Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2019 оны 11 сарын 14 өдөр

Дугаар 00530

 

2019 оны 11 сарын 14 өдөр

Дугаар 153/ШШ2019/00530

Жаргалант сум

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                                                                          

Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар,

нэхэмжлэгч: Ховд аймгийн ******* сумын ******* багт оршин суух, ******* бургууд овогт Ц-ын Л / /-ийн нэхэмжлэлтэй,

ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр 153/2019/00523/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Мөнхцоож, нэхэмжлэгч Ц.Л нар оролцлоо.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ц.Л тус шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:...Би 1988 оны 6 дугаар сард Ховд аймгийн Жаргалант сумын 1 дүгээр сургуульд 10 дугаар анги төгссөн. Тэгээд сургуулиа төгсөөд эцэг, эх дээрээ очоод сумын төвд мал эмнэлэгт сентарчаар ажилд орсон. 1991 он хүртэл ажиллаж байгаад цомхотголоор нэгдлийн гишүүн биш гэж шилжүүлсэн. Тэгээд 1991 онд гэр бүлтэй болж түүнээс хойш тасралтгүй ******* сумын ******* багт өнөөдрийг хүртэл малчнаар ажиллаж байна. Намайг Ховд аймгийн ******* сумын Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны Зоо, мал эмнэлгийн тасагт 1988 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 25-ны өдрийг дуустал сентарчаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү....гэв.

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад 

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ц.Л нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй байна.

Нэхэмжлэгч Ц.Л нь шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа Ховд аймгийн ******* сумын АДХ-ын гүйцэтгэх захиргааны Зоо, мал эмнэлгийн тасагт 1988 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 25-ны өдрийг дуустал сентарчаар ажиллаж байсан байдлыг тогтоолгох гэж тодруулав.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Ц.Л нь Ховд аймгийн ******* сумын АДХ-ын гүйцэтгэх захиргааны Зоо, мал эмнэлгийн тасагт 1988 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 25-ны өдрийг дуустал сентарчаар ажиллаж байсан болох нь Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 1460 дугаартай албан бичгээр ирүүлсэн нэхэмжлэгчийг 1988 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн ажилд томилсон Ховд аймгийн ******* сумын АДХ-ын гүйцэтгэх захиргааны даргын 1988 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 40а дугаартай Ажилд авч ажиллуулах тухай тушаалын хуулбар, нэхэмжлэгчийн 1991 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Ховд аймгийн ******* сумын АДХГЗахиргаанаас нээсэн 362412 дугаар хөдөлмөрийн дэвтэр, гэрч Ц.Ганбатын ....Би 1980-1994 онуудад Ховд аймгийн ******* сумын АДХ-ын Зоо мал эмнэлгийн тасагт жолоочоор тасралтгүй ажиллаж байсан. Энэ хугацаанд бол байгууллагын нэр өөрчлөгдөж байсан. Миний хувьд өөр ямар нэгэн ажил хийж байгаагүй....Ц.Л нь намайг ажиллаж байх хугацаанд буюу 1988-1991 онуудад Ховд аймгийн ******* сумын АДХ-ын Зоо мал эмнэлгийн тасагт сентарчнаар ажиллаж байсан. Өөр ямар нэгэн ажил хийж байгаагүй.... гэх мэдүүлэг, гэрч С.Эрдэнэцогтын ....Би 1980-1991 онуудад Ховд аймгийн ******* сумын Социализмын зам нэгдлийн Хотгор хаг бригадын АДХ-ын гүйцэтгэх захиргааны Зоо мал эмнэлэгт зоо техникчээр ажиллаж байсан. 1991 оноос хойш малчнаар ажиллаж байсан....Ц.Лхагвсүрэн нь 1988 оны 10 дугаар сараас 1991 оныг дуустал Ховд аймгийн ******* сумын АДХ-ын Зоо мал эмнэлгийн тасагт сентарчнаар ажиллаж байсан.... гэх мэдүүлэг зэрэг баримтуудаар тогтоогдож байх тул дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ. /хх-ийн 5-6, 22-23, 24-25, 26-50 дугаар тал/

Нэхэмжлэгч нь Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуульд заасны дагуу 1992-2000 онуудад ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулсан талаарх 0505106 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар хэрэгт авагдсан болно. /хх-ийн 8 дугаар тал/

Хавтаст хэргийн 9-10, 20-21 дүгээр хуудсанд авагдсаниргэн С.Нямбаяр, Б.Баатаржав, Ц.Ганбат, С.Эрдэнэцогт нарын тодорхойлолт нь хуульд заагаагүй, нотлох баримтыг гаргах, цуглуулах талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн байх тул дээрх баримтуудыг нотлох баримтанд үнэлээгүй болно.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1-д заасныг тус тус удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч ******* бургууд овогт Цогтбазарын Л / /-ийн Ховд аймгийн ******* сумын АДХ-ын гүйцэтгэх захиргааны Зоо, мал эмнэлгийн тасагт 1988 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 25-ны өдрийг дуустал сентарчаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Ц.Лгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ           С.ОЮУНЖАРГАЛ