгдэгч уг гэмт хэргийг үйлдсэн байна. Тодруулбал энэхүү нөхцөл байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасан “хохирогчийн ...зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг гарсан” гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд, мөн учруулсан хохирлыг шүүгдэгч нөхөн төлсөн, хохирогч хор уршгийн талаар нэхэмжлээгүй тул тус хэсгийн 1.2-т заасан “учруулсан хохирлыг төлсөн” гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцно. Харин мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

3. Улсын яллагч “...шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1’000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1’000’000 төгрөгөөр торгох ял оногдуулах, уг ялыг дөрвөн сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх” гэх санал гаргасан, шүүгдэгч нь эрүүгийн хариуцлагын талаар санал гаргаагүй болно.

3.1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн хүнд торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах гэх ялын төрлүүдээс аль нэгийг нь сонгож оногдуулахаар заажээ.

Шүүгдэгчид торгох ял оногдуулах нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ. Харин торгох ялын хэмжээний хувьд шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, ойлгон ухамсарласан гэх хувийн байдал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.4-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Отгонбаатарт 500 (таван зуун) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500’000 (таван зуун мянган) төгрөгөөр торгох ял оногдуулах нь үндэслэлтэй гэж дүгнэлээ.

3.2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно” гэж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-т “ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлэх үүрэгтэй” гэж, мөн зүйлийн 160.2 дахь хэсэгт “Энэ хуулийн 160.1-д заасан хугацаа дуусгавар болоход ялтан торгуулийг төлөөгүй бол шийдвэр гүйцэтгэгч торгуулийг төлж барагдуулаагүй шалтгаан нөхцөлийг судалж, ахлах шийдвэр гүйцэтгэгчийн зөвшөөрснөөр шийдвэрийг сайн дураар биелүүлэх хугацааг 30 хүртэл хоногоор сунгаж, ялтны саналыг харгалзан уг хугацаанд торгуулийг төлж барагдуулах хуваарь тогтоож болно” гэж тус тус хуульчилжээ. Тодруулбал Эрүүгийн хуулийн болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн дээрх заалтуудын агуулгыг харьцуулан дүгнэвэл шүүх торгох ялыг төлөх 4 сар 01 хоногоос 3 жил хүртэл хугацаа тогтоох, уг тогтоосон хугацаанд хэсэгчлэн төлөх хэмжээг тогтоох гэсэн хоёр ухагдахуунаас бүрдэнэ.

Өөрөөр хэлбэл торгох ялыг ялтан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд зааснаар 120 хоногийн буюу 4 сарын хугацаанд төлөх боломжтой ба хуулиар ялтанд торгох ялыг биелүүлэх дөрвөн сарын хугацаа олгосон байхад шүүх уг хугацаанд хэсэгчлэн төлүүлэх хэмжээ тогтоох нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан үйлдэл болно. Иймд улсын яллагчийн торгох ялыг дөрвөн сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх гэх саналыг хангахаас татгалзаж шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солино” гэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт дараах зүйлийг тусгана” гэж, мөн хэсгийн 1.6-д “гэмт хэрэг үйлдсэн этгээдэд торгох ял оногдуулах, эсхүл хохирогчид хохирол, хор уршгийг нөхөн төлж барагдуулах бол мөнгөн төлбөр, хохирол барагдуулах ажиллагааг ямар хугацаанд, ямар хэмжээгээр хийх” гэж тус тус хуульчилжээ.

Дээрх заалтуудыг шийтгэх тогтоолоор шүүгдэгчид торгох ял оногдуулж, хэсэгчлэн төлөх хугацаа тогтоосон тохиолдолд тогтоох хэсэгт торгох ялыг биелүүлэх 4 сар 01 хоногоос 3 жил хүртэл хугацаа тогтоож, уг тогтоосон хугацаанд хэсэгчлэн төлөх хэмжээг тодорхой бичих гэсэн агуулгаар ойлгоно. Харин шүүхээс торгох ялыг хэсэгчлэн төлөх хугацаа тогтоогоогүй бол Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлд заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд хорих ялаар солихыг заавал дурдаж, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны процессыг тайлбарласан, шүүгдэгчийг сүрдүүлсэн агуулгатай мэдэгдэл бичих хууль зүйн шаардлагагүй болно.

Өөрөөр хэлбэл шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа бие даасан процесс бөгөөд шүүхээс гүйцэтгэх хуудас бичсэний дараа торгох ялыг шүүхээс тогтоосонд хугацаанд, эсхүл хугацаа тогтоогоогүй бол Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлд заасан хугацаанд төлөхийг шийдвэр гүйцэтгэгч ялтанд мэдэгдэж тэмдэглэл үйлддэг. Иймд торгох ял биелүүлэх хугацаа болон биелүүлээгүй тохиолдолд хорих ялаар солих тухай шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт дурдах нь үндэслэлгүй болно.

3.3. Мөрдөгч 2023 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр шүүгдэгч Т.Отгонбаатарт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ (хавтаст хэргийн 46 дугаар хуудас) авсан байх ба шүүгдэгчийг энэхүү хэрэгт холбогдуулан шүүхийн зөвшөөрөлтэй болон зөвшөөрөлгүйгээр баривчлаагүй, мөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болно. Шүүгдэгчид торгох ял оногдуулсан тул түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл үргэлжлүүлэх нь зүйтэй.

4. Хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн эд зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээр нөхөн төлүүлэх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Олхонод ургийн овогт Тогтохын Отгонбаатарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Отгонбаатарыг 500 (таван зуун) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500’000 (таван зуун мянган) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч Т.Отгонбаатар нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй болохыг дурдаж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл үргэлжлүүлсүгэй.

4. Хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн эд зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээр нөхөн төлүүлэх хохирол, хор уршиггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд анхан шатны шүүхээр дамжуулан шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол  гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Б.МӨНХЗАЯА