Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2019 оны 11 сарын 14 өдөр

Дугаар 00531

 

2019 оны 11 сарын 14 өдөр

Дугаар 153/ШШ2019/00531

Жаргалант сум

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                       

Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар,

нэхэмжлэгч: Ховд аймгийн Ховд сумын Баруун салаа багт оршин суух, Молхы хошах овогт Х-н Х /../-н нэхэмжлэлтэй,

ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдөр 153/2019/00497/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Мөнхцоож, нэхэмжлэгч Х.Х нар оролцлоо.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Х.Х тус шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:Би 1964 онд Ховд аймгийн Ховд суманд төрсөн. 1972 онд сургуульд орсон. 1980 онд 8 дугаар анги төгссөн. 1984 оныг хүртэл мал маллаж байгаад цэрэгт яваад 1987 онд цэргээс халагдаж ирээд одоо үргэлжлүүлэн мал маллаж байна. Одоо би малчнаар ажилласнаар тэтгэвэрт гарах болсон. Иймд намайг Ховд аймгийн Ховд сумын Тариалан нэгдэлд 1980 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс 1984 оны 6 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл, 1987 оны 6 дугаар сарын 22-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал тус тус малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү....Ховд аймгийн Ховд сумын ерөнхий боловсролын сургуулийг 8 дугаар анги төгссөн....гэв.

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад 

 

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Х.Х нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй байна.

Нэхэмжлэгч Х.Х нь шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа Ховд аймгийн Ховд сумын Тариалан нэгдэлд 1980 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс 1984 оны 6 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл, 1987 оны 6 дугаар сарын 22-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал тус тус малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгох гэж тодруулав.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Х.Х нь Ховд аймгийн Ховд сумын Тариалан нэгдэлд 1980 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс 1984 оны 6 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл, 1987 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал тус тус малчнаар ажиллаж байсан болох нь Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын архивын тасгийн 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 1129 дугаартай албан бичгээр ирүүлсэн Ховд аймгийн Ховд сумын Тариалан нэгдлийн 2 дугаар бригадын 1980-1984, 1987-1989 онуудын 70 дугаар дансны хуулбарууд, 1988 оны 4 сарын 04-ний өдөр гэх огноотой Талархал, нэхэмжлэгч Х.Х, М.Хуан нарын гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, гэрч С.Мысырханы ....Намайг 1981 оны 6 дугаар сард цэргээс ирэхэд Х.Х нь Ховд аймгийн Ховд сумын Тариалан нэгдлийн Цагаанбургас бригад буюу 2 дугаар бригадад малчин болсон гээд мал маллаж байсан. Тэгээд Х.Х нь 1984 оны 6 дугаар сард цэрэгт яваад 1987 оны 6 дугаар сард цэргээс халагдаж ирсэн. Х.Х нь цэргээс халагдаж ирээд Ховд аймгийн Ховд сумын Тариалан нэгдлийн 2 дугаар бригадад малчнаар нэгдэлд тартал ажилласан хүн байгаа юм....Х.Х нь бог мал малладаг байсан....Х.Хн төрсөн эгчийг Азира гэдэг байсан.... гэх мэдүүлэг, гэрч Х.Байкельдын ....Х.Х нь 1964 онд төрсөн. Х.Х нь 1972 онд Ховд аймгийн Ховд сумын ерөнхий боловсролын сургуулийн 1 дүгээр ангид элсэн орж 1980 онд Ховд аймгийн Ховд сумын Ерөнхий боловсролын сургуулийн 8 дугаар ангийг төгсөөд илгээлтээр Ховд аймгийн Ховд сумын Тариалан нэгдэлд 1983 он хүртэл ээжийн хамт малчнаар ажиллаж байсан. 1983 оны 5 дугаар сард цэргийн албан явж, 1987 оны 5 дугаар сард цэргээс халагдаж ирсэн. 1987 онд цэргээс халагдаж ирээд нэгдэл тартал Ховд аймгийн Ховд сумын Тариалан нэгдэлдээ малчнаар ажиллаж байсан....Азира нь Х.Хгийн төрсөн эгч нь байгаа юм.... гэх мэдүүлэг зэрэг баримтуудаар тогтоогдож байх тул дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ. /хх-ийн 5-13, 19, 21, 29-30, 31-32 дугаар тал/

Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын архивын тасгийн 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 1129 дугаартай албан бичгээр ирүүлсэн Ховд аймгийн Ховд сумын Тариалан нэгдлийн 2 дугаар бригадын 1987 оны 70 дугаар дансанд нэхэмжлэгчийн цалин хөлс нь 9 дүгээр сараас эхлэн бичилттэй байх бөгөөд уг нотлох баримтыг үгүйсгэх бичгийн нотлох баримт хавтаст хэрэгт авагдаагүй байна. /хх-ийн 11 дүгээр тал/

Иймд Х.Хн Ховд аймгийн Ховд сумын Тариалан нэгдэлд 1987 оны 6 дугаар сарын 22-ны өдрөөс 1987 оны 8 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгч нь Батлан хамгаалах яамны сайдын 1984 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн н/165 дугаар тушаалаар 1984 оны 6 дугаар сарын 05-ны өдөр хугацаат цэргийн албанд татагдан, мөн сайдын 1987 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн н/234 дүгээр тушаалаар 1987 оны 6 дугаар сарын 22-ны өдөр цэргээс халагдсан тухай Батлан хамгаалах яамны Батлан хамгаалахын төв архивын 2019 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 4485 дугаартай Хугацаат цэргийн албан хаасны архивын лавлагаа-ны нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуульд заасны дагуу 1990-2000 онуудад ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулсан талаарх 0704044 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар зэрэг нь хэрэгт авагдсан болно. /хх-ийн 14-15 дугаар тал/

Хавтаст хэргийн 16-18 дугаар хуудсанд авагдсан иргэн С.Мысырхан, Х.Байкельд нарын тодорхойлолт нь хуульд заагаагүй, нотлох баримтыг гаргах, цуглуулах талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн байх тул дээрх баримтуудыг нотлох баримтанд үнэлээгүй болно.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1-д заасныг тус тус удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Молхы хошах овогт Хиланбайн Х /ПЛ64102517/-н Ховд аймгийн Ховд сумын Тариалан нэгдэлд 1980 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс 1984 оны 6 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл, 1987 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал тус тус малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож, Ховд аймгийн Ховд сумын Тариалан нэгдэлд 1987 оны 6 дугаар сарын 22-ны өдрөөс 1987 оны 8 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Х.Хн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ           С.ОЮУНЖАРГАЛ